Нар буцсан намрын богино өдрүүдэд кино шимтэгч, уран бүтээлч, кино урлагийн салбарынхны сэтгэлийг догдлуулсан “Улаанбаатар” олон улсын кино наадам болсон билээ. Зохион байгуулагчдын зүгээс дэлхийд тэргүүлэх Канн, Венец, Берлиний кино наадмуудад шалгарсан сор бүтээлүүдийг толилуулж, салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлэн, арга туршлага хуваалцах сургалт зохиосон нь онцлууштай байв.   

Хүрэлцэн ирсэн олон зочдоос дууны найруулга, дизайны чиглэлээр 30 орчим жил ажилласан, арвин туршлагатай Освальд Швандер эрхэмтэй ярилцаж амжив. Германд 25 жил ажиллаж, амьдарсан тэрээр зохиолч Ч.Галсан гуайн зохиолуудаас Монголын тухай уншиж, энэ удаа ирэхээр шийдсэн нь ч түүнтэй холбоотой хэмээсэн нь дотно санагдаж байлаа.     

Шинэ дугаараа кино, уран бүтээлийн дүр дүрслэл, өгүүлэмжийг дуу, аялгуугаар амилуулдаг дууны найруулагчийн мэргэжлийн ажил, арга барилтай танилцъя.   

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Швейцарт төрсөн. Оюутан болохоор Берлин явж философи ба германы уран зохиол судлаач мэргэжил эзэмшсэн. Ажил мэргэжлийн хувьд дууны найруулга, дизайны чиглэлээр 30 орчим жил ажиллажээ. Үнэндээ надад албан ёсны диплом, мэргэжлийн сертификат байхгүй. Би Германд 25 жил амьдарсан. Намайг ажиллаж байх 1980-аад оны дунд энэ чиглэлээр сурах боломж хомс байлаа. Яаж хийдэг вэ гэдгийг хүнээс хараад л сурсан хэрэг. Нөгөөтээгүүр хийх дуртай зүйл минь учраас өдийг хүртэл суралцсаар явна.

1990-ээд оны дундаас Европын алдарт Бабельсбергийн кино студийн дууны хэсэгт 10 гаруй жил, 60 гаруй киноны дууны дизайн, найруулгыг хийж ажиллажээ. Тийнхүү 2004 онд Швейцар руу буцаж, төрсөн гэртээ хувийн студиэ нээсэн.

Уран бүтээлчийн хувиар сүүлийн хэдэн жил баримтат киноны дууны найруулга дээр төвлөрч ажиллаж байна. Швейцар хүмүүс аливааг төсөөлөн бодохоос илүүтэй баримтат зүйлд дуртай учраас энэ чиглэлийн зах зээл илүү эрэлттэй байдаг. Нөгөө талдаа төсөв, хөрөнгө боломжийн байдаг учир энэ төрлийн киног бүтээхдээ туршлагатай дууны найруулагчтай хамтарч ажилладаг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний хувьд өглөө бүр хийж тогтсон дадлууд бий. Манайх хотоос зайтай, хөдөө байдаг. Өглөө 7:30-8:30 цагийн хооронд сэрж, өглөөний цайгаа уусны дараа заавал 30 минут гадуур алхана. Дараа нь бассейнд сэлж, кофе уугаад өдрийн ажлаа эхлүүлдэг. Гэрийнхээ студидээ дөрөв орчим цаг тогтож ажилласны дараа товлосон уулзалт, и-мэйл бичих зэрэг бусад ажлуудаа хийдэг.

Алив нэг төсөл, уран бүтээл дээр ажиллах үед олон зүйлийн тухай судлах шаардлага гарна. Жишээ нь, Африкт юмс яаж сонсогддог вэ гэдгийг мэдэхийн тулд Африкийн талаар судлах хэрэгтэй болно. Дэлхийн 2-р дайны үед тэсрэг бөмбөг одоонынхоос өөрөөр дуугардаг байсан байж таарна. Тэгвэл тэр үед яаж сонсогддог байсныг мэдэхийн тулд олон төрлийн дуу чимээг судалж, дэлхий ертөнцийг танин мэдэх хэрэгтэй болно.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Жижиг зүйлсэд авталгүйгээр аливааг том зургаар харах. Яарч сандарсан, цаг тулсан үедээ нарийн ширийн зүйлд хэт автахгүйг хичээдэг.

