Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Дэлхий дахиныг цар тахал түгшээсэн энэ цаг үед эрүүл мэндийн ажилтнуудын хичээл зүтгэл, ажлын онцлогийг хүмүүс сайн ойлгож ухаарч буй. Тиймээс энэ өдөр сувилагчдадаа талархах зорилгоор Монголын мянга мянган сувилагчийн төлөөлөл болгож Нийслэлийн "Өргөө" амаржих газар буюу бидний нэрлэж заншсанаар I төрөхийн ахлах сувилагч Л.Мөнхдэлгэрийг бид урьж ярилцлаа. Тэрээр "Өргөө" амаржих газар 31 жил тасралтгүй ажиллаж буй “алтан гарт” сувилагч билээ.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Өргөө" амаржих газрын Амбулаторийн арга зүйч сувилагч
Сошиал хуудсууд: Luwsandanzan Munkhdelger
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 1988-1990 онд Сувилагчийн сургуульд суралцаж төгсөөд "Өргөө" амаржих газарт ажилд орж, ээлжийн сувилагчаар 22 жил тасралтгүй ажиллаж байна. 2007-2009 онд ЭМШУИС-ийн сувилахуйн бакалаврыг дүүргэсэн. 2011 оноос хойш эмнэлэгтээ ахлах сувилагчаар ажиллаж байна. Миний карьерын хамгийн онцлууштай үе бол 2006 онд "Нийслэлийн алтан гарт сувилагч" болсон явдал юм. 2010 онд мөн эмнэлгийнхээ шилдгийн шилдэг сувилагч болж байлаа. Хамт олны үнэлэмж гэдэг бол сэтгэл ханамжтай ажиллах гол суурь байдаг. 31 жил ажиллахдаа баяр жаргалтай, хүндрэл бэрхшээлтэй цаг мөчүүдийг олныг туулжээ.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би эртэч хүн. Өдрийг 06.30 цагийн үед эхлүүлж, 7.30 гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг. Ажил 8.30 цагаас эхэлж, хурал зөвлөгөөн, үйлчлүүлэгчид болон багийнхандаа зөвлөмж өгөх, сургалт орох, судалгаа хийх гээд олон зүйлээр үргэлжилнэ. Цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэх, эм тариа, тоног төхөөрөмжийн хяналт тавих, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангах, бичиг баримтын бүрдлийг хангах гэх мэт олон ажил үүрэг бий. Мөн ажлын төлөвлөгөө гаргах, тайлан гаргах гээд бичиг цаасны ажил ч мундахгүй шүү.
Мөн хүндрэл тохиолдсон үед тасгийн эрхлэгч бид хоёрт хамгийн түрүүнд мэдэгддэг. Тийм үед сувилагчийн ажлаа гардан хийх нь бий.
Хэдийгээр ажлын цаг 16.30 цагт дуусах хуваарьтай ч түүнээс оройтох үед зөндөө, заримдаа хонож ажиллах ч тохиолдол гарна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ер нь сувилагчийн ажлын онцлог нь хүнээс олон зүйлийг зэрэг хийхийг шаарддаг. Тэр хэрээр сувилагчид зохион байгуулалт сайтай байдаг. Энэ онцлогоос үүдэн, давхар хувь хүний онцлог нөлөөлдөг ч байж магадгүй, олон ажлыг зэрэгцүүлж хийгээд дадчихжээ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Компьютер, принтер бол салшгүй хэрэглээ. Сүүлийн үед Zoom-ээр хурал уулзалтанд орох, сургалт авах буюу өгөх нь их болсон байна. Мөн ширээн дээрх микрофоныг хүлээлгийн зааланд үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэнд сургалт, мэдээлэл өгөхдөө ашигладаг.
