Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн шинэ дугаарын зочноор Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн буухиаг түүчээлж яваа, салбартаа туршлагатай шилдэг мэргэжилтнүүдийн өсөлтийн талбар болсон Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг оролцож байна. Түүний хувьд санхүүгийн салбар, тэр дундаа банк санхүү, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж, дэлхийн хөрөнгийн зах зээлийн төвүүдийн нэг болох Лондон хотын Вэстминстерийн Их сургууль болон “London Stock Exchange Group Academy”-д хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн арвин туршлагатай нэгэн билээ.
Байршил: Худалдаа Хөгжлийн Банкны төв байр, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 16 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
СЭЗИС-ийг банк санхүү, эдийн засгийн чиглэлээр төгсөөд, ажлын гараагаа Худалдаа Хөгжлийн Банкнаас эхэлсэн минь том боломж хайхаасаа илүү том “сургууль” болох орчныг сонгосон, зөв шийдвэр байсан гэж боддог. Банкны салбарт есөн жил ажиллахдаа харилцагчийн үйлчилгээ, үйл ажиллагаа, бизнесийн нэгжүүдэд шилжин ажиллаж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээс эхлээд технологийн шинэчлэлийн цөөнгүй төсөлд оролцож явсан минь аливаа зүйлийн том дүр зургийг задлан шинжлэх, зорилгоос үр дүн хүртэл хаана ямар сорилт, шийдэл гарч болохыг урьдчилан зураглах дөртэй болгосон.
2011 онд хөрөнгийн зах зээл рүү шилжиж, Ти Ди Би Капитал ХХК (Одоогийн Ти Ди Би Секьюритис ҮЦК)-ийн анхны ажилтнуудын нэг болж орсон нь биднийг компаниа ч салбараа ч бойжуулах том үүрэг хариуцлага руу хөтөлсөн юм. Тухайн үед банк санхүүгийн салбарын хөгжил эрчимжиж байсан бол хөрөнгийн зах зээлийн салбар эсрэгээрээ байлаа. Иймд бид бүхнийг шинээр суралцаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс нэлээд судалгаа хийж, туршлага судалсны үндсэн дээр дотоод зах зээлийнхээ тогтолцоог алхам алхмаар урагшлуулж чадсан. Харин одоо бид зах зээлдээ хөгжлийн түүчээлэгч, тэргүүлэгчийн байр сууринд хүрсэн буйгаараа бахархдаг.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Хөрөнгийн зах зээлд ажиллана гэдэг өдөр бүр мэдээллийн далайд шумбахтай адил. Өглөө хамгийн түрүүнд зах зээлийн гол индикатор, мэдээнүүдийг гүйлгэж хараад, анхаарах чигээ авна. Дараа нь ажлын календарь дээрх уулзалт болон бусад хуваарьт ажлууддаа төвлөрдөг.
Бизнес төлөвлөгөө, томоохон төслийн ажлууд бүгд тогтсон хуваарийн дагуу явдаг бөгөөд өдөр тутмын нарийвчилсан хуваариуд нэгээс хоёр долоо хоногийн өмнө ажлын календарьт төлөвлөгдсөн байдаг. Тиймээс “өнөөдөр юу хийх билээ?” гэж бодох шаардлага бараг гардаггүй.
Өглөө цахим шуудангаа шалгаж, жин дарахгүй жижиг ажлуудаа цэгцэлдэг. Энэ нь ажлууд хурдтай, тасралтгүй урагшлахад тус болохоос гадна том төслүүддээ анхаарал хандуулах боломж олгодог. Мөн долоо хоногийн нэг өдрийг ямар ч хурал уулзалтгүй “гүн төвлөрөх өдөр” болгодог.
3. Таны ажлын нөү-хау?
Нөү-хау гэдэг бол хамгийн том бэрхшээлээ зоригтой сонгоод, эхний шийдлээ олж чадсан мөчөөс л эхэлдэг байх. Тэр үеэс хүн ч, салбар ч хөгжиж эхэлдэг.
Богино хугацааны ашиг бус урт хугацааны тогтвортой өсөлт, үнэ цэн бүтээхийг эрхэмлэдэг. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд үлгэр жишээ, мөс зүсэгч нь байх ёстой гэсэн зарчим анхнаасаа л намайг чиглүүлсээр ирсэн.
Тухайлбал, бид 2013 онд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн анхны онлайн арилжааны системийг нэвтрүүлсэн нь зөвхөн бидний хувьд бус салбарын хөгжлийн хувьд ч эргэлтийн цэг болсон. Энэхүү системээ тасралтгүй хөгжүүлсээр өнөөдөр олон улсын хамгийн том брокерын системтэй холбогдсон, дотоодын болон олон улсын зах зээлд нэг дороос оролцох боломжтой “TDB Trader” цогц платформ болон өргөжсөн нь бидний бахархал.
