Хүн төрөлхтний хамгийн нэр хүндэт шагнал болох Нобелийн шагналын эзэд тодорлоо. Энэ жил анагаах ухаанд цоо шинэ нэгэн салбар мэндэлж, химийн салбарт зууны нууц тайлагдсан гээд байгалийн ухааны Нобелийн шагнал олон онц чухал үйл явдлаар дүүрэн болж өнгөрөв.  

Энэ жилийн байгалийн ухааны салбар дахь шинэ Нобельтнуудын судалгаа, нээлтүүдийг та манай бичээч Гэрэлээгийн Нобель 2026-ын эзэд (Байгалийн ухаан): ХЭН? ЯАГААД? нийтлэлээс уншаарай.

Харин 2026 оны утга зохиол, эдийн засаг, энх тайвны салбарт хэн, юуны учир энэхүү нэр хүндэт шагналын эзэн болсныг уламжлал ёсоороо багцлан танилцуулж байна.

Өнгөрсөн жилүүдийн Нобелийн шагналтнуудтай танилцах:

Нобель 2023-ийн эзэд: ХЭН, ЯАГААД?

Нобель 2024-ийн эзэд: ХЭН? ЯАГААД?

Нобель 2025-ын эзэд (Нийгмийн ухаан): ХЭН? ЯАГААД?

Нобель 2025-ын эзэд (Байгалийн ухаан): ХЭН? ЯАГААД?

Эдийн засгийн ухаан


Эдийн засагчдын тухай

Энэ жил эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг АНУ-ын эдийн засагч Роберт Э.Холл, Майкл Вүүдфорд нар хүртлээ. Тэднийг макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын микро эдийн засгийн үндсийг хөгжүүлснийх нь төлөө ийнхүү шагнажээ.

Тодруулбал, макро эдийн засаг нь улс орны нийт үйлдвэрлэл, инфляц, ажилгүйдэл зэрэг томоохон үзүүлэлтийг судалдаг бол микро эдийн засаг нь хувь хүн, өрх гэр, компаниудын шийдвэр гаргалтыг авч үздэг. Харин энэ хоёр түвшний уялдаа холбоог ойлгох нь эдийн засгийн хямрал, өсөлт, үнийн өөрчлөлтийг зөв тайлбарлаж, оновчтой бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Эдийн засагч Роберт Э.Холл нь 1943 онд АНУ-ын Калифорни мужийн Пало-Алто хотод төржээ. Тэрээр Массачусетсийн Технологийн Институтэд (MIT) докторын зэрэг хамгаалж, улмаар Стэнфордын Их сургуульд ажилласан бөгөөд хэрэглээ, хуримтлал, ажилгүйдэл, эдийн засгийн мөчлөгийн асуудлаар олон арван жил судалгаа хийсэн эрдэмтэн юм.

Харин Майкл Вүүдфорд бээр 1955 онд АНУ-ын Массачусетс мужийн Чикопи хотод төрсөн бөгөөд мөн MIT-д докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр өдгөө Колумбын Их сургуулийн профессор бөгөөд мөнгөний бодлого, инфляц, төв банкны шийдвэр гаргалт, эдийн засгийн онолын чиглэлээр судалгаа хийдэг байна.

Хоёр эрдэмтний судалгаа нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг тус тусад нь ажиглахаас илүүтэйгээр тэдгээрийн цаана буй хүмүүсийн шийдвэр, хүлээлт, зан төлөвийг ойлгох шаардлагатайг харуулсан аж.



Бүтээлүүд

Роберт Э.Холлын 1978 онд хэвлүүлсэн “Stochastic Implications of the Life Cycle-Permanent Income Model: Theory and Evidence” хэмээх судалгаа нь хэрэглэгчдийн зан төлөвийг ойлгоход чухал хувь нэмэр оруулжээ. Уг бүтээлдээ тэрээр хүмүүсийн хэрэглээ зөвхөн өнөөдрийн орлогоос бус, ирээдүйд олох орлогын хүлээлтээс хамаардаг гэсэн санааг эмпирик өгөгдөлтэй холбон судалсан байна.

Тухайлбал, хүн цалингаа нэмэгдэхийг хүлээж байгаа бол өнөөдрийн хэрэглээ, хуримтлалын шийдвэрээ тэрхүү ирээдүйн орлоготойгоо уялдуулан гаргаж болно. Үүний адил улс орны эдийн засгийн ирээдүйн нөхцөл байдлын талаарх хүлээлт нь айл өрхүүдийн худалдан авалт, компаниудын хөрөнгө оруулалтад нөлөөлдөг аж.