Аливаад бүтээлчээр хандах нь манай ажлын онцлог учраас ямарваа асуудалд яарамгүй, өөрийгөө хэт завгүй байлгахгүй байхыг боддог. Тиймээс ажлаасаа гадуур оройн цагаар эсвэл амралтын өдрөөр хийдэг зүйлтэй байх хэрэгтэй. Зөвхөн ажилдаа уягдсаар байвал бачимдана.

Миний хувьд студидээ төгөлдөр хуур тоглох үедээ өөрийгөө өөрөөр мэдэрдэг. Дууны найруулагч гэдэг их ажил амжуулахдаа биш дуу чимээ, хөгжмийн аялгууг мэдэрч, сонсохдоо байдаг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын хэрэгцээндээ гурван дэлгэц ашигладаг. Нэг дор олон зүйлийг зэрэг харах хэрэгтэй учраас ажлаа дэлгэцүүд дээрээ тарааж хардаг. Тэр гурваас гадна өөр том дэлгэцээр зураг, бичлэг зэрэг нүдэнд үзэгдэх дүрсүүдээ хардаг. Зарим хүмүүс дуу хөгжим, зураг дүрс хоорондоо хамаагүй гэж ярьдаг ч миний хувьд нүдэнд үзэгдэх тэр зүйлээс санаа, сэдэл авдаг.

Мөн дууны найруулга тохируулах төхөөрөмж бий. Саяхан ажлын шаардлагаар комьютерийн тусгай гар авсан. Энгийн гар нь олон цагаар ажиллах үед гарын булчинг их ачааллуулдаг. Тиймээс гарт эвтэйхэн зориулалтын гар ашиглаж эхэлсэн.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ямар ч үед сандарч, тэвдэхгүй байхыг хичээдэг. Заримдаа ханцуй шамлан шууд ажиллаж эхлэхээс илүүтэй зүгээр л тэр киноны хүнд өгөхийг хүссэн мэдрэмж, илэрхийллийг мэдрэхийг хүсдэг.


6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Уран бүтээлчдийн хувьд хийх ажлаа жил, сараар урьдчилан төлөвлөнө гэдэг амаргүй ажил. Ялангуяа энэ ажил намайг их бухимдуулдаг. Би хувиараа бизнес эрхлэгч учраас бусад компаниудтай гэрээгээр ажиллана. Жишээ нь, хоёр продюсертой гэрээ байгууллаа гэхэд нэг нь ажлаа хойшлуулах, нөгөө нь кино нээлтээ наашлуулсан учраас яаруулах гэх мэтээр нөхцөл байдал гэнэтхэн өөрчлөгддөг.

Хэрэв маш завгүй өдөр байвал хийх ажлаа жагсааж чухал, яаралтай, гарцаагүй өнөөдөр дуусгах ажлуудаа улаанаар тодруулдаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Манай гэр өндөр уулсын дунд байдаг. Гэрээсээ гараад л байгальд алхаж, ууланд авирч, аялж эрч хүчээ сэргээдэг. Амьдралд сайн, муу юу эс тохиохыг тэр гэх вэ, бүх л үед гэрээсээ гараад л алхчихна шүү дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Швейцарын кино салбарт ажилладаг хүмүүсийн холбоо буюу Кино зөвлөл гэж бий. Тэнд би дууны найруулгын талаар залуу мэргэжилтнүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, тэдний эрхийг хамгаалах, тав тухтай ажиллахад нь тус дэм болохыг хичээдэг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Кино, уран бүтээлийн дүрсийг хараад дуу чимээг нь дотроо ургуулан төсөөлж, түүнийгээ бүтээнэ гэдэг ажлын маань хамгийн сайхан хэсэг. Энэ хэсэгт ямар дуу авиа байж болох вэ гэж гүнзгий бодогдуулсан, уран төсөөллийг минь тэлсэн бүтээлүүд дээр ажиллах дуртай.

