Эртний Жусон гүрний хааны орднууд, тэнгэр баганадсан өндөр шилэн барилгуудтай зэрэгцэн оршиж, түүх соёлоо орчин цагийн өнгө төрхтэй хослуулан буй Сөүл хотод өдгөө 10 сая гаруй хүн аж төрдөг. Онгоцны буудлаас буугаад л автомат бүртгэл, жолоочгүй автобус, робот угтах уг хот өдгөө дэлхийн хамгийн ухаалаг, ногоон хотуудын нэг мөн. Аялагч, жуулчдын хөл үл тасрах энэ газрын хөгжлийн түүхийг өгүүлэх нэгэн бол манай шинэ дугаарын зочин. 


Ярилцлагаа хийхээр болзсон цагаасаа хоёр, гурван минут хоцорч очиход шавилхан биетэй, гоё нүдний шил, дэгжин хүзүүний алчуураар гангарсан настай профессор угтлаа. Энэ хүн бол Сөүл хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд 33 жил гар бие оролцон ажилласан инженер, Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Ли Ин Гын. 

Байршил: Улаанбаатар, Монгол
Эрхэлдэг ажил: Зочин профессор, Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung S23 ultra
Хэрэглэдэг компьютер: LG Gram
Сошиал хуудсууд: Kakao, Whatsapp

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Бараг л хагас зууны өмнө буюу 1975 онд Сөүлийн Үндэсний Их сургуулийн барилгын инженерийн ангид элсэж байхдаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад оролцоно чинээ зүүдлээ ч үгүй явсан. Тэр үед манай улсад барилга, бүтээн байгуулалт хүчтэй давалгаалж, эрчтэй хөгжиж байсан завгүй үе байлаа. Шинэхэн төгсөгч нийслэлийн захиргааны албанд туслах инженерээр ажилд орж, удалгүй тэндээс засгийн газрын тэтгэлэгт шалгаран Английн City University of London сургуульд докторын зэрэг хамгаалсан. 1991 онд эх орондоо буцан ирээд 33 жилийн турш нийслэл хотынхоо метро, зам тээвэр, дэд бүтэц болон хот төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэнээс эхлээд хэлтсийн дарга, газрын дарга, хотын даргын туслах болтлоо дэвшин ажиллажээ.

Цаг үеийн нөхцлөөс хамаарч хотыг төлөвлөдөг. Сөүлийн хүн ам, эдийн засаг ид бужигнан хөгжиж байх үед бид дэд бүтэцдээ түлхүү анхаардаг байсан бол одоо байгальд ээлтэй, түүхийн өв дурсгалаа нандигнасан, ухаалаг, тухтай байдлаар хотоо төлөвлөх болсон.

Угтаа дэлхийн аль ч хотод утаа, замын түгжрэл, автомашин шүдний өвчин болдог. Сөүл ч гэсэн Улаанбаатараас дутахааргүй олон асуудалтай байсан үе бий. Жишээ нь бид түгжрэлийг бууруулахын тулд нэн түрүүнд олон зам барьсан. Хан мөрөн, цэцэрлэгт хүрээлэн зэрэг ногоон байгууламжуудаас бусад талбайн 23 хувийг автомашины зам эзэлдэг. Хоёрт, метро, автобус зэрэг нийтийн тээврийн хүртээмжтэй болгосон. 1970-аад онд анхны метроны шугамыг тавихад улс орны эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэж олон ч хүн эсэргүүцэж байв. Учир нь метро барихад нэг км нь ойролцоогоор 100 сая ам.долларын өртөгтэй. Гэтэл тухайн үед Солонгосын иргэний нэг хүнд ноогдох ДНБ 250 ам.доллар байлаа. Одоо хотын төвөөс 500м зайд метроны буудлууд байдаг ба өдөрт 10 сая хүн зорчдог.



