Бид өглөө бүр CU-гийн салбараас халуун кофе, шинэхэн хоол авч, хэрэгцээт бүхнээ хялбархан олж авдаг. Харин энэхүү тасралтгүй нийлүүлэлтийн ард хэдэн зуун хүний нөр их хөдөлмөр, нарийн систем, секундээр хэмжигдэх төлөвлөлт байдгийг тэр бүр анзаардаггүй билээ.
Тиймээс бид энэ удаагийн зочдоор Тээвэр болон Хуурай түгээлтийн хамт олны төлөөллийг урьж оролцууллаа. Тэд бол бидний нүдэнд харагддаггүй ч түгээлтийн хүрдийг тасралтгүй эргүүлж, хэрэглэгчийн гарт чанартай бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэхийн төлөө сэтгэл гарган ажилладаг эрхмүүд юм. Ингээд CU-гийн амжилтын нэгээхэн хэсэг болсон тэдний ажлын арга барил, сонирхолтой түүх болон дотоод соёлтой танилцъя.
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 2022 онд их сургуулиа бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, үндсэн мэргэжлийнхээ дагуу ложистик болон тээвэр зуучийн салбараас ажлын гараагаа эхэлж байв. Энэ хугацаанд ажлын суурь туршлага хуримтлуулсан ч бизнесийн дотоод тооцоолол, үйл ажиллагааны нарийн үйл явцыг удирдах нь илүү сонирхолтой санагдсан юм.
Ингээд 2024 оны аравдугаар сард CU-д Категори мэргэжилтнээр орж байлаа. Тухайн үед ажлын зарыг нь тэдний сошиал хуудсаас олж хараад, эргэлзэх зүйлгүй хүсэлт явуулж байсан. Анх намайг ажилд ороход манай баг байгуулагдаад дөнгөж нэг сар болж байсан учраас бүх ажлаа тэгээс нь эхэлж, системээ цэгцлэх шаардлагатай байсан юм. Туршилтын хугацаанд агуулахын дотоод бүтэц, ажлын урсгал нь маш тодорхой, системтэй байсан нь надад таалагдаж, энэ байгууллагад тууштай ажиллахад нөлөөлсөн гэж хэлж болно.
Өнгөрсөн оны есдүгээр сараас Ахлах категори мэргэжилтэн болон дэвшиж, одоо таван хүнтэй багийг удирдаж байна. Энэ хугацаанд агуулах дахь хүнсний болон хүнсний бус бүх төрлийн категори дээр ажиллаж үзсэн нь салбарынхаа онцлогийг таньж мэдэх туршлага болжээ.
Тухайлбал, өнгөрсөн зун манайх хажуугийн "Б" агуулахаа ашиглалтад оруулсан юм. Тэр үед бүх барааг нүүлгэх, шинээр байршуулах дата бэлтгэл дээр манай баг нэлээд төвлөрч, гардан ажилласан. Үр дүнд нь бараа бүтээгдэхүүнийг ангилал буюу категориор нь ялгах боломж бүрдэж, одоо шингэн хүнс болон бусад төрлийн бараа тус тусын хэсэгтээ маш цэгцтэй байршдаг болсон. Ер нь CU-гийн ложистикийн системийн урсгал маш тодорхой байдаг нь надад их таалагддаг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би механик инженер мэргэжилтэй. 2021 оноос хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Миний CU-д орсон түүх их сонирхолтой. Эхнэр маань CU-гийн салбарын менежерээр ажилладаг байсан юм. Эхнэрээ ажилд нь хүргэж өгөх бүрд CU-гийн логотой цагаан Бонго машин ирээд бараагаа буулгаж байхыг хардаг байлаа. Харах бүрдээ энэ их түгээлтийг ямар компани, яаж удирддаг юм бол гэх сонирхол эрхгүй төрнө. Тэгээд л тэдний нэг хэсэг болж, хамтран зүтгэх сэн гэж их судалсан. Тийнхүү ажлын зар гарахыг хүлээж байгаад материалаа явуулж байв. Хүнээ авчихсан болов уу гэж санаа зовж байтал хэд хоногийн дараа залгаж, ярилцлага, шалгалтандаа тэнцсэнийг дуулгаж байлаа. Ийнхүү хүссэн ажилдаа өнгөрсөн оны тавдугаар сард орсон доо.
Одоогоор би Инженер техникийн албаа ахалж, доороо нэг шалгах механик, хоёр засварчны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бид нийт 76 нэгж техникийн бэлэн байдлыг хангаж, түгээлтийн үйл ажиллагааг 24 цагийн турш тасралтгүй явуулах үүрэгтэй.