Хэрэглэдэг аппууд гэвэл E-Mongolia ажил бүтээхэд тустай юм. Хааяа Фэйсбүүк орно. Ажлын харилцаа маань байгууллагын дотоод сүлжээгээр хийгддэг.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би өглөөгүүр ачаалалтай ажиллах сонирхолтой. Мөн түрүүнд дурдсанчлан олон зүйлийг зэрэг амжуулах. Ном уншихдаа ч би гараараа юм нэхэж суудаг. Гэрийн ажлаа хагас, бүтэнд хийх биш ажлын өдрийн орой амжуулаад хагас, бүтэнд сайхан амрахыг, гэр бүлийнхэндээ цаг гаргахыг зорьдог.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Өглөө ирээд тухайн өдөр юу хийх билээ гэдгээ дэвтэр дээр тэмдэглэнэ. Мөн зарим үед утсан дээрээ тэмдэглэдэг. Өрөөний календариа бас ашиглана. Ер нь ажлуудаа сайн тэмдэглэхгүй л бол мартчих эрсдэлтэй. Ажлын төлөвлөгөө бол жилээр хийгдэж, бид улирал болгон тайлан гаргадаг. Сувилахуйн алба маань удирдах газар ба сувилагч, ажилчдын харилцаа холбоо, уялдааг хангадаг газар тул төлөвлөлт маш чухал.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би аялж зугаалах хоббитой. Сүүлийн жилүүдэд жилдээ нэг удаа заавал аяллын төлөвлөгөө гаргаад аялж дадсан байна. Аялахдаа бас адреналин ялгаруулсан адал явдалтай зүйл хийх дуртай. Нэг сайхан аялчихад нэг жилийн цэнэгээ авчихдаг гэж болно. Вьетнам, Канад, Европ гээд очихыг хүсэж буй газрууд цөөнгүй байна.
Өөр нэг хобби гэвэл дуулах. Гэртээ төрөл бүрийн концерт тавиад дагаж дуулахаар алжаал тайлагдах шиг болдог.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Сайн дурын ажилд цагаа харамгүй зориулдаг. Би "Ротари" клубийн сургагч багш. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн сэдвээр их сургуулийн оюутнуудад сургалт ордог юм. Одоогоор 1000 гаруй оюутан хүүхдэд сургалт орсон байна лээ. Мөн "Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг" ТББ-ын явуулын үзлэгүүдэд хувь нэмрээ оруулдаг. Энэ ТББ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, зорилтот бүлгийн хүмүүсийг үзлэгт хамруулдаг юм л даа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Төрөх эмнэлэг гэдэг бол хорвоод шинэ хүмүүсийг угтдаг буянтай сайхан газар. Тэр хэрээр өндөр хариуцлагатай ажил. Бид чинь амаржсан эхчүүдийн "Баярлалаа" гэсэн үгээр тэжээгдэж амьдардаг. Дахин ирж үйлчлүүлнэ ээ гээд инээмсэглэх ээжүүд бидэнд баяр баясал өгдөг.
Нөгөөтээгүүр сувилагчийн ажлын үнэлэмж манай нийгэмд дээрдэхгүй хэвээр л байна уу гэж анзаарагддаг. Ачаалал өндөртэй хэрнээ цалин хөлс сайнгүй гэдгийг нь хүмүүс сайн мэдэх тул энд нуршаад яах вэ. Хэдий тийм ч сувилагч хүн аливаад харамгүй сайхан сэтгэлтэй байдаг нь бидний ажлын онцлог юм уу даа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалт үргэлжилсээр байгаа энэ үед эмнэлгүүд халдвар хамгааллыг өндөр түвшинд сахин, онц сонор сэрэмжтэй ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор гаднаас сургалт авч, байгууллагынхандаа дамжуулах сургалт таниулгын ажил их хийгдэж байна. Манай амбулаторийн хувьд ажиллах хүчнийхээ дийлэнхийг тасаг руу шилжүүлж, цөөн эмч, сувилагчтайгаар ажиллаж байгаа.
