Бидний энэ удаагийн зочин бол НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан. 

2021 оны арваннэгдүгээр сараас манай улсад томилогдон ажиллаж байгаа тэрээр Мадагаскар, АНУ, Тайланд тэргүүтэй 100 гаруй улс оронд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, хүний ​​нөөцийн хөгжил, төлөвлөлт, хяналт үнэлгээ зэрэг чиглэлд ажиллаж байсан туршлагатай. 

Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. 

Байршил: Нэгдсэн Үндэстний гудамж, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан НҮБ-ын Нэгдсэн байр
Эрхэлдэг ажил: НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч
Сошиал хуудсууд: Evariste Kouassi-Komlan (Твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Того улсын нийслэлд төрж, өссөн. Тухайн үед манай нутагт ундны ус хомс, цахилгаан байхгүй гээд олон асуудал байлаа. Зарим үед лааны гэрэлд ном уншин хичээлээ хийх ч тохиолдол гарч байсан. Бага байхад манай нутаг хоол хүнсний хомсдолд орж, бид гэр бүлээрээ өмнөд нутгийг зорихоос өөр аргагүйд хүрч байв. Тэгэхэд эцэг эх маань намайг эмч эсвэл механикч мэргэжилтэй болгох хүсэлтэй байсан ч миний мөрөөдөл тариаланч болох байсан. Одоогийн ажил мэргэжлээс маань тэс өөр байгаа биз. (инээв)

Боловсролын тухайд би Нидерланд улсын Усны боловсролын институтийн Ашиглалтын менежмент, Их Британийн Кембрижийн их сургуулийн Жаджын нэрэмжит Бизнесийн Сургуулийн удирдлага, хөгжлийн чиглэлээр суралцаж төгссөн. Харин ажлын туршлагын хувьд 2003 оноос өмнө Дэлхийн банк, Олон улсын усны нөөцийн төв (IRC), Билл ба Мелинда Гейтсийн сан, Африкийн хөгжлийн банк, Африк болон Азийн олон улс орнууд дахь сан, засгийн газруудад зөвлөхөөр ажиллаж байсан.

НҮБ-тай холбогдож эхэлсэн үе гэвэл 2008 он бөгөөд Мадагаскар дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн багийн ахлагчаар 2012 он хүртэл ажиллаж байв. Үүний дараа 2018 он хүртэл Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн ахлах зөвлөх болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэлхийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан. Одоо эргээд харахад би дэлхийн 100 гаруй улс оронд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, хүний ​​нөөцийн хөгжил, төлөвлөлт, хяналт үнэлгээ зэрэг чиглэлд ажиллажээ.

Харин Монгол Улсад 2021 оны арваннэгдүгээр сараас НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би их эртэч хүн. Ихэвчлэн өглөөний таван цагт босдог. Христийн шашинтай болохоор өглөө сэрээд хамгийн түрүүнд залбирлаа үйлдэнэ. Үүний дараа цонхоор харж, их хотын амьдрал эхэлсэн эсэхийг ажиглах дуртай.

Өглөөний цайгаа уучхаад интернэтээс цаг үеийн мэдээллүүдээ авдаг. Ингээд 7:30 гэхэд ажил дээрээ ирсэн байна. Сүүлийн үед 8:00-8:45 хүртэл монгол хэлний хичээлдээ суугаад өглөөг тун сонирхолтой өнгөрүүлж байгаа.

Ажлын байран дээрээ эрт ирэх нь олон давуу талтай. Жишээ нь Нью-Йорк дахь төв оффистой цахим уулзалт хийх, өмнөх өдрийн ажлуудаа дүгнэх, өнөөдрийн гүйцэтгэлүүдээ төлөвлөх зэргийг ажлын цаг эхлэхээс өмнө амжуулчихвал биечлэн уулзах шаардлагатай бусад ажилдаа хангалттай цаг гаргаж чаддаг.

Ихэвчлэн 16-17 цаг хүртэл хурал, уулзалттай байдаг болохоор заримдаа өдрийн хоолоо идэж амжихгүй үе ч гарна. Гэхдээ би хүүхдүүддээ зарцуулах цагаа хэзээ ч хойш тавихыг хүсдэггүй. Бид хэчнээн их ажилтай байсан ч гэр лүүгээ цагтаа харьж байх ёстой гэж боддог юм.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Өнгөрсөн хугацаанд өөрийгөө танин мэдэхэд тусалсан хамгийн том хүчин зүйл нь баг хамт олон маань байсан. Амжилттай яваа аливаа ажлын ард хэзээ ч нэг хүн байдаггүй. Тэнд үргэлж баг хамт олон, тэдний гар нийлсэн хамтын ажиллагаа байдаг.

