Дэлхийн 200 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн, эрүүл мэндийн хамгийн том байгууллага болох ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олныг энэ удаагийн дугаартаа урин оролцуулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах тогтолцоог бэхжүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг баталгаажуулахын төлөө ажилладаг тус байгууллагыг төлөөлөн Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй мэргэжилтнүүд ажлын арга барил, үйл явц, үзэл бодлоосоо хуваалцлаа. Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтөд онцгой үүрэгтэй хамт олонтой танилцана уу.

Байршил: Олимпын гудамж-2, Засгийн газрын VIII байр, Эрүүл мэндийн яам

Сошиал хуудсууд: World Health Organization Mongolia (Facebook), WHO Mongolia (Twitter)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица


Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:
Бага байхдаа аав шигээ Оросын тэнгисийн флотын цэрэг болно гэж мөрөөддөг байлаа. Гэтэл эмч зүрх судас муу, болохгүй гэж билээ (хожмоо, илүү нарийн техникээр эрүүл болох нь тогтоогдсон). Дараа нь мэс заслын эмч болъё гэж бодох боллоо. Ингээд Москвагийн улсын нэгдүгээр анагаах ухааны их сургуульд элссэнийхээ дараа дан клиникийн чиглэлд ажиллах сонирхолгүйгээ мэдээд, халуун орны өвчнүүдийг сонирхож судалж эхэлсэн. Москвагийн паразит болон халуун орны анагаах ухааны хүрээлэнд элсэж, нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байхдаа Азербайжан, Тажикистан, Туркменистан зэрэг Төв Азийн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад очиж, хумхаа тэргүүтэй олон төрлийн өвчнийг судалсан. Улмаар халдварт өвчний чиглэлээр илүү мэргэшихийг хүссэн учир Москвагийн вирус судлалын хүрээлэнд орж, докторын зэрэг хамгаалсан. Улаанбурхан, улаанууд зэрэг олон өвчний судалгаа хийдэг лабораторитой, цэцэг өвчнийг дарах дэлхий нийтийн тэмцэлд ихээхэн хувь нэмэр оруулсан, алдартай хүрээлэн л дээ. Доктор болсныхоо дараа АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-ийн удирдлага дахь олон улсын хөтөлбөрт орж, Этиопт хагас жил полиовирусийг устгах чиглэлээр ажилласан. Харин 2003 оноос ДЭМБ-ын Бангладеш дахь суурин төлөөлөгчийн газрын дархлаажуулалтын хөтөлбөрийг удирдан 8 жил ажилласан. Улаанбурхан өвчнийг дарж чадсан нь карьерын маань онцлох амжилтуудын нэг гэж боддог. Бид Өмнөд Азийн хэмжээнд хийгдсэн, дархлаажуулалтын томоохон кампанит ажлуудын нэгийг удирдаж, нэг сарын дотор есөн сартайгаас 10 настай хүртэлх 55 сая хүүхдийг улаанбурхны эсрэг вакцинжуулсан. Үүний дараа Филиппинд төвтэй, Номхон далайн баруун бүсийн төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийг хариуцахаар болов. 37 улс, нутгийг хамардаг томоохон бүс нутаг учраас маш олон төрлийн арга хэмжээг хослуулж авч явах хэрэгтэй болсон доо. Энэ ажлынхаа хүрээнд анх 2011 онд Монголд ирж, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байлаа. 2017 онд Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ирж, өнөөг хүртэл ажиллаж байна. Монголд удаан ажиллаж амьдрах бодол бий.

Халдварт өвчин ба дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа: Би эмч болохыг багаасаа л мөрөөддөг байлаа. Анагаахын их сургуулийг 1996 онд төгсөөд өнөөг хүртэл мэргэжлээрээ тууштай ажиллаж явна. ХӨСҮТ-д хүний их эмчээр ажиллаад “Глобал” сангийн ДОХ, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр зохицуулах мэргэжилтнээр 10 жил ажилласан. ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ДЭМБ-д халдварт өвчин ба дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Стратегийн менежментийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа: Хүний их эмч мэргэжилтэй. 2004 онд ЭМШУИС-ийг төгсөөд, 2009 онд Австралид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Австралиас төгсөж ирээд ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаад, 2018 оноос ДЭМБ-д халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Эх, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд, эрүүл насжилт, орчин болон хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Дэлгэрмаа: 1996 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Аав ээж хоёр маань эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэг Монголдоо хамгаалаад, улмаар Израилийн Еврейн их сургуульд суралцаж, 2003 онд нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг, 2008 онд ХБНГУ, ЭМШУИС-ийн докторын хамтарсан хөтөлбөрийг дүүргэж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. АШУҮИС-д, дараа нь дөрвөн жил Японы Фүкүока мужийн Орчин болон хөдөлмөрийн эрүүл мэндийн их сургуульд багшилсан. Үргэлжлүүлж ажиллах боломж байсан ч нутаг буцахаар шийдээд Монголдоо ирж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Анх анагаахын чиглэлээр суралцаж байхад нийгмийн эрүүл мэндийн чиглэл дөнгөж л хөгжиж эхэлж байлаа. Өвдсөн хүнийг эмчлэхээс илүү өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллая гэж шийдсэн минь зөв байжээ гэж боддог. ДЭМБ-д долоо дахь жилдээ ажиллаж байна.