Саяхан би "Амбулаторийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ковид-19 цар тахлын дэгдэлтийн үеийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг үнэлэх нь" судалгаа хийн байгууллагын хэмжээнд хэлэлцүүлж, хоёрдугаар байр эзэлсэн юм байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Англи хэлний мэдлэгээ байнга тордож, олон улсад богино хугацааны сургалт, арга хэмжээнд явахыг хичээдэг. 2013, 2016 онд олон улсын сургалтад суугаад нүд нээгдэж, ихээхэн урам зориг өгч байлаа. Тиймээс интернэтээр хаана ямар сургалтын боломж байгааг хайж эрэлхийлж байдаг.
Ер нь орчин цагт хөгжил ямар хурдан байгаа билээ, тасралтгүй хөгжиж байхгүй л бол болохгүй. Би тэтгэвэртээ гарсны дараа ахмад үеэсээ өвлөж авсан сувилахуйн ухааны эрдэм мэдлэгээ хойч үедээ дамжуулахын тулд сувилахуйн сургуульд багшилна гэж боддог.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Англи, монгол зэрэгцүүлэн уран зохиолын ном унших их дуртай. Одоо уншиж буй энэ номоо сүүлийн нэг сар уншсан ч номын санд эргүүлж өгөхөөсөө харамлаад л байна. Мөн "Өглөөний хүн", "Өглөөний гайхамшиг", "Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал" зэрэг номыг нэрлэе.
Кино гэвэл сүүлд ковид-19 цар тахалтай Хятад улс хэрхэн тэмцсэн тухай өгүүлсэн “Хамтдаа” олон ангит киног шимтэн үзсэн. Монголынхоо түүхэн кинонуудад бас дуртай.
Хөгжмийн тухайд нийтийн дуунд дуртай. Б.Баяндалайгийн "Би өөрийнхөөрөө", Д.Энхзулын "Гэрэлтэж амьдраарай", Н.Чулуунхүү гуайн "Баярлана даа" зэрэг гэгээлэг дуунуудыг нэрлэе. Поп дуучин С.Нарангийн "Өөрийнхөөрөө" гэдэг дуунд бас дуртай. Сонсох дуртай дуунуудаасаа эмнэлгийн зааланд хааяа тавьдаг шүү.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг бол миний хамгийн их итгэж үнэмшдэг, хүүхдүүдээ байнга захиж хэлдэг үг. Цаг бол алтнаас ч үнэтэй гэдгийг бодон цагийг хий дэмий үрэлгүй хичээгээд л байх юм бол хүн бодсон санаснаа хэзээ нэгтээ биелүүлж чадна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хүний амьдралд баяртай, гунигтай үе ээлжилж байдаг. Ямар ч үед хүний мөс чанараа алдахгүй байх нь хүн байхын утга учир, гавьяа болов уу. Хүн бүр сэтгэлээ ариун цагаан байлгахыг эрмэлзээсэй.


Сэтгэгдэл бичих (4)


З Зочин 64.119.21.135
Үргэлж энийг хийе, тэрийг бүтээе, шинээр бий болгоё гэж санаачилга гарган, сэтгэлээсээ гүйж байдаг үнэхээр эрч хүчтэй хүн шүү. Энэ их ажлынхаа хажуугаар бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүйгээр, сайн дурын ажил хийдэгт, биднийг дэмждэгт баярладаг шүү. Бараг л хөлд нь чирэгдчих гээд гүйцэгдэхгүй хурдтай хүн шүү хэхэ. Ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.
М Мягмарбуд 203.91.115.51
Хөдөлмөрч сайхан ээжээрээ бахархаж байна . Үлгэр жишээ сайн мэргэжилтэн шүү та минь баяраа сахан тэмдэглээрэй
Д Даваасүрэн 66.181.188.73
Эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа найздаа баярын мэнд хүргэе. Хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддаг чамаараа үргэлж бахархдаг шүү. Амжилт хүсье.
D Davaasuren 66.181.188.73
Эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа сайхан найздаа баярын мэнд хүргэе. Үргэлж бахархдаг шүү.