Миний ажлын өдөр өглөө 09:00 цагт Тээврийн төвийн диспетчерээс мэдээлэл авахаас эхэлнэ. Шөнийн ээлжид явсан жолооч нар "ийм дуу гарлаа, гэрэл шатлаа" гэх мэт хүсэлтүүдээ үлдээсэн байдаг юм. Тэдгээрийг эрэмбэлж, хамгийн түрүүнд яаралтай засах болон сэлбэг нь бэлэн байгаа машинуудаа төлөвлөөд засварт оруулдаг. Ажлын цаг 19:00 цагт дуусдаг ч, зам дээр машин эвдрэх эсвэл гэнэтийн дуудлага ирвэл хэдийд ч хамаагүй багажаа аваад гарахад бэлэн байдаг даа.

Манай байгууллага нийлүүлэлтийн сүлжээний төвлөрсөн удирдлага, хяналт болон үр ашигтай байдлыг үйл ажиллагааныхаа гол зарчим болгон ажилладаг. Иймд бид салбар дэлгүүрүүдээр борлуулагдаж буй бүтээгдэхүүнийхээ 99.9 хувийг өөрсдийн нэгдсэн түгээлтийн системээр дамжуулан хүргэдэг юм. Бүтээгдэхүүн бүрийг эрүүл ахуйн стандартын дагуу, салбаруудын захиалгад үндэслэн бэлтгэж, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэхийг бид нэн тэргүүнд зорьдог.
Энэхүү оновчтой шийдэл нь нэг дэлгүүрт ирэх байсан 20 гаруй жижиг хүргэлтийг нэг болгон багцалж, үйл ажиллагааны зардлыг хэмнэхээс гадна цаг хугацааг ихээхэн хөнгөвчилж байгаа юм. Түүнчлэн бид хотын авто замын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах үүднээс нийт хүргэлтийнхээ 80 орчим хувийг оройн 20:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд буюу замын хөдөлгөөн бага үед зохион байгуулж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр CU-д ажилд орж байлаа. Үүнээс өмнө CU-гийн дэлгүүрүүдийг мэддэг байсан ч арын албанд нь ийм том үйлдвэрлэл, ийм том баг ажилладгийг огт мэддэггүй байсан юм. Зүгээр л газрууд бараагаа авчраад дэлгүүрт өгчихдөг байх гэж боддог байв. Гэтэл орсныхоо дараа томоос том агуулах, системтэй түгээлтийн сүлжээ байдгийг хараад үнэхээр гайхсан.
Намайг анх ажилд ороход Тээврийн төв дөнгөж байгуулагдаад 20 орчим хүнтэй байлаа. Одоо нэг жил гарны дараа бид 119 хүний бүрэлдэхүүнтэй том баг болж чадсан байна. Оффисын барилгын ажил дуусаагүй байхад бүгд хамтдаа цэвэрлэгээгээ хийгээд л ажлаа эхэлж, ажилд орж байгаа хүн бүртэйгээ биечилж уулзаж байсан болохоор бүгд их дотно санагддаг.
Миний хувьд хамгийн түрүүнд тухайн хүний хандлагыг хардаг арга барилтай. Ур чадвар мэдээж чухал ч гэлээ хувь хүний хандлага бол байгууллагын соёлын үндэс. Хандлага сайтай хүн багтаа хурдан дасан зохицож, хамт олондоо эерэг нөлөө үзүүлдэг. Байгууллагын уур амьсгал эрүүл, эерэг байх нь шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хандлагаас шууд хамаардаг тул үүн дээр их ач холбогдол өгдөг.
Өнгөрсөн жил бид багаа томруулах дээр анхаарсан бол энэ жилээс тогтворжуулж, дотоод идэвхжүүлэлт, сургалт хөгжил рүү чиглэсэн ажлуудыг төлөвлөөд байна.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажлын орчинд ERP программ болон Canva хоёрыг ашиглахгүй байж чаддаггүй. ERP дээр ажилчдын цаг бүртгэл, хүний нөөцийн бүх функц байдаг бол Canva-г дотоод идэвхжүүлэлтийн постер, мэдээлэл бэлтгэхэд ашигладаг.
Харин хувьдаа YouTube-гүйгээр нэг өдрийн ч ард гарч чадахгүй байх. Гэрээс ажил руу, ажлаас гэр рүү явах тэр хугацаа бол миний хувийн орон зай. Энэ үед би чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсож, бодолдоо төвлөрөх дуртай. Сэтгэл санаа унасан үед намайг сэргээж, шинэ санаа олоход тусалдаг ганц апп.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Тээврийн төвийн Инженер техникийн албаны ахлах Б.Даваасүрэн
Гол нь системтэй төлөвлөлт. Ажлаа жагсааж бичээд, хамгийн үр өгөөжтэйгөөс нь эхэлдэг. Мөн багийн ажиллагаа маш чухал. Бид эрсдэлээ хамтдаа тооцоолж ярилцсанаар миний хараагүйг багийнхан маань олж харж, цаг алдахаас сэргийлдэг.
