Ертөнцийг танин мэдэх чин хүсэлдээ хөтлөгдөн 2012 онд манай улсыг зорьж асан Яна Зилкова бол өнөөдрийн зочин. Анх аяллаар ирж байсан түүний хувьд өдгөө “Каритас Чех Репаблик” ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж буй бөгөөд монгол орныг өөрийн нутаг шигээ санан гал голомтоо төвхнүүлэн амьдрах болжээ.  

Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалж, Европ судлал болон Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ дүүргэсэн тэрээр олон улсын байгууллагуудад туршлага хуримтлуулсаар 2018 онд одоогийн албандаа томилогджээ. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. 

Байршил: Урт цагааны зүүн урд, Дельта төв, 503 тоот
Эрхэлдэг ажил: “Каритас Чех Репаблик” ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Словак улсын Братислава хотод төрж, өссөн. Багаасаа л дэлхий ертөнцтэй танилцаж, олон орноор аялан тухайн улсын тухай чадах чинээгээрээ мэдэхийг эрмэлздэг байлаа. Тиймдээ ч Монгол Улсад анх 2012 онд жуулчнаар ирж байв. Өвлийн улирал таарсныг ч хэлэх үү энд өнгөрүүлсэн гурван долоо хоног тун сонирхолтой өнгөрсөн.

Намайг гайхшируулсан зүйл арвинтай энэ нутагт 2013 онд эргэн ирж, жил хагасын хугацаанд олон улсын сургуульд англи хэлний багшаар ажилласан. Тийнхүү мэргэжил дээшлүүлэхээр Дани улсыг зорин Аалборгийн Их сургуульд Европ судлалын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсны дараа Globsec олон улсын байгууллагад хөтөлбөрийн удирдагч, EFMD Global ОУ-ын ТББ-д зохицуулагчаар тус тус ажиллаж, үнэлж баршгүй туршлага олж авч байлаа. Ингээд 2018 онд Каритас Чех Репаблик олон улсын байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллахын сацуу нийтийн удирдлагын чиглэлээр хоёр дахь магистрын зэргээ хамгаалж, өнгөрсөн онд төгсөөд байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын хуваариас шалтгаалдаг ч ихэнхдээ өглөө эртлэн босож, тухайн өдөртөө бэлддэг. Хамгийн түрүүнд охиноо цэцэрлэгт нь хүргэж өгнө. Миний хувьд үдээс өмнө хурал, уулзалтуудаа төлөвлөж, үдээс хойш хүүдээ цаг гаргахыг хичээдэг. Тэр минь одоо ч балчир байгаа учраас түүнтэй илүү их цагийг өнгөрүүлэх хэрэгтэй.

Заримдаа үдээс хойш надаас шалтгаалах ажлууд гардаг болохоор нэг бол оффистоо эргэж ирэх эсвэл гэрээсээ ажилладаг. Ихэвчлэн орой таван цагийн үед ажлаа дуусгаад охиноо цэцэрлэгээс нь авч, гэртээ харина. Гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа цаг хугацааг аль болох чанартай байлгахын тулд ажлын цаг дууссаны дараа тэдэнд бүрэн дүүрэн анхаарал хандуулахыг хичээдэг. Гэхдээ төв байгууллагатайгаа уулзалт товлосон тохиолдолд яалт ч үгүй цагийн зөрүүнээс болоод оройн цагаар ажиллах үе гарах нь бий.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Аль болох өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүлэхийг боддог. Итгэл даахуйц, найдвартай, хариуцлагатай, ажилдаа эзэн болдог тийм л хүмүүс миний хувьд маш чухал. Аз болж одоогийн багт маань яг л тийм хүмүүс ажиллаж байгаа. Мөн хамт олны зүгээс намайг хурцалж, удирдлагын хувьд тэднээс нэг алхмын урд манлайлж явах учиртайг үргэлж сануулаасай гэж хүсдэг юм.

Аливаа баг, хамт олныг удирдаж байгаа хүн ямагт бусдын оронд өөрийгөө тавих чадвартай байх хэрэгтэй. Өнөөдөр тэд юуг ч туулж байж болно. Гагцхүү би энэ хүний оронд байсан бол ийм нөхцөл байдалд яаж хандах, ямар хариу үйлдэл гаргах байсан бэ гэдгийг бодож үзэх нь ажлын маань гол арга барил.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Технологийн хэрэгслүүд гэвэл хамгийн түрүүнд ухаалаг цагаа онцолмоор байна. Жил хагасын өмнө манай нөхөр надад бэлэглэж байсан юм. Одоо энэ цаггүйгээр амьдарна гэдэг бараг л боломжгүй. Ажлын өрөөндөө утсаа орхих, эсвэл хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж байхдаа утсаа хол тавьдаг над шиг хүнд зарим чухал дуудлага, зурвасыг алдалгүй шалгахад тус болж байгаа ганц эд. Дараагийнх нь Kindle. Хэдхэн сарын өмнө бүх номоо хандивлаад Kindle-ийн хэрэглэгч болсон. Одоогоор 20 гаруй номтой.

