Өнөөдрийн дугаартаа бид Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн дарга Г.Оргилыг урилаа. Тээвэр логистикийн чиглэлээр Монгол Улсын ШУТИС болон Австралийн Сиднейн их сургуулийг дүүргэсэн тэрээр Ухаа худагийн цахилгаан станцын төслийн тээврийн логистикийг хариуцан ажиллаж байсан юм. Улс орны орны эдийн засаг, гадаад худалдааны гол урсгал болсон тээврийн салбарт олон улсын цогц логистикийн үйлчилгээ үзүүлэхээр "Нью Ложистикс" компанийг байгуулсан тэрээр 10 гаруй жил Монголын экспорт, импортын ачаа тээврийг аюулгүй, найдвартай тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Өдгөө хөл хорионы улмаас хил, гаалийн бүс дээр олон зуун ачаа тээвэр саатаад буй амаргүй цаг үед энэ чиглэлд мэргэшсэн эрхмийг урьж, асуудлын шийдлийг ярилцан, ажлын арга барилтай нь танилцлаа.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Нью Ложистикс" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 10 Plus
Хэрэглэдэг компьютер: Dell Latitude E7240
Сошиал хуудсууд: Orgil Gansukh (LinkedIn), Orgil Gansukh (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Бага байхад аав ээж маань бусад хүмүүсийн адилаар Хятад, Европын хооронд ганзагын наймаанд явж, данс тооцоогоо надаар нягтлуулдаг байлаа. Мөнгө тоолох, данслах зэрэг ажлуудыг даалгадаг байсныг санадаг юм. Тэр үеэс ажил амьдралын зах зухаас ойлгож, бизнес сэтгэлгээ сууж эхэлсэн болов уу. Бизнес эрхэлж буй хүн асуудлаас бодит боломжийг олж харах гүйлгээ ухаантай байх учиртай гэж боддог.
Гэр бүлийнхэн маань надад биеэ даах итгэлийг бага ахуйгаас өгсөн учраас 10 жилд байхдаа л цэцэг, машин тэрэг, сэлбэгийн худалдаа хийж, оюутан байхдаа урдаас бараа авчирч зардаг байсан юм. Машин тэрэгтэй ойр өсөж, бизнесийн гүйлгээ ухаан суусан нь тээврийн салбарыг сонирхож, энэ чиглэлээр мэргэших сэдэл болсон болов уу.
Ингээд ШУТИС-д Олон улсын тээврийн удирдлагын бакалавр, Австралийн Сиднейн их сургуульд тээвэр, логистикийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Монголд ирсний дараа “MCS International” компанийн Ухаа худаг коксжих нүүрсний ордыг түшиглэн барих 18 мегаватт цахилгаан станцын төсөл дээр ажиллах санал ирсэн юм.
Энэ хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохын сацуу Монголын тээвэр, логистикийн салбарын нөхцөл байдлыг ойлгож, юуг шийдэх хэрэгтэй, хэрхэн шийдэхийг олж харсан. Энэ сэдлээр олон улсын тээвэр зуучлал, логистикийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2012 онд “Нью Ложистикс” компаниа байгуулан өнөөг хүртэл ажиллаж байна.

Бид бүтээн байгуулалтын төслийн логистикийг бүхэлд нь зохион байгуулах, тээвэр, гаалийн зуучлалын үйлчилгээг хүргэдэг. Одоогоор агаар, төмөр зам, далайн, авто замаар импорт, экспортын ачаа барааг найдвартай, түргэн шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн даргаар өнгөрсөн есдүгээр сараас хойш ажиллаж байна. Одоогоор манай холбоо 70 гаруй гишүүн байгууллагатай. Тээвэр логистик бол улс үндэстний аюулгүй байдалд хамаарах чухал зүйл учраас энэ салбарт ажиллагсдыг нэгдмэл зорилготой ажиллаасай гэсэндээ тус холбоог 2014 онд байгуулсан. Бид тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, салбарынхны нэгдмэл байдлыг хангах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Хамгийн чухал ажлаа барьж авахаас эхэлдэг. Мэдээж хэрэг гэнэтийн ажлууд гарч ирэх үе бий. Тэр үед үүссэн нөхцөл байдалд тохирох шийдлийг олж, аль болох хурдтай зөв шийдвэр гаргахыг хичээдэг. Нэг асуудлыг дахин сөхөж, авч хэлэлцэх дургүй. Аль болох газар дээр нь шийдээд, дараагийн ажил руугаа ордог.
