“Өглөө” гэдэг үг залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой, дээлтэй залуусаар төсөөлөгддөг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Загвар, агуулга сайтай контент, идэвхээрээ энэ төрлийн бусад санаачилгаас илүүрхэж, залуус гэлтгүй нийгмийн өргөн хүрээнд танигдаад буй тэднийг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Төслийг төлөөлөн “Зориг сан”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмон, “UBP Media”-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшин нар ажлын арга барил, зарчмаа хуваалцсан юм. Хэрэв та "ӨГЛӨӨ"-ийн сошиал хаягийг дагаж амжаагүй байгаа бол яг одоо дагаарай гэж уриалъя.

Эрхэлдэг ажил: “Зориг сан”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмон, “UBP Media”-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшин
Сошиал хуудсууд: ӨГЛӨӨ (Instagram, Facebook, вэбсайт)


1. ТАНай төслийн тухай БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Э.Түвшин: USAID, IRI, Азийн сан гэсэн гурван байгууллага залуусын улс төрийн оролцоо, мэдлэгийг дээшлүүлэх том хөтөлбөр эхлүүлээд, санал солилцох уулзалтдаа иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас урьж оролцуулсан юм. Залуус улс төрийг юу гэж ойлгож, хүлээж авч байна, бид хэрхэн арай илүү ойлголт өгч чадах вэ, цаашид залуучуудын нийгмийг бүтээхийн тулд энэ сэдэв дээр хэрхэн хамтарч болох вэ гэж ярилцсан л даа. Товчхондоо, улс төрийнхөн, залуус өөр өөр хэлээр яриад байна, дор бүрнээ монголоороо ярьж, бичиж байгаа ч ер ойлголцдоггүй юм байна гэж уулзалтын эцэст дүгнэцгээсэн. Энэ үеэр манай хоёр байгууллагын зорилт, харах өнцөг нийцэж буйг анзаарсан учир үл ойлголцож буй талуудыг холбох гүүр нь болохыг эрмэлзье гэж ярилцаад “ӨГЛӨӨ”-г санаачилж, эхний ээлжинд хоёр долоо хоног хэрэгжих төсөл маягаар хийж эхэлсэн.

“Өглөө” гэдэг нэр маань залуус нь эхлээд хөдөлье, өөрсдөө ямар нэг юм хийе, анхаарал, дуу хоолойгоо өгье гэсэн санаанаас угшилтай. Өглөөний нар, шинийг эхлүүлэх гэх утга бас бий. “Дээлтэй саналаа өглөө” гэдэг ч бас яг л энэ. Яг яаж идэвхжүүлж, санал өгөх, оролцохыг хүсэхгүй байгаа хүнийг босгох юм бэ гэж ярилцаж байтал нэг дадлагажигч маань санаа гаргасан. Залуус гоё хувцасласан үедээ хүнсний дэлгүүр орох гэж байсан ч хүнтэй аль болох тааралдчих гэдэг, эсрэгээрээ онц биш хувцасласан, үс нь тослогтчихсон ч юм уу үедээ гялс л харьчих гээд, хүмүүсээс дөлс хийдэг шүү дээ, үүнийг бодолцъё гэж. Тэгвэл тэр гоё хувцаслалт нь юу байх вэ, ямар үед бидэнд бахархал төрдөг вэ гэтэл дээл бодогдсон.

2. ТАНай АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Б.Цолмон: Манай багийн томоохон хэсэг нь дадлагажигч оюутнууд. Улс төрийн контент хийж байгаа учраас улс төр, хууль, сэтгүүл зүйн ангид сурч байгаа оюутнууд голцуу оролцдог. Эхний аянаас эхлээд хүмүүст давгүй танигдчихсан учраас залууст орж ажиллах сонирхол нэлээн байдаг л даа. Төсөл идэвхтэй явж байгаа үед багаараа өглөө бүр 8 цагаас хуралддаг. Төлөвлөгдсөн контентоо текстийн агуулга, дизайн буюу visual талаас нь ярилцаж тохироод тарцгаана. Цуглаж ажиллах үе бий.

Э.Түвшин: Олон нийтийн сүлжээний хуудас гэдэг телевизийн өргөн нэвтрүүлгийн сувагтай төстэй зарчмаар явах учиртай. Өглөөний мэдээ, өдөр хүүхэлдэйн кино, орой энтертайнмент нэвтрүүлэг гээд хөтөлбөрөөрөө явдаг шиг. Мэдээлэл өгч байгаа сувгийн хувьд тууштай байдал асар чухал. Өглөө сторигоор өмнөх өдрийн онцлох мэдээг гаргахаас өгсүүлээд, яг л хуваариараа.