Мөн багийн удирдагч бусдадаа итгэл хүлээлгэх нь чухал гэж боддог. Миний хувьд олон хүнтэй хамтран ажилладаг болохоор бие даан шийдвэр гаргах нь ховор. Тиймээс үргэлж бусадтайгаа зөвлөлдөг. Миний хараагүйг багийнхан маань олж харсан байх үе олон. Тиймээс багийн гишүүн нэг бүрээ ойлгож, сонсож, анхаарал хандуулахыг хичээдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Teams, WhatsApp, LinkedIn зэрэг ажлын орчинд шаардлагатай дийлэнх апп, программуудыг ашигладаг. Харин хувийн хэрэглээнд хүүхдүүдтэйгээ хамт Roblox-ийн тоглоомуудыг тоглоно. Хол байсан ч хоорондоо холбогдоод тоглож болдог нь их таалагддаг.

Өөр сонирхолтой төхөөрөмж гэвэл гүйлтийн зам, оёдлын машин хоёроо нэрлэж болох юм.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Маргаашийн хийх ажлуудаа өмнөх өдөр нь байж болох хамгийн дэлгэрэнгүйгээр төлөвлөдөг. Ингэснээр хэдийд цаг зав гарч болохыг урьдчилан мэдэж чадна. Мөн өдрийн хуваарьтаа заавал “Улаан хэсэг”-ийг оруулдаг. Нэг ёсондоо төлөвлөгдөөгүй, урьдчилж мэдэгдээгүй гэнэтийн ажлуудаа тэмдэглэх хэсэг гэж ойлгож болно.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Чухал гэсэн зүйлсээ тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, өдрийн төлөвлөгөөнүүдээ Teams дээр оруулдаг. Аливаа ажлыг дор хаяж гурван сарын өмнөөс төлөвлөнө. Ер нь аливаа ажлыг том зургаар нь харж, түүнд хүрэхэд шаардлагатай жижиг алхмуудыг тооцоолох хэрэгтэй. Эс бөгөөс алсын хараа, жанжин шугамаасаа хазайж мэднэ.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Маш чухал асуулт байна. Миний хувьд эрт унтаж, эрт сэрэх нь юу юунаас илүү эрч хүчтэй байхад тусалдаг. Үүнээс гадна найзуудтайгаа гадуур буу халж суух, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хэзээд таатай байдаг.

Мөн өдөр бүр хийдэг, дадал болсон зүйлээсээ тэс өөр зүйл хийх нь үр дүнтэй юм шиг санагддаг. Жишээ нь ажлынхантайгаа төрөл бүрийн сэдвийн талаар багахан цаг гаргаад ярилцахад л тархи сэргээд ирнэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Тариаланч болох мөрөөдөлтэй байсан тухайгаа эхний хариултад дурдсан шүү дээ. Тэр ч утгаараа үндсэн ажлынхаа хажуугаар жимсний мод тарих дуртай. Манго, гадил, нимбэг гээд л.

Түүнчлэн Ковид-19 цар тахлын үеэр олж авсан нэг хобби нь амны хаалт оёх. Тайландад ажиллаж байхдаа эмнэлэгт хүүхдүүдээ асрахаар ирсэн эцэг эхчүүд зэрэг амны хаалт худалдан авах боломжгүй хүмүүст зориулан оёдог байсан.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Долоо хоног бүр хамт олноороо хүүхдийн сайн сайхны төлөө үр дүн, амжилт гаргаж байгааг харах үнэхээр аз жаргалтай мэдрэмж. Тэдний төлөө өөрчлөлт хийх, дэмжлэг үзүүлэх, тэдэнд анхаарал тавих боломжтой болж байгааг мэдрэх тэр үе л ажлын маань эерэг тал гэж бодож байна.

Бэрхшээлтэй талын тухайд зарим хүмүүс хүүхдийн төлөө аливаа зүйлийг хурдан өөрчлөх хүсэл эрмэлзэлгүй байгааг мэдрэх хэцүү. Үүнд бага зэрэг урам хугармаар. Хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, үр дүнд хүрэх хүсэл бүх түвшинд, бүх талд байх ёстой гэж боддог юм.

