Ажил хайж байгаа хэн бүр хамгийн түрүүнд шалгадаг платформуудын нэг бол яах аргагүй “Зангиа.мн”. Нийт 10,000 байгууллага, 1.2 сая хэрэглэгчийг өөртөө төвлөрүүлсэн Монголын ажлын байрны хамгийн том платформ Зангиа.мн нь саяхан вэб болон аппдаа шинэчлэл хийсэн байна. Шинэчлэлийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн хэд хэдэн шинэ цэс нээсэн бөгөөд энэхүү нийтлэлээрээ тэдгээрийг туршиж үзсэнээ хуваалцаж байна.
Үзэмж
Шинэчлэгдсэн апп, вэб рүү ороход хамгийн түрүүнд UI/UX талаасаа өөрчлөгдсөн нь мэдэгдэнэ. Тэр бүр байнга ороод байдаггүй нэгэн бол өөрчлөлтийг анзаарахгүй ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, тэд өнгө төрхөө хуу татаж, өвч өөрчилсөн хэрэг бус, мэдэгдэхүйц хэмжээнд л сайжруулсан гэсэн үг.
Үүнийг яагаад онцолж байна вэ гэвэл, хэрэглэж дадсан зүйлийг сайжруулах нэрийдлээр тэс өөр болгох нь хэрэглэгчдэд танил бус мэдрэмж өгөх, цаашлаад бүр хэрэглэгчээ алдах эрсдэлтэй байдаг. Хамгийн ойрын жишээ бол x.com. “Twitter” нэртэй байсан платформ доторх функц, лого, нэрээ цөмийг нь өөрчилснөөс болоод сар бүр тогтмол хэрэглэдэг гурван сая англи хэрэглэгчээ алдсан байдаг. Энэ мэт “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” явдал цөөнгүй.
Харин Зангиа.мн платформын шинэчлэл нь харахад үзэмжтэй, илүү “орчин үеийн” өнгө төрхтэй болсон санагдлаа.
“CV зөвлөмж” цэс
Энэ хэсэгт таны CV буюу танилцуулгыг хиймэл оюун шинжээд юу нь сайн, юуг нь сайжруулах шаардлагатай байна гэдгийг хэлж өгнө. CV яагаад чухал болохыг уншигч та гадарлаж байгаа болов уу. Ажил олгогч тантай уулзаагүй байхдаа CV-г тань уншиж л мэдээлэл авна. Цаашлаад, ярилцлагад дуудах шийдвэрийг энэхүү “алга дарам” хэсгээс авсан мэдээлэлдээ тулгуурлаж гаргах тул нягт нямбай, эмх цэгцтэй хандах нь чухал. Сонирхуулахад, Зангиа.мн мөн байгууллагуудад хиймэл оюунаар дамжуулан тохирох ажилтанг нь санал болгож эхэлсэн байна. Улмаар тус мэдээлэлд үндэслэн байгууллагууд хүний нөөцөө бүрдүүлэх болсон нь даруй 50 хувиар нэмэгджээ.
Иймд хэрэв та өөрийн хаягаа хараахан хөгжүүлээгүй байгаа бол энэхүү цэсээр дамжуулан зөвлөгөө авч, ур чадвар, мэдлэг туршлагадаа тохирсон ажлаа олох боломжтой юм шүү.
Миний хувьд, өөрийнхөө CV-г 75 хувьтай бөглөсний хойно энэ цэсийг туршиж үзэхэд, хиймэл оюун надад дутуу зүйлээ нөхөж оруулах, найруулгаа сайжруулахыг зөвлөсөн юм.
“AI Summary” цэс
Энэ хэсэгт хиймэл оюун CV-д оруулсан бүх мэдээлэлд тань үндэслэн “Миний тухай” гэх богино танилцуулгыг бичиж өгнө. Тийнхүү бичүүлж үзэхэд, миний мэдээллийг эвтэйхэн багтааж найруулсны зэрэгцээ төгсгөл хэсэгт “Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, шинэ сорилтуудыг даван туулахад бэлэн байна” гэсэн нь энгийн хэр нь ээ, мэргэжлийн өнгө аястай байгаа нь таалагдлаа. Хэрэв та “Миний тухай” хэсэгт юу бичихээ мэдэхгүй байвал нэг удаа хиймэл оюунд даатгаад үзээрэй.