3. ТАнай АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Э.Түвшин: Сонгуулиар нэг талыг барьсан мэдээлэл хаа сайгүй л харагддаг. Хүмүүсийн улс төрийн үзэл баримтлалыг харахад ч нэлээд туйлширсан маягтай. Аль ч талыг барилгүй, хэлбэл бүгдийг нь хэлнэ, оролцвол бүгдийг нь тэнцүү оролцуулна гэх зарчмыг анхнаасаа баримталж ирсэн. Сэтгэл хөөрлөөр хийдэггүй.

Б.Цолмон: Бидний гаргах гэж буй мэдээлэл тэнцвэртэй эсэх дээр гойд анхаардаг. Мэргэжлийн улс төр судлаачаар контент бүрээн хянуулна. Нэг намаас мэдээлэл ирсэн байхад нөгөөгөөс нь ирээгүй бол тэр контентийг гаргахгүй. Энэ үйл явцад цаг их орно. “UBP Media” контент хөгжүүлэлтийн тал дээр үнэхээр чадварлаг. Аль нэг ажлыг ярилцаж байхад Түвшээ аль хэдийн толгойдоо кино шиг зураглачихсан байдаг.

Би хувьдаа түргэн шийдвэр гаргахыг илүүд үздэг. Эргээд холбогдъё гэхээс илүү тэр дор нь яриад яриад шийдчихийг эрмэлзэнэ.

Э.Түвшин: “Зориг сан” итгэж болох, туйлбартай байгууллага. Хэдий гоё төсөөлөл байж болно, гэвч гүйцэтгэл, хариуцлагын хүчээр түүнийг биелүүлнэ. Энэ тал дээр Зориг санд найдчихдаг шүү (инээв). Төсөл амжилттай болсон нь манай хоёр байгууллага уялдаж ажиллаж чадсаных гэж боддог. Арга барил тэс ондоо ч гэлээ нэг зүгт хардаг.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Э.Түвшин: Slack-ийг тултал нь ашигладаг даа. Нэмээд, Asana, Trello, Excel гэхчлэн тухайн ажилд тохирсон платформыг ашиглана. Дизайн, визуалын хувьд голлох нь Figma. Сошиал медиад контентоо постлохоос гадна эрэл хайгуул хийнэ. Залуус өнөөдөр хүнд амаараа хэлэхгүй үзэл бодлоо сошиал хуудастаа бичдэг болчихсон шүү дээ. Хэдэн дагагчтай гэдгээс нь хамаарахгүйгээр үзэл бодлыг нь үнэлж, хамтрахыг хүсдэг. Мэдээж эрж үзэж байж тэр бүхнийг олж харна.

"ӨГЛӨӨ" төслийнхний санал болгож буй аппууд:

Notion

Letterbox

TV time

Blinkist

E-Mongolia

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Цолмон: Хүмүүс “Дээлтэй саналаа өглөө”-өөс хойш ерөнхийд нь мэддэг болчихсон болохоор харилцахад цаг хэмнэгддэг. Уриалгахан хүлээж авах нь элбэг.

Э.Түвшин: “Яагаад” гэдгийг, хэрхэн хийх талаараа хангалттай сайн ярилцчихдаг нь яг хийх цаг ирэхэд цаг их хэмнэдэг. Төсөл эхлэх үед бүрэн ойлголцолд хүрчихсэн байдаг гэх үү дээ. Ер нь аливаа ажил, төслийн алдаа, дутагдал талууд нь ойлголцолд хүрч чадаагүйгээс үүдэлтэй байдаг юм биш үү? Бид ийм зүйлийн төлөө ийм үр дүнд хүрмээр байна гэдэгтээ санал, сэтгэл нэгдчихсэн байхад цааш бусадтай харилцахад ч амар, ярианы өнгөнөөс хүртэл мэдрэгддэг. Төсөлтэй ямар ч хамаагүй хүн рүү бичээд ‘“Өглөө” гэдэг нь яадаг төсөл юм бэ?” гэвэл яг л бид хэлж байгаа юм шиг тайлбарлаж чадна гэж бид итгэдэг. Бид тэр хэмжээнд төслийнхөө өнгө төрхийг тодорхойлж чадсан. Өөрсдөө итгэж үнэмшиж байгаа үед хүнийг үнэмшүүлэх хэцүү биш, тийм биз?