Гуравт, хувийн автомашины хэрэглээг бууруулах бодлогоор их дэлгүүр, кино театр, зочид буудал гэх мэт автомашин олноор цуглах газруудад өндөр төлбөр ноогдуулсан. Сөүлийн хөл ихтэй, идэвхтэй бүс нь Улаанбаатарын хотожсон газартай бараг л дүйцнэ. Тэнд дөрвөн хүн тутмын нэг нь хувийн автомашин унадаг буюу 10 сая хүн гурван сая автомашинтай байхад Улаанбаатарт насанд хүрсэн хоёр хүний нэг нь хувийн автомашин унадаг.

Нийслэлийн захиргаанаас тэтгэвэртээ гарсны дараа газар, орон сууцны LHC судалгааны газрын захирлаар ажиллаж байв. Хотод хаана, ямар барилга барих нь анхнаасаа төлөвлөгдсөн байдаг. Хэрэв төлөвлөгөөнд багтаагүй бол ямар ч тохиолдолд шинэ барилга барих боломжгүй. Жишээ нь хотхон барихад байр руу холбогдох зам, цэвэр бохир шугам, цахилгаан зэрэг дэд бүтэц, сургууль, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зориулсан байгууламжуудыг барилга барьж буй газар бүрэн хариуцах ёстой. Хэрэв эдгээр үндсэн зүйлс тусгагдаагүй бол барилгыг зөвшөөрдөггүй. Харин 2017 оноос хойш Сөүлийн Үндэсний Их сургуульдаа багшилж, оюутнуудад хотын дэд бүтцийн тухай хичээл зааж байна. Түүний шугамаар Солонгосын Засгийн газрын санхүүжилтээр Койка, ШУТИС-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийг хариуцан Монголд ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Төслийн ажлаар ирж, буцан байсан ч энэ оны дөрөвдүгээр сараас хойш суурин амьдарч байна. Сөүлийн Үндэсний Их сургуультай хамтардаг олон байгууллага байдаг шиг ШУТИС-тэй хамтарч ажилладаг олон байгууллага бий. Ажлын өдрүүдэд Засгийн газар, их сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудтай хурал уулзалт хийх, гэрээ байгуулах, орчуулга зэрэг бичиг цаасны ажилтай өнгөрдөг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Энгийнээр хэлбэл хялбарчлах. Ямар ч адармаатай ажил ганц, хоёрхон гол асуудлаас шалтгаалдаг. Хийх гэж буй ажлын минь хамгийн чухал нь юу вэ гэдгийг олбол шийдэл гарч ирнэ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Өдөр тутамдаа Google, Naver, Korean Portal-ийг хамгийн их хэрэглэдэг. Мөн Kakoa talk, Viber аппууд байна. Монголд ирснээсээ хойш цаг агаарын мэдээний аппыг хамгийн их ашиглаж байгаа. Хуучны хүн учраас дижиталаас илүү аналог зүйлсэд дуртай. Юм тэмдэглэх жижиг цаас, бичгийн хэрэгсэл, үзэгний савыг биедээ байнга авч явдаг.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хийх ажлаа төлөвлөж бичих нь энгийн боловч хамгийн чухал арга. Аливаа ажлыг урьдаар бичиж хийх, бичихгүй хийх хоёрын үр дүн тэс ондоо гардаг. Ийм нэгэн жишээг хуваалцах дуртай.

Дэлгүүрт орохдоо авах зүйлсээ тэмдэглэдэг, тэмдэглэлгүй ордог хүмүүс эрс ялгаатай. Тэмдэглэж авсан хүн тэргээ түрээд явахдаа жагсаалтын дагуу авах зүйлсээ сонгодог бол тэмдэглээгүй хүн бараагаа үзэж, сонжсоор явна. Энгийн үед 10,000₮ гэдэг бараа 5000₮ болж хямдарсан байлаа гэхэд хошууран авч буй хүн өөрийгөө мөнгө хэмнэлээ гэж боддог. Харин минийхээр тэр бараа авах зүйлсийн жагсаалтад минь байсан тохиолдолд л мөнгө хэмнэсэн гэсэн үг. Харин эсрэгээрээ байгаагүй бол би 5000₮ үрсэн гэсэн үг. Ийм л энгийн. Энэ ойлголтыг цаг хэмнэх, ажлаа төлөвлөхдөө ч ашиглаж болно.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Ажлаа эхлэхийн урьд, үдээс өмнө болон үдээс хойш юу хийх вэ гэдгийг бодох зорилгоор өглөө бүр 15 минутыг өөртөө гаргадаг. Тэр дундаас хамгийн яаралтай, чухал ажлаа түрүүлж хийнэ. Чухал, яаралтай биш бол дараа цаг гарах үед нь хийнэ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Дасгал хийж, фитнесээр хичээллэдэг. Мөн интернэт, ахуй орчноос өөрийгөө хөндийрүүлж, толгой дахь бодлоо цэгцэлж бясалгах дуртай. Солонгост байхдаа морин хийл тоглодог байсан ч авчрахад төвөгтэй учраас орхиод ирсэн.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ? 

