Өнөөдрийн дугаарын зочин бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд спорт, хөрөнгө оруулалт, банк санхүү, улс төрийн салбарт амжилттай ажиллаж ирсэн түүний намтраас онцлох, суралцах зүйл олон бий. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй гурван удаа сонгогдсон тэрээр 2017-2020 оны хооронд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдаар томилогдон “Монгол хүн баялгийнхаа эзэн байх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байсан бол өдгөө нийслэл хотоо үндсэн таван чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин, багийн хамтаар зүтгэж буй. Бид үе үеийн хотын дарга нартай уулзаж ярилцан, ажлын арга барилтай нь танилцдаг уламжлалаа үргэлжлүүлэн ээлжит дугаараа бэлтгэсэн нь энэ билээ.
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 12, Huawei mate
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron
Сошиал хуудсууд: Sumiyabazar MNG (Твиттер), Долгорсүрэнгийн Сумъяабазар (Фэйсбүүк), Sumiyabazar_D (Инстаграм),
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Карьерын замнал гэхээр нэлээн эртнээс эхэлж таарах нь. Би өсвөр наснаасаа эхлэн их спортод хүч сорьж, чөлөөт бөх болон үндэсний бөхөөр хичээллэсэн. Нийгэм бүхэлдээ шилжилт хийн бужигнаж, урлаг, спортын салбар уналтад орж, хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэггүй явсан үеийн төлөөлөл. Гэсэн ч хүүхэд ахуй цагаасаа аливаад гомдоллож суулгүй зорьсон зүйлийнхээ төлөө тууштай тэмцсээр өнөөг хүржээ. Хэдийгээр хүсэж мөрөөдсөн олимпдоо оролцож чадаагүй ч үндэсний бөхөөр Улсын аварга болж, албан ёсоор спортын замналаа өндөрлүүлж байлаа.
Манай ээж СЭЗДС төгссөн санхүүч хүн. Тиймдээ ч аль бага байхаас хүүхдүүдээ спортоос гадна заавал байгууллагын тайлан, баланс ойлгох хэмжээний санхүү менежментийн мэдлэгтэй болохыг шаарддаг байсан юм. Улмаар 1986 онд Политехникийн дээд сургуулийн дугуйлан секцэд орж, энэ сургуультай эртнээс амь нэгтэй явсаар 1996 онд ШУТИС-ийн КТМС-д үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр элсэж, 2005 онд төгссөн. Тамирчны ид үедээ явж байсан, мөн гэр бүл зохиосон үе байсан болохоор төгсөх гэж их удсан даа. Дунд нь бүр ерөөсөө өөр сургуульд элсээд төгсчихье гээд "Нягтлан бодох бүртгэлийн дээд сургууль"-д ч орж үзэж байлаа. Айл гэр авч яваа эр хүн юм хойно завсраар нь мөнгө олчих гээд л лаа, чүдэнзнээс эхлээд есөн шидийн наймаа хийж үзнэ. Хажуугаар нь бас бэлтгэл сургуулилтаа ч хийгээд ачаалал ихтэй байсан. Гэтэл манай сургууль чинь чанартай, чанга системтэй болохоор ер харж үздэггүй, хийх ёстой юмаа яг л хийхийг шаардана. Одоо бодоход тэр нь ч оносон юм.
Учир нь яг тэр үед "Асашёрюү" сан дөнгөж байгуулагдаад, бид Япон улсаас боловсрол болон эрүүл мэндийн төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллаж эхэлсэн. Сурч байгаа зүйлээ ажлын талбар дээр хэрэгжүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын салбартай бодитоор танилцсан нь мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгоход их нөлөөлсөн. Энэ үед элэгний оношлуур, эмчилгээний аппарат оруулж ирэх, хандивлах, усны судалгаа гээд олон зүйл хийсэн бөгөөд хийж байгаа ажилтайгаа уялдуулан эрүүл мэндийн менежментийн чиглэлээр дипломоо хамгаалж, амжилттай төгссөн. Үүнээс хойш өнөөг хүртэл бизнес, эдийн засгийн салбарт тууштай ажиллаж явна. Одоогийн улс төрийн үзэл баримтлал маань ч эзэмшсэн мэргэжил, хийсэн ажлуудтай минь нягт холбоотой. Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах таатай орон зайг гаргаж өгөхийг хүсдэг, либерал үзэлтэй.