Майкл Вүүдфорд 2003 онд хэвлүүлсэн “Interest and Prices: Foundations of a Theory of Monetary Policy” бүтээлээрээ мөнгөний бодлогын орчин үеийн онолыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Тэрээр төв банкны бодлогын хүү, ирээдүйн бодлогын талаарх мэдээлэл, олон нийтийн хүлээлт нь эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг системтэй тайлбарласан байна.

Түүний судалгааны гол санаануудын нэг нь төв банк зөвхөн өнөөдрийн хүүг өөрчлөх замаар бус, ирээдүйд ямар бодлого баримтлах тухайгаа тодорхой мэдээлснээр өрх гэр, бизнесийн шийдвэрт нөлөөлж чадна гэсэн ойлголт юм.

Эдгээр судалгааны үзэл санаа нь шинэ кейнсийн макро эдийн засгийн загварууд (Жон Мейнард Кейнсийн үндэслэсэн, зах зээлийн эдийн засаг дахь төрийн оролцоо ба нийт эрэлтийн үүргийг чухалчилдаг макро эдийн засгийн загварууд)-ыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд өнөөдөр төв банкнууд, засгийн газруудын ашигладаг эдийн засгийн шинжилгээний аргачлалд тусгалаа олж буй.



Юуны учир

Эдийн засаг нь өсөлт, уналт ээлжилсэн мөчлөгтэй. Хямралын үед үйлдвэрлэл буурч, ажилгүйдэл нэмэгдэн, өрх гэрүүд хэрэглээгээ танаж, компаниуд хөрөнгө оруулалтаа хойшлуулах нь түгээмэл. Харин эдийн засаг хэт хурдацтай тэлэх үед инфляц нэмэгдэж, үнийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй.

Ийм нөхцөлд засгийн газар болон төв банк төсвийн болон мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийн савлагааг бууруулахыг зорьдог. Гэвч ямар үед, ямар хэмжээгээр бодлогоо өөрчлөх нь асуудлын гол нь билээ.

1970-аад оны газрын тосны хямралын үеэр барууны орнуудад эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл болон инфляц зэрэг нэмэгдсэн нь тухайн үеийн эдийн засгийн загвар, бодлогын үр нөлөөг эргэн харах шаардлага бий болгожээ. Учир нь эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдийн хоорондын статистик хамаарлыг ажиглах нь бодлогын арга хэмжээ яагаад тодорхой үр дүнд хүрч байгааг бүрэн тайлбарлаж чаддаггүй байв.

Харин Холл, Вүүдфорд нар эдийн засгийн загварыг хувь хүн, өрх гэр, компаниудын шийдвэр гаргалтад тулгуурлан байгуулах нь макро эдийн засгийн үйл явцыг илүү нарийн ойлгоход тусална гэдгийг онцгойлсон байна. Учир нь хүмүүс ирээдүйн орлого, үнийн өөрчлөлт, бодлогын шийдвэрийг урьдчилан тооцож, өнөөдрийн сонголтоо хийдэг. Иймд бодлого боловсруулагчид олон нийтийн хүлээлтийг хэрхэн бүрдүүлж буйгаа ч анхаарах шаардлагатай аж.

Жишээ нь, төв банк ирээдүйд бодлогын хүүгээ хэрхэн өөрчлөхөө тодорхой мэдээлбэл компаниудын хөрөнгө оруулалт, өрх гэрүүдийн хэрэглээ, хуримтлалын шийдвэрт нөлөөлж болно. Үүний үр дүнд эдийн засгийн хэт өсөлт, уналтын эрчийг бууруулах боломж бүрдэх юм.

Шведийн Хааны Шинжлэх ухааны академиас Холл, Вүүдфорд нарын судалгааг “макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын микро эдийн засгийн үндэс”-ийг хөгжүүлсэн хэмээн үнэлжээ. Өөрөөр хэлбэл, тэдний бүтээлүүд эдийн засгийн томоохон өөрчлөлтийн цаана хүмүүсийн ямар шийдвэр, хүлээлт нөлөөлдгийг тайлбарлаж, хямралын үед илүү оновчтой бодлого хэрэгжүүлэх онолын суурийг бэхжүүлсэн байна.