Мөн зам дээр машин эвдэрсэн үед жолоочтойгоо шууд холбогдож, 5 асуултын шалгуураар анхны оношийг тодорхойлдог. Хэрэв газар дээр нь засах боломжтой бол сэлбэгээ аваад шууд очно, боломжгүй бол ачааг нь өөр машинд шилжүүлж түгээлтийг тасалдуулахгүй байх шийдвэрийг хурдтай гаргах шаардлагатай.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Компаниас зохион байгуулсан менежерийн сургалтад суугаад нэг чухал зүйл сурсан нь аливаа ажлыг эхлэхдээ зорилгоо зөв тодорхойлох. Тэр ч утгаараа би ерөнхий зорилгоо гаргаад, жижиг хэсгүүдэд хуваан төлөвлөх арга барилтай. Ихэнх хүмүүс хамгийн том ажлаас нь эхэлдэг бол миний хувьд эсрэгээрээ хамгийн энгийнээс нь эхэлж датагаа цуглуулахыг илүүд үздэг. Ингэж бүрэн бэлтгэсэн датандаа тулгуурлан чухал, том ажлуудаа алдаагүй, үр дүнтэй амжуулдаг даа.
Мөн манай баг үйл ажиллагааны төлөвлөлтдөө хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж эхлээд байна. Ингэснээр зах зээлийн эрэлтийн хэлбэлзлийг илүү нарийвчлалтай тооцоолж, өөрчлөлтөд шуурхай, уян хатан хариу үйлдэл үзүүлэх боломж бүрдсэн. Энэхүү технологийн шинэчлэл нь бүтээгдэхүүний бэлэн байдлыг тогтвортой хадгалахын зэрэгцээ нөөцийн удирдлага, тээвэрлэлт болон хөрөнгийн ашиглалтыг хамгийн оновчтой түвшинд төлөвлөх нөхцөлийг бүрдүүлж, ажлын бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Шинэ хэл сурах дуртай. Аливаа гадаад хэл сурах үйл явц нь өөрөө эрч хүч өгдөг юм. Харин ажлын ачааллаас ангижирч, амрах үедээ бясалгах эсвэл гар урлал хийж, нэхмэл нэхдэг. Ингэж анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэн чимээгүй суух нь сэтгэл санааг тайвшруулж, дараагийн ажлаа эрч хүчтэй хийхэд тусалдаг шүү.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би ШУТИС-ийг Хүнсний микробиологи, биотехнологич мэргэжлээр төгссөн. CU-д 2023 оны наймдугаар сараас эхлэн Хүнсний эрүүл ахуйчаар ажиллаж байна. Миний хувьд CU-гийн салбар дэлгүүрт нийлүүлэгдэж буй бүх бүтээгдэхүүний хүлээн авах, хадгалах, тээвэрлэх явцад хүнсний аюулгүй байдал, чанарын стандартыг алдагдуулахгүй байх тал дээр төвлөрч ажилладаг. Тодруулбал, бараа бүтээгдэхүүний хадгалалтын температур, тээвэрлэлтийн горим, агуулахын орчны цэвэрлэгээ, ариутгал зэрэгт тогтмол хяналт тавьдаг гэсэн үг.
Миний хувьд дартсын спортоор хичээллээд яг нэг жил болох гэж байна. Манай компани ажилчдынхаа амралт, чөлөөт цагт ихээхэн ач холбогдол өгдөг нь энэ төрлийн спортод дурлах гол хөшүүрэг болсон. Оффис дээр дартс тэргүүтэй хэд хэдэн тоглоом байдаг болохоор цайны цагаараа тоглож, ур чадвараа тогтмол ахиулдаг. Мөн зөвхөн оффисоор хязгаарлагдахгүй, оройдоо спортын клубүүдээр очиж, илүү өрсөлдөөнтэй орчинд бэлтгэл хийдэг. Техникийн хувьд YouTube-ээс мэргэжлийн тоглогчдын бичлэгийг судалж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг дээ. Ойрын хугацаанд улсын аваргын чансаа олгох тэмцээнүүдэд хүч үзэж, өөрийгөө шинэ түвшинд сорих зорилготой байна.


9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Тээврийн төвийн Инженер техникийн албаны ахлах Б.Даваасүрэн
Хариуцлагатай бөгөөд хэцүү тал нь гэнэтийн эвдрэлүүд. Орон нутаг руу явсан машины араас байнга санаа зовно. Баяр ёслол, гэр бүлийн тэмдэглэлт өдрүүдээр ч дуудлага ирвэл шууд л явах хэрэгтэй болдог. Мөнхийн бэлэн байдалд байх ёстой юм.