Сангийнхаа ажлаар дамжуулан банк санхүүгийн салбартай танилцаж, улмаар "Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк"-нд есөн жил ажилласан. Энэ үеэс уул уурхай, үйлдвэрлэл технологиос эхлээд нийгмийн олон салбартай танилцаж, онолын болон практик ур чадвараа ахиулж чадсандаа олзуурхдаг. Бид урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж, гадаадаас олон төрлийн хөрөнгө оруулалт татахаар уйгагүй хөдөлмөрлөдөг байлаа. Урт хугацааны хэлэлцээр, хичээл зүтгэлийн дүнд 350 сая гаруй ам.долларыг эх орондоо авчирч чадсан ч тухайн үеийн улс төржилтөөс болоод тэр ажил төлөвлөсөн үр дүндээ хүрч чадалгүй өнгөрсөн.
Ингээд өөрийн дуу хоолойг шат шатны удирдлагуудад хүргэх зорилготойгоор 2008 онд анх НИТХ-д нэр дэвшсэн юм. Улс төрийн анхан шатны нэгж болох намын үүрийн ажилтнуудаас эхлээд олон ч хүнтэй танилцаж, уулзаж явсан даа. Бодит амьдралд буусан тэр дөрвөн жил 2012 онд УИХ-д дэвших шийдвэр гаргахад нөлөөлж, том зорилго, тэмүүллийг авч ирсэн гэж болно. Улсын ажлыг хамгийн бага нэгжээс нь эхлэн хийхийн ач холбогдлыг эндээс л ойлгож авсан. Гэвч тухайн үед МАН бүрэн унаад байсан Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн нь эхэндээ шууд бууж өгмөөр юм шиг хэрнээ сорилт, туршлага болж байв. Хүлээж байсанчлан хүнд сорилт байсан ч бас боломжгүй зүйл байгаагүй. Үүнээс хойш УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдохдоо үндсэн чигээ алдахгүй явахыг үргэлж хичээсээр ирсэн. Дан ганц улсын төсвийг харалгүй, гаднаас хөрөнгө оруулалт татаж, оршин байгаа газартаа үнэ цэн бүтээхийг эрмэлздэг. Томоохон хөрөнгө оруулалтуудыг ч татаж чадсан.
Улмаар 2017 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдаар томилогдсон. Энд сайн зөвлөхүүд, хүчтэй баг хамт олноос гадна "Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк"-нд ажилласан туршлага их хэрэг болсон. Бид ажиллаж байх хугацаандаа үндсэн бодлогоо баримталж, хайгуулын лиценз нэмж гаргахгүй байх чиглэлд ихээхэн анхаарсан юм. Үр дүнд нь хайгуулын лиценз ашиглалтын лицензээс ч бага болж, шороон ордны нөөц бараг байхгүй болж байв. Ингэхдээ хайгуулын лицензүүдийн мэдээллийг Улсын Баялгийн Санд төвлөрүүлсэн. Улс орон өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоож, дараагийн үедээ өвлүүлэх ёстой шүү дээ. Энэ үед нүүрсний борлуулалт төсвийн орлогын 40 хувь, алтны салбар 24 тонн, валютын экспортын орлого 7.5 тэрбум ам.долларт хүрч байсан удаатай. Нэг талаараа бид Засгийн газар тогтвортой байхын давуу талыг харуулсан гэж боддог.
2020 оны Орон нутгийн сонгуульд Нийслэлийн Монгол ардын намыг удирдан оролцсон. Улмаар манай баг үнэмлэхүй ялалт байгуулснаар нийслэлчүүдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулж, баг хамт олноороо хамтдаа зүтгэхээр шийдэж, гүйцэтгэх шатанд ажиллахаар өөрийн хүсэлтээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд болсноос хойш өглөө зургаад сэрэхгүй л бол ажил ер амждаггүй болсон. Одоо ч тэр хэвээр. Өдрийг бараг тэр чигт нь уулзалт, хурлуудад зарцуулдаг. Оройд нь ирсэн албан бичгүүдтэй танилцах, захирамж шийдвэр гаргах, төлөвлөлтүүд дээр суух цаг гардаг.