Анагаах ухааны доктор В.Дэлгэрмаа


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Захиргааны ажилтан Б.Бат-Эрдэнэ: Өглөө эрт босоод хүүхдийнхээ цайг бэлдэж өгчхөөд ажилдаа явдаг. Тэгж гэмээнэ тайван суух, ажилдаа төвлөрөх нөхцөл бүрддэг юм. Төлөвлөсөн ажлуудаа зэрэг эхлүүлээд хамгийн яаралтайгаас нь эхлүүлээд гялс явуулна. Би захиргаа, санхүү, хүний нөөцөө удирдаж ажилладаг учир төлөвлөгөөт ажлын дундуур зөвлөгөө асууж, гарын үсэг зуруулах гэх мэтээр хүсэлт олон ирнэ, их л хурдтай ажиллаж байж амжуулдаг даа. Цаг зав бага учир гэртээ хоолоо бэлдэж авчирдаг. Цар тахалтай холбоотой худалдан авалтуудыг дагасан үнийн санал цуглуулах, зөвлөлдөх, хурал хийх гэх мэт ажил их байна.

Сергей Диордица: Цар тахлаас үүдэлтэйгээр ганцаараа амьдарч байгаа учраас ар гэрийн ажил багагүй байгаа. Өглөө 6 цагийн үед босоод дасгал хийж заншсан. Хөл хориотой үед гарч дасгал хийх боломж хязгаарлагдмал учраас монгол нөхдийнхөө зөвлөсний дагуу Төвдийн таван дасгалыг хийж байна. Өглөөг үүгээр эхлүүлчихсэн байхад өдөржин эрч хүчтэй ажилладаг шүү. Ажлын цаг маань 8.30-17.30 ч гэлээ оройгоор сууж ажиллах үе олонтоо. Менежер учраас байгууллагын ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь харах үүрэгтэй.

С.Болормаа: Өдөр болгон буцалсаар л өнгөрдөг. Налгар өдөр гэж үгүй шүү (инээв). Өглөө 6 цаг өнгөрөөж босоод заавал аяга ус, өглөөний цайгаа ууна. Ажил дээр очоод юун түрүүнд имэйл, outlook calendar-аа шалгадаг. ДЭМБ-ын бүх л ажил нарийн хуваарьтай явагддаг. Суурин төлөөлөгчийн газрынхан маань цөөхүүлээ учраас нэг хүний ажлын хамрах хүрээ өргөн. ЭМЯ, ХНХЯ, ЗДТГ-ууд, Хавдар судлалын төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэхчлэн төрийн шат шатны олон байгууллагатай харилцах нь байнгын ажил минь. Түүнчлэн Женев дэх төв байгууллага, Манила дахь бүсийн төвийн мэргэжилтнүүдтэй байнга мэдээлэл солилцох шаардлагатай учир цагийн зөрүүнээс шалтгаалж зарим өдөр оройн цагаар сууж ажилладаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

П.Анузаяа: Аль болох эрт ажил дээрээ ирээд тухайн өдрийн ажлаа нарийн төлөвлөдөг. Цагийн юмыг цагт нь хийх зарчим миний хувьд хамгийн чухал. Эрсдэлийн менежментээр мэргэшсэн учир ажлаа төлөвлөхдөө эрсдэлийг нарийн тооцоолдог доо. Аливааг хийхдээ сэтгэлээ бүрэн зориулж, аль болох эергээр харж, ажлын бүтээмж, чанарт анхаарч ажилладаг.