“Надад ойр” цэс
Гэртэй ойр, эсвэл хүүхдийн сургууль цэцэрлэгтэй ойр, хотын төвд, хотын захад гээд тэнд л ажиллах сан хэмээн хүсдэг байршил хэн бүрд байдаг болов уу. Тэгвэл энэ хэрэгцээг харгалзан, Зангиа.мн-ээс “Надад ойр” цэсийг нээж, Улаанбаатар хотын дурын байршлаас 500 метр, 1 км, 2 км радиуст байгаа ажлын байруудыг харуулдаг болсон байна. Ингэснээр заавал зар бүр дээр дарж, байршлыг нь харах шаардлагагүйгээр шууд хамгийн ойр байгаа ажлуудыг нэг дор харах боломжтой болжээ.
“Санал болгох ажил” цэс
Харин энэ цэсийг ашигласнаар мэргэжил, сонирхол, ажлын туршлага, ур чадвар зэрэгт тань тулгуурлан хиймэл оюун танд тодорхой ажлын байруудыг санал болгоно. Жишээ нь, би сонирхож буй ажлын байраараа редактор, нийтлэлч, контент бичигч, төслийн менежер дөрвийг сонгосон. Ингэхэд надад нийт 51 ажлын байр санал болгосон бөгөөд ихэнх нь мэргэжлийн чиглэлийн ажил байв. Харин энэ жагсаалт дунд хэд хэдэн зураглаач, эвлүүлэгчийн зар орж ирсэн нь хараахан байгаа оносонгүй.
“Карьер боломж” цэс
Та өөрийгөө эдийн засагч мэргэжилтэй хэмээн төсөөлөөрэй. Хэдийгээр та карьерын хувьд ямар ямар боломж байгааг гадарлах боловч хүссэн цэгтээ хүрэхийн тулд юу юу хийж, ямар ямар ур чадвар эзэмшихийг хараахан мэдэхгүй байлаа гэж бодъё. Ийм нөхцөлд байгаа хүнд Зангиа.мн-д шинээр нэмэгдсэн “Карьер боломж” цэс тусална.
Энэ цэсийг ашигласнаар, таны боловсрол, ур чадварт тулгуурлан хиймэл оюун тооцоолол хийж, карьерын хувьд хэрхэн өсөж дэвших боломжтойг харуулна. Тухайлбал, би сэтгүүлч мэргэжилтэй, цаашид хэрхэн карьераа ахиулах вэ гэдгийг хиймэл оюунаас асуутал дараах шийдлийг танилцуулсан байна.
Эхлээд “ахлах сэтгүүлч” болж, дараа нь “редактор” болно. Ийнхүү дэвшихийн тулд надад дор хаяж 3-5 жилийн ажлын туршлага шаардагдлагатай юм байна. Мөн хувийн, мэргэжлийн, техникийн талаас ямар ямар ур чадвар хэрэгтэйг нэг бүрчлэн дурдсан байна. Цаашлаад, мэргэжлээ дээшлүүлэн сэтгүүл зүйн магистрт сурахыг хиймэл оюун зөвлөжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Шинэчлэгдсэн Зангиа.мн-тэй танилцахад өмнө дурдсанчлан, доторх функцүүдийг хэт өөрчлөлгүйгээр илүү ойлгомжтой, цэгцтэй, цэвэрхэн болгосон нь юун түрүүнд их таалагдав. Түүнчлэн, хамгийн чухал нь, дэлхийн жишгийг дагаж, хиймэл оюуныг платформдоо нэвтрүүлж, таван төрлийн цэс нэмсэн нь хэрэглэхэд улам хялбар болгосон байна.
Зангиа.мн-ийн шинэ цэсүүдийг туршихад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсангүй, харин ч надад зориулан гаргасан зарын жагсаалт, CV-г сайжруулах зөвлөгөө, ойр байгаа ажлууд, карьерын боломж, “Миний тухай” бичсэн тодорхойлолт зэргийг уншихад сонирхолтой байлаа. Цаашид Зангиа.мн-ийн хиймэл оюуны чадвар улам сайжирч, ажлын байрны эрлийг улам хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.
Мөн Зангиа.мн-ий хэрэглэгч та ч гэсэн ур чадвар, ажлын туршлагад гарсан чухал өөрчлөлтүүдээ цаг алдалгүй CV-дээ нэмж, таны ур чадварыг бүрэн дүүрэн үнэлэх ажлын байрын боломжийг алдалгүй атгаад аваарай.