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Б.Цолмон: Контентоо эртнээс төлөвлөөд хуанлид оруулчихдаг. Төлөвлөснөөсөө олон контент гаргадаг шүү. UBP-ийнхэн хуваарьт контентийн хажуугаар “filler content” маш сайн бэлддэг, тэр ч утгаараа залуусыг өдөөн дуудаж, идэвхжүүлж чаддаг гэж боддог.

Э.Түвшин: Өнгөрсөн сонгуулийн контентийг арваннэгдүгээр сараас төлөвлөж эхэлсэн. Контентуудаа бид Awareness, Consideration, Conversion гэсэн гурван хэсэгт хувааж төлөвлөдөг. Тодруулбал, асуудал яг юунд байна, хүмүүст яаж таниулах вэ, шийдэл байна уу (заавал байх ч албагүй), ямар алхмууд байж болох вэ, сонгуульд хэрхэн оролцуулах вэ гэх маягаар. 2-4 дүгээр сарыг судалгаа хийх, төрөл бүрийн хурал, чуулганд сууж сонсох, контентийн бичвэрүүдээ гаргах зэрэгт зориулсан. Эхний контен маань өнгөрсөн сард нийтлэгдсэн юм. “Зориг сан” мэдээлэл бүрдүүлэх тал дээр маш сайн ажилладаг, манайх удаах шатны ажил дээр нь буюу мэдээллийг хүргэх тал дээр илүү төвлөрдөг.



7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Б.Цолмон: Эрч хүчээ “ӨГЛӨӨ” төслөөсөө авдаг. Үндсэн үйл ажиллагаа маань сонирхолтой ч гэлээ байнга удаан хугацаанд хийж байгаа учраас гарт орчихсон. Ийм үед "ӨГЛӨӨ" орж ирэхэд тун сонирхолтой байсан, ихийг ч сурсан. Нийгэмд хандсан, утга учиртай ажил хийдэг учраас үнэн сэтгэлээсээ ажилдаа дурлаж хийдэг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Э.Түвшин: “ӨГЛӨӨ” төсөл тэр чигтээ ажлын хажуугаар дурлаж хийдэг ажил юм. “Зориг сан” ч тэр, манайх (UBP Media) ч тэр өөр өөрийн үндсэн үйл ажиллагаатай.

Б.Цолмон: Гэхдээ төсөл идэвхтэй хэрэгжиж байгаа үед “ӨГЛӨӨ” рүүгээ түлхүү анхаараад үндсэн ажлаа алдагдуулчих гээд байдаг талтай.

#ШийдэлӨглөө булан маань надад их таалагддаг. Залуусын өөрсдөө санаачлан нийгэмдээ хувь нэмэр оруулсан төсөл, шийдлүүдийг онцолдог контент. Эерэг контент Монголд дутагддаг юм шиг ээ.

Э.Түвшин: Намайг сонсохгүй байна, надад юу ч өгөхгүй байна гэж гомдоллохоос илүүтэйгээр өөрөө түрүүлж алхам хийж, санаачилга гаргасан хүмүүстэй уулзаж ярилцдаг.

Б.Цолмон: Энд тэнд явж байхдаа “Хөөх, энийг #ШийдэлӨглөө-д оруулмаар юм байна гэж сайн, сайхан санаачилгыг олж хардаг болсон байна лээ. Энэ хүн нийгэмдээ ямар гоё зүйл хийгээ вэ гээд, урьд нь магад харахгүй өнгөрөх байсан зүйлийг эрхгүй анзаардаг болсон.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Э.Түвшин: Том баг бүрдүүлж, итгэл үнэмшилтэйгээр хамт урагшилна гэдэг амаргүй. Манай төслийн нөлөөллийг эергээр хүлээн авч, багахан ч атугай өөрчлөгдөхийг харах сайхан. “ӨГЛӨӨ” төсөл маань хөдөлгөөн болтлоо өргөжсөн. Нэгэнт л “хөдөлгөөн” юм чинь үргэлж л идэвхтэй, хөдөлгөөнд байх ёстой шүү дээ. Гэтэл төсөл зогсоох шалтгаан, шалтаг гарч ирээд байдаг нь хүндрэлтэй. Ихэнх нь биднээс хамааралгүй, аль нэг байгууллага, хувь хүний гомдол, хардлагаас үүдэлтэй. Талцуулах гэх, бидний хийсэн бүтээснийг үгүйсгэх гэх нь л хэцүү байдаг даа. Гэхдээ энэ хардлага, харах өнцөг нийгэмд тогтсон практикаас үүдэлтэй гэж боддог. Хэвлэл мэдээллийн байгууллагууд л гэхэд “Хаалтын гэрээ байхгүй” гэчхээд яг нэг талыг барих нь түгээмэл.