Мөн бид JP Morgan, Deutsche, BAML, Credit Suisse, HSBC, ING зэрэг дэлхийн шилдэг банкуудтай цөөнгүй төсөл дээр хамтран ажиллаж, тэдний арга барил, ажиллах зарчмаас суралцсан нь харилцагчдадаа олон улсын түвшний үйлчилгээ үзүүлэх чадамжийг бидэнд бий болгосон.
Харин хамт олны хувьд өндөр ёс зүйтэй, мэргэжлийн баг гэдгээрээ ялгардаг болов уу. Бид зөвхөн нэг компанийн ажилтнууд гэхээс илүү зах зээлийг хамтдаа хөгжүүлж яваа хамтрагчид. Тиймээс бид алсын хараа, зорилгоороо нэгдэж, зөвхөн ажлын байраар хангах бус сурч хөгжих, бие даан ажиллах тав тухтай орчин нөхцөлөөр хангахаас гадна чөлөөтэй сэтгэж, мөрөөдөлдөө хүрэх талбар нь байхыг чухалчилдаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд
Эдийн засаг, зах зээлийн мэдээлэл авахад Bloomberg, Trading Economics, FT, investing.com, TDB Trader, харин компанийн дотоод харилцаа холбоонд Outlook, Telegram түлхүү ашигладаг. Сүүлийн үед ChatGPT болон AI хэрэгслүүдийг идэвхтэй туршиж, судалгааны хурд, мэдээлэл боловсруулах аргаа сайжруулахын зэрэгцээ өдөр тутамдаа номын товч агуулга сонсох, унших номоо сонгоход Wiser-ийг ашиглаж байна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Цаг хэмнэх гурван түлхүүр байдаг нь төлөвлөлт, эмх цэгц, төвлөрөл. Төлөвлөгөө гэдэг нь зөвхөн хуваарь төдий бус багийн бүх гишүүнийг нэг зүгт төвлөрүүлэх хэрэгсэл. Мөн байнга давтагддаг жижиг ажлуудыг checklist, автомат сануулга, template-д даатгадаг.
Жижиг зүйлсийг автоматжуул. Чухал зүйлсийг төвлөрөлтэй хий.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ажлаа төлөвлөхдөө “Том зургаас эхэлж, жижиг алхамд буулгах” зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл хүрэх эцсийн цэгээ тодорхойлоод, түүнд хүрэхийн тулд хийх алхмуудаа ухрааж төлөвлөдөг гэсэн үг. Том шийдвэрийг эрт, жижиг шийдвэрийг хурдан гаргах нь боломжоо алдахгүй байхад тусалдаг.
Санаа цаасан дээр буухгүй бол мартагдчихдаг шүү дээ. Иймээс шинэ санаа, хийх зүйлсээ тэр дор нь to-do list-дээ бичээд, ижил төстэй ажлуудаар нь багцалдаг. Өдөр тутмын жижиг ажлууд тухайн үедээ хийгдээд дуусдаг бол бага зэрэг цаг орох ажлуудыг календарьтаа эсвэл багийн даалгаварт шилжүүлдэг. Ингээд ирэхээр томоохон төслийн санаа, гадаад хүчин зүйлээс (хууль, зохицуулалт гэх мэт) хамааралтай цаг авах ажлууд тунаж үлддэг ба эдгээрийн шийдлийг боловсруулж, зөв цаг үед нь хэрэгжүүлснээр урт хугацааны төлөвлөгөө бодитоор хэрэгждэг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Хүүхдүүдтэйгээ тоглох, агаарт гарах, ямар нэгэн жижиг зүйлийг хамт туршиж үзэх гэх мэт энгийн мөчүүд эрч хүчийг хамгийн хурдан сэлбэдэг.
Аялал бол миний хамгийн том хобби. Улс орнуудаар аялахдаа жуулчдын түлхүү зочилдог газруудаас гадна хүн ардынх нь амьдралын хэв маяг, хоолны соёлыг онцгойлон сонирхох дуртай. Тэр дундаа тухайн улсуудын хөрөнгийн биржийн барилга ямар байх нь миний сонирхлыг ихэд татдаг болохоор аялж буй улс бүрийнхээ биржийг заавал зорьдог. Мөн зун бүр төрөл садны гэр бүлүүдээрээ нэгдэж, Монгол орноороо аялдаг уламжлалтай. Аяллын турш шинэ газар үзэж, байгалиас эрч хүч авахын зэрэгцээ хүүхдүүд маань хамтдаа өсөн торниж, харилцаа нь улам бэхжиж буйг харах эрч хүчийн эх булаг л гэсэн үг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Ажлынхаа зав чөлөөнд тааруулан уран зураг зурах, байгалийн зураг дарах дуртай. Мөн салбарынхаа залуу мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлагаа хуваалцахдаа үргэлж нээлттэй байдаг. Нэг хүнд ч гэсэн мэдлэг, урам зориг өгч чадвал салбарын ирээдүйд нэмэртэй шүү дээ.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?