Сергей Диордица: Ажлаа чанартай гүйцэтгэхийн тулд сайтар мэдээлэлтэй байх ёстой. Мэдээллээ шүүн тунгааж, юуг дутуу үнэлж, хаана хэт анхаарал хандуулж байна гэхчлэн шинжиж, туршлагадаа тулгуурлан дүгнээд, ажлаа сайжруулах нь миний арга барил юм уу даа. Юуг хийвэл илүү үр бүтээмжтэй байхыг олж харж чадвал, хүмүүсээ оновчтой удирдан чиглүүлж, илүү урам зоригтой ажиллуулж чадна. Цагаа олж урамшуулах, ажлыг нь үнэлэхэд бас анхаардаг. Хүмүүст илүү хариуцлага хүлээлгэж, бүрэн дэмжих үед тэр хүмүүсийн өөртөө болон даргадаа итгэх байдал, үр бүтээмж нь дээшилдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

П.Анузаяа: үзэг, дэвтэр, календарь гэж товчхон хариулъя.

Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг: Төрийн байгууллагууд Telegram түгээмэл ашигладаг. Өнөөгийнх шиг ачаалалтай үед имэйлээр мэдээлэл солилцохоос илүү хурдан, үр дүнтэй байдаг болохоор Telegram нэлээн ашиглаж байгаа. Одоогоор Telegram дээр дөрвөн ажлын хэсэгтэй харилцаж байна. Оройгоор, завтай цагтаа Clubhouse орж хүмүүс юу ярилцаж хэлэлцэж буйг сонсдог.

Хөтөлбөрүүдийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Содбаяр: ДЭМБ дотроо ашигладаг general system of management (GSM) хэмээх санхүүгийн системийг голчлон ашигладаг. Санхүүгийн ажил учир Excel, тооны машингүй өдөр үгүй. Хуралтай ч юм уу, ажилтай холбоотой сануулгыг Alarm апп дээрээ тавьчихдаг.

Сергей Диордица: Ном ихэвчлэн iBooks дээр уншиж, киног Amazon Prime-ээр үздэг. Гэрээс ажиллаж байгаа энэ өдрүүдэд Microsoft Teams, Zoom-гүйгээр ажил төсөөлөгдөхгүй болжээ.

Хүний их эмч С.Болормаа


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Бат-Эрдэнэ: Гарт орчихсон, түргэн хийж чаддаг ажлуудаа эхэлж гүйлгэнэ. Төлөвлөлтөө чамбай хийх нь цаг хэмнэхэд их тустай. Тендерийн болон бусад хурал зөвлөгөөний өдөр, цагийг эртнээс товлочихдог учраас хэлэлцэх, шаардлагатай бүх материалыг урьдчилаад бие биедээ илгээн, уншиж танилцаад орж ирэхийг сануулдаг. Техникийн үзүүлэлт, үнийн санал гэхчлэн бүх нарийн хэлэлцэх зүйлсийг хуралд ормогцоо л ярилцаад эхэлчихдэг учраас үр бүтээмжтэй өнгөрдөг шүү. Хэн нь аль чиглэлд илүү чадварлаг, туршлагатайг анхаарч, тааруулж хуваарилах нь бас цаг хэмнэх нэг арга юм. Манайхан хамт олноороо гар нийлж ажиллаж чаддаг учраас энд харьяалагдаж яваадаа бахархдаг.

Д.Содбаяр: Гараа сайн бол бариа сайн гэдэг, гараа гэдэг нь төлөвлөлт. Ажлаа цаг хугацаа болон ажлын хувьд биелэгдэхүйц байхаар, бусад ажилтайгаа уялдуулж төлөвлөөд, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг тогтмол хянах нь цаг хэмнэх чухал арга. Өөрөө гардаж хийхээс гадна багийн тоглолт чухал. Төлөвлөсөн ажлаа багийнхандаа анхнаас нь ойлгомжтой танилцуулаад, чи энэ чиглэлээр ингэж хувь нэмрээ оруулна гэхчлэн хүлээлтээ тодорхой болгож, эргэх холбоо сайтай байвал үр дүн сайн байна гэж итгэдэг.

С.Болормаа: Аливаа зүйлд өөрийнхөө цагийг зориулж л байгаа бол дараагийн зүйлээ бодоод байлгүй үр дүнтэй хийх нь чухал. "Нэгэнт л цагаа зориулаад уулзаж байгаа хойно үр дүнтэй л байя" гэж нөхдөдөө хэлдэг. Ганц миний цаг алт биш, таных ч мөн адил. Мэргэших нь бас цаг хэмнэх арга. Мэргэших бол урт хугацааны хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Ажлыг гартаа оруулж чадаагүй байх үед цаг их үрэгддэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

П.Анузаяа: Ажлаа зөв төлөвлөж, бэлтгэл ажлаа сайтар хангах нь цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга болов уу. Юун түрүүнд хүрэхийг хүсэж буй үр дүнгээ тодорхойлоод, тэрхүү үр дүнд хүрэхэд хамгаас тохирох, бүтээмжтэй арга замуудыг сонгон, тэр дагуу төлөвлөх нь зүйтэй.