Энэ нь гагц эдийн засгийн онолын хүрээний асуудал бус бөгөөд эрчим хүчний хямрал, инфляцын огцом өсөлт, хэрэглээний өөрчлөлт зэрэг гэнэтийн цочролын үед улс орнууд эдийн засгаа тогтвортой байлгахад чухал ач холбогдолтойг онцлууштай.



Утга зохиол

Зохиолчийн тухай

2026 оны утга зохиолын Нобелийн шагналыг Канадын яруу найрагч, эсээч, орчуулагч Энн Карсон хүртлээ. Э.Карсон 1950 онд Канадын Торонто хотод төрсөн бөгөөд эртний Грек, Ромын уран зохиол, хэл, соёлын чиглэлээр мэргэшсэн сонгодог судлаач юм. Зохиолч Торонтогийн Их сургуульд эртний Грекийн яруу найраг болоод сонгодог зохиолын чиглэлээр суралцан, улмаар эрдэм шинжилгээ, багшийн ажилтайгаа зэрэгцүүлэн уран бүтээл туурвиж, яруу найраг, эсээ, орчуулга, уран зохиолын замналд хөл тавьжээ.

Тэрээр эртний Грекийн домог, яруу найраг, философийн санааг орчин үеийн хэлбэр, дүрслэл, сэтгэл хөдлөлөөр сүлж бүтээлдээ тусгадгаараа онцлогтой. Түүний бүтээлүүдэд яруу найраг, хүүрнэл зохиол, эрдэм шинжилгээний ажил, орчуулга гээд өргөн хүрээний салбар төрлийг хамардаг тул гагц яруу найрагч эсвэл сонгодог утга зохиол судлаач хэмээхэд тун өрөөсгөл тодорхойлолт болно. Зохиолч бээр уран зохиолын хэлбэр, бүтцийн төрөл бүрийг тасралтгүй туршиж, танил бус атлаа сэтгэл хөдөлгөм бүтээлүүд туурвисаар ирсэн юм.



Бүтээлүүд

Э.Карсоны 1986 онд хэвлүүлсэн “Eros the Bittersweet” бүтээл нь түүний уран бүтээлийн онцлогийг харуулсан анхны томоохон бүтээлүүдийн нэг юм. Эртний Грекийн яруу найрагт дурлал, хүсэл тэмүүллийг хэрхэн дүрсэлснийг судалсан уг ном нь эрдэм шинжилгээний бүтээл гэхээс илүү яруу найргийн мэдрэмж, философийн эргэцүүлэл хосолсон өвөрмөц хэлбэртэй.

Тэрээр 1998 онд “Autobiography of Red” хэмээх шүлэглэсэн романаа хэвлүүлсэн нь олон улсын уншигчдын анхаарлыг татжээ. Уг бүтээлдээ Э.Карсон эртний Грекийн домогт гардаг улаан өнгийн далавчтай мангас Герионы тухай өгүүлэмжийг орчин үеийн өсвөр нас, хайр дурлал, өөрийгөө танин мэдэхүйн түүх болгон “шинээр бичсэн” байна. Домгийн дүрийг хүний дотоод ертөнцтэй холбож, өөрийн ялгаатай байдлыг ойлгох, хайрлах, шархлах зэрэг сэдвийг хөндсөнөөрөө онцлогтой.

2000 онд хэвлэгдсэн “Men in the Off Hours” бүтээлдээ яруу найраг, эсээ, түүхэн болон уран зохиолын дүрүүдийн тухай эргэцүүллийг хослуулсан бол 2001 оны “The Beauty of the Husband: A Fictional Essay in 29 Tangos” бүтээлдээ хайр дурлал, үнэнч байдал, урвалт, харилцааны төөрөгдлийг 29 танго бүхий өвөрмөц бүтэцтэйгээр өгүүлсэн байдаг. Уг бүтээлээрээ тэрээр 2001 онд Их Британийн T.S.Eliot Prize шагналыг хүртэж байв.

Мөн 2002 онд хэвлүүлсэн “If Not, Winter: Fragments of Sappho” бүтээлдээ эртний Грекийн яруу найрагч Сапфогийн бүтээлүүдийн үлдэж хоцорсон хэсгүүдийг орчуулж, тайлбарлажээ. Сапфогийн шүлгүүдийн ихэнх нь цаг хугацааны явцад алдагдсан учир Э.Карсон дутуу үлдсэн мөр, өгүүлбэр, үг хоорондын зайг хүртэл бүтээлийн утгын нэг хэсэг болгон авч үзсэн нь тун сонирхолтой.

