Эрхэм бүхнээ эрсдэлээс хамгаалах цогц шийдлийг санал болгож буй Практикал даатгал компанийн хамт олныг энэ удаагийн нийтлэлдээ онцоллоо. Манай нийгэм даатгалын үйлчилгээг нэг төрлийн луйвар, мөнгөө хий дэмий зүйлд зарахын нэмэр гэх мэт сөрөг өнцгөөр ойлгох нь олонтоо. Гэвч үнэндээ даатгалын үйлчилгээ бидэнд учирч болох гэнэтийн санхүүгийн эрсдэлийг даван туулахад туслагч эрсдэлийг хуваарилах систем юм. Тэр дундаа Практикал даатгал компани нь нөхөн төлбөр олголтоороо дотоодын тэргүүлэгч компани гэдгийг онцлууштай. Энэ удаагийн нийтлэлээр дамжуулан та бүхнийг даатгалын үйлчилгээг үнэн зөвөөр шүүн тунгааж, үр ашиг, ач холбогдлыг нь бага ч атугай ойлгоно хэмээн найдаж байна. 

Байршил: Алтан Жолоо тауэр, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Үйл ажиллагааны чиглэл: Даатгалын үйлчилгээ

Сошиал хуудсууд: www.practical.mn (Website) | Practical Insurance / Практикал Даатгал (Facebook)

1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэх ёстой вэ? 


Комплайнс, дотоод хяналт хариуцсан менежер М.Замбагацэцэг

Манай байгууллага 2003 онд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан, дотоодын ууган даатгалын компаниудын нэг юм. Бид даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монгол орны өнцөг булан бүрд суугаа харилцагч нарт хүргэх зорилгынхоо хүрээнд 21 аймгийн салбар, төлөөлөгч болон цахимаар дамжуулан тасралтгүй хүргэсээр 22 жилийг ардаа үджээ.

Бид энэ хугацаанд салбарынхаа зах зээлд шинэчлэл, шинэлэг санаачилгыг анхлан нэвтрүүлж түүчээлсээр ирсэн ба олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог 2013 онд даатгалын салбартаа анхлан баталгаажуулж, сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын даатгалын салбарт нөхөн төлбөр олголтоороо тэргүүлж, өдгөө харилцагчдын итгэлийг хүлээсэн байгууллага болсон гэж боддог.

Мөн 2022 оноос тогтвортой хөгжлийн зорилгыг үйл ажиллагаатайгаа уялдуулахаар зэхэж, өнгөрөгч онд байгаль орчны менежментийн тогтолцоог дотооддоо хэрэгжүүлэн, зах зээлдээ ногоон даатгалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

2024 он бидэнд бас нэгэн өөрчлөлт шинэчлэлтийг авч ирсэн жил болж өнгөрлөө. Байгууллага брэнд шинэчлэлт (rebranding) хийж шинэ өнгө төрх, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд зогсохгүй ая тухтай шинэхэн оффист харилцагч нараа хүлээн авч эхэлсэн өрнүүн их бүтээмжтэй жил байлаа.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 


Харилцагчийн үйлчилгээний менежер Ч.Номин-Эрдэнэ

Миний ажлын өдөр ихэвчлэн хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөөс эхэлнэ. Өглөө эртлэн босоод хүүхдүүддээ цай ундыг нь уулгаж, хүргэж өгчхөөд ажилдаа ирсэн даруйдаа кофегоо ууж аваад ажилдаа ордог. Ажил үүргийнхээ хүрээнд харилцагчийн үйлчилгээний стандартад хяналт тавих, сайжруулах, харилцагчдад сэтгэл ханамжтай, итгэл үнэмшилтэй, тав тухтай үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээ шаардлагыг нь нэг бүрчлэн мэдэрч, даатгалтай холбоотой аливаа шийдвэрийг тухай бүрд нь гаргах, харилцагчийн санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зэрэг цогц үйлчилгээг олон улсын стандартын түвшинд үзүүлэхийг зорьдог. Үүний зэрэгцээ олон нийтэд түгээмэл байдаг ташаа ойлголтыг залруулж, даатгал бол зардал биш харин ухаалаг хөрөнгө оруулалт юм шүү гэдгийг харилцагчдадаа ойлгуулахыг хичээж, үнэн зөв мэдээллээр хангадаг.

Баасан гарагт тухайн долоон хоногт хийсэн ажлууд болон ирэх долоо хоногийн ажлын талаар зөвлөлдөж, хуралддаг. Ингэхдээ ажилтнууддаа урмын үг хэлэх, шинэ санал санаачилгыг нь дэмжихэд анхаардаг ба ингэснээр тэд маань ажлаасаа аз жаргалыг мэдэрч, харилцагч, хамтран ажиллагсдадаа аз жаргалыг түгээдэг гэдэгт итгэдэг.

