Цаг мөч тутам шинэ тренд мэндэлж буй цаг үед бид амьдарч байна. "Тренд" гэх үг зөвхөн хувцас загварт л хамааралтай мэт хязгаарлагдмал сэтгэлгээ хэдийнээ алга болж, өдгөө бүхий л салбар өөрсдийн трендийг тодорхойлж буй. Та хүссэн ч, эс хүссэн ч сошиал медиа орох төдийд энэхүү “тренд” давлагаанд хүчээр өртөх нь гарцаагүй тул бид оны төгсгөл шувтарч буй энэ долоо хоногт ирэх жилийн трендийг та бүхэндээ тоймлон хүргэхээр шийдлээ.

Технологийн бүтээгдэхүүн, эрүүл оршихуй, интерьер, график дизайны салбарт бид ирэх жил ямар сэдвүүдийн талаар хошууран ярилцаж, ямар бүтээгдэхүүнийг хүслийн жагсаалтдаа оруулах бол? Хамтдаа олж мэдэцгээе.

ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН 


1. dyson zone

Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдээс л харж байсан технологиудаа бид хэдийн бодит амьдрал дээр хэрэглэж эхэлсэн. Ирэх жил нээлтээ хийх DYSON ZONE яг л энэ ангилалд багтахуйц сонирхолтой бөгөөд содон бүтээгдэхүүн. Гэхдээ зөвхөн содон байгаад зогсохгүй орчин цагийн дуу чимээ, агаарын бохирдолтой хотуудад аж төрж буй иргэдэд хамгийн хэрэгцээт хоёр бүтээгдэхүүний хоршил гэдгээрээ онцлог.

Noise cancelling чихэвч болон агаар цэвэршүүлэгч систем бүхий амны хаалтаас бүрдсэн DYSON ZONE ирэх жилийн гуравдугаар сард 949 доллароор худалдаанд гарахаар төлөвлөж буй. Чихэвчний үзүүлэлт хэдийгээр Sony WH-1000XM5 тэр бүү хэл Apple’s AirPods Max-ыг давахгүй боловч DYSON-ийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж зах зээл дээр дангаараа 300 доллароор зарагддаг болохыг харгалзан үзвээс дээрх үнэ харин ч боломжийн мэт.

Уг бүтээгдэхүүний хамгийн гол давуу тал болох мини агаар цэвэршүүлэгч систем нь секундэд 2.5 л хүртэл бохирдсон агаарыг шингээж, 0.1 микрон хүртэлх жижиг тоосонцор төдийгүй Ковид-19 болон ижил төстэй H1N1 вирусээс хүртэл таныг хамгаална. Тэрчлэн стандарт агаар цэвэршүүлэх технологиор шүүгддэггүй азотын давхар исэл, хүхрийн давхар ислийг ч шүүх боломжтой гэнэ шүү. Ялангуяа агаарын бохирдол шүдний өвчин болсон манай нийслэлд үнэхээр тохирсон бүтээгдэхүүн байгаа биз. Шүүлтүүр нь 12 сарын баталгаатай байх бөгөөд бүрэн цэнэглэсэн үедээ таны сонгосон агаар цэвэршүүлэх түвшингээс хамаарч 1.5-4.5 цаг ажиллах болно.



2.  playstation vr2

Видео тоглоомонд хорхойтой хэн бүхний хүслийн жагсаалтад хэдийн багтсан бүтээгдэхүүн бол ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх PSVR 2. PS5-ийн илүү хүчирхэг техник хангамжийн давуу талыг ашиглаад зогсохгүй өндөр нарийвчлал бүхий 4к дэлгэц, илүү өндөр хурд, өргөн харах өнцөг гээд олон техник үзүүлэлт нь хэдийнээ хүмүүсийн хүлээлтийг өндөрт хүргэсэн гэхэд болно.