Гар утасны аппын тухайд сошиал аппуудыг идэвхтэй ашигладаг. Мөн Spotify-аас подкаст, дуунууд сонсох дуртай.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би нэлээн цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай хүн л дээ. Уулзалт, хурал бүрийг нэг бүрчлэн төлөвлөж, хуваарьтаа оруулдаг. Нэг уулзалт алгасахад л түүнээс шалтгаалах бүх ажил хойшлох шаардлагатай болж, надад ч тэр, бусдад ч тэр цаг хугацааны хувьд алдагдал бий болно. Тиймээс бүгдийг эхнээс нь сайтар төлөвлөөд, түүнийхээ дагуу ажлуудаа чамбай хийх хэрэгтэй.

Харин өдөр тутамдаа цаг хэмнэхийн тулд аль болох замын түгжрэлээс зайлсхийхийг хичээдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Төлөвлөлтийн хувьд нэг өдөрт хийж дуусгах ажлуудаа компьютер болон гар утаснаасаа харах боломжтой байдлаар буюу Outlook-ийнхээ Calendar хэсэгт оруулдаг. Харин урт хугацаанд төвлөрч хийх шаардлагатай зүйлсээ тусд нь төлөвлөдөг дадалтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Бага насны хоёр хүүхэдтэй ажилладаг ээж байх амаргүй ч гэлээ ажил, амьдралаа зохицуулж байх нь биелэгдэшгүй даалгавар биш. Миний хувьд хүүхдүүдээсээ эрч хүчээ эргэн олж авдаг юм. Амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ агаар салхинд гарч, тэдэнтэйгээ чанартай цагийг өнгөрүүлэх дуртай. Ковид-19 цар тахлаас болоод нэг хэсэг гадагшаа яваагүй ч одоо бүх зүйл хэвийн байдалдаа орсон болохоор жилдээ нэг удаа гадаад руу аялахыг хичээх болсон.

Түүнчлэн спортоор хичээллэдэг байсан дадал зуршлаа эргэн сэргээхийг эрмэлзэж, өдөр бүр дор хаяж 30-50 минутыг дасгал, хөдөлгөөн хийхэд зарцуулж байна.

Ажлын дундуур сэргэлт авмаар санагдвал хүүгийнхээ лемурын чихмэл тоглоомыг хэсэг харж суудаг. Хүүтэйгээ байгаа мэт мэдрэмж төрдөг болохоор тэр дороо эрч хүчтэй болдог шүү.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Хоёр жилийн өмнө Словакийн уран бүтээлчдийн эхлүүлсэн баримтат киноны төсөл бий. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг хамгийн ихээр мэдэрч буй дөрвөн улсын тухай болон үүний эсрэг тэмцэж байгаа хүмүүсийн талаар өгүүлэх тус бүтээлийн нэг дүр нь Монгол Улс. Тэр дундаа эл өөрчлөлтийн тухай эргэн тойрны хүмүүстээ таниулж, үүнд яаж дасан зохицож амьдрах вэ гэдгийг ойлгуулах гэж хичээж яваа залуу бүсгүйн түүхийг онцолж байгаа. Мөн хэдэн сарын өмнө өөд болсон ч мод тарих их үйлсэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулсан нэгэн эрийн тухай, түүний гэр бүл энэхүү чин хүслийг нь хэрхэн үргэлжлүүлж буй талаар өгүүлэх юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нуулгүй хэлэхэд энэ бол стресстэй ажил. Заримдаа 24 цаг багадах үе гарна. Манай төв байгууллага Чехийн нийслэлд байдаг болохоор цагийн зөрүүг үл харгалзан өглөөний долоо, эсвэл оройн долоон цагт ч уулзалт, хуралдаа бэлэн байх шаардлага үүсдэг. Үүнээс гадна сошиал медиагийн хурдацтай хөгжлийг дагаад ажлуудынхаа үр дүнг цаг алдалгүй олон нийтэд танилцуулж байх хэрэгтэй. Тэгж байж хүмүүс бидний юу хийж бүтээж байгааг мэднэ шүү дээ.