Ажлын цаг дуусаад ихэвчлэн гэр бүлдээ цаг зарцуулж, ээжийн үүргээ гүйцэтгэдэг.

3. Таны ажлын нөү-хау? 


Зуучлалын үйл ажиллагааны менежер Д.Батрагчаа

Цаг баримтлахыг хувьдаа ихэд чухалчилдаг. Тиймдээ ч хоцролтыг өөртөө хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ажил маань 09:00-д эхэлдэг учраас 08:30 гэхэд оффис дээр ирсэн байдаг. Тэр 30 минутын хугацаанд компьютераа асаах, ус уух гэх зэргээр ажилдаа бэлдэж, 09:00 гэхэд ажил бүрэн утгаараа эхэлдэг. Доод үеийнхэн цаг барихыг хуучинсаг гэж ойлгоод байдаг ч энэ бол маш том соёл. Ажилдаа бэлэн байгаа хүний гараас л өндөр бүтээмж гарна шүү дээ.

Хоёрдугаарт, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хариуцдаг учраас зөв харилцаа хандлагатай байх нь маш чухал. Хэдийгээр ихэвчлэн утсан холбоо болон цахим шуудангаар харилцдаг ч сард нэгээс хоёр удаа уулзалт зохион байгуулах нь бидний тогтвортой, бат бэх харилцааг батжуулдаг. Мөн хамтын ажиллагаа талдаа холбож хэлэхэд, харилцагч нарынхаа хамгийн түрүүнд холбоо барьдаг, нэг номерын сонголт нь байхыг хүсдэг. Тэр ч утгаараа би гар утасны дуудлагыг хэзээ ч алддаггүй. Удаандаа л хоёр дуудуулаад авдаг, бүр ямар ч ажилтай байсан заавал авдаг. Ингэснээрээ биднийг л гэж итгэж, найдаж холбогдож байгаа харилцагч нараа хүндэлж, үйлчилгээ үзүүлэх эхний алхмаа тавьж байгаа хэрэг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд 


Mаркетингийн мэргэжилтэн М.Хуланхатан

Миний хувьд өдөр тутмын ажлаа төлөвлөх, шинэ санаагаа тэмдэглэхдээ Notion болон Notes-ийг түлхүү ашигладаг. Харин ажлын урсгалыг тогтмол, үр дүнтэй явуулахад Meta, Teams, Facebook, Instagram гэх платформууд зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр нь багийн уялдаа холбоог хангах, хэрэглэгчидтэй харилцах хамгийн гол суваг болж, ажлынхаа хандалт, үр дүнг хэмжих боломж олгодог. Үүнээс гадна бүтээлч санаагаа хөгжүүлэх, шинэ зүйл туршиж үзэхийн тулд Pinterest болон AI аппуудыг ашиглаж, өөрт төрсөн шинэ санааг ажил хэрэг болгохыг эрмэлздэг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 


Даатгалын менежер Ц.Ундрах-Өлзий

Цаг хэмнэх шалгарсан арга бол ажлуудаа төлөвлөх мөн эрэмбэлэх явдал. Үүний тулд эхлээд цахим шуудангаа шалгаж, ажлуудынхаа чухлын дарааллыг тодорхойлдог. Ингэхдээ зөвхөн өөрт чухал бус харилцагчдад аль нь хамгийн чухал байгаа гэдэгт үндэслэснээр харилцагч байгууллага хоорондын уялдаа холбоог уян хатан болгоход тусалдаг.

Цаг хэмнэх хамгийн үр дүнтэй аргуудын хоёрдугаарт эмх цэгцтэй байдал. Эмх цэгцгүй хүн амьдралд илүү их ядардаг гэдэг үг байдаг даа. Үүнтэй би бүрэн санал нийлдэг. Анхнаасаа эмх цэгцтэй ажилласнаар нэг ажлыг олон хийх шаардлага үүсэхгүй.

Мэдээж технологийн эрин зуунд амьдарч буй давуу талаа ашиглан механик ажлуудыг технологид даатгадаг. Жишээ дурдвал, legalinfo AI.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 


Санхүү хариуцсан захирал Б.Бямбасайхан

Бид удирдлагын багаар даваа гараг бүр өнгөрсөн долоо хоногийн үр дүн, энэ долоо хоногийн хийх зүйлсээ дүгнэн ярилцдаг. Outlook календарь, тэмдэглэлийн дэвтэр хоёроо ашиглаад ажлаа мартахгүй, эмх цэгцтэй, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг хичээдэг. Чухал ба яаралтай ажлуудаа түрүүлж дуусгахыг зорьдог ба тодорхой хэмжээнд цаг орох ажлуудыг календарьтаа тэмдэглэн багийнхандаа хуваарилдаг. Багийнхан болон бусад газруудтайгаа уялдаа холбоотой /нэг цонхны бодлогоор/ ажиллах нь харилцагчдадаа даатгалын үйлчилгээг чанартай шуурхай үзүүлэх нөхцөл гэж боддог.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 


