Бид шинэ дугаарынхаа зочноор дотооддоо хамгийн олон салбартай авто засварын төв болох Приус Центрийн Үүсгэн байгуулагчийг урилаа.
Приус Центр нь 2011 оноос эхлэн автомашины худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба одоогийн байдлаар жилд 300 мянган удаагийн засвар үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг жолоочийн профайлаар нь авч үзвэл нийслэлийн бүх приус загварын автомашины 37 хувь нь тэдний 12 салбараар үйлчлүүлдэг гэсэн үг юм. Мөн жилд үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн 50 хувь нь дөрвөөс дээш удаа, 30 хувь нь хоёроос гурван удаа, 20 хувь нь анх удаа үйлчлүүлж буй жолооч нар байдаг аж.
Ингээд монголчуудын хамгийн түгээмэл хөлөглөдөг төмөр хүлэг буюу приус загварын автомашины баталгаат засвар, найдвартай үйлчилгээг бий болгогч эрхмийн ажлын арга барил, туршлагыг хамтдаа сонирхоцгооё.

Байршил: Баянгол дүүрэг, 16-р хороо, Приус Центр
Эрхэлдэг ажил: Приус Центрийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 13
Хэрэглэдэг компьютер: MacBook
Сошиал хуудсууд: Luka Gundash (Facebook)
1. таны мэргэжлийн замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ?
Угтаа би эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, СЭЗИС-ийн төгсөгч. Гуравдугаар дамжаанаасаа Солонгосын хөрөнгө оруулалттай компанийн Монгол дахь салбарт борлуулалтын менежерээр ажилд орж, тасралтгүй 10 жил ажилласан туршлагатай. Улмаар өөрийн бизнесээ эхлүүлэх шийдвэр гаргаж, 2011 онд шатахуун бага зарцуулдаг, байгальд ээлтэй автомашиныг монголчуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Приус Центрийг үүсгэн байгуулсан.
Бизнесийн эхний жилүүдэд приус загварын автомашины импортын тоо хурдацтай нэмэгдэж, хүмүүс ч приусын ашиг тусыг таньж мэдэн, өргөнөөр унаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл монголчуудад эдийн засгийн хэмнэлттэй, аж амьдралд нь нийцсэн автомашиныг таниулах зорилго маань биеллээ олж байгаа юм. Энэ үед дараагийн зорилгоо тодорхойлохоор зах зээлд дүн шинжилгээ хийж үзэхэд, баталгаат, чанарын шаардлага хангасан засвар үйлчилгээний орон зай эзгүй байгааг олж харсан юм.
Иймээс 2017 оноос Приус Центрийг засвар, үйлчилгээний чиглэлд төвлөрүүлж, приус эзэмшигчдийг чанартай сэлбэг, найдвартай засвар үйлчилгээгээр хангах зорилго тавин ажилласаар өнөөдрийг хүрлээ.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө бүр зургаан цагт босож, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчхөөд, 08:00-10:00 хүртэл фитнес зааланд хичээллэдэг. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд цахим шуудангаа шалгаж, хариу өгнө. Үдээс өмнө бол тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргаад хурал, уулзалтууддаа төвлөрдөг. Анх цаг наргүй ажилладаг байсан бол одоо менежментийн багтаа ажлаа хуваарилж өгдөг болсон тул үдээс хойших цагийг гэр бүлдээ зарцуулахыг хичээж байна.

3. таны ажлын арга барил?
Анх бизнесээ дүүтэйгээ хамт эхлүүлж, автомашинуудаа хүлээж авах, угаах, цэвэрлэх, засварлах, худалдах зэрэг бүх шатны үйл ажиллагаанд гар бие оролцдог байлаа. Тухайн үед Тоёота автомашины сэлбэг Монголд ховор байсан тул бид “Авто плаза 2”-т түрээсийн лангуутай болж, тэндээс сэлбэг худалдаалах ажил эхэлсэн юм. Засварын үйлчилгээгээ B1 давхрын зааланд байршуулан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид үйлчлүүлэгчдэдээ ойртон нийслэлийн дөрвөн зүгт салбарууд нээж, илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг болсон. 2019 оноос дижитал шилжилт хийж, ERP нэгдсэн системийг нэвтрүүлснээр дотоод үйл ажиллагаагаа бүрэн автоматжуулж, үйлчилгээгээ сайжруулсан нь бидний хувьд чухал алхам байв. Компани маань алхам алхмаар, бизнесийн суурь зарчмуудын дагуу хөгжиж, өнөөдрийн амжилтад хүрсэн гэж би боддог. Харин хувь хүн талаасаа хурдтай шийдвэр гаргах, эрсдэл даах чадвар маань ажлын арга барилд минь онцгой байр суурь эзэлдэг болов уу.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Тэмдэглэлийн дэвтэр, цахим шуудан, dashboard зэргийг өдөр тутамдаа хэрэглэж байна.

5. цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Өглөө, оройд замын түгжрэл эхлэхээс өмнө фитнес, усан сэлэлт зэрэг хоббиндоо цаг зарцуулдаг. Харин бусад цагийг ажил болон гэр бүлдээ бүрэн зориулж байна.
6. хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ихэнхдээ гар утасны Notes дээр чеклист үүсгээд ойрын хугацаанд хийх ажил, оролцох үйл ажиллагаа зэргээ нэгд нэгэнгүй тэмдэглэдэг дадалтай. Харин тухайн өдрийн ажлын болон хурлын төлөвлөгөөг тэмдэглэлийн дэвтэртээ буулгадаг.

7. эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Фитнесийн заалыг стрессээ тайлж, эрч хүчээ сэлбэх орон зайгаа болгон ашиглаж байна. Мөн ажил бүтэмжтэй байх, ажилтнуудынхаа ажилдаа сэтгэл ханамжтай байгааг хараад эрч хүч олж авдаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ БАЙДАГ ВЭ?
Олон нийтийн үйл ажиллагаанд тэр бүр оролцоод байдаггүй. Багадаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан болохоор одоо тус спортын тамирчдыг боломжоороо дэмждэг. Мөн хамт олноо цэвэрхэн, ая тухтай орчинд ажиллуулахын тулд засварын газрынхаа дэргэд гал тогоо, хувцас угаалгын өрөөг тохижуулсан.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Гүйцэтгэх захирлын алба гэдэг харахад хялбар мэт боловч үнэндээ олон талт, нарийн хариуцлагатай байр суурь юм. Хаана ч явсан ажил толгойд эргэлдсээр л байдаг. Хэрэглэгчдийн санал хүсэлтээс эхлээд ажилтнуудын асуудал, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүд гээд өдөр тутамдаа шийдвэрлэх асуудал мундахгүй. Гэхдээ амар ажил гэж хаа ч үгүй. Ажил бүр л өөрийн гэсэн сорилттой. Гол нь хийж буй ажлынхаа утга учрыг ойлгож, үнэ цэнийг мэдэрч чадвал ямар ч бэрхшээл саад болдоггүй гэж боддог.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Манай компани стратеги төлөвлөгөөгөө тав таван жилээр гаргадаг. 2023-2028 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу чанар болон ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001 стандартыг хэрэгжүүлэгч компани болж чадсан. Энэ жилдээ багтаад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO:45001 стандартыг авахаар ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Нэгэн үе ном унших дургүй байсан ч ойрдоос унших дадалд суралцаж л байна. Сайшаалтай нь хөл хорионы үед подкаст сонсож сурсан. Бизнес, хүний нөөц, маркетингийн чиглэлийн мэдээллүүдийг ном, подкастаас л авч байна даа.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Үзэх дуртай хэд хэдэн кино байдгаас BlackBerry (2023) бодит түүхээс сэдэвлэсэн киног онцлох нь зүйтэй. Миний хувьд киноны зохиолч, найруулагч зэрэг уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээс илүү хэлэх гэсэн санаанд нь ач холбогдол өгдөг. Аливаа бизнес тухайн цаг үедээ тэсрэлт хийж, төсөөлөмгүй амжилтад хүрч чадсан ч сэтгэлгээний хайрцагт хязгаарлагдаж, хөшүүн байдалд авталгүйгээр цаг үеэ даган хувьсаж өөрчлөгдөх учиртай гэдгийг илэрхийлсэн сургамжтай бүтээл.
Номын тухайд, хамгийн сүүлд Доналд Миллерийн “Бизнесийг энгийнээр” гэдэг ном уншсан. Зарим залуус бизнесийг хэт төвөгтэй, хүрч чадашгүй оргил мэтээр төсөөлдөг учраас эхлэхээсээ өмнө айдсаа даван туулж чаддаггүй мэт санагддаг. Харин энэ бүтээл мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулж чадвал ямар ч бизнес амжилтад хүрэх боломжтой талаар өгүүлсэн тул залуус уншаад үзээрэй хэмээн зөвлөе.
Селин Дион, Мэрайя Кэри, Backstreet Boys багаасаа сонсдог байсан. Харин сүүлийн үед монгол дуунууд сонсох дуртай болж. Хамгийн сүүлд МУАЖ Ш.Чимэдцэеэгийн “Хүмүүний нэгэн урсгал” дууг сонсоод сэтгэл ихэд хөдөлсөн, ээжийгээ ч их үгүйлсэн.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Ээж маань СЭЗИС-ийг Санхүү эдийн засгийн техникум байхад нь нягтлан бодогч мэргэжлээр сурч төгссөн. Би дунд сургуулиа төгсөхдөө эдийн засагч болох хүсэлтэй байсан юм. Энэ талаараа ээждээ хэлэхэд, "Эдийн засагч хүн нягтлан бодогчоор ажиллахад учир дутагдалтай, харин нягтлан бодогч хүн эдийн засагчаар ажиллаж чадна. Тиймээс нягтлан бодогчоор сураарай" гэж хэлсэн нь миний сонголтод чухал нөлөө үзүүлсэн.
Харин сүүлд манай бодлого төлөвлөлт хариуцсан захирал нэг удаа "Чанараар өрсөлдсөн бизнес хэзээ ч дампуурахгүй" гэж хэлж байсныг тод санаж байна. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл үйлчилгээ, бараа материалаа жил бүр сайжруулж, чанарыг эрхэмлэгч хамт олон байхаар зорьж ирсэн.
Харин чанар яагаад чухал вэ? гэдгийг өөрөөсөө саяхныг хүртэл асууж үзээгүй байсан юм билээ. Товчхондоо, чанар бол бизнесийн дархлаа, арга барил, өрсөлдөх чадвар.
14. бусдад шидэх санаа
Би ажилтнуудынхаа төлөө, эх орныхоо төлөө юу хийж чадах вэ? Би юу хийх дуртай вэ? гэдгийг өөрөөсөө асууж, хариултад нь хөтлөгдөж ажилладаг хүн. Тиймээс дотоод ажилтнууддаа чиглэсэн бодлогынхоо хүрээнд хийж чадах зүйлээрээ тусалж дэмжихийг эрхэм болгодог. Ер нь хүн бүр эрдэм мэдлэг, цаг зав, хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж амьдрах хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2024.11.09 41.208.149.123
Mashinii tsugluulga ni yamar goy yum bee yag ene ah shig collectiontoi bolnoo .