Ардчилсан тогтолцоотой улсад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо асар чухал учраас дан ганц Засгийн газар гэлтгүй иргэн нэг бүр улсынхаа асуудлыг чухалчилж үзэх ёстой. Тэр ч утгаараа манай байгууллагын алсын хараа минийхтэй нийцдэг юм. Илүү тодруулбал, зорилго нэгтэй хүмүүстэй хамтраад утга учир, үр дүнтэй ажил хийж байгаа нь манай ажлын маш том эерэг тал.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг одоо үндсэн гурван төсөл дээр төвлөрөн ажиллаж байгаагаас гадна хэд хэдэн шинэ төслийн танилцуулга дээр төвлөрч байна. Эхнийх нь дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжин хаалтаа хийх гэж буй залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл юм. Одоогоор төслөө дүгнэхийн сацуу цаашдын тогтвортой байдлыг нь хангах үүднээс хандивлагч байгууллага тэргүүтэй уг төслөөс үр шим хүртэгчид, оролцогч талууддаа үр дүнгээ тайлагнах чухал үе таарч байна.

Дараагийнх нь хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэсэн “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл. Уг төслийн хүрээнд хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын технологи болон хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, хүрээлэн буй орчинд тархах байдлыг хянахад чиглэсэн дөрвөн төрлийн үндэсний стандартыг батлуулахаар ажиллаж байгаа юм.

Гурав дахь нь хүнс, ус, ундааны салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн эко шошго нэвтрүүлэх “Эдийн засгийн ногоон шилжилт” төслөөр дамжуулан ногоон бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн ирэх оны эхээр тус салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан эко шошгожилт, тойрог эдийн засаг, хариуцлагатай үйлдвэрлэлийн туршлага судлуулахаар Европ руу аяллын хөтөлбөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Бага насны хоёр хүүхэдтэй болохоор өөртөө зарцуулах цаг хомс байдгийг нуух юун. Гэсэн ч долоо хоногт тодорхой цагийг хувь хүний хөгжилдөө зориулахыг хичээдэг. Ихэвчлэн улс төр, эдийн засаг, амжилттай яваа энтрепренерүүдийн түүх, туршлага бүхий сэдвүүдээр подкаст сонсож, Netflix-ээс баримтат кино үзэх дуртай. Цаг л гарвал ном уншихыг хичээдэг. Мөн сүүлийн үед Coursera, edX, MasterClass зэрэг аппаас төслийн менежментийн мастер ангийн хичээлүүдийг тогтмол үзэх болсон.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Хэдийгээр Монгол миний гэр орон ч гэлээ надад төрсөн нутгаа санагалзах үе бишгүй тохиолддог. Энэ үед сонсдог “The Roots” дууг санал болгомоор байна. Бид хаашаа ч явсан, хаана ч очсон эх нутгийг минь гүйцэх газар үгүй гэсэн утгатай. Эх орны тухай монгол дуунуудтай утга ижил гэх үү дээ.

Миний хувьд өөрсдийн салбараа түүчээлж чадсан эрхмүүдийн тухай баримтат кино үзэх дуртай. Зарим төслийн санаагаа эднээс олох ч үе бий. Гэхдээ одоогоор “Loki” цувралын хоёрдугаар бүлгийг шимтэн үзэж байна.

Номын тухайд надад үлдсэн цорын ганц хэвлэмэл ном болох Билл Гэйтсийн “How to Avoid a Climate Disaster” бүтээлийг дуусгахаар хичээж байна. Хэлэхэд жаахан санаа зовмоор ч жил хагасын өмнө эхлүүлээд одоо л дуусах тийш хандаж байгаа.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хэн нэгний хэлсэн зөвлөгөө гэхээс илүүтэй чухал зүйлийг ойлгосон тэр үе хамгийн түрүүнд санаанд орж байна. “Чи чадахгүй байна. Бууж өг. Чи хангалттай ухаалаг биш байна.” Магад хүн бүр амьдралынхаа аль нэг үед эдгээр үгсийг сонсож, таагүй мэдрэмж авч байсан болов уу. Би ч мөн адил.

Словакт их сургуульд сурч байх үедээ нэг семестр оюутан солилцоогоор гадагшаа суралцах хүсэлт өгсөн юм. Тухайн үед хичээлийн дүн, хэлний чадвар маань төдийлөн сайн биш байснаас болоод тэнцэж чадаагүй. Гэсэн ч бууж өгөлгүй хичээсээр, солилцооны өөр хөтөлбөрүүдэд хүсэлтээ гаргасаар Денмаркт магистрын зэргээ хамгаалах боломжтой болсон. Тэдгээр цаг хугацаа ярьж байгаа шиг минь амар байгаагүй. Одоо хэцүү зүйлс тохиолдох бүрдээ яаж хичээснээ бодоод урам зориг авч, улам хичээмээр санагддаг юм.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Асуудал, бэрхшээлээс хэзээ ч бүү ай. Залуу үеийнхэн маань алдчих вий гэдгээс айгаад сорилт, бэрхшээлийг аль болох тойрч гарахыг хичээгээд байх шиг. Алдахаас айж байгаа бол хэзээ ч өсөж хөгжихгүй.