Тодруулбал, 4000 X 2040 пикселийн нягтаршилтай OLED дэлгэц, 110 градусын өргөн өнцөг нь Oculus Quest 2-оос хамаагүй өндөр нарийвчлалтайгаар тоглох боломжийг танд олгох юм. Түүнчлэн Quest 2 болон бусад VR төхөөрөмжүүдтэй адил таны өрөөг сканнердаж, VR тоглоомыг шууд дамжуулах, тоглоомын орон зайг тодорхой мэдрэх функц нэмэгдсэн. Мөн шууд дамжуулалтын горимоор дамжуулан тоглож буй үйл явцаа стрийм хийж болох анхны VR төхөөрөмж болж буйгаараа онцлог.

Sony-ийн зүгээс Horizon Call of the Mountain, No Man's Sky, The Walking Dead: Saints & Sinners - Chapter 2: Retribution, Resident Evil Village, Star Wars: Tales from the Galaxy's Edge зэрэг тоглоомуудыг эхний ээлжинд Play station Store дээр байршуулаад байна. Харин PSVR-ийг эзэмшигчдэд дуулгах харамсалтай мэдээ гэвэл VR2-т зориулсан тоглоомуудыг эхний хувилбар дээр тоглох боломжгүй аж. Үнийн хувьд PSVR2-ийг та 550 доллараар худалдан авах боломжтой ба үйлдвэрлэгчид PS5-тай адил нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүйн төлөө ирэх оны гуравдугаар сар гэхэд хоёр сая PSVR 2 үйлдвэрлэхээр төлөвлөж байна.



3. happy ring wearable smart ring

Сүүлийн хэдэн жил хүн бүр шахуу ухаалаг цаг ашиглан нойр, хөдөлгөөн, зүрхний цохилт гээд биеийн ерөнхий үзүүлэлтээ хянаж сурсан бол ирэх жилүүдийн хувьд сэтгэлзүйн эрүүл мэндийг маань бидний өмнөөс анхаарах ухаалаг бөгж тренд болох нь.

Тиндерийн үүсгэн байгуулагч Шон Радийн энэ жил босгосон Happy Health стартап нь Happy Ring гэх ухаалаг бөгжийг ирэх жил худалдаанд гаргахаар ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан даруйдаа 60 сая долларын санхүүжилт авсан Happy Ring нь (EDA) мэдрэгчийн тусламжтай бидний симпатик мэдрэлийн систем хэзээ идэвхжиж эхлэхийг илрүүлэх замаар ажилладаг аж.

Бид хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдэрч эхлэхэд тархи маань энэхүү өдөөлтөд тохирсон хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэхүү бөгжинд суурилуулсан EDA мэдрэгч нь стрессээс үүдэн гарын алганд ялгарах хөлсөөр дамжуулан сэтгэл санааны байдлыг тусгай алгоритмаар тооцоолох юм. Тун сонирхолтой байгаа биз.

Эдгээр хэмжүүрүүдийн тусламжтайгаар та бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндээ хамтад нь тэнцвэржүүлэх боломжтой. Freckleton-ийн хийсэн судалгаагаар энэ төрлийн бөгж нь хуруун дээр байрладаг тул бугуй эсвэл их бие дээр суурилдаг Fitbit зэрэг ухаалаг цагнаас илүү нарийвчлалтай биеийн ерөнхий үзүүлэлтийг хэмждэгээрээ давуу талтай.


4. gymera smart home fitness system

Цар тахлын хоёр жилийн хугацаанд дэлхий даяар их, бага хэмжээгээр гэртээ дасгал хийх гэж оролдсон. Цаг агаар тааруу үед заал руу явах шаардлагагүй, цаг хугацаа, санхүүгээ хэмнэх боломжтой гээд гэртээ дасгал хийхийн давуу тал олон. Гэвч дасгал хийх урам зориг олоход хүндрэлтэй, тохирсон төхөөрөмжүүдийг худалдан авахад бэрхшээлтэй гээд сул талууд ч бий. Тэгвэл хиймэл оюун ухаан дээр суурилсан Gymera smart home fitness system нь эдгээр сул талуудыг бүгдийг нь шийджээ.