Э.Эрдэнэчимэг: Нийт ажлын жагсаалтаасаа тухайн өдөрт заавал амжуулах яаралтай ажлаа ялган бичдэг хоёр тэмдэглэлийн дэвтэр бий. Олон том асуудалд зэрэг орохгүй, чиглэл чиглэлээр нь бүлэглэн хуваарилах нь цагт хэмнэлттэй. Жишээ нь, өнөөдөр маргааш эрүүл мэндийн санхүүжилт, нөгөөдөр эмийн зохицуулалтын асуудалд анхаарна гэх мэт. Олон чиглэлийн хүмүүстэй уулзах, үйл ажиллагааны санхүүжилтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах гэхчлэн бүхий л ажлуудаа цагт нь амжуулахын тулд амралтын өдрүүдээр ч ажилладаг.

Д.Содбаяр: Өдөр, долоо хоногоор төлөвлөдөг. Тухайн өдөр хийх ажлуудад төдий хугацаа орно гэдгийг бодитоор хараад, нэг их олон зүйл жагсааж бичихгүй байх нь чухал гэж боддог. Аль ажлыг хийчихвэл дараа дараагийн ажилд нэмэр болох вэ гэдгийг мөн харгалзаж хийх ажлынхаа дарааллыг тогтооно.


Хүний их эмч П.Анузаяа


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сергей Диордица: Завтай, боломжтой үедээ хөдөөгөөр аялдаг. Гэхдээ Тэрэлж биш шүү (инээв). Малчин айлд зочлох хэчнээн сайхан. Ойрд хөдөө явж чадахгүй байгаа нь хэцүү л байна. Энгийн үед бол оройгоор усан санд сэлж, алжаалаа тайлдаг.

Би хоол хийх дуртай. Ютүүбээс жор үзээд, янз бүрийн хүнсний материал аваад найзуудаа урьж дайлна. Монгол хоолноос бантанд хамгийн дуртай боловч өчнөөн оролдоод ч өнөө хэр нь хийж ер сурахгүй л байна. Би их нийтэч хүн л дээ. Хүмүүстэй уулзаж, олуулаа цагийг зугаатай өнгөрөөхөөр сэтгэл сэргэж, эрч хүчээр цэнэглэгддэг.

П.Анузаяа: Эрч хүчээ гэр бүлээсээ авдаг. Хоол хийх, үйл урлах дуртай. Аав, ханьдаа даалин оёж өгсөн, одоо хүүдээ оёж байна.

Э.Эрдэнэчимэг: Миний хувьд ажил дээрээ эрч хүч сэлбэдэг арга хэрэгсэл нь кофе. Цайны цагаараа 15-20 минут гарч алхан толгойгоо сэргээдэг. Оройгоор бол ном уншина. Ууланд алхах дуртай.

С.Болормаа: Урт цагаар ажиллаад хэвшчихжээ. Би ажилдаа дуртай. Хөдөө орон нутагт томилолтоор их ажилладаг. Ажлаа дуусгачхаад хөдөө, агаарт амрах шиг сайхан зүйл үгүй. Энгийн үед ажлынхантайгаа агаар салхинд гарч, тэмцээн уралдаан зохиодог л юм, гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ёстой л нам сууж ажиллаж байна. Гэртээ ажиллахаар хөдөлгөөн дутагдаж байгаа нь мэдрэгдэх юм. Тиймээс өдөрт 20 минут ч атугай дасгал хийхийг хичээж байна. ДЭМБ-аас өнгөрсөн оны сүүлчээр дасгал хөдөлгөөний удирдамж гаргасныг хараарай гэж зөвлөе. Дасгал хөдөлгөөн хийхэд тархи ч амардаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

В.Дэлгэрмаа: Улсад 23 жил ажилласны 16-д нь их сургуульд багшаар ажилласандаа ч тэр үү, багшлах дуртай. Хүнд мэдлэг суулгахаас гадна, хүн байхад нь туслах, амьдралын туршлагаа хуваалцаж, зөв хандлага тогтоох гээд багшийн ажил сайхан шүү дээ. Олон жил багшилсан болохоор аль ч аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд очиход шавь, таньдаг хүмүүс л голцуу байж таардаг. Магистр докторын ажил удирдах уу гэх санал үргэлж ирдэг ч ажлын хажуугаар цаг зав үнэхээр хүрэлцдэггүй. Харин үе үе лекц уншдаг шүү.

