Энэ удаагийн Би хэрхэн ажилладаг вэ? дугаарт Монголчуудын хэдийнээ танил Herbalife компанийн Монгол улс дахь салбар хариуцсан захирал Баатарсүхийн Энхжаргал оролцлоо. Эрүүл мэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, хоол орлуулагч бүтээгдэхүүний салбарт 45 жилийн турш чанар стандартаа барин ажиллаж буй уг компани Монголд 2011 онд анх салбараа нээсэн билээ. Энэ цагаас хойш гишүүддээ үйлчилдэг тус компанийн бие даасан гишүүд 700 гаруй эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх клубийг Монгол орон даяар нээн ажиллуулж хүмүүсийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.
Анх найруулдаг шейкээрээ Монгол улсад алдаршиж байсан бол тэд үйл ажиллагаагаа өргөжин тэлж өдгөө хүнснээс гадна спортын шим тэжээлийн бүтээгдэхүүний салбарт хүч түрэн орж ирээд буй. Олон улсад нэртэй томоохон компанийн салбар хариуцсан захирлаар ажиллах нь ямар ажлын хэмнэл, цагийн хуваарь, уулзалтуудтай өнгөрдөг вэ? Хүн бүрд хамаатай бөгөөд өдөр өдрөөр өөрчлөгдөж буй, шинэ соргог, судалгаа мэдээгээр дүүрэн энэ салбарт удаан оршин тогтнох арга нөү хау юу байв? гэдгийг уг нийтлэлээс сонирхож мэдээрэй.
Байршил: Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Herbalife компанийн Монгол улс дахь салбар хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: Iphone 13 mini
Хэрэглэдэг компьютер: Dell Latitude 7410
Сошиал хуудас: Facebook, Instagram
1. Таны мэргэжлийн замналаас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би 2007 онд бизнесийн удирдлага мэргэжлээр Турк улсын Измир хотын Докуз Эелүлийн Их сургуулийг төгсөж Монголдоо ирээд Мобикомд анх ажилд орж байлаа. Дараа нь АНУ-ын Сиатл хотод олон улсын маркетингийн менежментээр сурч төгссөн. Төгсөж ирээд янз янзын газар мэргэжлээрээ ажиллаж үзсээр 2014 онд Herbalife компанид маркетинг, олон нийттэй харилцах албаны эхний Монгол ажилтан болж орж байсан юм. Тухайн үед би ажлаасаа гарчихсан уул уурхайн салбарт синхрон орчуулга хийдэг бас хажуугаар нь freelance хийдэг байсан юм л даа.
Нэг өдөр найзын маань хүний нөөцийн агентлагт ажилладаг дүү нь надад Herbalife маркетингийн хүн хайж байгаа, таны материалыг явуулж болох уу гэж холбогдов. Очиж уулзахад надад нэлээн таалагдсанаас гадна SWOT анализ хийх даалгавар өгснийг нь сонирхлын үүднээс хийгээд явуултал тухайн үед удирдлагуудад маань таалагдаж, ажиллах санал тавьснаар Herbalife компанитай холбогдсон доо. Би анх уулзахаасаа өмнө Herbalife-ийн тухай огт мэддэггүй бүр очиж уулзахдаа банк шиг теллертэй, дугаар авч үйлчлүүлээд байхаар нь банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг юм байх даа гэж бодож байлаа. Харин энэ жилийн тавдугаар сараас country head албан тушаалд томилогдон ажиллаад одоо энэ долоо хоногт миний Herbalife-д орсны арван жилийн ой тохиож байна.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Манай бүсийн маань төв Москвад байдаг учраас таван цагийн зөрүүтэй ажилладаг, Тивийн төв оффис Лондонд байдаг тул бүр найман цагийн зөрүүтэй. Тиймээс миний ажлын цаг бараг өдөр бүр өөр. Өмнөх өдөр нь хэр оройтсоноос хамаарч өглөө янз бүр ирдэг л дээ. Өглөө мэйлүүдээ шалгаж хариу өгнө, үдээс хойш conference дуудлагуудтай байдаг, олон улсаас, өөр өөр албаны дуудлагууд орж ирдэг учраас тэндээс аль нь манай бүс нутаг, салбарт одоогийн байдлаар илүү чухал байгааг нь эрэмбэлэхгүй бол давхардсан олон дуудлага орж ирэх хандлагатай байдаг.