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны хувьд гишүүн байгууллагуудаас ирсэн санал гомдлыг хүлээн авах, хэлэлцэх шаардлагатай асуудлаар уулзалтууд хийнэ. Мөн гадаад, дотоодын байгууллагуудтай салбарын асуудлаар харилцах, шийдэл гаргуулах зэргээр нэлээд завгүй ажиллаж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Аливаа ажлын нарийн ширийн, гүнд нь орж ажилладаг. Энэ нь заримдаа сул тал болох нь бий. Гэхдээ тэгж ажилласнаар илүү олон ажлын ард гарч, бизнесүүдээ босгож чадсан болов уу гэж боддог. Мөн хүмүүстэй илүү ойр харилцаж, хүн дээр тулгуурлаж ажиллахыг боддог.
Өөр нэг чухал зүйл нь, аль болох цаг алдахгүйгээр хурдтай шийдвэр гаргах. Цаг алдана гэдэг ирээдүйд гарах олон боломжийг давхар алдана гэсэн үг шүү дээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын орчинд Microsoft Office 365 багц программыг тогтмол хэрэглэдэг. Уг программыг компанийн хэмжээнд ашиглаж буй учраас ихэнх ажлаа амжуулж байна. Ялангуяа, ажил төлөвлөх, чат үүсгэх, төлбөр тооцоо батлах зэрэг өдөр тутмын олон ажил амжуулах боломжийг олгодог Teams апп их таалагддаг. Гүйцэтгэх захирлууд төлбөр тооцооны хүсэлт батлах, гарын үсэг зурахад их цаг зарцуулдаг. Тэр бүх бичиг цаасны ажлыг хөнгөвчилж өгсөн.
Spotify-ыг Монголд ашиглах боломжтой болсноос хойш хөгжим сонсох нь ихсээд байна. Голдуу хуучны 1970-1980 оны дуунууд болон сонгодог бүтээлүүд сонсох дуртай даа.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хөл хорионы улмаас хүмүүстэй биечлэн уулзах цагаа багасгаж, цахимаар шийддэг болсноос хойш багагүй цаг хэмнэж байна. Саяхан бид Зам тээврийн хөгжлийн сайд болон албаны хүмүүстэй цаг үеийн асуудлаар анхны цахим хурлаа амжилттай хийлээ. Ийм албаны уулзалтуудыг энгийн үед ч цахимаар зохион байгуулбал илүү үр дүнтэй байх болов уу.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Манай салбарын хувьд тэр бүр нарийн төлөвлөгөө гаргах боломжгүй учраас богино хугацааны төлөвлөгөө тогтмол гаргадаг. Нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөн шинэчлэх тохиолдол цөөнгүй учраас аль болох уян хатан, Б төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай.
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны хувьд нэг жилийн төлөвлөгөө баталж, хурал уулзалт, сургалтуудаа тэр дагуу, тогтмол зохион байгуулдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Гэр бүл маань аз жаргалтай байвал бүх зүйлд эрч хүчтэй, урам зоригтой байдаг юм. Мөн тулгарсан асуудлыг зөв шийдсэнээр гарах эерэг үр дүнг харах нь сайхан.