Gymera нь өөртөө мөрний дэвсгэр, олс, штанг зэрэг олон хэрэгслийг багтаасан төдийгүй 27 инчийн эргэдэг 4K дэлгэцээр та мэргэжлийн багштай хичээлд шууд хамрагдаж, багш нараас зөвлөгөө авч, биеийн аль хэсэгтээ түлхүү анхаарал хандуулан ямар дасгалууд хийвэл илүү үр дүнтэй талаарх мэдээллийг тогтмол авах боломж гэдгээрээ ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс ялгарч буй.

Түүнээс гадна Facetime-аар найзуудтайгаа хамт жимдэх, дасгалынхаа зураг, видеог авч, Gymera програмаар дамжуулан ахиц дэвшлээ хянаж ч болно. Өө мартах шахлаа, 2500 долларын үндсэн үнэтэй дээрх төхөөрөмжийг та энэ сарыг дуустал 35 хувийн хямдралтай үнээр урьдчилан захиалж болох юм байна шүү.



5. apple homepod 2

HomePod нээлтээ хийгээд хэдийнээ дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хамгийн шилдэг гэр бүлийн ухаалаг туслахуудын нэг хэвээр байгаа билээ.

Хэдий өнгөрсөн жил Apple HomePod Mini-ийн борлуулалтад анхаарахын тулд HomePod-ын үйлдвэрлэлийг зогсоосон ч олон технологийн мэргэжилтэн ирэх онд Amazon-ийн Echo ухаалаг дэлгэц болон Google-ийн Nest Hub-тай өрсөлдөхүйц цоо шинэ, илүү хүчирхэг HomePod 2-ын нээлтийн тов зарлагдана гэдэгт итгэлтэй байна.

Блүүмбергийн технологийн сэтгүүлч Марк Гурманы таамаглаж буйгаар бид шинэ төхөөрөмжийг ирэх жилийн гуравдугаар улирал, хамгийн цаад хугацаа нь 2024 оны эхээр гар дээрээ авах боломжтой гэнэ.

Акустик дуугаралтаараа алдартай HomePod-ын шинэ загвараас шинжээчид iPhone 14 дээр ашигласан 6 цөм бүхий A15 Bionic чипээс гадна хэрэглэгчийн өрөөн доторх байрлалыг тодорхойлох чадвар бүхий гүн мэдрэгчтэй камер, Dolby Atmos дуугаралт, Spotify , Tidal , Amazon Music HD гэх мэт илүү олон стрийминг тоглуулах боломж зэргийг хүлээж байгаа юм.



ИНТЕРЬЕР ДИЗАЙН


1. ГОЛЛОХ ӨНГӨ


Жил бүр хувцас загвар, урлаг, дизайн гээд урлагийн бүхий л салбарт давамгайлах өнгийг Pantone өнгөний институт тодорхойлдог уламжлалтай. Өнгөрсөн жил “Very Peri” хэмээх нил ягаан өнгийг 2022 оны гол өнгөөр нэрлэсэн бол энэ арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгө “Viva Magenta” нь ягаан туяатай улаан өнгө байх болно гэж танилцуулсан билээ.

Байгалийн будагч бодис болох кошениль тод улаан өнгөнөөс сэдэл авсан тус өнгөөр дамжуулан Pantone институт технологийн эрин үед амьдарч буй хүн төрөлхтөн онгон байгалиас буюу бодит оршин байгаа эд зүйлээс урам зориг, сэдэл авахыг эрмэлзэх нь зүйтэйг харуулахыг зорьсон гэнэ. Хэрэв ирэх жил та дотоод заслаа өөрчлөхөөр шийдсэн бол толины хүрээ, тавилгын бариул, жижиг декор зэргээ энэхүү хурц өнгөөр шийдэж, гэрийнхээ хэт цулгуй, уйтгартай хэв маягийг эвдэж болох.