Үйл ажиллагааны газрын захирал Б.Солонго

Бусдад сайн үйл хийж, тус хүргэх нь миний эрч хүч мэдрэх үндэс болдог. Тиймдээ ч эргэн тойрныхоо хүмүүст талархаж, найз нөхдөдөө тус дэм болж, ажлын хамт олондоо туршлагаасаа хуваалцаж, ололт амжилтаар нь бахархаж, баяр хөөрийг нь мэдрэх бүрдээ тэр чинээгээр урамшиж, илүү ихийг бүтээх хүсэл тэмүүлэл төрдөг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил 


Шууд борлуулалтын мэргэжилтэн Ж.Батбилэг

Волейболын спортоор хичээллээд есөн жил болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд "Өмнөговь Энержи" клубын нэрийн өмнөөс дээд лигт тоглож байгаа. Тиймээс миний чөлөөт цагийн ихэнх нь спорт, тэр дундаа волейболтой салшгүй холбоотой өнгөрдөг. Ихэнх амралтын өдрүүдэд өглөө эрт фитнес хийж, дараа нь зааланд бэлтгэл хийдэг.

Волейбол тоглох нь бие бялдарт төдийгүй багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужил, анхаарал төвлөрөл зэрэг ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Спортоор идэвхтэй хичээллэснээр бие махбодь чийрэгжихээс гадна сэтгэл санаа тайвширч, өдөр тутмын стрессийг даван туулах хүч өгдөг. Иймд та бүхэн ч бас өөрт тохирсон спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлээрэй.

9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд 


Нөхөн төлбөр хариуцсан захирал Ц.Батцэнгэл

Миний эрхэлдэг ажил бол харилцагчийн гэнэтийн эрсдэлээс үүдэлтэй хохирлыг бууруулж, итгэлцэл дээр суурилсан шийдвэр гаргах чухал, хариуцлагатай ажил юм.

Нөхөн төлбөр бол даатгалын хамгийн чухал хэсгийн нэг. Эрсдэлтэй нүүр тулсан, хүнд хэцүү үедээ харилцагч нар бидэнд ханддаг ба асуудлыг нь аль болох хамтран бодитоор үнэлж, шударгаар шийдвэрлэх нь бидний ажлын утга учир. Харилцагчийнхаа итгэлийг олж, түүнийг нь алдалгүй, хүнд хэцүү нөхцөлд нь дэмжлэг үзүүлэх нь бидэнд ажил гэхээс илүү урам өгч, бахархал төрүүлдэг.

Мэдээж хүн бүрд асуудал тулгардаг. Харин бидний үүрэг бол тухайн нөхцөл байдалд түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд хандаж, нөхөн төлбөрийн шийдвэрийг цаг тухайд нь гаргах. Энэ нь хариуцлага өндөртэй, өндөр ачаалалтай ч нийгмийн сайн сайханд чиглэсэн, бодит үр дүн гардаг ажил гэж би хувьдаа боддог.

Товчхондоо, хууль, ёс зүй, үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг, хүний итгэл дээр тогтсон үнэ цэнтэй ажил. Хэн нэгний хүнд үед нь бодит дэмжлэг болж чадна гэдэг өөрөө хамгийн том урам зориг юм.

10. Таны байгууллага одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө 


Байгууллагын борлуулалт хариуцсан захирал М.Алтайбаатар

Он дуусах дөхөж байгаа энэ үед үлдсэн сарууддаа энэ оны борлуулалтын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн ирэх жилийн бизнес төлөвлөгөө гаргах, урт хугацааны байгууллагын бодлогоо шинэчлэх гэх мэт ажлууд бий.

Том зургаар нь харвал салбар маань өөрчлөгдөж байна. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан туслан гүйцэтгэгч байгууллагуудын өсөлт бидний төсөөлснөөс их байгаа учраас эдгээр салбарт чиглэн стратеги төлөвлөгөөгөө боловсруулах болов уу. Урт хугацаандаа томоохон байгууллагуудын гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалыг хариуцаж, үр дүнтэй ажиллаж чадвал байгууллага хоорондын итгэлцлийн хүрээ тэлнэ гэж харж байна.

Өнөөдрийн байдлаар дотоодын даатгалын салбарт хариуцлагатай ажиллаж буй 17 компани бий. Бид хэрэв салбараа хөгжүүлье гэвэл одоо байгаа харилцагчдаа тогтоон барих бус харилцагчдын цар хүрээг тэлэхийн тулд хамтдаа зүтгэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүмүүсийн дунд буруугаар ойлгогдоод байгаа эргэлзээ, төөрөгдөл ч арилна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ? 