Эдгээр бүтээлүүдээс гадна Э.Карсон “Red Doc>”, “Float”, “Wrong Norma” зэрэг ном хэвлүүлж, уран бүтээлийнхээ хэлбэрийг тасралтгүй шинэчилсээр иржээ. Түүний зохиол бүтээлүүдээс сонгодог уламжлал өнгөрсөн цагийн зүйл гэхээс илүүтэй өнөөдрийн хүний амьдрал, хайр дурлал, ганцаардал, дурсамж руу өнгийх нэгэн шинэ цонх гэх санаа тодхон мэдрэгддэг.



Юуны учир

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг ихэвчлэн тодорхой нэг роман, шүлэг, номд бус, зохиолчийн нийт уран бүтээлд үндэслэн олгодог. Энэ жилийн шагналын хувьд Энн Карсоны бүтээлүүдийн хэлбэрийн шинэлэг байдал, сонгодог утга зохиолын уламжлалтай сүлэлдсэн өвөрмөц онцлогийг нь үнэлжээ.

Э.Карсон эртний эх сурвалжийг орчин үеийн амьдралтай холбохдоо сонгодог зохиолын анхны хэлбэрийг хадгалах, эсвэл түүнийг бүрэн өөрчлөх гэсэн хоёр туйлын аль нэгийг сонголгүй, тэдгээрийн хооронд шинэ хэлбэр, шинэ утга бүтээдэг аж. Түүний “Autobiography of Red” роман эртний домгийн дүрийг орчин үеийн хүний сэтгэл зүйн түүх болгон хувиргасан бол “If Not, Winter” бүтээл нь дутуу үлдсэн шүлгийн хэсгүүдийг хэрхэн уншиж, тайлбарлаж болох тухай эргэцүүлэл болжээ.

Шведийн академи түүнийг “сонгодог утга зохиолын уламжлалыг егөөтэй харилцан яриагаар сүлж, орчин цагийн утга зохиолд шинэ хэлбэр бий болгосон зоримог агаад шинэлэг бүтээл туурвилынх нь төлөө” хэмээн үнэлжээ.



Энх тайван


Шагналтны тухай

2026 оны Энх тайвны Нобелийн шагналыг Өмнөд Африкийн хуульч, шүүгч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ. Норвегийн Нобелийн хороо түүнийг энх тайван болон олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө шагнасан байна.

Н.Пиллэй нь 1941 онд Өмнөд Африкийн Дурбан хотод Энэтхэг гаралтай тамил гэр бүлд төржээ. Түүний хүүхэд нас апартеид буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тогтолцооны үед өнгөрсөн бөгөөд өөрөө ч уг тогтолцооны хүрээнд бий болсон ялгаварлан гадуурхалттай нүүр тулж өссөн юм.

Тэрээр Наталын Их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, 1967 онд Натал мужид өөрийн хуулийн товчоог байгуулсан анхны эмэгтэй болжээ. Улмаар апартеидын эсрэг тэмцэгчид, улс төрийн хоригдлуудын эрхийг хамгаалж, шоронд хоригдож байсан идэвхтнүүдийн хууль зүйн хамгаалалтад хувь нэмрээ оруулж байв.

1995 онд Өмнөд Африкийн Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон анхны хар арьст эмэгтэй болж, мөн онд Руандагийн асуудлаарх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогджээ. Тэрээр тус шүүхэд найман жил ажилласны дөрвөн жилд нь ерөнхийлөгчөөр ажилласан байна.

Үүний дараа 2003-2008 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр ажиллаж, 2008-2014 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албыг хашжээ. Энэ хугацаанд хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг арилгах, зөрчил мөргөлдөөний үеийн хариуцлагыг тогтоох, олон улсын эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллажээ.