Хөрөнгийн зах зээлийн онцлог нь хуримтлалыг бизнесийн өсөлтөд чиглүүлж, эдийн засгийг тэлэхэд тусалдаг чухал талбар. Хувь хүн ч бай, байгууллага ч бай энэ зах зээлийг ойлгож, оролцож чадвал асар их боломж нээгддэг. Хүмүүс ойлгоход бэрх гэж боддог боловч мэргэжлийн газраас зөвлөгөө мэдээлэл аваад үзвэл таны бодсоноос илүү энгийн зарчимтай.
Бид өөрсдийгөө “ирээдүйг бүтээхэд оролцогч” гэж хардаг. Энтрепренерүүд санаа гаргаж, инженерүүд шийдэл бий болгодог бол бид тэрхүү шийдэл бүхий санааг бодит болгохын тулд санхүүжилттэй нь холбож өгдөг. Өнөөг хүртэл бид харилцагч нартаа нийт 4.8 тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлж, бизнесийн тэлэлт, улс орны хөгжлийн төслүүдийг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсандаа бахархдаг. Нөгөөтээгүүр иргэд хуримтлалаа зөв хөрөнгө оруулалт руу чиглүүлснээр хөдөлмөрийнх нь үр шим бага эрсдэл, өндөр өгөөжтэйгөөр өөрийнх нь төлөө ажиллаж эхэлдэг ба компаниудад ч богино хугацааны мөнгөн урсгалаа зөв удирдаж, санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэх боломж олгодог.
Дэлхийн хөрөнгийн зах зээл 300 жилийн түүхтэй бол манай зах зээл 30 гаруй жилийн түүхтэй, дүйцүүлэхэд тун залуу зах зээл. Иймд бид салбартаа олон зүйлийг шинээр бий болгох, түүнийгээ тасралтгүй сайжруулах, олон улсын жишигт ойртуулах үүргийг хүлээгчид. Мэдээж улс орны эрсдэлийн түвшин, улс төрийн тогтворгүй байдал, зохицуулалтын орчны тодорхойгүй байдал гээд олон зүйл гадны хөрөнгө оруулагчдыг татахад хаалт болдог. Гэвч чухамдаа энэ бүх сорилт л биднийг бүтээлчээр сэтгэж, шийдэл сэдэж, мөс зүсэгчийн үүргээ гүйцэтгэх гол хөшүүрэг юм шүү дээ.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Ойрын хугацаанд бид Монголын хөрөнгийн зах зээлийг илүү ойлгомжтой, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд дотоодын хувьцаат компаниудын тоон шинжилгээг нэгтгэж, хэрэглэгчдэд ойлгомжтой дата бааз, судалгааны нэгдсэн платформыг бий болгож байгаа. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулагч төдийгүй шинжээч, үнэлгээчид, бизнесүүдийн шийдвэрийг илүү оновчтой болгоход дэмжлэг үзүүлнэ.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Санхүүгийн зах зээл тогтмол өөрчлөгдөж байдаг учраас шинэ мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэхийг чухалчилдаг. Зөвхөн салбарынхаа гэлтгүй бусад салбарт түүчээлж буй шилдгүүдийн үзэл санаа, туршлага, алдаа онооны бодит түүхийг сонсох дуртай. Мөн өдөр тутмын энгийн харилцаанаас, хамт олон, харилцагч, залуу үеийнхнээсээ суралцах нь олонтоо.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Саяхан уншсан, надад хамгийн сонирхолтой санагдсан номуудын нэг бол “Supremacy: AI, ChatGPT and the Race That Will Change the World (Parmy Olson, 2024)”. Уг номонд OpenAI, DeepMind зэрэг AI аваргуудын хооронд өрнөж буй өрсөлдөөн, удирдагчдын үзэл санааны ялгаа, стратеги, соёлын онцлогийг бодит үйл явдлуудтай нь харьцуулж харуулдаг. Энэ номоос зөвхөн технологийн ирээдүйг ойлгоод зогсохгүй, хүмүүсийн алсын хараа болон шийдвэр тухайн салбарын чигийг хэрхэн тодорхойлж байгааг ойлгож болно.
Киноны тухайд “The Pursuit of Happyness” надад хамгийн их урам зориг өгдөг. Амьдралын хүнд үеийг даван туулж, зорилгоосоо ухралгүй тэмцэж чадвал амжилтад хүрч болдгийг маш энгийнээр харуулдаг.
