Өнөөдрийн дугаартаа бид уншигчдын цар хүрээгээ тэлсээр буй залуу зохиолч М.Пүрэвмааг урилаа. Тэрээр "Сахиусан тэнгэрүүд" хэмээх ном бичин гараагаа эхэлж байсан бөгөөд гол төлөв залуу охид, эмэгтэйчүүдийн хувьд чухал гэсэн сэдвүүдийг хөндсөн нэлээд хэдэн номыг туурвиад байгаа билээ. Харин түүний сүүлийн бүтээл нь саяхан хэвлүүлсэн “Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ” хэмээх баримтат ном юм. Ингээд залуу зохиолчийн ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Уран бүтээлч
Хэрэглэдэг гар утас: Huawei Nova 5
Хэрэглэдэг компьютер: HP Envy x 360
Сошиал хуудас: dali jiguur (фэйсбүүк)

1. Таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Би анхны номоо 2014 онд бичсэн. Үүнээс хойш жил бүр тасралтгүй нэг ном бичиж, "Сахиусан тэнгэрүүд", “Шидэт савдгийн хүсэл” хүүхдийн уран зохиол, “Манго жимстэй цай”, “Цэцгэн титэм”, “Сайн уу найз минь”, “Үр сад”, "Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ" номуудыг хэвлүүлсэн байна. Бүр илүү хурдтай, ихийг бичье гэж нэг их улайрдаггүй. Харин жилээс жилд чадвараа ахиулах, туршлага хуримтлуулах, илүү сайн бүтээл бичихэд төвлөрч байна. Яван чангарахыг зорьж байгаа гэх юм уу. Магадгүй ийм учраас номууд маань олон хүний нэг нэгэндээ уншихыг санал болгодог ном болж чадсан болов уу. Энэ бол миний хувьд том шагнал, том урам. Эмэгтэй зохиолчийн хувьд нийгмийн хөндүүр сэдвийг эмзэглэн байж барьж авахыг хичээдэг юм. Эмэгтэйчүүд бид л өөрсдийнхөө асуудлыг нийгэмд чанга дуугаар хэлж ярихгүй бол өөр хэн бидний зүрх сэтгэлийг мэдэрч, юу хүсэж буйг яаж ойлгох юм бэ. Хүний мөн чанар, хүмүүсийн тэгш эрхийн талаар бичигчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байдаг ч тэд эр, эм сэтгэл зүйг хэт доор юм уу хэт өндөрт аваачиж дүгнэдэг. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө бичигчид нь эмэгтэйчүүд өөрсдөө байх хэрэгтэй гэдэг байр сууринаас би зохиолчийн карьераа эхлүүлсэн.

2. Таны ажлын дундаж өдөр нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Би дарга, захиралгүй болохоор өглөө ажилдаа яарах шаардлагагүй. Өдөрт хэр их хэмжээний ажил хийснээ шалгуулна гэж үгүй. Сонсоход гоё ч юм шиг хэр нь үүнийг өөрийн сул тал болгож болохгүй гэж өөртөө хатуу ханддаг. Тиймээс өөрөө өөртөө ажилтан, дарга болдог. Өглөө 8.30-д сэрж 10 цаг хүртэл бясалгалын дасгал хийнэ. Хүүхдээ сэрэхээр хоол унд, гэр орны ойр зуур ажилд анхаардаг. Ингээд өдрийн 12 цаг гэхэд ажлын өрөөндөө орж ажлаа хийнэ. Гэхдээ ердөө гуравхан цаг төвлөрч ажилладаг болжээ. Ингэж ажиллахдаа утсаа унтраах, өөртөө саад болох бүхнээс чөлөөлж гүн гүнзгий төвлөрдөг. Ингэж ажиллахын тулд өөрийгөө сургах гэж хэдэн жилийг зориулсан байх. Өдөртөө гуравхан цаг ажилласан ч хангалттай бүтээмжтэй байдаг гэж боддог. Ингээд 15.30 цаг амралтын цаг эхэлнэ. Хүүхдээ унтуулахаар хэвтэхдээ 10 минут дугхийж дахин тархи толгойгоо сэргээчихдэг. Хүүхдээ унтаж байх хооронд имэйлд хариу өгөх, номтой холбоотой мэдээлэл унших зэрэгт хоёр цагийг зориулна. Ингэж өдөрт тогтмол цагийг бичихэд зориулахад нэг ном ойролцоогоор 6 сарын дараа бэлэн болдог. Гэхдээ амралтын өдөр, баярын өдөр гэж надад байдаггүй. Бүх л өдөр 3 ажиллах зарчмаа баримталдаг.

3. Таны ажлын Нөү-Хау?

