Цар тахлын үеэс хойш нэг хэсэг монголд шинэ апп, веб, платформ гээч өдрийн од шиг ховор байлаа. Харин сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, бараг л долоо хоног бүр сонирхолтой хэрэглээтэй шинэ вебүүд мэндэлдэг болсон байна. Үүний шалтгаан нь, програм хөгжүүлэгчдийн ажлыг хөнгөвчлөх хэрэгслүүд элбэг болохын зэрэгцээ огт програмын мэдлэггүй хүмүүс ч гэсэн төрөл бүрийн хэрэгсэл хөгжүүлж болдог болсонтой холбоотой.
Жишээ нь өнгөрсөн долоо хоногт л гэхэд bishguur.mn (ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт байдаг бишгүүр хөгжим тоглоход туслах платформ, үүнийг AI Academy Asia-гийн хиймэл оюуны хөтөлбөрийн хүрээнд багш нар бүтээсэн байна), seremj.mn (Хүүхдийн аюулгүй байдлын асуудал газар авсан энэ үед нэгэн хөгжүүлэгчийн өөрийн санаачилгаар бүтээсэн, олон нийтийн газрдууд дахь аюултай цэгүүдийг тэмдэглэх сүлжээ) гэсэн хоёр платформ анхаарал татав.

Гэхдээ өнөөдрийн нийтлэлээр дээрээс хойш харж, сонжиж яваа gopuujin.mn платформыг туршлаа. Учир нь энэ жилийн ЭЕШ болоход гурван долоо хоног л үлджээ. Тэрчлэн өнгөрсөн саруудад манай “Монгол хэл, бичгийн шалгалтад бэлдэх 7 зөвлөмж” нийтлэл органикаараа маш олон сурагчдад хүрсэн нь редакцын залуу уншигч нартаа зориулан энэхүү нийтлэлийг бичихэд хүргэлээ.
ҮНЭГҮЙ ТЕСТҮҮД
Юун түрүүнд уг платформ руу нэвтэрч ороод ЭЕШ, Улсын шалгалт болон SAT-ийн жишээ бодлого бодож, тест бөглөхөөс гадна яг тухайн шалгалтын өмнөх жилүүдийн бодит бодлогуудыг хийж болно. Одоогоор тус платформ 6,000 орчим бодлогын сантай байгаа гэнэ.
Хариултыг нь мэдэхгүй бодлогоо бодуулж болох нь онцлууштай санагдав. Ингэхдээ хариултыг нь зүгээр л харуулах биш яг яаж бодсон бэ, яагаад энэ хариулт зөв бэ гэдгээ тун дэлгэрэнгүй тайлбарладаг юм байна. Ямар ч шалгалт байлаа гэсэн хоосон цээжлэх биш яг ойлгож бэлдвэл илүү үр дүнтэй шүү дээ.


ТӨЛБӨРТЭЙ СОРИЛУУД
Энгийн тест платформуудаас давуу талтай нэг функц нь оюутны өмчийн эрхтэй буюу бодит хүний зохиосон сорилууд. Эдгээрийг нэг удаадаа 3,500₮ төлөөд эсвэл Pro гишүүнчлэлд хамрагдаад үнэ төлбөргүй бөглөж болно.
Pro эрхийг сарын 29,900 төгрөгөөр авснаар платфомын хөгжүүлсэн бүх л функцийг үнэ төлбөргүй хязгааргүй ашиглаж болох аж. Хэрэв энэ сонголт үнэтэй байвал дэлгэрэнгүй бодолт авахдаа ашиглаж болох зоосуудыг нэгж дүнгээр авч болох юм байна.


СОРИЛ ҮҮСГЭХ БОЛОМЖ
СОРИЛ ҮҮСГЭХ БОЛОМЖ
Бас нэгэн анхаарал татсан боломж нь багш нарт зориулсан функц бөгөөд багш нар сарын 34,900 төгрөг төлөөд сурагчдадаа зориулаад сорил үүсгэж болох аж. Ингэхдээ сурагчдынхаа и-мэйлээр шууд холбоос илгээж, сорил дууссаны дараа дэлгэрэнгүй тайланг харах боломжтой.

GOPUUJIN ГЭЖ ЮУ ВЭ?
ЭЕШ, Улсын шалгалт болон SAT-ийн жишээ бодлого, дасгал ажил, хариулт заавар бүхий веб платформ. Гар утасны аппууд нь мөн хөгжүүлэгдэж байгаа аж. Платформыг Rio Tinto-гийн Монгол дахь салбарт Өгөгдлийн ахлах мэргэжилтнээр ажилладаг З.Мөнх-Эрдэнэ хөгжүүлжээ. Ингэхдээ вебийн загвараа Fireship-ийн нээлттэй платформоос сэдэвлэж, эх кодоор нь бүтээсэн байна. Тэр ч утгаараа дизайны хувьд тун сайн болсон санагдав.
З.Мөнх-Эрдэнэ жилийн өмнө ЭЕШ өгч байгаа дүүгээсээ өөрийнх нь 15 жилийн өмнө бэлдэж байсан арга барил бараг өөрчлөгдөөгүй, шалгалтын формат ч мөн адил хэвээр байгааг олж харжээ. Харин нөгөө талд жил ирэх тусам сурагчдын дундаж оноо буурсаар байсан нь шийдэл хөгжүүлэх сэдэл болсон гэнэ.
Ийнхүү AI-ийн хурд, үр ашиг дээр тулгуурлан хүртээмжтэй, чанартай бүтээгдэхүүн хийж, дүү шигээ сурагчдад туслах, цаашлаад боловсролын тэгш бус байдлыг багасгахад хувь нэмрээ оруулахаар болсон байна. Өдгөө тус платформ 6,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд тэр дундаа Хөвсгөл аймгийн сурагчдын хэрэглээ тун өндөр байгаа гэнэ шүү.
Хэрэв та бусдад хэрэгтэй, сонирхолтой платформ, веб, апп хөгжүүлж байгаа бол editor@unread.today и-мэйлээр бидэнд хэл хүргээрэй. Оновчтой шийдлүүдийг онцлохдоо үргэлж бэлэн!

Сэтгэгдэл бичих