Нийслэл Улаанбаатар хотод улсын маань хүн амын тал хувь нь оршин сууж байна. Үүн дээр нэмээд жил бүр ердийн өсөлтөөр 40 мянга орчим, механик өсөлтөөр 31 мянган иргэн нийслэлд нэмэгддэг гээд бодохоор асуудал мундахгүй нь ойлгомжтой. Нэг асуудал дуусахад нөгөө нь залгана. Ингэж явсаар эртдээ л 22, 23 цагийн үед ажил дуусдаг.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Улс төрд орохоос өмнө намайг төлөвшүүлсэн, ажил, амьдралд сургасан хоёр салбар бий. Нэг нь спорт, нөгөө нь банк санхүү.
Спортоос сурсан зүйл бол давших тактик. Давшилт бол хамгийн сайн хамгаалалт. Ганцхан хамгаалалт л хийгээд байвал чи өгөгдсөн цагтаа юу ч хийж амжихгүйн дээр бодож ч амжаагүй байхдаа эсрэг талынхаа дайралтад өртөнө. Нэгэнт хамгаалалтаа алдчихвал, араас нь яаж ч харамссан бүх зүйл оройтсон гэсэн үг. Нэмээд хамгийн гол нь дүрмийн дагуу, шударга тоглож байж амжилт баталгааждаг. Иймд ямар ч үед дүрмийн дагуу ажиллах ёстой. Ажил дээрээ ч яг энэ тактикаар явдаг.
Банк, санхүүгийн салбарт ажилласан есөн жилдээ сурч, ойлгосон гол зүйл гэвэл хүний итгэлийг олж, нууцыг хадгалах зарчим. Газарт унасан 100 долларыг хараад сэтгэл хөдлөлгүйгээр аваад, байранд нь тавьдаг тийм хүнийг банкир гэдэг. Хүний итгэлийг олж авсан л бол нууцыг нь хадгалж, үнэнч байх нь маш чухал чанар, амжилтын түлхүүр.
Хувь хүнийхээ хувьд тогтвортой байдалд дуртай. Ер нь хүн надад итгэл хүлээлгэсэн бол эргээд хоёр дахин найдвартай, итгэлтэй хүн нь байхыг боддог.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Нийслэлийн хэмжээнд ERP систем ажиллаж байгаа. Гэсэн ч яг үнэндээ одоогийн хийж байгаа ажилд маань төгс тохирох платформ алга л байна, эсвэл олоогүй байх. Тиймээс өөрсдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн платформыг өөрсдөө бүтээхэд анхаарах болсон.
Бид УИХ, Засгийн Газрын түвшинд хамтран ажиллаж, бодлогын дэмжлэг авч байна. УИХ-д анх удаа "Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо" байгуулсан. Энэ нь нийслэлээс төдийгүй орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд маань нэгдэн нийлж, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж ажиллахаар болж байгаа гэсэн үг. Улмаар Засгийн Газарт "Түгжрэлийг бууруулах үндэсний хороо" байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад бодитой дэмжлэг үзүүлж, “ногоон гэрэл” асааж өгсөн нь энэ юм. Иймд бид УИХ болон Засгийн Газрын гишүүдтэй байнгын эргэх холбоотой ажиллах, хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, тайлангаа технологийн дэвшил ашиглан тогтмол мэдээллэх хэрэгцээ, шаардлага урган гарч байгаа юм. Үүнийг хийснээр нийслэлийн удирдлагын баг цаас үйлдвэрлэхгүй, хугацаа алдахгүйгээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагуудаас үүрэг чиглэл авч, тайлан мэдээгээ цаг алдалгүй байнга өгч ажиллах боломж бүрдэнэ. Энэ платформ дээр багийнхан маань ажиллаж байгаа. Төрийн мэдээлэл зөв системээр, аюулгүй явах ёстой.
Мөн нийслэлийн удирдлагын багийнхантайгаа тогтмол холбогдох, шуурхай үүрэг даалгавар өгөхдөө ERP систем болон нийтлэг хэрэглээтэй аппуудыг ашигладаг. Цар тахлын нөлөөгөөр зарим өргөтгөсөн хурлыг заавал танхимаар биш, цахимаар хийж байна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Урт хугацаандаа бол хөрвөх чадвар. Хөрвөх чадваргүй бол маш их хугацаа алддаг шиг. Ирсэн боломж, өгсөн үүрэг даалгавар бүрд нэг арга барилаараа муйхарлаж зүтгээд байвал өөрт ч, өрөөлд ч их алдагдалтай. Дасан зохицох, хөрвөх чадварт суралцсан хүн урт хугацаандаа цаг хэмнэж чадна.