Д.Содбаяр: Хуулийн бакалаврт эчнээгээр суралцаж байгаа. Хууль судлах сан гэж аль дээрээс л сонирхсон юм. Дан анагаахын чиглэлээрээ ажилласаар ирсэн учраас тун сонирхолтой байгаа.

Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сергей Диордица: Хүн удирдлага дээрээ асуудал шийдүүлэхээр авчирдаг учраас өдөржин элдэв асуудал бодож өнжих нь бий. Сайн зүйлс ер нь сонсохгүй л байна шүү. Шийдэл эрж ирдэг учраас тэр мэдээжийн хэрэг л дээ. Байнга гэрийнхэнтэйгээ хамт байж чаддаггүй нь ийм ажлын бас нэгэн хүндрэлтэй тал юм.

ДЭМБ-д орох болсон шалтгааны нэг нь аялах боломж. Залуудаа нэг газар очоод 3-6 сар ажиллаад өөр газар очъё гэдэг, тэр нь ч үр дүнтэй байсан бол одоо нэг газраа илүү төвлөрч ажиллахыг илүүд үздэг болсон. Илүү өндөр хариуцлагатай ажил ч учраас тийм байхаас аргагүй. Монголд яг цар тахлын үеэр ажиллаж таарсан нь томоохон сорилт, туршлага болж байна.

В.Дэлгэрмаа: Миний ажил дөнгөж төрсөн нярай хүүхдээс авхуулаад амьдралын мөчлөг бүрд эрүүл мэндийг дэмжих асуудлыг хамардаг. Нөхөн үржихүйн, өсвөр үеийнхний, ахмад настны эрүүл мэнд, орчин болон хөдөлмөрийн эрүүл мэнд гэхчлэн асар өргөн хүрээнд ажилладгаараа онцлог. Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөгч нийгмийн болон орчны бүхий л хүчин зүйлийг анхаарч ажилладаг гэсэн үг л дээ. Хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахыг зорьж ажилладгаараа бахархдаг. Олон салбартай тулж ажилладаг нь зарим талаар амаргүй л байдаг юм.

С.Болормаа: Би халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх, хөгжлийн бэрхшээл, сэргээн засах, эрүүл хотын асуудал хариуцаж ажилладаг. Монголчууд маань эрүүл амьдрах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчин туслаа гэхэд бага дээр нь оношлуулж эмчлүүлэхэд анхаарах хэрэгтэй санагддаг. Манай иргэд сум, өрхийн эрүүл мэндийн төдийг алгасаад шууд л төрөлжсөн, төв эмнэлэгт хандах нь түгээмэл байна. Гэтэл ихэнх нь тэнд үзүүлэх шаардлагагүй хүмүүс. Улмаар II, III шатлалын эмнэлгийн ачаалал хэтэрдэг. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг үгүйсгэхгүй, засахын төлөө ажиллаж байгаа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Э.Эрдэнэчимэг: Ковидтой холбоотойгоор манай багийнхны ачаалал эрс нэмэгдсэн. Улсын хэмжээнд мөрдөгдөж буй удирдамж, зааврууд ихэвчлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бичигдсэн шүү дээ. Эмч, эмнэлгийнхэнд зориулсан удирдамжийг шинэчлэн гаргаж, ковидын бус тусламж үйлчилгээг хүмүүс авч чадаж байна уу, ковидын холбогдолтой тусламж үйлчилгээ хэр байна вэ гэхчлэн анхаарч ажиллаж байна.

Д.Содбаяр: 2022-2023 оны ажлаа төлөвлөөд эхэлчихсэн явж байна. Ковидоос үүдээд бусад чиглэлд хандуулах анхаарал сулраад ирэхээр хэрэгжилт удаашрах, өөр ажлуудын санхүүжилтээс зарцуулах зэрэг өөрчлөлт орж байна. Тэр бүрд хянаж зохицуулах, бусад хөтөлбөрөө унагахгүй байх нь миний үүрэг. Хандивлагч, хамтран ажиллагч байгууллагуудаас нэмэлт санхүүжилт босгох ажлыг мөн хариуцаж, энэ сарын эхээр л гэхэд 490 мянган австрали долларын санхүүжилт босголоо. Багийнхныхаа хийсэн ажлыг НҮБ-ын түвшинд тайлагнах нь мөн ажлын минь нэг хэсэг.