Би яг ч хөгжмийн хорхойтон биш. Гэхдээ сонсвол голцуу хөнгөн, намуухан хэмнэлтэй дуу хөгжим сонсдог.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Бяцхан Батчимэгт тохиолдсон хөгтэй ч гэмээр сургамжтай үйл явдлыг хуваалцъя. Бага байхдаа, нэг өдөр шинэхэн пальтоныхоо товчийг товчилж чадахгүй, ааваасаа “товчлоод өгөөч” гэж гуйхад аав над руу харснаа “Чад” гэж хэлчхээд зүгээр л хараад зогсчихсон. Тухайн үед жаахан гомдсон ч, оролдсоор байгаад өөрөө товчилж чадсан юм даг. Одоо бодоход, энэ ганцхан үг, гуравхан үсэг ямар их хүчтэй үг байгаа вэ? Магадгүй тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч бэрхшээл тулгарахад “би чадахгүй” гэж бодохын оронд “яаж чадах вэ?” гэж өөрөөсөө асуудаг дадалтай болсон байх.
14. Бусдад шидэх санаа?
Хэрэгтэй бөгөөд хэцүүг барьж авч хийх нь өнөө үеийн залуусын өмнө буй хариуцлага. Энэ их мэдээлэл, технологийн эрин зуунд өсөж, хөгжиж буй давуу талаа ашиглан хамгийн сорилттой, нэн даруй хөгжүүлэх шаардлагатай салбарууд руу зориглон орж үзээрэй. Өөрийн тав тухыг эрхэмлэж, амар хялбар, мэддэг чаддаг зүйлийнхээ хүрээнд эргэлдээд байвал чи өөрөө хөгжихгүйгээр зогсохгүй бидний улс орон ч хөгжихгүй гэдгийг тунгаагаарай.
Бүх зүйл хүний сэтгэлгээ, хандлага, харах өнцгөөс эхлэлтэй. Хүн өөрөө хөгжиж, чадавхжиж, хөдөлмөрлөх тусам техник технологи, бүтээмж гээд бүгд хөгжлийн замд нэгддэг. Ингээд бүгдийн хамтын хүчээр бизнесийн байгууллагууд ч цар хүрээгээ тэлж, эдийн засаг хүчирхэгждэг. Чиний хүсэж буй ирээдүйн хамгийн чухал түлхүүр нь чи өөрөө юм шүү.
З Зочин 2025.08.30 202.126.89.33
Олон жилийн өмнө банканд ажилладаг байхад нь Батчимэгийнхээ харилцагч байлаа. Үг, үйлдэл бүрээс нь сэтгэл үнэртдэг мундаг шүү. Санхүүгийн зөв шийдлүүд их хэлж өгдөг. Манай санхүүгийн албаныхан тэр чигтээ крашилдаг, хүндэлдэг байлаа. Жинхэнэ банкер гэж хэлнэ. Ажилд нь амжилт хүсье.
З Зочин 2025.08.29 103.57.94.72
Mash uzesgelentei busgui baina ajliin amjilt husey Mash uzesgelentei busgui baina ajliin amjilt husey
З Зочин 2025.08.29 103.57.94.72
Батчимэг захирлыг маш сайн мэргэжилтэн гэдгийг 100% гэрчлинэ сайн гүйцэтгэлтэй түргэн шийдвэр гаргадаг сайн багийн тоглогч
U Unknown 2025.08.28 202.170.73.187
Төсөл дээр нь vendor компани төлөөлөн ажиллах боломж гарч байсан юм. Компани доторх соёл, ажилтнуудынх нь хандлага, мэргэжлийн байдал гээд олон талаараа cool байсан. Тухайн үед Батчимэг захирлыг өөр хүн орлож байсан ба төсөл нь цар хүрээний хувьд том, аль аль талуудад challenge болж байлаа. Захирал нь байхгүй байхад яаж ингэж сайн ажиллаад байнаа гэж бодогдож билээ. Одоо эргээд харахад дотоод бүтэц, засаглал, соёл... буюу суурийг нь энэ хүн их сайн бүтээснийх л байх даа. Тэр төслөөс их ч зүйл сурсан даа. Ажилд нь амжилт хүсье.
Z Zochin 2025.08.28 103.57.94.116
2021 onii ovol nyagtlangaar ajild oroh geed batchimeg zahiralt uulzaj bailaa , zaluuhan engiin uzesgelentei emegtei bsn Tuhain uyed omnoh ajlaa hayaad shuud solih zorig gargaagui Odoo bodohod zorigt alham hiih bsiin hehe
Т Түвшин 2025.08.28 202.21.102.222
Мундаг шүү. Энгийн хэрнээ, маш том чадвар нуугдаж байдаг, түүнийгээ ил гаргаж илүүрхдэггүй, хийх ёстой зүйлээ тас няс хийгээд явдаг хүн дээ.