Өдөр тутмын ажилд бол хурд, багийн ажиллагаа чухал. Бидний ажил товчилж, хялбарчилж хийдэг ажил биш. Тиймээс өдөр тутамд хурдтай гүйцэтгэлтэй л байхгүй бол горьгүй. Тэгээд багийн ажиллагаа нэн чухал. Хэн ч өөрийгөө хувилж чадахгүй. Нэг цагт хоёр газар байх боломжгүй. Иймд үр дүнтэй, цар хүрээтэй ажиллая гэвэл багаа сайн бүрдүүлж нэгтгэн, тэдэндээ итгэл хүлээлгэх хэрэгтэй. Ингэж чадвал үлдсэнийг нь баг чинь хангалттай хийж чадна. Би багийнхандаа нэн тэргүүнд ажлаа хуулийн дагуу, хурдтай, зөв хийхийг захиж, шаарддаг. Ажил гацаж саатахыг алийг тэр гэх вэ, ойлгоно. Гэхдээ гол нь тэр бүрд хурдтай, хувилбартай байж, цаг хугацаа болон ажилдаа эзэн нь бай л гэж хэлдэг юм.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Дунд хугацааны төлөвлөгөөг таван жил, богино хугацааны төлөвлөгөөг нэг жил, ойрын төлөвлөлтийг хоёр сараар бодож гаргадаг. Бидний хувьд таван жилээс цааш төлөвлөх нэлээд төвөгтэй байдаг л даа. Алсын хараандаа л зангидагдаж явах хэрэгтэй.
Мөн аливаа ажлыг заавал 3-4 хувилбартай эхэлнэ. Нөөц төлөвлөгөөгүй ажил огт төлөвлөгөөгүйтэй л адил санагддаг.
Өдөр тутмын төлөвлөлтийг долоо хоногоор гаргадаг ч ажлын онцлогоос шалтгаалаад их өөрчлөгддөг. Хамгийн гол нь хурдтай, уян хатан байх нь чухал. Энэ мэт олон ажлыг зэрэг амжуулахад багийнхан маань тусалдаг. Өдөр тутмын ажлын хуваарь, төлөвлөлтийг самбарт бичнэ, гар утасны notes дээр хадгална.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Спортын хүн байсан болохоор дасгал хөдөлгөөнөөс эрч хүчээ авна. Долоо хоногт ямар ч ажилтай байсан, яаж ийж байгаад хоёр удаа фитнест явдаг. Ажилтай гээд явахгүй орхивол, дараагийн долоо хоногт эрч хүчгүйдээд, ядраад байдаг талтай. Мэдээж эрүүл хүн л эрүүл сэтгэж, хурдтай ажиллаж чадна шүү дээ. Тиймээс дасгал хөдөлгөөн бол хобби гэхээсээ илүү үр бүтээлтэй ажиллах нөү-хау.
Одоо ид ачаалал авч, бэлтгэл хийдэг байсан үеийнхээ 20 хувьд ч хүрэхгүй дасгал хөдөлгөөн хийдэг. Залуу байхад өндөр ачаалал авсан үед дээд даралт 180, доод даралт 0 хүртлээ салдаг, эргээд тавхан минутын дотор 130, 90 болдог байлаа. Шинжлэх ухааны үндэстэй, тасралтгүй, тууштай бэлтгэл сургуулилтын үр дүн. Уг нь болж өгвөл байнга л энэ формдоо дөхөх санаатай. Мэдээж яаж чадах вэ дээ, шуналаас цаашгүй. Гэхдээ л хуучин бууны хугархай юм гэсэндээ дасгал бүрийн дараа 1.5-2 кг жин хаядаг. Ямартаа ч гэдэстэй өвөө болохгүй шүү (инээв.)
