Сүхбаатарын талбайн зүүн талд сүндэрлэх Галлериа Улаанбаатарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Ноос ноолууран бүтээгдэхүүн, дотоодын болон олон улсын алдарт брэндүүд, тухлан суух кофе шоп, амтат түргэн хоолны ресторанууд гээд худалдаа, үйлчилгээний олон сонголтыг нэг дор цогцлоосон тус байгууламж нь өдгөө хүмүүсийн зорчин очих дуртай газруудын нэг болжээ. Бидний сайн мэдэх энэхүү барилга анх улсын хамгийн том хэвлэх үйлдвэр байсан гэдгийг та мэдэх үү? 

Бараг зуун жилийн түүхтэй уг барилга өнгө төрхөө хэрхэн өөрчилж, өнгөрсөн үеийнхээ үүх түүхийг хадгалан үлдсэнийг хамтдаа сонирхъё.

МОНГОЛЫН АНХНЫ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР 


Тэртээ 1929 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Д.Сүхбаатарын нэрэмжит Анхны хэвлэх үйлдвэрийг Сүхбаатарын талбайн зүүн талд барин, ашиглалтад оруулж байжээ. Тухайн үед нийслэл хотод орчин үеийн барилга байгууламж цөөн байсан бөгөөд уг барилга нь архитектур болон зориулалтын хувьд хотын хамгийн чухал төвүүдийн нэгд тооцоогдож байсан гэдэг.

Тус үйлдвэрт үе үеийн сэхээтнүүд, бичиг хэргийн ажилтнууд ажиллаж, улс орны хэмжээнд түгээх сонин, сэтгүүл, сурах бичиг болон Засгийн газрын тогтоол, шийдвэр зэрэг олон төрлийн хэвлэмэл материалыг бэлтгэн гаргадаг байв. Хожим “Улаанбаатар Таймс” сонины байр гэдгээр нь хүмүүс илүүтэй сайн мэддэг болсон билээ.

24 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ “ХОТЫН ТӨВИЙН БАЛГАС”


Ийнхүү 1990-ээд оны үед нийгмийн шилжилтийн хэцүүхэн үе тохиож, уг байгууламжийн үйл ажиллагаа нь бүрэн зогсжээ. Олон жилийн турш ашиглагдалгүй орхигдож, барилга нь хуучирч муудан, хотын төвд эзгүйрсэн байгууламж болон үлдэхэд хүрсэн байна. Зарим нь бүр “хотын төвийн балгас” хэмээн нэрлэж байж.

Харин 2015 онд цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий хэвлэх үйлдвэрийн барилгыг анх 7.15 тэрбум төгрөгийн дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдаагаар олон ч саналууд иржээ. Сонирхуулахад, тус дуудлага худалдааны үеэр Абдул Карим гэх эрхэм 24 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргасан ч удалгүй саналаасаа татгалзсан байдаг.

Түүний дараагаар “Таван Богд” групп тус хэвлэх үйлдвэрийн барилгыг, газартай нь 23.85 тэрбум төгрөгөөр худалдан авч, анхны төрх, архитектурын онцлогийг нь хадгалан сэргээн засварлахаар болсон түүхтэй. Ингэхдээ хуучин барилгыг бүхэлд нь нурааж шинээр барихын оронд 1929 оны тэр л түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж босгожээ.

ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ 


Ингээд 2016 онд сэргээн засварлах барилгын ажлыг эхлүүлж, үүнээс хоёр жилийн дараа буюу 2018 оны 11-р сард тус барилга “Галлериа Улаанбаатар” нэртэйгээр үүд хаалгаа нээж, нийслэлчүүддээ шинэ өнгө төрхтэйгөөр дахин эргэн ирсэн юм.

Жилээс жилд нийслэл хот маань өргөжин тэлж, шинэ барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр дээр үеийн гэгдэх хуучны барилгууд бага багаар цөөрсөөр буй. Гэвч Монгол Улсын түүхэн цаг хугацаа, өв уламжлалыг тээж буй эдгээр барилгуудыг устгаж үгүй болгохоос илүүтэй сэргээн засварлаж авч үлдэх нь хотын соёл, нийгмийн хувьд чухал ач холбогдолтой.

ОЛОН УЛСЫН БОЛОН ДОТООДЫН БРЭНДИЙГ НЭГ ДОРООС

Тус байгууламжид “Таван Богд” группийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тухайлбал, дотоодын тэргүүлэгч брэндүүдийн нэг болох “Говь” зэрэг ноос ноолууран бүтээгдэхүүнээс гадна MG Steak, Nagomi, Machida Shoten ресторан, KFC, Pizza Hut зэрэг олон улсын сүлжээ брэндүүд үйл ажиллагаа явуулж байна. Мөн ХААН Банк болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүний дэлгүүрүүд бий.

Энэхүү байгууламжтай илүү дэлгэрэнгүй танилцах бол энд дараарай