Б.Цолмон: Нөр их зүтгэл гаргаж, тал талаас нь судлан, тэнцвэртэй контент гаргаж байхад заавал нэг талд оруулах гэдэг хүмүүс цөөнгүй таарна. Гэтэл бид дотроо ч хэн нь хэнийг дэмжиж байгаа талаар ярилцдаггүй.

Яг ид эрчээ аваад, голдрилдоо орчихсон явахад зогсох шаардлага гарах нь урам хугармаар. Ийм үед бэлдсэн контентоо хүргэж чадахгүй болдог нь харамсалтай. Саяын сонгуулийн өмнө гаргахаар бэлдсэн 90 гаруй контентоо нийтэлж чадалгүй өнжлөө.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Э.Түвшин: Эхний хоёр удаад орон нутаг, УИХ-ын сонгууль дээр хэсэгхэн төвлөрч ажилласан. Харин энэ жилээс урт хугацаанд төлөвлөж, дан улс төрийнхөөс гадна өөр сонирхолтой контентийг залууст хүргэе, ингэвэл ч хүмүүст илүү хүрэх байх гэж ярилцаад ТББ байгуулахаар ажиллаж байна. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлдэг төсөл байсан бол үүнээс цааш бие даан үйл ажиллагаа явуулах байгууллага болно гэсэн үг. Ашгийн бус, төрийн бус хэвлэл мэдээллийн байгууллагын статустай ТББ.

Алсдаа энэ төсөл нийгэмд шаардлагагүй болбол сайн хэрэг. Залуучуудын оролцоог нэхэх хэрэгцээ үгүй, бүгд оролцдог болчихвол супер биз дээ? Тэр болтол нь ажиллана. Байгууллага болбол мэдээж үйл ажиллагаа тогтвортой байх ёстой, хэтээ төлөвлөж, төвхнөх ёстой. Зориг сангаас тэр тал дээр дэмжиж, манай талаас бизнес загварыг нь гаргаж, аль нэг газрын санхүүжилтээс хамаарахгүйгээр бие даан ажиллах чадвартай байгууллага болоход нь анхаарч байгаа. Сонгууль болохоор л гарч ирэх нь дутагдалтай юм.

“ӨГЛӨӨ” төслийг анхнаас нь дэмжсэн USAID, IRI, Азийн санд талархаж явдаг. Биднийг гадаадын байгууллагуудын санхүүжилтээр улс төрийн төсөл хэрэгжүүлж байна, та нар тагнуулууд уу гэцгээх нь бий. Анх хэн ч тоохгүй, энэ хэдэн ОУ байгууллага л дэмжиж байсан “ӨГЛӨӨ”-г саяхнаас л дотоодын байгууллагууд "тоож", хамтран ажиллах санал ирүүлж байна. Бидний үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэлж хамтран ажиллах байгууллагууд гарч ирэх л байх. “ӨГЛӨӨ” бол ашгийн бус, цэвэр гал эрмэлзлээрээ хийдэг төсөл.

Б.Цолмон: Залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төсөл манайхаас гадна 10 гаруй бий. “ӨГЛӨӨ” харьцангуй танигдчихсан учраас илүү анхаараад байх шиг байна. Хамтрагч байгууллагууд маань бидэнд ямар ч зааварчилгаа өгдөггүй. Гаргах контентоо бид өөрсдөө шийддэг. Бид жаахан л хараат болоход одоог хүртэл босгосон зүйлс маань нуран унах магадлалтай. Дэндүү том эрсдэл, тийм биз дээ?



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦаж байна вэ?

Э.Түвшин: ӨГЛӨӨ төсөл дээр улс төр судлалын доктороос өгсүүлээд бүтээлч хөдөлмөр эрхэлдэг хүртэл, төрөл бүрийн чиглэлийн хүмүүс ажилладаг болохоор бие биеэсээ суралцах зүйл их. Улс төрийн талаарх мэдлэг зогсолтгүй арвижиж байна. Анх удаа иргэний нийгмийн байгууллагатай ажиллаж үзлээ. Зураг авч сурч байна, монгол хэлний мэдлэг ч дээшилж байна.