Сая хэлсэнчлэн нэг өдөр нь их ажиллаад, нөгөө өдөр нь бага ажиллах биш өдөр бүр тогтмол цагаар ажиллах зарчимтай. Би ном бичих, ном унших гэдэг хоёроос өөр зүйлд анхаарал, хүчээ бардаггүй. Жишээ нь шүлэг бичих, зураг зурах ч юм уу өөр зүйлсийг оролдож үзье гэж боддоггүй. Ганцхан бичих чадвараа хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаардаг. Гэхдээ сүүлийн үед цаасан дээр буулгасан зохиол, дүрслэл, санаагаа дэлгэцийн бүтээл болгох тал дээр анхааръя гэж бодох болсон. Гэнэт л ийм санаа төрөөгүй. Анхнаасаа л номоо хожим хойно дэлгэцийн бүтээл болгох байх гэж тооцоолж бичдэг тул номыг минь уншсан уншигчид яг л кино үзсэн мэт нүдэнд харагдаж сэтгэлд мэдрэгдлээ гэж хэлдэг. Би төлөвлөсөн зүйлээ шуудхан л хийж эхэлдэггүй. Аажмаар өөрийгөө бэлдэж байж хийдэг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Миний дижитал хэрэглээ их энгийн. Бичих зүйлээ Microsoft Word дээр бичнэ. Имэйлдээ Gmail-ийг ашиглана. Сошл aппуудаас зөвхөн Facebook-ийг хэрэглэдэг. Мэдээлэл авах, хүмүүстэй харилцаатай байхад хангалттай байдаг тул өөр бусад зүйлд сатаарахгүйг боддог.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Интернэтийн олон янзын апп ашиглахаас татгалздаг. Адил утгатай олон зүйлсээс ганцханыг нь ашиглахад л цаг хугацаа ямар их бардаг билээ. Ер нь өөрт хэрэггүй дэмий гэж бодсон зүйлсээс өөрийгөө чөлөөлдөг. Хамгийн их цаг үрдэг зүйлээ тодорхойлоод түүнээс хол байдаг. Тэгснээр цаг хэмнэх гэсэн хүчин чармайлт шаардлагагүй болно.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Зохиол бичнэ гэдэг бусад ажлаас нэлээд өөр. Айхавтар календарь хөтлөөд, олон үүрэг даалгаврыг нарийн төлөвлөөд байх шаардлагагүй. Зохиолын санаагаа тархиндаа л цаг ямагт боловсруулж явдаг даа. Тийм болохоор өөр ажил ч төлөвлөх зай үлддэггүй байх (инээв).

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Нэг ном бичиж дуусгаад хөдөө явдаг. Тэнд номтой холбоотой юу ч хийхгүй. Зүгээр л гэр орон цэвэрлэх, айлын хүүхдүүдэд хоол хийж өгөх, угааж арчих, найз нөхөдтэйгөө орж гарах гэх мэтээр өнгөрүүлдэг. Тэр үедээ утас ч хэрэглэдэггүй. Тэгээд эргээд гэртээ ирэхэд тархи хангалттай сайн амарсан байдаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж  хийдэг төсөл/ажил юу вэ?

Ирээдүйд найруулагч болох төлөвлөгөөтэй тул энэ тал дээр өөрийгөө бэлддэг. Кино зохиол, баримтат кино зохиол уншиж, хийсэн кинотой нь харьцуулж үздэг. Бичсэн номуудаа кино зохиол хэлбэр лүү оруулж үзэх гэх мэтийг заваараа хийдэг.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Зохиол бүтээлээр хүний зүрх сэтгэлд нөлөөлөхийн тулд уйдаахгүй, сонирхолтойгоор бичих хэрэгтэй. Ингэж бичихдээ өгөх гэсэн санаагаа яг хаана байгаа нь мэдэгдэхгүйгээр шигтгэж өгнө. Шигтгэж өгөхдөө тархинд уу, зүрхэнд үү гэдэг нь бас сонин. Ямар ч байсан тэр номыг уншаад тэгж ойлгож билээ гэж тавин жилийн дараа ч ярьж дурсаж байгаасай гэж л хүсэж бичдэг. Эерэг сайн тал нь гэвэл оюун бодлоороо бусдын амьдралд хандах хандлагад нөлөөлнө гэдэг сайхан хэрэг. Нөгөөтээгүүр би зохиолчид дундаас харьцангуй залуу насандаа зохиол бүтээл хийж эхэлсэн. Мэдээж өөртөө хатуу шаардлага тавьж бичиж сууна гэдэг заримдаа залхмаар. Ядахад хэн ч намайг хянаж цагдахгүй. Уг нь бол залуу насны хөгжилтэй хөөргөн зандаа дийлдээд ширээний араас босоод явбал явж чадах л нас шүү дээ. Заримдаа бүр нэг дарга хажуудаа зогсоохыг хүснэ гээч (инээв). Ганцаараа ажилладаг тул зааж зөвлөж, алдаа оноог хэлээд өгөх хүн байхгүй. Ганцаараа зөв буруугаа шийдэж нухаж сууна гэдэг бас их тэвчээр шаардсан ажил. Уйлж дуулж байгаад бичиж дуусгана. Түүний дараа уншигчдын чимээгүйхэн бодолд автсан харц над дээр тусахад сая нэг уужуу амьсгаа авдаг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Сарын өмнө “Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?” номоо гаргалаа. Хувь хүний хөгжлийн тухай энэ номд өөрийн баримталдаг зарчим, хандлагын талаар бичсэн. Дараагийн номдоо харин төрсний дараах эмэгтэйчүүдийн сэтгэл гутралыг хөндөх зорилготой байгаа. Яг одоо бол баримтат кино зохиол дээр ажиллаж байна. Үр хөндөлтийн сэдвийг хөндсөн, 2016 онд гарсан “Манго жимстэй цай” ном маань охид, эмэгтэйчүүдийн анхаарлыг татсан ном хэвээр л байна. Ном унших дуртай хүмүүст бодол санаагаа хүргэж чадсан бол ном уншдаггүй хүмүүст зориулж дэлгэцийн бүтээл хүргэхийг хүсэж байна. Энэ баримтат киногоо энэ жилдээ багтаж хийх зорилготой. Хамтран ажиллах студийг эрэлхийлж байгаа. Хэрэв сонирхвол надтай холбогдоорой гэж хэлэх байна. Энэ хүрээнд баримтат кино найруулах тал дээр туршлагатай хүмүүсээс заавар зөвлөгөө аваад явж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?