2. урлагийн бүтээл мэт гэрлийн бүрхүүлүүд 

Алдарт дизайнер Исаму Ногучигийн цаасан дэнлүүнээс авхуулаад мөөг хэлбэрийн ширээний чийдэн, аварга том шаарны цуглуулга мэт харагдах сүүн шилэн бүрхүүл сүүлийн хоёр жилийн турш сошиал платформууд дээр хаа саагүй харагдах болж, бид гэрлийн бүрхүүл гэрийн уур амьсгалыг бүрдүүлэгч голлох декоруудын нэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Энэхүү гэрлийн бүрхүүлийн тренд ирэх онд ч мөн үргэлжлэх болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Зөвхөн таазнаас гадна хананы, босоо, ширээний гээд олон төрлийн загвар, бүхий гэрлүүдийг ашиглан орон зайгаа бид илүү тухтай, дулаан орчин болгон бүрдүүлэх боломжтой. Дээр нь нэмээд бусад декортой харьцуулахад практик хэрэглээ сайтай тул нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг.



3. ДОЛГИОТСОН ХҮРЭЭ

Хэт минимал байдлаас уйдсан хэр нь этгээд дизайн руу зоригтой хөрвөхөөс зүрхшээж буй хүмүүст төгс тохирох дизайны шийдэл бол долгиотсон хүрээ. Хэрэв та гэртээ цэвэр мод, чулуун материалтай тавилга сонгохоор шийдсэн бол дизайныг нь долгиотсон хүрээтэйг сонгосноор ямар ч дотоод засалтай төгс тохирох төдийгүй гэр тань илүү орчин үеийн, инстаграмллаг харагдана гэдэгт итгээрэй.

Мэдээжийн хэрэг тренд дагахын тулд заавал тавилгаа солих шаардлагагүй. Керамик, шил болон төмрөн материалтай, төрөл бүрийн хээтэй, өнгө өнгийн загвар бүхий декоруудаар тоглож, гэрийнхээ уур амьсгалыг өөрчилж ч болно.



4. байгаль орчинд ээлтэй

Олон загвар зохион бүтээгч, дизайнеруудын дуу нэгтэйгээр дэмжиж буй дараагийн тренд бол байгаль орчинд ээлтэй бүхий л зүйлс. “Байгальд ээлтэй” гэх үг зөвхөн модон тавилга төдийхнөөр хязгаарлагдахаа больж, хэрэглэгчид ч үйлдвэрлэгчдээс “Энэ бүтээгдэхүүн хаана, хэрхэн, ямар материалаар хийгдсэн бэ?” гэх асуултыг улам олуулаа асуух болжээ.

Дэлхий даяар “fast fashion” трендээс татгалзаж байгаатай адил ганц хоёр жилийн дараа хогийн цэг дээр хаягдах, хүний эрүүл мэндэд хортой материалаар үйлдвэрлэгдсэн тавилгын оронд цаг хугацааны шалгуурыг давах чанартай бүтээгдэхүүнд хүмүүс илүү их хөрөнгө оруулж байна. Яг одоо түгэн дэлгэрч буй үй олон трендээс хоцрохгүй төлөө өөрт хэрэгцээгүй зүйл рүү хошуурах бус, олон жилийн турш таны амьдралын хэв маягт тань нийцэх бүтээгдэхүүн худалдан авах нь байгалиа хамгаалж буй нэгэн хэлбэр гэсэн үг гэдгийг мартуузай.



5. цор ганц, түүх өгүүлэх эд зүйлс

Гэр бүлээрээ хамтдаа урласан керамик ваар, аяга таваг хэдий худалдааны бүтээгдэхүүнтэй адил өөгүй, төгс байж чадахгүй ч зөвхөн танд хамааралтай түүхийг өгүүлдгээрээ онцлогтой. Ирэх жил гар хийцийн декор, гал тогооны хэрэгсэл, аяга тавгийн комны эрэлт, хэрэгцээ урьд жилүүдийнхээс илүү нэмэгдэнэ хэмээн дизайнерууд таамаглаж байна.