Тэтгэвэрт гарснаасаа хойш хөгжиж буй орнуудаас ирсэн мэргэжилтнүүдэд Сөүлийн хот төлөвлөлтийн туршлага, арга технологийг хуваалцаж сургалт хийдэг болсон.

Бас аялах их дуртай. Жил бүр холын аялал төлөвлөж, шинэ газар орон, хүмүүс, хүлээж, таамаглаагүй адал явдлаас амьдралын таашаал, урам зориг мэдэрдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?   

Намайг ид залуу ажиллаж байх үед үүнийг яавал дээр вэ гээд зорьж очоод асуух хүн тийм ч олон байсангүй. Тиймээс өдгөө энэ салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж, тулсан асуудлуудад нь зөвлөж, тусалдаг маань хамгийн сайхан санагддаг.

Харин соёлын ялгаанаас болоод тэр үү, монголд ирснээс хойш өдөр бүр шинээр хийх ажил гарч ирж байгаад дасахад амаргүй юм. Ажил, хурал, уулзалтыг долоо хоног, сараар төлөвлөдөг миний хувьд өдөр бүр гэнэтийн ажлуудтай нүүр тулах нь шинэхэн сорилт шиг санагдаж байна.



Өөрийн хийж байсан бодитой, эерэг үр дүнтэй ажлуудаас жишээлэн хуваалцвал:

Хотын дахин төлөвлөлт, байгаль орчны нөхөн сэргээлтийн сонгодог жишээ болсон Чонгёчеон-ийн 18 жилийн ой энэ онд тохиож байна. Уг төсөлд гар бие оролцон ажилласны хувьд сайн туршлагаа дэлхийн олон оронд хуваалцаж байлаа. Хотын хувьд зам гэдэг хүний биеэр зүйрлэвэл цус эргэлдэх судас гэсэн үг. Цус судсаар дамжиж хэрэгтэй шим тэжээлийг биеийн бүх хэсэгт зөөдгийн адилаар харилцаа холбоо, эдийн засгийн гүйлгээ замтай шууд холбоотой.

Сөүл хотын төвөөр урсах Чонгёчеон гол нэн бохирдсон учраас 1960-аад онд бетоноор гүүр бүхий хурдны зам тавьсан юм. Дээр, доогуураа гүүрээр холбогдсон уг замаар өдөрт 170 мянган автомашин зорчдог. Тэр хавийн орчны тоосжилт, агаарын бохирдол хотын дунджаас ч өндөр. Олон жилийн настай барилгуудыг сэргээх эсвэл дахин ашиглах боломжгүй болсон тул бизнес, ажлын байрны асуудлууд гаарсаар дахин төлөвлөх шаардлагатай тулгарсан. Тиймээс 2002 онд нийслэлийн захиргаанаас замыг нурааж, голыг сэргээн засварлах ажлыг санаачилж байлаа. Бизнес эрхлэгчдийн зүгээс олон эсэргүүцэлтэй тулсан боловч бидний зүгээс товлосон хугацаандаа, асуудалгүй сайнаар гүйцэтгэнэ гэдгээ тайлбарлаж 4000 гаруй удаагийн хурал, уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Тийнхүү амласан хугацаанаасаа нэг ч өдөр хоцролгүйгээр хоёр жил гурван сарын хугацаанд багтааж 2005 оны аравдугаар сарын 1-нд Чонгёчеон хүрээлэн нээлтээ хийсэн.