3. Таны ажлын нөү-хау?
Herbalife компани 45 жилийн түүхтэй харин Монгол улсад үүсгэн байгуулагдаад одоо 13 жил болж байна. Манай компанийн нэг онцлог нь олон улс оронд салбартай, салбар бүр өөрсдийн онцлогтой, алдаа оноотой тэр бүгд нь дэлхий дахинд ил байдаг учраас нэг нэгнийхээ арга зам, нөү хау-аас үргэлж харилцан суралцдаг. Хувьдаа юм бүрээс суралцахыг хичээдэг. Тиймээс шинжлэх ухааны нээлт, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний трендээс гадна манай улсад аль бүтээгдэхүүний хэрэгцээ илүү их эсвэл бага байна гэдэг талаар өөрийгөө үргэлж мэдээлэлтэй байлгадаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
MS Office-ийн бүх программыг өдөр тутамдаа ашигладаг, дуудлагуудыг жишээ нь MS Teams-ээр хийнэ. Мөн нууцлал өндөртэй учраас ажлын шугамаар Telegram чат ашигладаг. Өөрөө маркетингийн мэргэжилтэй учраас график дизайн сонирхоно. Тийм болохоор яаралтай жижиг дизайны ажил хийх хэрэгтэй үед Canva аппыг ашигладаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Үдээс өмнө яг сууж, төвлөрөх шаардлагатай ажлуудаа хийхийг хичээдэг, тиймээс энэ үед утсаар ярихгүй байхаар ажлуудаа төлөвлөдөг. Дотооддоо, багаараа уулзах уулзалтуудаа өглөө эрт хийх нь бас зүгээр санагддаг.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Outlook Calendar-аас гадна OneNote дээр ажлаа тэмдэглэдэг. Ингэхдээ арга хэмжээ, өдөр тутмын жижиг ажил, төслүүд, уулзалтууд гээд өнгөөр нь ялгаж таб үүсгэдэг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Би өөрийгөө харьцангуй эрүүл амьдралын хэмнэлтэй хүнд тооцдог. Яалт ч үгүй энэ салбарт удаан ажиллахаар хоол хүнс яаж бидний биед нөлөөлж, сайжруулж бас дордуулдаг тухай маш их мэдээлэлтэй болчихдог юм байна. Тийм болохоор аль болох ядрахгүй, эрүүл, ажил амьдралын баланстай байхыг л хичээнэ. Ажлынхаа дундуур эрч хүчээ нөхөх, сэргэх хэрэгтэй үедээ Herbalife-ийнхаа цай эсвэл шейкийг уудаг. Харин яг амралтын өдрүүдэд хүүхэдтэйгээ хотоос зайтай гарч амарч бас толгойгоо сэргээж байна даа.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Хэлсэнчлэн би төрөл бүрийн салбарыг сонирхдог мөн янз бүрийн шинэ зүйл сурах дуртай. Шинэ юм сурахгүй бол нэг л зэврэх гээд байгаа юм шиг санагдаад байдаг. Жишээ нь, би одоогоор Duolingo апп дээр Орос хэл сурч байгаа, одоог хүртэл нэг ч өдөр алгасахгүй 200 гаруй өдөр хичээлүүдээ үзсэн байна. Тэрнээс гадна Coursera платформ дээр олон сургалт авдаг, ихэвчлэн урт хугацааны, баталгаажсан сертификаттай сургалтуудыг сонгодог. Ялангуяа Ковид 19-ийн хөл хорионы үеэр маш олон сургалтад суусан. Жишээ нь, Ad World гээд сурталчилгааны онлайн форумд хэд хэдэн удаа оролцогчоор орсон мөн хувийн санхүүгээ удирдах сургалт авсан. Ер нь л насан туршдаа сурсаар байна байх тиймээс цаг олдож байгаа дээр сонирхлоороо сурч, мэдэж байхыг л хичээдэг.