Маш их уншдаг. Сайн зохиолч болохын тулд уншихаас өөр арга байхгүй. Сүүлийн үед ямар номууд онцгойрч ялгарч байна, яагаад сайшаал хүртэж байна гэх мэтээр судална, мөн зохиолчдын арга барилыг харьцуулж уншина. Баримтат кино, сайн кинонуудыг дахин дахин үзэх дуртай. Яагаад хүмүүс энэ кинонд дурлаж байна, найруулагч нь санаагаа хэрхэн илэрхийлэв гэдгийг олж харахыг хичээдэг. Одоо би нас харьцангуй залуу байна. Хичээгээд хөдөлмөрлөвөл сайн найруулагч болох ч юм бил үү.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Дууны хувьд аялгуулаг, уянгалаг дуунд дуртай. Тухай тухайнд үедээ хит болж буй дуунуудыг сонсдог. Номын хувьд сүүлд Соёрхын Пүрэвсүрэн зохиолчийн “Өвгөд” номыг уншсан. Монгол ахуй, ухааныг сийлсэн тансаг ном байсан шүү. Гаднын зохиолчдоос бол Мо Янийн “Амьдралын хүрдэд зүдэгсэд” номыг уншихад их өвөрмөц санагдсан. Миний хамгийн хайртай зохиолч бол Габриэль Гарсия Маркес. Киноны хувьд сүүлийн үед хятад кино их үзэж байна. Хятад кино ахуйлаг, энгийн амьдралыг харуулдаг. Ер нь харилцан яриа багатай хэр нь илэрхийлэл дүүрэн харилцаатай кинонд дуртай. Жишээ нь сүүлд нь “Better Days” гэх хятад кино үзлээ.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

2015 онд “Сахиусан тэнгэрүүд” номоо бичсэний дараа “Шинэ Монгол” сургуулийн захирал П.Наранбаяр ах надад “Энэ бол үнэхээр сайн ном. Чи энэ номоо давж бичиж чадахгүй л байх” гэж хэлж билээ. Энэ үг нь угтаа ном бичих бүрдээ “Сахиусан тэнгэрүүд” номоо давж бичих гэж хичээгээрэй гэсэн санаа байх. Тэгээд ном бичих болгондоо өмнөх өмнөхөөсөө илүү сайн бичих ёстой л гэж боддог болсон доо.

14. Бусдад шидэх санаа?

Тодорхой бус байдлаас айхгүйгээр шийдвэр гаргаж урагш алхахад таны өмнө шинэ хаалга нээгдэнэ. Эдгээр хаалганы зарим нь танд зорилгодоо хүрэхэд туслах болно. Айдастаа автаж, нэг газар бүү зогс! Дахиад хэлэхэд, алдахаас битгий ай! “Чи залуу хүн учир алдах эрхтэй. Тиймээс зоригтой бай!” гэж итгэлтэйгээр хэлэх байна. Харин алдахад учир бий. Чиний алдаа бусдыг өвтгөх ёсгүй, чиний алдаа бусдыг уйлуулах ёсгүй. Мөн чиний алдаж болохгүй эрхэм зүйлс бол эрүүл мэнд, эрх чөлөө, эх орон юм. Үүнийг хэзээ ч бүү мартаарай!