Идэвх зүтгэл

Нави Пиллэйн олон арван жилийн үйл ажиллагааг холбож буй гол санаа нь шударга ёс, хүний эрх, эрх мэдэлтнүүдийн хариуцлага. Түүний хувьд энх тайван гэдэг нь зөвхөн дайн зогсохыг бус, хүчирхийллийн хохирогчид шударга ёсыг эрэлхийлэх боломжтой, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

Апартеидын үед тэрээр улс төрийн шалтгаанаар хоригдсон хүмүүсийн эрхийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг байв. Улмаар олон улсын шүүхүүдэд ажиллахдаа дайн, мөргөлдөөний үеийн гэмт хэрэг, тэр дундаа эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд хариуцлага тооцох эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Түүний Руандагийн асуудлаарх Олон улсын эрүүгийн шүүхэд ажилласан үеийн хамгийн чухал үйл явдлын нэг нь 1998 оны Жан-Поль Акаесугийн хэрэг байв. Уг хэрэгт шүүх хүчирхийлэл, бэлгийн халдлага нь тодорхой бүлгийг устгах зорилготой үйлдэгдсэн тохиолдолд геноцидын гэмт хэрэгт тооцогдож болохыг тогтоосон түүхэн шийдвэр гаргасан юм. Энэ нь олон улсын эрүүгийн эрх зүйд бэлгийн хүчирхийллийн хариуцлагыг тогтоох чухал жишиг болсон байна.

Мөн Пиллэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг зөвхөн үндэсний хэмжээнд хязгаарлахгүйгээр олон улсын байгууллагуудын хүрээнд үргэлжлүүлжээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажиллахдаа тэрээр хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, хариуцлага нэхэх, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах, олон улсын эрх зүйн зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байв.

Түүнчлэн тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага болох Equality Now-ийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд хууль эрх зүйн хамгаалалтаар дамжуулан жендерийн тэгш байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Сүүлийн жилүүдэд Пиллэй олон улсын мөргөлдөөн, хүний эрхийн зөрчлийг шалгах үйл ажиллагаанд оролцсон хэвээр байна. Тэрээр НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, түүний дотор Зүүн Иерусалим болон Израилын асуудлаарх бие даасан мөрдөн шалгах комиссыг 2021-2025 онд тэргүүлсэн юм. Мөн Олон улсын шүүхэд Гамби Улсаас Мьянмарын эсрэг гаргасан, Геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шийтгэх тухай конвенцтой холбоотой хэрэгт тусгайлан томилогдсон шүүгчээр ажиллаж буй.



Юуны учир

Энх тайвныг зөвхөн зэвсэгт мөргөлдөөнгүй байдал гэж ойлговол түүний цаана орших олон асуудлыг орхигдуулах эрсдэлтэй. Дайны гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил, үндэстэн болон бүлгийн эсрэг хүчирхийлэлд хариуцлага тооцохгүй үлдээх нь ирээдүйн мөргөлдөөний үндэс болж болно. Иймээс олон улсын эрх зүй, шүүхийн тогтолцоо нь энх тайвныг урт хугацаанд хадгалах чухал ач холбогдолтой.

Нави Пиллэй карьерынхаа туршид энэ зарчмыг бодит жишээгээр харуулжээ. Тэрээр апартеидын эсрэг тэмцэгчдийн эрхийг хамгаалж эхэлсэн хуульчийн ажлаасаа эхлээд олон улсын шүүхүүдийн шүүгч, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хүртэлх албан тушаалд ажиллахдаа эрх мэдэлтэй хүмүүс, байгууллагууд ч хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталжээ.

Түүний оролцсон шүүхийн шийдвэрүүдийн зарим нь олон улсын эрүүгийн эрх зүйн хөгжилд түүхэн ач холбогдолтой байв. Тухайлбал, Руандагийн шүүхийн шийдвэрээр бэлгийн хүчирхийлэл нь тодорхой нөхцөлд геноцидын гэмт хэрэгт тооцогдож болохыг тогтоосон нь хохирогчдын зовлонг эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох боломжийг өргөжүүлжээ.

Норвегийн Нобелийн хороо Н.Пиллэйг шагнахдаа түүний зориг, зарчимч байдал, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцолсон байна. Хорооны үзэж буйгаар, олон улсын эрх зүйн тогтолцоо хүчтэй дарамттай нүүр тулж буй энэ цаг үед хууль ёсны зарчим, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах нь урьд өмнөхөөс ч илүү чухал болжээ.

Өөрөөр хэлбэл, энх тайван гэдэг нь хүчирхэг талын хүсэл зоригт бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн зарчимд тулгуурлах ёстой билээ. Хохирогчдын дуу хоолойг сонсож, гэмт хэргийг баримтжуулж, хариуцлага тооцох нь ирээдүйд ижил төрлийн хүчирхийлэл давтагдахаас сэргийлэх, улс орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам гэдгийг цохууштай.