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Намайг хүүхэд байхад багш нар том толгойтой гэж хэлдэг байсан. Учир нь их том мөрөөддөг, ихийг бүтээх хүсэлтэй хүүхэд байлаа. Дэлхийг хүн амын нэг хувь нь л урагш чирж, үлдсэн хувь нь чирэгдэж явдаг гэдэг дээ. Бага байхдаа би тэр нэг хувьд багтах юм сан гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө "НҮБ" эсвэл "Хүүхдийн Сан" ч юм уу олон улсын том байгууллагад ажиллаж байж л биелүүлэх юм шиг боддог байлаа л даа. Гэтэл хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад заавал тэдгээр газарт л ажиллах хэрэгтэй биш юм байна гэдгийг би Herbalife-д ороод мэдэрсэн. Учир нь хувь хүний хооллолтын хэвшил, хөдөлгөөнөөр дамжуулан амьдралын чанар нь бүхэлдээ сайжирч байгааг нүдээр харж, түүхийг нь сонсох тусам би зөв газартаа, мөрөөдлөө биелүүлээд явж байгаагаа мэдэрч урам зориг авдаг. Тэгэхээр миний одоо хийж байгаа ажил бол яг л миний багадаа мөрөөддөг байсан үнэт зүйл, хүсэл, зорилготой маань нийцдэг учраас энэ нь миний ажлын онцлог.
Бэрхшээл гэвэл бүх ажил л өөрсдийн гэсэн асуудал, бэрхшээлтэй. Киноны plot twist гэдэг шиг асуудал байж байж илүү утга учиртай болдог учраас жижиг асуудалд нэг их түүртдэггүй.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Ирэх 2025 онд Herbalife-ийн 45 жилийн ой тохиож байгаа учраас манай компани дэлхий даяараа гишүүддээ ямар бэлэг барих вэ гэж төлөвлөж, догдолж байна. Харин Монгол дахь салбарын маань хувьд энэ жил эерэг сайн өсөлттэй жил болж өнгөрч байна, тийм ч учраас энэ үзүүлэлтээ хадгалахыг зорьсон ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Харин ойрын хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Аливаа улсын зах зээлд шинээр бүтээгдэхүүн нэвтрүүлэх бэлтгэл ажилд 2-3 жил шаардагддаг. Тиймээс маш эртнээс төлөвлөж ажилладаг. Ирэх онд бид шөлний хатаамал бүтээгдэхүүний шинэ төрөл болон зарим биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа ба спортын шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнээ өргөжүүлэхээр судалж байгаа юм.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Сонирхолтой юм хийдэг хүмүүсийг сошиал медиагаар дагах дуртай, ялангуяа манай мэргэжлийн хүрээнд шинэ санаа гаргадаг хүмүүсийг мөн сонсдог. Маркетингийн салбарынхан сайн мэдэх Seth Godin, сурталчилгааны Rory Sutherland, Chambers Media-ийн Travis Chambers зэрэг салбартаа онцлог хүмүүсийн YouTube дээрх ярилцлагуудыг их сонсоно, LinkedIn аккаунтыг нь дагаж сүүлийн үед хийж байгаа төслүүдийг нь уншдаг. Дээрээс нь би подкаст сонсох дуртай, сүүлийн үед Diary of a CEO подкастыг ихэвчлэн сонсож байна. Ажлын онцлогоор олон орны хүмүүстэй хамтран ажиллаж, өдөр тутамдаа ярилцаж, суралцах боломж надад харьцангуй нээлттэй бий. Орос, Казахстан, Англи, Америк гээд олон улсын салбарынхаа хүмүүстэй ажилладаг учраас энэ ажил маань өөрөө Think Tank мэт намайг ямагт хөгжүүлж байдаг.