Автомашин, автобус зэрэг техниктэй холбоотой дуунууд хагас секунд ч хоцорч болохгүй нарийн журамтай, нөр их цаг, ажиллагаа шаарддаг атлаа зурвасхан сонсогдоод л өнгөрдөг нь тиймхэн.

Гардаж ажилласан бүтээлүүдээс маань сэтгэл хангалуун үлдсэн хоёр баримтат бүтээл байдаг. Этиопын дуучин эмэгтэй тухай баримтат кинонд эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Дүрсний эвлүүлгийг маш сайн хийсэн учраас ажиллахад урамтай байсан. Мөн Английн 1990-ээд оны нэгэн алдартай хөгжимчний түүхийг өгүүлдэг кино бий. Орчин цагт хэн дуртай нь гар утсандаа дуу бичиж, хөгжим хийдэг болсон нь хөгжмийг үнэ цэнгүй, сонирхолгүй болгож байна гэж хөгжимчин эр үзээд ажлаа орхидог. Харин оронд нь дуу хөгжмийн тухай элдэвтэй сонин төсөл, ажлууд эхлүүлдэг. Жишээ нь, нэг ч хөгжмийн зэмсэггүйгээр зөвхөн дуу авиа ашиглан тоглолт хийх бөгөөд түүнийгээ үзэгч нэг л удаа сонсох ба хэн ч бичиж, хадгалж болохгүй. Тэр киноны дууг эвлүүлж ажиллахад үнэхээр таатай байсан.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Гэртээ хариад Швейцар нутгийн хэл аялгууны ялгарлын тухай өгүүлэх баримтат киноны төсөл дээр ажиллана. Швейцарт бичгийн хэлнээс гадна, нутаг нутгийн хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлголцох ярианы хэл гэж бий. Шинэ үеийн залуучууд хоорондоо бичгээр харилцахдаа өнөөх нутгийн аялгууг ашиглаж, ойлголцож байгаа нь шинэ хэл юм шиг соньхон үзэгдэх болсон. Тэр ажил хүлээж байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Амьсгалын дасгалын нэгэн төрлөөр хичээллэдэг. Хятадуудын гудамжиндаа хийдэг бүжиг, дасгалтай төстэй. Нөгөө талаараа бие махбод, оюун ухаан сэргээдэг бясалгал гэж ойлгож болно.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ? 

Болгарын үндэсний хөгжим нь шашин, ардын уламжлалт хэв маягийг хослуулсан нь гайхалтай санагддаг.

Би амьдралдаа маш их кино үзсэн. Гэхдээ тэр гэж онцлох бүтээл алга. Баримтат кино бүр өөр өөрсдийн түүхийг өгүүлдэг онцлогтой учир 40 минутаас дээш үргэлжилдэг баримтат кино үзэхийг зөвлөе. “Улаанбаатар” олон улсын кино наадмаар “Баавгай болохсон” киног үзэхдээ нулимс дуслуулсан шүү.

Харин номын хувьд зохиолч Ч.Галсан гуайг санал болгоё. Монголд өнгөрүүлсэн хүүхэд нас, 1960-1970-аад оны Берлинд өнгөрүүлсэн дурсамжаа өгүүлдэг 10 гаруй зохиолыг нь уншсан. Түүний зохиолуудаас Монголын тухай мэдэж аваад зогсохгүй өнөөдөр энд ирсэн нь ч түүнтэй холбоотой.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Оюутан байхад багш маань “Чи заавал төгс байх албагүй, хийж байгаа ажил чинь ч бүрэн төгс байх албагүй” гэж хэлсэн юм. Энэ үгийг сэтгэлдээ үргэлж санадаг. Бүтээлч байх нь төгс төгөлдрөөс биш нээлттэй байдлаас гардаг зүйл.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Залуу мэргэжилтнүүд шинэ тоног төхөөрөмж, гоё программ байвал сайн бүтээл хийх юм шиг эндүүрдэг. Аливаа уран бүтээл хийхэд нэгдүгээрт, хүн хоорондын харилцаа нэн чухал. Найруулагчтай харилцаж, ойлголцож, хүсэж байгааг нь мэдэхгүй бол ажил цааш явахгүй. Хоёрдугаарт өөрийгөө зөв илэрхийлж, хөдөлмөрөө үнэлүүлж сурах хэрэгтэй.