Хүмүүс ч цоо шинэ, массын үйлдвэрлэлээс сонголт хийхийн оронд хуучин барааны винтаж дэлгүүр хэсэх, өөрсдөө гэрийнхээ декорыг урлах, урт хугацааны тогтвортой, ухамсартай амьдралын хэв маяг руу тэмүүлж буйг дурдах нь зүйтэй.



ЭРҮҮЛ ОРШИХУЙ


1. таван мэдрэхүйгээ ажиллуулах нь 

Бүтээмж сул, нойр дутуу, сэтгэл санаа тань хүртэл гундуухан байна уу? Хөргөгчин дотор шинэ зүйлс байхгүйг мэдсэн хэрнээ л дахин дахин хаалгыг нь онголзуулдаг шиг тулгарсан асуудлаасаа зугтахын тулд сошиал медиагаар хэсүүчилж, стрессийн түвшингээ улам нэмсээр байгаа юм биш биз. Энэ асуудал зөвхөн танд төдийгүй дэлхий даяарх олон зуун сая хүнд тохиолдож буй.

Тэгвэл эрүүл оршихуйн салбарт сүүлийн үед түгэн дэлгэрч буй тренд болох Sensehacking буюу таван мэдрэхүйгээ (харах, дуу чимээ, хүрэлцэх, үнэрлэх, амтлах) ажиллуулах дадлыг өдөр тутмын амьдралдаа туршаад үзвэл ямар вэ?

Байгалийн гоо үзэмжийг таашаах, шувуудын чимээг чих тавин сонсох, борооны дараах чийгийг цээжээ дүүртэл цуглуулах , дөнгөж чанасан кофены үнэрээр гэрийнхнээ сэрээх гээд мэдрэхүйгээ хамтад нь эсвэл дангаар ажиллуулах нь таны л мэдэх хэрэг. Гол нь байгальд аялах үедээ утсаа airplane mode дээр тохируулах, ууланд алхахдаа Spotify-аас дуу сонгохын оронд байгалийн чимээг анирдах, амттай хоол идэхдээ ухаалаг төхөөрөмжүүдээ унтраах, унтахаасаа өмнө дуртай амин тосоо үнэртэхэд л хангалттай. Хэрэв та хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байвал гар утсан дээрээ The Zensory аппыг татаад аваарай. Ирэх жил стресстэх үедээ утсаа ухах биш, илүү ухаалаг дадлыг өөртөө хэвшүүлэхийн төлөө хамтдаа хичээе.



2. чанартай нойр авах нь 

Direct Line Life Insurance-аас хийсэн судалгаагаар Их Британийн насанд хүрэгчдийн 71 хувь нь долоогоос бага цагийн нойр авдаг бөгөөд 7.5 сая хүн 5-аас бага цаг унтдаг аж. Олон улсын эрдэмтэд нойргүйдлийг нийгмийн эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлуудын нэгд авч үзэх болсон энэ цаг үед “чанартай нойр” авах нь эрүүл оршихуйн онцлох тренд болох нь ч аргагүй биз ээ.

Байнга дутуу нойртой явах нь наанадаж бодисын солилцоог удаашруулах, инсулин боловсруулалтыг хүндрэлтэй болгож, цаашлаад зүрхний шигдээс болох, цус харвах, сэтгэл гутралд орох зэрэг ноцтой үр дагаврын үүтгэл болох аюултай. Тиймдээ ч ирэх жил шөнийн бат бөх нойрны төлөө хүнд оройн хоол, согтууруулах ундаанаас татгалзах, дасгал хөдөлгөөн хийх, дэлгэцийн гэрлээс хол байх, тогтмол цагт орондоо орох дадлыг хэвшүүлцгээе.