Эх сурвалж: chosun.com

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Монголчууд цаашид хотжин амьдрахад зөв бодлого, төлөвлөгөө боловсруулах мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх нь нэн тэргүүнд чухал. Тийм ч учраас Өмнөд Солонгосын Засгийн газрын санхүүжилтээр Койка болон ШУТИС-тэй хамтарсан 2022-2027 он хүртэл хот байгуулалтын дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг хариуцан ажилллаж байна. Энэ хичээлийн жилээс Магистрын сургалт эхэлсэн. Ирэх оноос бакалавр, докторын хөтөлбөрийг нээнэ.

Уг ажлын зорилго нь ШУТИС-д хот төлөвлөлтийн тэнхим байгуулах, энэ салбарын дадлагажигчдыг чадавхжуулах, Солонгос-Монгол хамтын төвөөр дамжуулан хоёр хотын хоорондох хамтын ажиллагааны сүлжээ байгуулах юм. Мөн Монголд энэ чиглэлийн сурах бичиг тун хомс санагдсан. Тиймээс салбарын тухай уншиж, судлах сайн номуудыг орчуулж эхэлсэн.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Би их сониуч хүн. Шинэ содон зүйлийг туршиж, хэрэглэхээс хойш суудаггүй. Орчин үеийн хандлага хаашаа эргэж буйг ажиж, семинар хэлэлцүүлэгт оролцох, мэргэжилтнүүдтэй ярилцах зэргээр боломж олдох бүрд өөрийгөө хөгжүүлдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ? 

Дайн тулаантай, триллер төрлийн кинонд дуртай. Харин сүүлд Netflix-ээс үзсэн “Хоёр Пап” тун сэтгэл хөдөлгөсөн. Морин хийл тоглодог болохоор сонгодог хөгжимд дуртай.

Номны хувьд Жоан Читтистерийн The Rule of Benedict: A Spirituality for the 21st Centur-ийг уншаарай гэж зөвлөе. Анх лам нарт зориулан бичсэн боловч жирийн хүмүүст, ялангуяа өнөөгийн бидэнд үнэ цэнтэй сургамж өгөх бүтээл шиг санагддаг. Гэрт ирсэн зочдыг найрсгаар угтах нь дэлхийн хаана ч байдаг сайхан соёл. Уг бүтээлд сүм хийдийн лам нарын адилаар бид бие биедээ энэрэнгүй, найрсаг хандаж эерэг, дулаан харилцааг бий болгох тухай өгүүлдэг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Англид сурч байхад удирдагч багш маань: “Ертөнцөд хоёр төрлийн мэргэжилтэн байдаг. Эхнийх нь энгийн зүйлийг ч адармаатай болгож тайлбарладаг бол нөгөө нь маш адармаатай зүйлийг ч хялбархан тайлбарладаг” гэж хэлсэн.

Ямар ч хэцүү, адармаатай асуудал ганц, хоёрхон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдгийг дахин хэлье. Тиймээс зуун задгай ажлыг бүгдийг нь шийдэх гэж гүйх биш хамгийн чухал, яаралтай ажлыг түрүүлж хийх нь гол гэдгийг үргэлж санаж явдаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өвсний шим, усны ундаргыг дагаж, нүүдэллэн амьдарч ирсэн Монголчууд одооноос л суурьшин, хотжин амьдарч байна. Энэ үндэстний түүхэнд ийм цаг үе байгаагүй. Цаашид Монголд хотууд хэрхэн хөгжин тэлэх бол, шинэ тутам үүсэж буй нөхцөл байдалдаа хэрхэн зохицож, даван туулах бол, ер нь ирээдүйн Монгол ямар байх бол гэдэг их сонирхолтой санагдаж байна. Сайн хотыг хэн нэгэн хийж өгдөггүй. Харин иргэд бий болгодог гэдгийг санаж яваасай.