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Нэлээд олон шүү. Ажлын хажуугаар хүний нөөц, залууст чиглэсэн хөгжлийн төслүүдэд оролцох их сонирхолтой. Нийгмийн хэмжээний хэд хэдэн төсөл бий. Янз бүрийн үүрэгтэйгээр чадах ядахаараа оролцоод, дэмжээд явдаг.
Харин сүүлийн үед, монгол эр хүн гэдэг ойлголтыг илүү тодорхой, ойлгомжтой, орчин үеийн нөхцөл байдалд буухуйц бодит болгож, эрчүүд рүүгээ хандсан ажил хийх цаг болсон нь эрхгүй мэдрэгдээд байдаг боллоо. Насжилт, боловсролоороо бид эмэгтэйчүүдтэйгээ зэрэгцэж очдоггүй. Одоо үүнийгээ дагаад хариуцлага, хат, ёс зүй, сахилга бат гээд аль ч талаасаа бүсгүйчүүддээ үнэлэгдэж, хүндлэгдэж чадахааргүй болох гээд байх шиг. Гэхдээ энд нийтлэг нийгмийн төлвийг ярьж байгааг минь уншигчид ойлгож хүлээж аваарай.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бизнес, нам улс төрийн олон ажил хийж байсны дотор Хотын даргын ажил хамгийн ачаалалтай хэрнээ үр дүн нь тэр дороо шахуу харагддагаараа онцлог. Монгол Улсын нийт хүн амын тал хувийнх нь өдөр тутмын амьдралтай шууд холбоотой шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг болохоор тийм байхаас ч аргагүй. Үүдээр гарахад л хийсэн ажил нь харагддаг, мэдрэгддэг энэ ажлыг сэтгэл зүрхнээсээ хийж, бодитой үр дүн үлдээх хүсэлтэйгээр зоригтой, амбицтай, төлөвлөгөөтэй орсон. Сорилт, бэрхшээлийн хувьд бүх зүйл амаргүй. Гэхдээ бидэнд суурь судалгаа, төлөвлөгөө, ажиллах хүч гээд бүх зүйл бий. Тийм учир хойш ухраад, халшраад, халгаад байхгүйгээр төлөвлөсөн ажлуудаа хурдтай, гүйцэтгэл сайтай хийхийг зорьж байна.
2020 оны сүүлчээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, Хотын даргаар ирэхэд бүгд л намайг сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргалаа гэцгээж байсан л даа. Үнэндээ би хариуцлагаа хүлээхийг хүссэн, үүндээ ч огт эргэлзээгүй. Учир нь өнгөрсөн оны намар болсон Орон нутгийн сонгуульд миний бие Нийслэлийн МАН-ын багийг ахлан, НИТХ-д ялалт байгуулсан. Аль зургаадугаар сард нь сонгуульд бэлтгэн, мөрийн хөтөлбөр дээр сууж байхдаа л сонгуульд амжилттай оролцоод, гүйцэтгэх шатны ажилдаа өөрөө орохгүй бол болохгүй нь гэдгээ ойлгочихсон байсан. Мөрийн хөтөлбөрөө өөрөө боловсруулж, өөрөө ахалж, чадна, бүтээнэ гэж сонгогдчихоод дээрээс хараад, хий яриад суувал ямар олиг байх вэ? Юу ч гэж хэлүүлсэн амалсан ажлаа хийж, хариуцлага хүлээх чадвартай байх нь л чухал гэж үзсэн.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг дээр сууж байна. Ирээдүйд ногоон байгууламжтай, ухаалаг, иргэн төвтэй хотыг цогцлоохыг хүсэж байгаа. Тиймдээ ч энэ чиглэлийн судалгаа, харьцуулалт, уулзалтуудыг олноор хийж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж болон дагуул хотын төлөвлөлтийг онцгойлон авч үзэхийн дээр цахилгаан такси, цахилгаан дугуй болон хурдны галт тэрэгний хэв загвараар баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний төслийг эхлүүлсэн. Дараагийн хоёр жилдээ багтаад хөнгөн галт тэрэгний 19 км бүхий эхний шугамыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ бүрийг төлөвлөхдөө иргэдийг аль болох дуу чимээний бохирдолд өртүүлэхгүй байхад чухалчлан анхаарч байгаа.