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Сүүлд Dune үзчихээд зохиолыг нь уншмаар санагдаад номыг нь уншсан. Харин миний амьдралыг харах өнцгийг өөрчилсөн ном гэвэл зохиолч Elizabeth Kubler-Ross-ийн “On death and dying”. Санал болгох кино гэвэл “Eternal Sunshine of the Spotless Mind” гэж хэлнэ. Хамаг ой санамжаа арчиж, алга болгосон ч болох ёстой зүйлс болдгоороо болно гэдгийг харуулдаг юм шиг санагддаг. Хөгжимний хувьд симфони метал хөгжимд дуртай. Маш хурц илэрхийлэмжтэй метал хөгжим дээр симфони хөгжмийн элемент орж ирснээр маш гоё хоршдог юм шиг ээ. Яг л амьдралд хүнд болон хөнгөн зэрэгцэн оршиж байж илүү утга учиртай байдаг шиг.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Карьертайгаа холбоотой нэг чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон юм л даа. Яг хоёр өөр зүйлийн нэгийг нь сонгох хэрэгтэй болчихсон үе. Аль алийнх нь бүх талуудыг харьцуулан дүгнээд ч өөрөө шийдэж чадахгүй байсан. Тэр үед манай аав “Чи нэгэнт л хийх гээд зорьж байгаа юм бол одоо хийхгүй хэзээ хийх юм бэ? гэж зүгээр л асуусан нь одоо надад шийдвэр гаргахдаа эргэлзсэн үед их хэрэг болдог. Бараг л миний амьдралын мотто гэх юм уу? Эргэлзээд ирвэл би үүнийг хийхийг хүсэж, зорьж л байгаа юм чинь одоо л хийнэ гэдэг санаа. Энэ ажлыг ч бас анх хүлээж авахдаа яг ингэж бодож л шийдвэрээ гаргасан байгаа юм. Дурдсанчлан би Herbalife-д маркетингийн албыг хариуцан ажилладаг байсан, дараа нь бүсээс надад улс хариуцсан захирлын ажлын санал тавихад надад ийм боломж хэзээ дахиж олдох бил ээ? гэж дүгнээд шууд л зориглоод саналыг хүлээн авсан.
14. Бусдад шидэх санаа?
Хүмүүсийг бүх юманд нээлттэй байгаасай гэж хүсдэг. Би ийм л хүн, би ингэдэггүй гэдэг үзэл бодол маш олон боломжуудыг хаадаг юм болов уу гэж боддог. Би өөрөө Мусульманы шашинтай улсад амьдрахаас өгсүүлээд ёстой л таван тивийн хүүхдүүд гэдэг шиг орон орны олон найзуудтай. Янз янзын үзэл бодолтой, шашны, улс төрийн үзэл баримтлалтай, бэлгийн чиг хандлагатай хүмүүстэй ажиллаж, хамтарч, найзалж ирсний хувьд бүгдийг хүлээн зөвшөөрөх нь амьдралыг таатай, тайван бөгөөд баялаг болгодог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь бүх зүйлстэй санал нийлнэ гэсэн үг биш л дээ, зүгээр л байгаагаар нь юмсыг хүлээж авах. Ингэж байж бид чинь харилцан хоорондоо эвтэй найртай энэ дэлхий дээрээ зэрэгцэж амьдарна шүү дээ.
Ц Цэцгээ 2025.03.17 202.126.90.27
Үнэхээр зорилгоо мөрөөдөлөө бодит болгож яваа охинд амжилт хүсье Монголын ард түмэн илүү эрүүл илүү аз жаргалтай урт наслахад чин үнэн сэтгэл шигнэсэн олон бүтээгдхүүн нийлүүлээрэй би ч бас хэрэглэгч юм шүү баярллаа амжилт хүсье
З Зочин 2024.12.07 66.181.188.143
Herbalife компанийн суурин төлөөлөгч Энхжаргал маань жижигхэн биенд байхгүй чадалтай эмэгтэ. Энэ сайхан компани нэг эс болоод цаг үетэйгээ хөл нийлүүлж яваадаа талархдаг даа❤️