3. гэдэс тархины хамаарлаа танин мэдэх нь 

Tiktok-ийн ачаар бид энэ жилийн турш IBS буюу хоол боловсруулах тогтолцооны тухай санаа зовох зүйлгүйгээр дэлгэрэнгүй ярьж, бие засах өрөөндөө энэ эмгэгийн улмаас өдөр бүр шаналдаг хүний тоо бодсоноос ч олон байдгийг олж мэдсэн билээ. Судалгаагаар тус өвчнөөр шаналж буй хүмүүсийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд байдаг ба архаг стресс нь IBS-ийг үүсгэгч гол шалтгаануудын нэг болох нь батлагджээ.

IBS Symptoms трендээс үүдэлтэй ирэх жил бид гэдэс, тархины харилцан хамаарлын талаар илүү олон цаг ярилцаж, ходоодоо хамгаалахын төлөө ямар аргуудыг туршиж болох талаар ичих зүйлгүйгээр хоорондоо хуваалцах нь гарцаагүй.

Яагаад гэдэс болон тархины талаар хамтад нь ярьж байгаа билээ хэмээн та гайхаж магад. Учир нь бидний гэдсэнд 100 сая орчим нейроны сүлжээ байдаг бөгөөд энэ сүлжээ нь маш өргөн цар хүрээтэй тул олон эрдэмтэд бидний гэдсийг "хоёр дахь тархи" гэж нэрлэдэг. Энэ олон тооны нейтроныг гэдэсний мэдрэлийн систем гэж нэрлэх ба тэд хамтдаа бидний тархинаас ч илүү их серотонин ( аз жаргалын гормон) үйлдвэрлэдэг юм. Тийм ч учраас гэдэс-тархины холбоо нь эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол түлхүүр гэхэд буруудахгүй. Ирэх жил хамтдаа хамгийн шоовдор хэрнээ чухал эрхтэн болох гэдэснийхээ талаар илүү ихийг олж мэдэн түүнийг хайрлахын төлөө бага стресстэцгээе.



4. тэнгэр өөд харах нь

Та хэзээ хамгийн сүүлд ямар ч зүйлд сатааралгүйгээр тэнгэр өөд харсан бэ? Үүлсийн хэлбэрийг ажиж, оддын хөдөлгөөнийг анзаарч, сар ямар үзэсгэлэнтэй харагдаж буйг гайхширах нь бидний бодсоноос илүү сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай байдаг гэнэ.

Skychology буюу тэнгэр өөд харах дадлын талаар сэтгэл судлалын дасгалжуулагч Пол Конвей тайлбарлахдаа “Энэ нь хүүхдийн гэмээр энгийн сонсогдож болох ч түгшүүртэй мэдрэмжийг арилгах, анхаарал төвлөрүүлэх, тухайн мөчид оршиход тань туслах болно. Үүний ачаар би мастерын шахуу хичээлийн ард амжилттай гарч чадсан юм шүү” хэмээжээ. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд олон ярвигтай апп туршихын оронд зүгээр л тэнгэр өөд харах нь илүү үр дүнтэй ч байж мэдэх юм.



5.  сэтгэлзүйн эрүүл мэндээ хайрлах НЬ

Ковид-19 давлагаа дуусаж, аялал жуулчлалын салбар ахин хөл дээрээ босож байгаа энэ үед сэтгэлзүйн эрүүл мэндээ хайрлах аяллын шинэ төрөл ирэх жилүүдэд эрэлттэй байх нь.
Газрын иога, дуу чимээний эмчилгээ, амьсгалын дасгал, сэтгэлзүйг анагаах төрөл бүрийн ганцаарчилсан сургалтуудыг багтааснаараа тус аяллын хөтөлбөр бусдаас ялгарч буй.