Ухаалаг хот болох зорилтын хувьд бид газрын харилцааг цахимжуулах egazar аппыг ашиглалтад оруулаад явж байна. Мөн түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухаан ашиглах тал дээр тодорхой туршилтуудыг хийж эхэлсэн. 2040 он гэхэд төрийн үйлчилгээний хурдыг технологийн шийдэл ашиглан 70 хувиар нэмэгдүүлэх зорилготой. Улсын хөгжил хотын хөгжлөөс ихээхэн хамааралтай. 150 мянга гаруй ААН нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт хүн амын 50 хувь, эдийн засгийн эргэлтийн 67 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь нь явж байна шүү дээ. Тиймээс бид асуудлыг аль болох том зургаар харж, гал дараад өнгөрөх биш, урт хугацаа орох байсан ч зөв системтэйгээр, ул суурьтай шийдэх чиглэлд анхаардаг.
Үүний тулд Хотын дарга, Ерөнхий Сайд, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын гурвалсан нягт хамтын ажиллагааг бий болгоход ихэд анхаарсан. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Өмнөх аль ч Засгийн газар хотын тулгамдсан асуудлууд, түүний дотор замын түгжрэлд одоогийнх шиг анхаарал хандуулж байгаагүй. Засгийн Газраас бодитой дэмжлэг үзүүлэн "Түгжрэлийг бууруулах үндэсний хороо"-г байгуулснаар 420 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй олон чиглэлт нүсэр ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа юм. Үүнд зам, гүүрэн байгууламж, дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад орох нийт 248 км дугуйн зам гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд орсон. Хөгжиж буй хотын тойрч биш, дайрч гардаг эдгээр асуудалд бид үр дүнтэй шийдэл боловсруулан ажиллах болно. Ингэхдээ тогтвортой хөгжлийг үргэлж чухалчилна гэдгийг хэлэх нь зүйтэй.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Миний хийж байгаа ажил мэргэжил сургалт, судалгааны байгууллагуудаас гаргадаг ном товхимол, томоохон судалгааны дүгнэлтүүдтэй цаг алдалгүй танилцах боломж ихтэй байдаг нь таатай. Тэр бүрийг харж, хэрэгцээт мэдээллээ авна. Бас багийнхан маань олон талт мэдээллийн эх сурвалж болдог. Тиймдээ ч багаа бүрдүүлэхдээ ажил мэргэжлийн чадвараас гадна өсөж хөгжих сэтгэлгээ, эрмэлзлийг их харна аа. Ухаандаа цагаа хэмнэж, хөгжиж суралцах гэсэн санаа л даа.
Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед гарч байгаа шинэ технологиудаас мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй гардаг. Койн, криптовалют, технологи, шинэхэн стартапуудын хийж, сэдэж байгаа зүйлс гээд л. Тэр бүрд аль болох бага цагт их мэдээлэл авах үүднээс мэргэжлийн багтай нь уулзаж, хэд хэдэн эх сурвалжийн мэдээллийг харьцуулж авдаг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Залуу үеийнхнээ түүх, соёлоо судлахад цаг гаргадаг байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн түүхээ уншиж судалснаар эх орноо хайрлах, аливаа зүйлийн мөн чанарыг ухаж ойлгох ухаанд суралцахаас гадна хамгийн гол нь ирээдүйг таамаглах боломжтой, чадвартай болдог. Санаснаар болдог бол одоо цагт бараг харагдахгүй болсон хуучны хэдэн сайхан номыг олноор нь хувилаад тараах юм сан ч гэж хүснэ.