Энэ ташрамд дурдахад Монгол Улсад хүүхэдтэй холбоотой дөрвөн том асуудал бий. Эхнийх нь агаарын бохирдол. Өдрөөс өдөрт бохирдол нэмэгдсээр бяцхан хүүхдүүд уушгиныхаа зөвхөн 40 хувиар л амьсгалж байна. Дараагийнх нь хэт таргалалт. Уг асуудал хоол хүнснээс зохистой шим тэжээл, амин дэмээ авч чадахгүйн улмаас үүсэж байгаа. Гурав дахь нь Монгол Улсын ундны усны чанар. Олон хүмүүс бохирдол ихтэй усыг өдөр тутамдаа хэрэглэж байна. Харин сүүлийнх нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал. Энэ бол нүдэнд харагдаж, гар баригдахгүй ч зайлшгүй анхаарч, хариу арга хэмжээ авах ёстой асуудал юм.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид яг одоо жилийн эцсийн тайлан дээрээ ажиллаж байгаа. Өнгөрсөн онд юу хийж бүтээв, ямар үр дүнд хүрсэн байна вэ гэдгээ дүгнэж ирж буй ондоо хэрхэн сайжрах талаар бодолхийлсэн чухал үе тохиож байна. Мөн 2023 оны төлөвлөгөөгөө нарийвчлан гаргахын зэрэгцээ хүмүүнлэгийн ажлууддаа төвлөрч байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би ном унших дуртай. Хэдийгээр техник технологи хөгжиж бид номыг цахим хэлбэрээр унших боломжтой болсон ч миний хувьд хэвлэмэл ном хэзээд шилдэг сонголт байсаар ирсэн. Үүний зэрэгцээ хөлбөмбөг, сагсан бөмбөг, шатар тоглох дуртай.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Дууны тухайд жазз хөгжимд дуртай. Тархиа хэт ачаалалтай ажиллуулсны дараа тайвшрах зорилгоор сонсож, эрч хүч авдаг.

Санал болгох ном гэвэл Carol S. Dweck-ийн “Mindset: The New Psychology of Success” номыг залуу хүн бүр уншаасай гэж хүсэж байна. Аливааг харах өнцгийг өөрчилж, тархийг сэргээх нь гарцаагүй.

Киноны хувьд “The Suit” гэх бүтээлийг санал болгоё. Бусдад хэрхэн нөлөөлөх тухай өгүүлэх энэ киног хэд ч үзсэн уйдамгүй.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Нидерландад мастерын зэргээ хамгаалж байсан үе. Тухайн үед бид замын аюулгүй байдлыг хангах, хөдөөгийн дэд бүтцийг хөгжүүлэх, барилга угсралт, замын хөдөлгөөн зэрэг сэдвүүд дээр ажиллаж байсан юм. Тэгэхэд миний менторуудын нэг надад “Замын хөдөлгөөний сэдвийг битгий сонгоорой. Танай улсад тийм ч олон зам байхгүй. Замгүй бол замын хөдөлгөөний асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн нь миний карьерын замналыг тэр чигт нь өөрчилсөн.

Менторынхоо тэр үгээс болоод би нийтийн аж ахуйн менежментийг сонгож, карьерынхаа эхлэлийг тавьж байсан юм. Мастерын зэргээ хамгаалсны дараа Саудын Арабаас ажиллах санал ирсэн ч би эх орондоо буцах сонголт хийсэн. Энэ л зөвлөгөө надад олон шинэ хаалга, шинэ боломжийг нээж өгсөн юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Тун сонирхолтой асуулт байна.

Нэгдүгээрт, хувьсан өөрчлөгдсөөр байгаа дэлхий ертөнцөд хүн өөрөө дасан зохицох чадвартай байх ёстой. Жишээ нь Дэлхийн II дайны үе, бидний одоо амьдарч буй 2023 оны хооронд асар их зөрүү бий. Гар утас гэхэд л тэр үед хэний ч санаанд орохооргүй зүйл байсан бол өнөөдөр бидний салшгүй хэрэглээ болсон байна шүү дээ. Энэ хөгжил цаашид ч үргэлжлэх нь гарцаагүй болохоор бид тархиа илүү ажайл буюу уян хатан байлгах хэрэгтэй. Өнөөдөр нэг газартаа гацсан байж болох ч маргааш тийм байна гэсэн үг биш. Яг л бага байхдаа гар утас ашиглах боломжгүй байсан хүмүүс өвөө, эмээ болсон хойноо түүртэлгүй хэрэглэж чадаж байгаатай ижил.

Хоёрдугаарт, эргэн тойрноо сайтар сонсож бай. Энэ бол гол түлхүүр. “Talk less, listen more” гэсэн ном ч бий. Бага ярьж, их сонсох нь танд хоёр дахь удаагаа тунгаан бодох боломжийг өгнө.

Гуравдугаарт, таны амьдралдаа хийж байгаа бүхэн төгс байх албагүй. Ямар ч нөхцөл байдалд төгс байж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Ямагт шүүмжлэл, сорилт, эрсдэлийг хүлээн авч байгаарай. Учир нь амьдрал бол тэр бүгдийн нийлбэр.