Түүнээс гадна би сүүлийн хоёр жил гольфоор хичээллэж байна. Спортоор хичээллэнэ гэдэг амьдралыг илүү сонирхолтой, адал явдалтай болгодог. Хоббидоо цаг гаргахын тулд тухайн спортыг сонирхон судлах, сайжрахын тулд бие физиологио бэлдэх үйл явц таалагддаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би сайн дурын, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн. Гэхдээ бүх ажилд нь оролцох бус цөөн тооны чанартай төсөл, хөтөлбөрт цаг заваа үнэнчээр зориулдаг. Өмнө нь, "JCI Progress" байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа нийгэмд хэрэгтэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Тээвэр логистик бол хүн хоорондын харилцаа холбоонд тулгуурласан, улс орны бүх салбарын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг чухал сектор. Нэг тоо, нэг үсэг буруу тавих эсвэл ганц баримт бичиг буруу цохогдвол дараа нь гарах сөрөг үр нөлөө том учраас хэрэглэгч, харилцагч байгууллагуудын өмнө маш хариуцлагатай ажилладаг. Мөн далайд гарцгүй, хөгжиж буй орныг том улс гүрнүүдийн элдэв бодлогоос хамгаалах хилийн хамгаалагчид бол тээврийн салбарынхан юм.
Томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүд хэрэгжихийн хэрээр тээврийн салбарын үйл ажиллагаа дагаад хөгждөг. Хөл хорионы нөхцөл байдал бидэнд хил гааль дээр ачаа бараагаа аюулгүй хадгалах, шилжүүлэх боломж хэр байгааг сорьсон явдал болсон. Бидэнд цаашид логистикийн "HUB" буюу ачаа бараа хадгалах, шилжүүлэн ачих нэгдсэн терминал байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байна.
Тэгж чадвал ачаа тээврийн өртөг буурахаас эхлээд олон асуудлыг шийдэж, дотоодын логистикийн сүлжээг хөгжүүлэх боломж гарна. Тухайлбал, нийт бараа бүтээгдэхүүний өртөгт шингэх тээврийн зардал ойролцоогоор 20-30 хувийг эзэлж буй учраас логистикийн бүтээмжийг нэмж, өртгийг нь бууруулах шаардлагатай байгаа.
Одоогоор Улаанбаатар хотод төр болон хувийн хэвшлийн төмөр зам болон авто замын 10 гаруй гаалийн хяналтын (терминал) бүс байдаг. Гэвч том оврын автомашинууд хотын төвийн замын хөдөлгөөнд оролцож, замын түгжрэл үүсгэхээс эхлээд хотын төлөвлөлтөд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Тиймээс жижиг терминалууд нэгдсэн төв болж чадвал бүтээгдэхүүний нэгж өртөг буурна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Хөл хорионы улмаас хойд, урд хилийн орох гарах хөдөлгөөн саатаж, олон зуун ачаа тээвэр гацаанд орсон амаргүй цаг үе тохиож байна. Үүний улмаас тээвэр зуучлагч компаниуд төлбөр торгуульд орох, харилцагчид хугацаандаа ачаа бараагаа хүлээж авахгүй байх зэрэг олон асуудал тулгарч байгаа. Энэ хүрээнд Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны зүгээс гадаад, дотоодын байгууллагуудтай холбогдож, тулгамдаж буй асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
Тээвэр логистик бол гадаад худалдаа, экспорт, импорт, гадаад валютын ханшид нөлөөлдөг хамгийн чухал салбар боловч үйл ажиллагааг нь зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас асуудал гарвал иргэний болон захиргааны хуулиар шийдэх тогтолцоотой байгаа. Тиймээс бид хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Энэ салбар зөвхөн ачаа барааг нэгээс нөгөөд дамжуулах биш улс орны эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, валютын ханш, цаашлаад эцсийн хэрэглэгчийн худалдан авалтад хүртэл нөлөөлдөг учраас логистикийн нэгдсэн сүлжээ байгуулбал зөв систем, менежменттэй, шинэ технологи, шийдэл нэвтрүүлэх учиртай.