Хөгжмийн тал дээр манай гэр бүлийн гишүүд буюу эхнэр, хүүхдүүд маань БНСУ-ын BTS хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчид. Хажуу дахь хүмүүс үзээд, сонсоод байхаар дагаад орчихдог юм билээ. Эхэндээ тоодоггүй, олон гял цал к-поп хамтлагийн нэг гээд ойшоодоггүй байсан ч НҮБ-ийн индэр дээр тавьсан илтгэлийг нь сонсоод харах өнцөг эрс өөрчлөгдөж, түүнээс хойш агуулга, менежмент талаас нь сонирхож хардаг, сонсдог болсон. Нөгөө талаас бидний юу ч чадахгүй, цэцэг цэврүү шиг хэмээн тохуурхдаг байсан залуус өнөөдөр дэлхийг байлдан дагуулж эхэллээ. Нэгийг хэлээд байгаа биз? Тэднээс орчин үеийн залуусын чиг хандлага яаж өөрчлөгдөж байгааг, зөв дэмжиж, эерэг өнцгөөс харж чадвал ямар их хүч байгааг олж хардаг. Ажаад харахаар биеэ авч яваа байдал, залууст хүргэж байгаа агуулга, хэлэмж нь их сайн. Яах вэ, монголчууд магадгүй дэлхий нийт бидний эр хүн гэдэг уламжлалт ойлголт, хэвтэй зохицдоггүй байж болно л доо. Гэхдээ эр хүнийг эр хүн болгодог гол зүйлийг бодоод үзвэл, бие галбир, царай зүснээс илүүтэй хариуцлага, ёс зүй, сахилга бат л байдаггүй гэж үү. Энэ чанар тэдэнд байгаа юм. Тэр нь их таалагддаг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Суурь хүмүүжлийг хүн гэр бүлээсээ олж авдаг. Би найман сартайгаас наймдугаар анги хүртлээ эмээ дээрээ өссөн, эмээгийн хүүхэд. Тиймдээ ч аливаад их цэвэрч сурсан. Гэрийн бүх ажлаас гадна дотуур хувцас, формыг эрэгтэй хүүхэд гэлгүй өөрөөр нь угаалгаж, нямбай сайхан индүүдүүлээд, марлиар бүтээлгээд хураалгана гээч. Энэ мэтээр өөрийгөө болон гэрээ цэгцтэй, цэвэр авч явахад сургасан эмээгийн минь хүмүүжил цаашлаад дэс дараалалтай бодож сэтгэх, зохион байгуулалттай ажиллаж, амьдрахад ихээхэн нөлөөлсөн.
Аав ээж хоёр маань аль багаас л олон түмэнтэй эвтэй найртай явахыг их захина. Харин эхнэр бол залуу үетэйгээ байнга хөл нийлүүлж, тэдний юунд дурлаж, хаашаа зорьж явдгийг сонирхон, болж өгвөл дотор нь орж ойлгон, өөрийгөө байнга шинэчилж, тогтсон нэг хайрцагт орохгүй байхыг сануулдаг.
Хувь хүнийхээ хувьд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуай болон КТМС (одоогийн БУХС)-ийн профессор Х.Пүрэвдагва багш нараасаа зөвлөгөө авдаг. Тэр дундаас Үйлдвэр, худалдааны сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Х.Наранхүүгийн "Уул уурхай бол улс орны тэргүүлэх салбар. Тиймээс цаашид бүс нутгийн хамтын ажиллагаанд онцгой анхаарч, олон улс, тэр дундаа хойд хөрштэйгөө маш сайн, нягт харилцаа холбоог бий болго" гэдэг зөвлөгөө их энгийн мэт боловч олон жилийн туршлага шингэсэн, үнэн бодит, үнэ цэнтэй үг байсан.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хүндлэл болон харилцаа. Ямар зорилгод хүрэхээр тэмүүлж байгаагаас үл шалтгаалан бусдыг хүндлэх хүндлэл, ёс зүйтэй харилцаа үгүй бол бодсон бүхэн замхарна. Үүнд би тун итгэлтэй явдаг. Иймд бусдад хүлээн зөвшөөрөгдөж, тэдэнтэй нэг баг болж, зорьсондоо хүрэхийн тулд энэ хоёр чадварт заавал суралцах ёстойг хэлмээр байна. Хүн бүр л алддаг. Бусдын л адил алдаж, онож яваа нэгнээ түлхээд байх биш дэмнээд, тулаад өгөх хэрэгтэй. Бие биеэ хүндэлж, хүлээцтэй байхад нийтээрээ суралцмаар.
Үүний тулд наанадаж бусдыг сонсож сурах хэрэгтэй. Сонсоно гэдэг амархан юм шиг хэр нь айхтар лут чадвар бий. Бусдыг чин сэтгэлээсээ, анхаарч сонсдог хүн хаана ч өөрийн орон зайгаа бий болгож, түүнээсээ өөрөө суралцаж, байгаа хүрээлэлдээ хүндлэгдэж чаддаг юм шүү.