Анагаах ухааны магистр Д.Содбаяр

П.Анузаяа: Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах нь Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудын нэг. ХДХВ, сүрьеэгээр дэлхийд жил бүр дөрвөн сая гаруй хүн нас барж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх талаарх ард иргэдийн мэдлэг, боловсрол маш чухал юм.

Цар тахлын энэ үед халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст Ковид-19-ийн эсрэг вакциныг түргэн шуурхай, тэгш хүртээх асуудлаар Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс халдварт өртөх өндөр эрсдэлтэй буй. Энэ тал дээр анхаарч ажиллахын зэрэгцээ нийт хүн амын дунд вакцины талаар зөв ойлголтыг түгээх, итгэл үнэмшил суулгах нь хамгаас чухал болоод байна. Вакцин бол шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэг шүү дээ.

В.Дэлгэрмаа: Эрүүл мэндийн IV, V бүлэгт хамаардаг буюу хэвтрийн, хүний асаргаанд байдаг, архаг, хууч өвчтэй өндөр настнуудад хүрч үйлчлэх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Ковидын тухай мэдээллийг сонин шиг томоор, уншихад амар фонттойгоор хэвлэн түгээж, явуулын эрүүл мэндийн цэгүүд ажиллуулж байна. Улаанбаатарын 7000 орчим настныг гэрээр нь эргэж, хяналт хэрэгжүүллээ. Баян-Өлгий, Сэлэнгэ, Увс аймгуудад мөн энэ чиглэлийн үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн, вакцин хийлгэх хүсэлтэй өндөр настнуудыг тээврийн хэрэгслээр хангаж, дархлаажуултад хамруулахын сацуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хэвтрийн, өөрөө явж хүрч чадахгүй настнуудыг гэрээр нь дархлаажуулах ажлыг ДЭМБ санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж байгаа.

С.Болормаа: Хариуцан ажиллаж байгаа чиглэл бүрийнхээ хүрээнд төвлөрч хийж байгаа ажлууд бий. Тухайлбал, өнгөрсөн жилээс хүүхдийн хавдрын эсрэг глобал санаачилгыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа. 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргэх, хорт хавдартай хүүхдийн амьдралын чанарыг дээшлүүлэх том зорилт тавиад ажиллаж байна. Т.Мөнхсайхан эмч сайд байхдаа нэгдэх нь зүйтэй, хүүхдийн хавдартай тэмцэх төлөвлөгөөтэй болъё гэж дэмжсэний дагуу Монгол Улс энэ санаачилгад нэгдсэн. Гагц ЭХЭМҮТ энэ ажлыг хийдэг биш, төр, төрийн бус, академик гээд бүх шатны байгууллагуудтай харилцан уялдаатай ажилладаг байх, хүүхдийн хорт хавдрыг эрт, зөв оношлох, тууштай эмчлэх, чанартай эм, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, нэгдсэн бүртгэл, хяналтыг сайжруулах, олон улсын хэмжээнд жишиг болж яваа эмнэлэг, судалгаа шинжилгээний төвүүдээс мэргэжил, арга зүйн туслалцаа авах гэх мэт олон ажил энд яригддаг.

Халдварт бус өвчин гэдэгт чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар, уушгины архаг бөглөрөлт өвчин гэх зэргийг авч үздэг. Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш нийт хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор ирсэн өвчнүүд. Үүн дотроо зүрх судасны өвчин нийт хүн амын нас баралтын тэргүүлэх, хавдар хоёрдугаар шалтгаан болсон. Өвдөөд л эмчлээд, өвдөөд л хүндрүүлээд байх юмуу, эсвэл урьдчилан сэргийлэх үү? Анхан шатанд зүрх судасны өвчний менежментийг сайжруулах ДЭМБ-ын “HEARTS” гэдэг цогц интервенц бий. Манайхаас ЭМЯ-тай 2019 оны эхээр энэ тухай нарийн ярилцаж, бүсийн төвтэй зөвлөлдөж, “MongPEN” гэдэг санаачилгыг эхлүүлсэн. Манай улсад эрүүл мэндийн анхан шатны нийт 536 төв бий. Бид загвар байдлаар Дархан-Уул аймаг, СХД-ийн нийт 16 сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгжүүлсэн. Ийн жил гаруй хэрэгжүүлэхэд 2020 онд тархины харвалтаас үүдэлтэй нас баралт Дархан-Уул аймагт 2.5, СХД-т 1.4 дахин буурсан гэх үр дүн гарсан. 2021 онд энэ ажил Дархан-Уул аймаг, СХД-т үргэлжилнэ, нэмж таван аймагт хэрэгжинэ. Мөн зонхилон тохиолдож байгаа сэтгэц, мэдрэл, донтолтын эмгэгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн төрөлжсөн бус түвшинд буюу сум, өрх,аймаг, дүүргийн түвшинд нэгтгэн үзүүлэх "mhGAP" хөтөлбөрийг эхлүүлээд явж байгаа. Сэтгэл гутрал, эпилепси, хүүхэд өсвөр үеийн сэтгэц, зан үйлийн эмгэгүүдийг илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай үзүүлснээр хүндрэлээс сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн лавлагаа шатлалын ганц төв болох СЭМҮТ-ийн ачааллыг бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх нийтлэг ойлголт, мэдлэг, хандлага сайжрах учиртай. Энэ ажлууд маань урт хугацаанд, тасралтгүй, тогтвортой явагдаж байж үр дүнгээ өгнө.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

