Шинэ онтой хамт номын ертөнц ч аажуухан хөдөлгөөнд орж эхэллээ. Хэдийгээр өнгөрөн одож буй нэгдүгээр сард уншигчдын гарт очсон номууд гарын таван хуруунд багтахаар цөөхөн боловч улс төр, философи, уран зөгнөл болоод орчин үеийн уран зохиол, өсвөр насныханд зориулсан цуврал хүртэл өргөн хүрээг хамарсан нь энэ жилийн номын салбар өнгөтэй байхын дохио биз ээ. Хүйтний эрч хараахан буцах болоогүй таван есийн энэ үед халуун цай, кофе уунгаа унших шинэ ном хайж байвал энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай.
Холбогдох нийтлэлүүд:
1. Эр зоригийн дуудлага

Дэлхий даяар олон сая уншигчдыг байлдан дагуулсан зохиогч Райан Холидэйн эр зоригийн тухай бодит хүмүүсийн жишээгээр тайлбарлан бичсэн “Эр зоригийн дуудлага” ном дөнгөж өчигдөрхөн монгол уншигчдын гар дээр очлоо. Тус номд Эртний Спартагийн дайчдаас эхлээд Иргэний эрхийн хөдөлгөөн, хэвшмэл ойлголтыг эвдсэн удирдагчид болон Шарль де Голль, Флоренс Найтингейл зэрэг түүхэн хүмүүсийн амьдралаар дамжуулан эр зориг хэрхэн хувь хүн төдийгүй бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чаддаг тухай тун сонирхолтой өгүүлсэн байдаг.
Эл номын зохиогч Райан Холидэй нь “Бэрхшээл бол зам”, “Ширээний стоик”, “Эго таны дайсан”, “Тогтуун байх нь гол түлхүүр” зэрэг дэлхий даяар сая сая уншигчдын ширээний ном болсон бүтээлүүдийг туурвисан бөгөөд түүний бүтээлүүд Стоик гүн ухааныг орчин үеийн нийгмийн амьдрал, нөхцөл байдалд ойртуулдгаараа онцлогтой. Хэрэв та эртний философийн үндсэн ёс суртахууны нэг болох "Эр зориг"-ийн тухай олж мэдэхийг хүсвэл “Эр зоригийн дуудлага” номыг уншаад үзээрэй.
2. Долоон ханлигийн морьтон баатар

Алдарт зохиолч Жорж Р.Р.Мартины ертөнцөд өрнөх гурамсан туужийг нэгтгэсэн “Долоон ханлигийн морьтон баатар” эмхэтгэл нь уншигчдыг “Хаан ширээний тоглоом”-оос зуун жилийн өмнөх Вестеросод хүргэнэ. Хэдийгээр тус бүтээл дайн дажин, луу, хаадын тэмцлийн тухай өгүүлэхгүй ч морьтон баатрын ёс суртахуун, нэр төр, жудаг, шударга ёсны тухай хүүрнэх тул энгийн боловч уншигчийн сэтгэлийг эрхгүй хөндөнө.
Өндөр нуруу, энгийн шударга зантай Сэр Данкан (Данк) болон түүний ухаалаг, нууцлаг хиа Өндөг хоёрын аяллаар дамжуулан Вестеросын эгэл ардын амьдрал, язгууртнуудын далд хуйвалдаан, сонголтын үнэ цэнийг харуулах энэхүү бүтээл нь Гал мөсний дуун цувралын фэнүүдэд ч, мөн анхлан уншиж буй хүмүүст ч тохиромжтой.
Дэлгэрэнгүй нийтлэл: Номын тухай: Долоон ханлигийн морьтон баатар
3. Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч

Орчин үеийн уншигчдын анхаарал улам бүр богиноссоор буй одоо үед бэсрэг өгүүллэг буюу “Flash Fiction” хэмээх жанр хүрээгээ улам тэлсээр байгаа билээ. Харин Израилын зохиолч Этгар Керет бол энэ төрлийн уран зохиолын өнөө цагийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг.
Түүний өгүүллэгүүд тун богино хэр нь гүн гүнзгий сэдвүүдийг санаанд оромгүй байдлаар хөндөж, уншигчийг өөрийн эрхгүй бодолд автуулна. Мөн түүний бүтээлүүд Ф.Кафка, Я.Кавабата, Жорж Сандерсын бүтээлүүдийг санагдуулах нь ч санамсаргүй хэрэг биш. Э.Керет яг л эдгээр зохиолчдын адил хотын ганцаардал, ёс суртахууны асуулт, инээдтэй атлаа гунигтай мөчүүдийг ердөө хэдхэн мөрд багтааж дөнгөнө. Иймд нэн орчин үеийн уран зохиолын бас нэгэн онцлох бүтээл “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч” номыг бид эх хэлээрээ унших боломжтой болж буй нь тун олзуурхууштай.
4. Муу залуус 11

Дэлхий даяар хүүхэд багачууд, өсвөр насныхны дуртай ном болсон “Муу залуус” цувралын 11 дэх дэвтэр монгол уншигчдын хүртээл боллоо. Сайн болох гэж хичээж буй “муу” залуусын түүх энэ удаа ч инээд наргиан, адал явдлаар дүүрэн байх аж.
Энгийн, хурдтай уншигдах хэлбэр, зураглалтай уг цуврал нь унших дадал суулгаж буй хүүхдүүдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч хөнгөн, зугаатай номын сонголт болно. Мөн найз нөхөрлөл, үүрэг хариуцлага, зөв буруугийн тухай хөгжилтэй түүхээр өгүүлэх тул уншигчид уйдах зав олдохгүй.
5. Ши Жиньпин

Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин аливаа илтгэл, өгүүлэлдээ үлгэр домог, түүхэн жишээг чадварлаг ашигладгаараа алдартай. Тэрээр энгийн атлаа гүн утгатай түүхээр дамжуулан улс төр, засаглал, ёс суртахууны тухай үзэл санаагаа илэрхийлж, сонсогч, уншигчдад ойлгомжтойгоор хүргэж чаддаг нэгэн билээ.
Өнгөрөн одож буй нэгдүгээр сард Ши Жиньпиний дотоодын болон гадаадын илтгэлүүд, ард иргэд, соёл уламжлал, засаглалын философитой холбоотой түүхүүдийг эмхэтгэн багтаасан “Ши Жиньпин” бүтээл монгол уншигчдын хүртээл боллоо. Энэхүү бүтээлээс “Хятад мэргэн ухаан”, “Хятад чадал чадвар” гэх ойлголтууд хэрхэн түүний удирдах арга барилтай холбогддогийг харах боломжтой тул улс төр, орчин үеийн Хятадыг сонирхогч хэн бүгдийн сонирхлыг татах нь эргэлзээгүй биз ээ.

Сэтгэгдэл бичих