Харин эерэг тал гэвэл эвдрэхээс нь өмнө төлөвлөж, урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэснээр санхүүгийн зардлыг хэмнэж, үр өгөөжийг нь тооцож болох давуу талтай. Хамгийн гоё нь газар дээрээ оновчтой шийдвэр гаргаж, түгээлтийг тасалдуулахгүй дахин хөдөлгөөнд оролцуулах тэр мөч сайхан санагддаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Хуурай түгээлтийн төвийн Хүнсний эрүүл ахуйч Б.Пүрэвхүү
CU-гийн агуулахуудыг хариуцдаг "Premium United" компанийн хэмжээнд чанарын тусгай стандартуудыг нэвтрүүлж, түүнийг хэрэгжүүлэх мэргэжлийн багтай болох төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор удирдлагууддаа энэ талаарх мэдээллийг өгч, хэнийг чадавхжуулах сургалтуудыг судалж эхлээд байна. Хүнсний салбарт стандарт гэдэг хамгийн чухал зүйл учраас үүнийг илүү өндөр түвшинд гаргахыг хүсэж байгаа минь энэ.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Бидний ажил суугаа, хөдөлгөөн багатай тул дартсаас гадна гар бөмбөг тоглож, фитнесээр хичээллэж байна.
Харин мэргэжлийн хувьд хүнсний стандарт, судалгаануудыг цахимаар байнга судалж, шинэ мэдээлэл хардаг. Манай байгууллагаас ажилчдаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь сайн дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээлэл, сургалтаар хангадагт нь баяртай байдгийг энэ ташрамд дурдах нь зүйтэй болов уу.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Тээврийн төвийн Инженер техникийн албаны ахлах Б.Даваасүрэн
Би түүхэн сэдэвтэй уран бүтээлүүдэд их дуртай. Хамгийн сүүлд Шүүдэрцэцэг зохиолчийн "Улаан могой" 1, 2-р номыг нь уншиж дуусгасан. Мөн залуустаа Тодко Самсоны "Вангийн нулимс" цувралыг санал болгомоор байна. Энэ бүтээл олон газраар аялуулахын зэрэгцээ түүх, соёл, нийгмийн өрсөлдөөнийг оновчтой тайлбарласан байдаг.
Киноны хувьд "Шар гэгээ" их таалагдсан. Монголчуудын уламжлал, хүүхэд өргөж авах дэг жаяг, цээр гээд их сургамжтай кино. Дуу хөгжмийн хувьд ч түүхэн киноны дуунуудыг сонсох дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хуурай түгээлтийн төвийн Ахлах категори мэргэжилтэн Б.Буянхишиг
Манай менежерийн өгсөн нэг зөвлөгөө бий. "Аливаа даалгаврыг авахдаа дуусгах хугацаагаа маш сайн тооцоолж байж хэлж бай" гэж хэлж байсан юм. Өмнө нь би удирдлагадаа сайн харагдах, хурдан шуурхай байх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн маргааш гэхэд бэлэн болгочихно гэж амлаад хугацаандаа амжихгүй сандрах тохиолдол бишгүй гардаг байсан. Одоо бол ажлынхаа ачаалал, гүйцэтгэх хурдаа бодитой үнэлж, хугацаагаа зөв тооцоолж хэлдэг болсон. Энэ нь эргээд баг хамт олон болон удирдлагын дунд итгэлцэл үүсгэхэд чухал хөшүүрэг болдог.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Стресс тулгарахад "Яана аа, одоо яах вэ?" гэж асуухаар гацаад байдаг юм шиг санагддаг. Харин "Юу хийх вэ?" гэж асуухад тархи шийдэл хайж эхэлдэг. Асуудал аль хэдийн гарчихсан бол түүнийг хүлээн зөвшөөрч, юу хийх вэ гэдэгт төвлөрөн тайван хандах нь гаргалгаа илүү хурдан олоход тусална. Энэ аргыг би өөр дээрээ хэрэгжүүлдэг болохоор та бүхэн ч бас хэрэгжүүлээд үзээрэй.
Энэ ташрамд, баг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би ганцаараа энэ хүмүүсийг бүрдүүлсэн юм биш. Өдий хүртэл хамтдаа хичээсэн оффисынхондоо, мөн бүх ачааллыг нуруун дээрээ үүрч яваа жолооч, туслахууддаа баярлалаа. Жолооч нар маань машинаа цэмцийтэл угаачихсан, ажилдаа сэтгэлээсээ хандаж байгааг нь харах, бусдаас тэдний талаар сайн сайхан үг сонсох надад хамгийн их урам зориг өгдөг. Цаашдаа илүү олон шинэ санаа гаргаж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.