В.Дэлгэрмаа: Хүн насан туршдаа суралцдаг гэж итгэдэг. Гүйцэд, төгс суралцана гэж ер нь байдаггүй болов уу. ДЭМБ-аас мэргэжил, арга зүйтэй холбоотой олон удирдамж, зөвлөмж гаргадгийг тухай бүрд нь алдалгүй уншихыг хичээдэг. Хамтран ажиллаж буй хүмүүсээсээ, зөвхөн манай оффис гэлтгүй бүсийн бусад байгууллагын мэргэжилтнүүдээс суралцана. ДЭМБ-ын бүх ажилтнуудад нээлттэй байдаг, iLearn гэж сургалтын хөтөлбөр бий. Манлайллаа хэрхэн нэмэгдүүлэх вэ, олон салбарын хүмүүсийг яаж нэг цэгт хандуулах вэ гэхчлэн төрөл бүрийн чиглэлээрх сургалтууд байдаг учир аль болох л олон хамрагдахыг хичээдэг юм.

Би долоо хоногт нэг ном унших зорилт тавьдаг. Мэргэжлийн, уран зохиолын, ямар ч ном байж болно. Сүүлийн таван жилийн турш зорилтоо биелүүлж, ачаалал ихтэй үедээ ихдээ л арван хоногт нэгийг уншиж ирсэн. Ном унших бол өөрийгөө хөгжүүлэх том боломж шүү дээ. Сонгодог зохиолуудаас түүхэн хөгжлийн үеүдэд хүмүүс ямар амьдрал, философи, хандлагатай байсныг таньж мэдэж болдог нь сайхан. Манлайллаа нэмэгдүүлэх, карьераа өсгөх чиглэлээр бас ном уншдаг. Илүү гэгээлэг, өөдрөг зохиолыг илүүд үздэг. Үзэж дуулж, уншиж байгаа зүйлс гэгээлэг байвал амьдралд эергээр нөлөөлөөд байх шиг санагддаг.

Захиргааны мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

В.Дэлгэрмаа: Манай улсын хүн амын бүтцэд залуу насны хүмүүсийн эзлэх хувь өндөр байдаг. Монгол Улсын ирээдүйг түүчээлэх залуустаа боломж л гарвал ном уншаарай гэж зөвлөөд, дараах хоёр номыг санал болгохыг хүслээ. Израилийн ерөнхийлөгч асан Шимон Пересийн ирээдүйн лидерүүдэд хандан бичсэн "No Room for Small Dreams" (монгол хэлнээ Ц.Мөнх-Оргил хөрвүүлэн гаргасан), зохиолч Мигель Руизын "The Four Agreements: Practical Guide to Personal Freedom"-ыг уншаарай. Мигель Руизын номд зөвлөсөн, нийгмийн харилцаанд баримтлах дөрвөн зарчмыг мөрдлөг болгож чадвал ажил, амьдралын зорилгодоо хүрэх зам харьцангуй тэгшрэх юм шиг санагддаг.

Б.Бат-Эрдэнэ: Залуу байхад төрөл бүрийн олон ном уншдаг байлаа. Одоо бол ихэвчлэн түүхэн сэдэвт, ялангуяа Монголын эртний хаад, хатдын тухай ном унших дуртай. "Сайн хаан Бат", "Хавт Хасар", “Ногоон нүдэн лам” тэргүүтэй түүхэн сэдэвт номуудыг шимтэж уншсан.

Сергей Диордица: Би мэдээ маш их уншдаг учраас ном уншихад хангалттай цаг гаргаж чаддаггүй. Завтай үедээ намтар зохиол унших дуртай. Залуус намтар зохиол сайн уншаасай. Сүүлд уншсан номуудаас “Modern Diplomacy” гүн сэтгэгдэл үлдээсэн. Дандаа л цахим хэлбэрээр уншиж байна.