Маркетинг хариуцсан менежер Ц.Баярмаа

Цаг үеийн өөрчлөлт бүхэн шинэ сорилт, боломж дагуулж ирдэг учраас тэдгээрт хурдан дасан зохицож, тасралтгүй суралцахыг чухалчилдаг. Тухайн цаг үед тренд болж буй сэдэв, технологи, арга барилыг судалж, өөрийнхөөрөө туршиж үзэх нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж, олон талын мэдлэгтэй болоход тусалдаг гэж боддог. Жишээ нь сүүлийн үед залуус chatgpt-г ихээр хэрэглэж байгаа шүү дээ. Мөн маркетингийн салбар өөрөө байнга хувьсан өөрчлөгддөг, бүтээлч байдал болон шинэлэг санааг шаарддаг онцлогтой салбар. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэдрэмжтэй хандах нь чухал.

12. Санал болгох ном, кино, хөгжим 


Даатгалын менежер О.Баянзул

Colors хамтлагийн “Хайр ба гэр бүл” гэх уран бүтээлд амьдралын үнэ цэн, гэр бүлийн талаар энгийнээр өгүүлдэг. Тэр дундаа байгальд гарахдаа сонсвол тохиромжтой санагдсан.

Киноны тухайд “The Intern” (2015) бүх насныханд зориулсан, гэгээлэг кино шиг санагддаг. Хүмүүс бид нас, туршлага үл харгалзан хамтарч ажиллаж болдог тухай өгүүлэмжтэй.
“F1” 2025 ОНД нээлтээ хийсэн Формула 1 ийн талаар өгүүлэх кино
Миний энэ онд үзсэн хамгийн гайхалтай бүтээл байсан. Киноны тухайд аливаа амжилт ялалтад хүрэхэд цор ганц нисгэгчийн ур чадвар бус түүнийг дэмжих арын алба, багийн гишүүдийн ойлголцол менежмент хэр чухлыг харуулдаг.

Харин ном гэвэл Кал Ньюпортын “Deep work” гэх бүтээлийг санал болгоё. Энэ нь завгүй, мэдээллээр дарагдсан амьдралын урсгалд хэрхэн гүн төвлөрч, бүтээмжээ нэмэгдүүлэх тухай өгүүлдэг.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө 


Шууд борлуулалт хариуцсан менежер Ж.Сарнай

Хүн ажлын байран дээр туршлага хуримтлуулж, мэдлэг чадварыг олж авдаг бол амьдрал дээр найз нөхөд, гэр бүлээс сайн зөвлөгөө олж авах нь элбэг. Манай аав ээж хоёр багаас минь л бусдад төвөг удахгүй зөв амьдраарай гэж захидаг байсан. Энэ үгийг тухайн үедээ нэг их ойлгож хүлээж авдаггүй байсан ч одоо бодохоор маш том агуулгатай үг юм билээ.

Аливаа байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байдаг үйл явц. Тиймээс аль нэг багийн гишүүнээс болоод доголдож болохгүйг бүгд ойлгосон байх нь чухал. Тэгэхээр бие биедээ төвөг удахгүй, багийн гишүүний үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх нь чухал байдгийг онцолмоор байна.

Иймээс ажлын байран дээр ч, амьдрал дээр ч энэ зөвлөгөөг хэрэгжүүлэн итгэл даасан хамтрагч нь байж бусдад төвөг удахгүй амьдрахыг хичээдэг.

14. бусдад шидэх санаа


Давхар даатгалын менежер Э.Энхмэнд

Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, түүгээрээ бусдаас ялгарч байдаг. Бид заримдаа өөрийн чадвар, сэтгэлгээ, туршлага, мэдлэгээ энгийн зүйл мэтээр харах нь бий. Гэхдээ үнэндээ тэдгээр нь бусдад байдаггүй, зөвхөн чамд л байдаг онцгой чанар юм шүү дээ. Энэ л чиний багт оруулах хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр.

Хэрэв чи өөрийн онцлогийг зөвөөр ашиглаж чадвал, багтаа оруулах хувь нэмрээ тодотгож, үнэтэй санаануудыг гаргаж ирэх боломж гэдгийг бүү мартаарай. Заримдаа ганцхан үг, ганцхан санаа л багийн дараагийн алхмыг тодорхойлж, хэн нэгний сэтгэлд оч асаах тохиолдол ч байдаг. Баг гэдэг бол хүн бүрийн чадвар, туршлага, сэтгэлгээ, өвөрмөц чанар нийлж байж бүрдсэн хүч учраас “би чухал биш” гэж өөрийгөө голох хэрэггүй. Багт хэрэггүй гишүүн гэж байхгүй, хүн бүр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг тодотгож хэлмээр байна.