Б.Цолмон: Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд хийдэг зүйлсээс маань өөр учраас маш ихийг шинээр мэдэж авч байна. UBP-с үргэлж содон, гоё санаа гардаг. СЕХ-ны мэдээллийг л гэхэд өчнөөн суваг постер болгоод оруулж байхад бид тэднээс яаж ялгарах вэ гэж бодож ажиллах нь миний хувьд лав маш сонирхолтой байдаг. Залуусаас хол, хийсвэр байгаа ойлголтыг илүү сонирхолтой, күүл байдлаар хүргэнэ гэдэг зугаатай ажил. “Зориг сан” олон төсөл хэрэгжүүлдэг ч гэлээ үүнээс өмнө аян хэрэгжүүлж үзээгүй байлаа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Б.Цолмон: Сүүлд уншсанаас Боб Игерийн “The Ride of a Lifetime” их таалагдсан. "The Walt Disney Company"-ийн тухай бараг л мэддэггүй байсан юм билээ. Боб Игерийн манлайлал дор хэрхэн өргөжсөн нь тун сонирхолтой санагдсан шүү. Netflix дээр “Human: The World Within” цувралыг үзэж байгаа. Өдөртөө нэг анги үзчихэд их зүйл мэдэж авах юм билээ.

"ӨГЛӨӨ" төслийнхний санал болгож буй ном, хөгжим, кино

Кино:

Metropolis (1927)
Luca (2021)
The Peanut Butter Falcon (2019)
Boyhood (2014)
Once (2007)
Little Miss Sunshine (2006)
Millennium Actress (2001)
Tampopo (1985)
The Trial of the Chicago 7 (2020)

Дуу:

Kings Of Convenience - Rocky Trail
Bob Dylan - Fourth Time Around
Tatsuro Yamashita - Fragile
Even Tide - Cosmic
Peggy Gou - Starry Night

Ном:

Обри Менард - "Young Mongols: Forging Democracy in the Wild, Wild East"
Билл Гэйтс - "How to Avoid a Climate Disaster"
Жона Бэргер - "Contagious: Why Things Catch On"
Рэй Далио - "Principles"

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Б.Цолмон: Хэдий залууст хэрэгтэй зүйл хийж байгаа ч хүн бүр тэрийг эергээр ойлгож хүлээж авахгүй. Тэр үед нь тухайн шүүмжлэлийг хувь хүн дээрээ хүндээр тусгаж авахгүй байх нь чухал гэж манай сангийн өмнөх захирал хэлж байсан юм.

Э.Түвшин: Цэцэрлэг, арван жил, ажил дээр гарсан хойно ч аливаа үйл ажиллагаа, арга хэмжээний төгсгөлд “Асуулт байна уу” гэдэг дээ. Тэр л урт хугацааны сургамж юм болов уу. Асууж байж л боломж бий болно. Өнөөдөр манай залуус боломж бага байна гээд өөрсдийгөө хязгаарлаад байх шиг. УИХ-ын гишүүдийг оролцуулаад контент хийе гэх санаа гарахад зарим нь “Хариу өгөхгүй байх өө” гэх жишээтэй. Гэтэл Цоомоо хэдэн гишүүд рүү бичиж асуухад бүгд л хариу өгч, зөндөө боломж гарч ирж байгаа юм. Тэр хаалтыг өөрсдөө үүсгэдэг гэх юм уу. Асуугаад л үз, алдах юм байхгүй шүү дээ.


14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Э.Түвшин: Бусдад шидэх санаа байвал шидчихэж байгаарай (инээв). Хүмүүс их туйлширч байна гэж түрүүн хэлсэн дээ. Тэгээд энэ туйлд байгаа хүн үзэл бодлоо илэрхийлэхээр нөгөө туйлд нь байгаа хүмүүс жигшиж, ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдаж байна. Үзэл бодол, үнэт зүйл, зарчим ялгаатай байж болно шүү дээ. Битгий бие биедээ тэгж хандаач гэж хэлмээр байна.

Б.Цолмон: Залуустаа хандаж сониуч, нийгэмдээ оролцоотой, идэвхтэй иргэн байгаарай гэж хэлье.