С.Болормаа: Одоогоор ажил, мэргэжлийн холбогдолтой ном уншихаас өөрөөр номд цаг гаргаж чадахгүй л байгаа. Жишээ нь одоо миний ширээн дээр ДЭМБ-ын “Номхон далайн баруун бүсийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2030” гэдэг товхимол байна. Хүмүүст үүнийг унш гэж зөвлөлтэй биш, тийм ээ? (инээв).

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Б.Бат-Эрдэнэ: Хүн яг надад хандаж өгсөн гэхээс илүү, бусдыг ярьж байхад тусгаж аваад, үүнийг өөр дээрээ хэрэгжүүлмээр юм байна, би үүн дээрээ анхаармаар юм байна гэхчлэн анхаарч үздэг.

Д.Содбаяр: Лабораторийн эрхлэгч хийдэг байхад нэг танил маань “Шинэ ажилд ормогцоо байдгаар нь өөрчлөх гэх хэрэггүй. Эхлээд системийг нь сайн хар, мэдэр, яагаад өнөөг хүртэл ингэж явж ирснийг ойлгохыг хичээ. Удалгүй ойлгоно, өөрчилье гэхэд яг яаж өөрчилбөөс зохилтойг олж харж чадна. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс өөрийн үзэл бодолтой, арга барилтай, тэр бүхэн зүгээр л тэгээд тогтчихсон юм биш, нэг учир бий” гэж хэлсэн юм. Үүнийг санаж явдаг.

С.Болормаа: Бага ахуйгаас аав ээж маань хэдий чинээ хөдөлмөрлөнө, хичээл ном, ажил хөдөлмөртөө хэчнээн цаг гаргана, төдий чинээ үр дүн гарна гэж сургаж, өөрөөрөө үлгэрлэж харуулдаг байсан. Гэнэтхэн мундаг болно гэж ерөөс үгүй болов уу.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Д.Содбаяр: Аминч хувиа бодсон биш л байгаасай. Ямар ч мундаг хүн ганцаараа ихийг бүтээж чадахгүй. Багийн тоглолт хамгаас чухал. Бүгд шилдэг, сайн нь байх ч шаардлагагүй. Зөв хандлагатай л байхад хамтын хүчээр урагшилж чадна.

Сергей Диордица: Хүссэндээ хүрч чадаагүй бол бухимдах хэрэггүй. Цаг нь ирэхээр хүсэл зорилго бүтнэ. Олдсон боломжуудыг алдалгүй ашиглаарай л гэж хэлмээр байна.

С.Болормаа: "Гэнэтхэн харвасан, зүрх нь зогссон гэнэ" гээд л хүмүүс ярьдаг. Гэнэтийн байдаггүй юм аа. Санамсаргүй осол, гэмтэл бол гэнэтийн, машинд мөргүүлэх бол гэнэтийн. Харин дээрх бол цусны даралтаа хянахгүй, стрессээ тайлахгүй, өөх тос, давс, сахар ихтэй хоол идэж, дасгал хөдөлгөөн хийхгүй, тамхи татаж, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх зэрэг буруу хэвшилтэй явснаас үүдэлтэй. Хүзүү хөшөөд байна, нэг эм уучихъя гээд хамаагүй эм уучихна, ингэж явсаар нэг мэдэхэд хэдэн жил болчихно, нэг л өдөр харвана, шигдээс болно. Нэгэнт ингэсэн хойно эргүүлэх маш хэцүү. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж бай гэж зөвлөмөөр байна. Өвчтэй хүмүүс л эмнэлэгт очдог юм биш. Хамгийн төгс төгөлдөр зүйлс энгийн байдаг гэдэг дээ. Хувь хүн эрүүл мэндээ хамгаалах бол сансрын шинжлэх ухаан шаарддаг зүйл биш. Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, архи, тамхинаас зайлсхийх, стрессээ зөв тайлах гэх мэт энгийн гэмээр зүйлсийг хэрэгжүүлэх тухай л юм шүү дээ.

Тамхи гэснээс, бүх төрлийн ганган чамин савлагаатай электрон тамхи, усан тамхи, янжуур, ороодог, ороодоггүй дүнсэн тамхи эрүүл мэндэд асар хортой гэдгийг охид, хөвгүүдэд анхааруулъя. Никотинтой, никотингүй, элдэв жимс, гааны амттай гээд л аль нь ч онц ялгаагүй.