Гэхдээ ийм дэд бүтцийн томоохон төсөл нь урт хугацаа шаарддаг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь төр, засгийн үйл ажиллагаа тогтвортой, залгамж халаатай байж чадвал логистикийн ухаалаг системийг хөгжүүлж чадна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Миний амьдралдаа баримталдаг зарчим бол эхлүүлсэн ажлаа заавал дуусгах. Бүтсэн ч, эс бүтсэн ч ард нь гарахыг эрмэлздэг. Тэгж чадвал бусдын итгэлийг дааж чадна. Би хувьдаа хүний итгэлийг алдахаас эмээдэг учраас хэлсэндээ хүрч, хийсэндээ эзэн байхыг хичээдэг.
Мөн бусдын сайн туршлага, сайхан түүхийг сонсож үлгэр дуурайл аван, түүнийг ажил амьдралдаа хэрэгжүүлэн, эерэг үр дүн гаргахыг мэдрэх дуртай. Эргэн тойрны хүмүүсээсээ суралцана гэдэг олон сайхан эерэг нөлөө өгдөг дөө.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Хөл хорионы үеэр тухтай сууж кино үзэх цаг зав гарсанд олзуурхаж байгаа. “Beethoven” гээд 1992 онд гарсан хүүхдэд зориулсан цуврал уран сайхны киног санал болгомоор байна. Гэр бүлээрээ тухтай суугаад дуртай киногоо үзээд дотно яриа өрнүүлнэ гэдэг сайхан. Тэр киног үзээд гэр бүл, хүүхдийн харилцааны тухай олон зүйл бодож, эргэцүүлсэн.
Мөн нэг удаа хүүхдүүдтэйгээ хамт өдөржин гадаа цаасан шувуу хийсгээд, орой нь афган гаралтай америк зохиолч Халед Хоссейнигийн “The Kite Runner” зохиолоос сэдэвлэсэн киног хамтдаа үзсэн юм. Эл бүтээлийг үзээрэй, номыг нь уншаарай гэж зөвлөх байна. Хүүхдүүдэд үлгэр дуурайл өгөх, сайн бүтээл гэж боддог.
Хөгжмийн хувьд “Aerosmith” хамтлагт дуртай. Сонсох бүрт эрч хүч ундрах шиг санагддаг. Сүүлийн үед “Dream On” дууг нь их сонсож байна. Нэг хэсэг “Amazing”-д нь дурлаад, байнга сонсож явсан. Дууны үг, утга санааг нь сонирхож, мэдэрч сонсохыг хүсдэг дээ.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би багадаа шулуухан зантай, нэлээн нүүрэмгий, нээлттэй хүүхэд байсан юм. Тухайн үед нэг сайн найз маань “Хэлж ярьж байгаа зүйлээ сайн бодож байх хэрэгтэй шүү” гэж хэлснийг мартдаггүй. Түүнээс хойш хүнтэй ярилцахдаа үг хэлээ цэгнэж, цэгцтэй ярихыг хичээдэг болсон.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хэлсэндээ хүрдэг, зарчимч байгаасай. Хүний итгэл даахуйц байж л аливаа ажлын ард гарна. Бид бичиг цаасан дээр гэрээ үзэглэдэг ч эцсийн дүнд бүх зүйл итгэлцэл дээр тогтдог. Тиймээс хүний итгэл даах чадвар хамгийн чухал. Гэхдээ хэлсэндээ хүрнэ, зарчимтай байна гээд аливаад хэт туйлширч, муйхраар хандаж болохгүй тул аль болох уян хатан байх хэрэгтэй болов уу. Амьдрал үргэлж хувьсан өөрчлөгддөг учраас өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн байгаарай.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 103.229.122.42
Холбоог тэргүүлж яваа хүн бол холбооны гишүүн байгууллагуудын төлөө өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулж хурдан шуурхай, чирэгдэлгүй ажиллахыг л хамгийнүнэт зүйл зарчимаа болгон явах хэрэгтэй гэдэг алтан дүрмийг баримтална гэдэгт итгэж байгаа шүү.
b bi 202.21.108.53
edgeer company.uud uneheer cool shuu bayar hurgey covidiin daraah hymralaas garahad edgeer companyuud l tsoiloh baih