ГРАФИК ДИЗАЙН


1. 3d DESIGN

Кино театрын дэлгэцээс эхлээд Adobe-ийн сүүлийн үеийн шинэчлэлтүүд бүхэлдээ уран бүтээлчдийг гурван хэмжээст орон зайд уран бүтээлээ туурвих боломжийг олгож буй. Хэдхэн сарын өмнө л Шинжүкүгийн гудамжинд байршсан Nike Air Max-ийн 3D сурталчилгаа интернэтийг шуугиулж байсан бол одоо дэлхийн томоохон хотуудын лед дэлгэцүүд ижил төрлийн сурталчилгаагаар дүүрчхээд байна шүү дээ.

Гэхдээ тус дизайн зөвхөн дижитал урлагийн бүтээлээр хязгаарлагдах албагүй. График дизайнерууд 3D-г бүтээгдэхүүний дизайн, архитектур, тэр ч байтугай гар урлалд хүртэл ашиглаж байна. .Иллюстрэйшн зургийн гол баатрыг 3D-гээр зурах, текстийг тогтсон фонтоор бичих бус 3D болгож хувиргах гэх мэт трендүүд ирэх онд ч улам түгэн дэлгэрэх бололтой.



2. custom type

Тодорхой дизайны ажилд зориулан бүтээсэн цор ганц фонт, тигүүд дизайны салбарын салшгүй хэсэг. Тогтсон фонтыг бүтээлчээр дизайндаа ашиглах, эсвэл эхнээс нь шинэ фонт үүсгэх замаар бүтээсэн цор ганц гар бичмэл нь дизайны ажилд өвөрмөц өнгө төрх нэмдэг.

Хэдийээр график дизайны салбар дахь хамгийн алдартай фонтуудыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх нь хориотой байдаг боловч алдартай фонтыг дизайны ажилтайгаа хоршуулан хэрэглэх тренд ирэх онд илүү алдартай болох төлөвтэй байна.



3. brutalism 

Сүүлийн жилүүдэд вэб дизайны ертөнцөд Brutalism хүчээ аваад байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлбэрэлтэд сүйдсэн барилгуудын архитектураас үүсэлтэй тус дизайны төрөл нь функционализм ба монументаль энгийн байдлын үзэл санааг түгээдгээрээ онцлогтой.

Сүүлийн жилүүдэд график дизайнерууд Brutalism-ийн төгс бус, түүхий мэт харагдах гоо зүйд татагдах болсон бөгөөд бид ирэх жилүүдэд сошиал медиа платформууд болон төрөл бүрийн вебүүдээс энэ төрлийн дизайны ажлыг илүү олон давтамжтай олж харах нь гарцаагүй.



4. flat design

Хамгийн чухлыг онцол. Бусдыг нь орхи. Энэ бол Flat design-ын гол уриа. Товчхондоо, хамгийн бага сүүдэр, градиент, 3D эффектийг ашиглана гэсэн үг. Олон чимэг зүүсгэлээ хаяж, тодорхой мессежийг бусдад түгээхэд анхаарлаа хандуулах нь тус дизайны гол цөм.

Цөөн элементүүдийн тусламжтайгаар вэбсайтыг илүү хурдан ачаалж, өндөр нягтралтай дэлгэц дээр дизайны ажлын чанарыг нь алдуулахгүйгээр хэмжээг нь өөрчлөх боломжтой тул энэ төрлийн дизайн технологийн салбарт ирэх онд ч алдартай хэвээр байх нь.



5. maximalism 

Минимализм “Бага байх тусам илүү дээр” хэмээн тунхагладаг бол максимализм үүний эсрэг. Зоригтой өнгөний хослол, олон давхарласан график, төрөл бүрийн давтагдашгүй хээнээс бүрдэх энэ хэв маяг ирэх онд амьдралаа илүү баялаг, өнгөлөг, тод байлгахыг хүсэж буй олон хүмүүсийн анхаарлыг татах нь лавтай.