Ирэх долоо хоногийн даваа гараг буюу гуравдугаар сарын 11-ны өдөр бол дэлхийн кино урлагийн салбар болон дэлгэцийн урлагт хайртай үзэгчдийн хувьд онцгой өдөр. Кино бүтээгчдийн хүрэхийг хүсдэг хамгийн дээд оргил гэж хэлж болох Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 96 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд манай улсын цагаар өглөөний 06:30-д шууд дамжуулалт эхэлнэ.  

Шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчин тэргүүтэй 23 номинацид 120 кино, уран бүтээлчид нэр дэвшиж, шилдгээ тодруулах мөч ойртоод буй энэ үед манай редакц уламжлал ёсоор Монголын кино урлагийн салбарынхны энэ жилийн Оскарын таамаглалыг уншигчдадаа хүргэхээр ийнхүү бэлтгэлээ.  

“Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер Д.Төмөртогтох


Vissual Effects:
Энэ жилийн Visual Effects номинацид нэр дэвшсэн кинонуудаас ирээдүйн кино продакшн болон инди кино бүтээгчдэд урам өгөхүйц визуал эффектийн ажлууд нэлээд харагдсан. Godzilla Minus One гэх киноны визуал эффектийг 35 хүний бүрэлдэхүүнтэй баг хийж, гүйцэтгэсэн гэдгийг сонсоод итгэж ядан байлаа. Тэдний хийсэн визуал эффект нь тус киноны өгүүлэмж, үйл явдлыг үзэгчдэд илүүтэй мэдрүүлэхэд машид түлхэц болсноос гадна сэтгэл хөдөлгөм, сайхан өнгө үзэмжийг харуулснаараа онцлог. 35 хүний бүрэлдэхүүн гэдэг студийн хувьд цөөнд тооцогдох ч хэдэн зуун хүний хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээс илүүд үнэлэгдээд байгаа нь урам авууштай.

Бусад жижиг продакшнууд урам авахуйц өөр нэг онцлог бүтээл нь The Creator. Уг киног Sony FX3 гэх Cinema камераар бичсэн ба энэ нь кино бүтээхэд дийлэнхдээ ашигладаг мэргэжлийн камеруудтай харьцуулшгүй хямд үнэтэй. Зарим мэргэжлийн хүмүүст бол Sony FX3 Pro Consumer буюу туслах камер гэж хэлэхэд буруудахгүй. Хэн ч худалдаж аваад ашиглах боломжтой камерыг The Creator кино багийнхан зураг авалтынхаа гол зэвсэг болгосноор Холливудийн киног заавал өндөр үнэтэй камераар л бичих ёстой гэх ойлголтыг эвдсэн.

Өөрөө гар бие оролцож, хамтран бүтээлцсэн гэдэг утгаараа Guardians of the Galaxy Vol. 3 кино шагналын цомыг атгаасай хэмээн хүсэж байна. Рокетийн бага нас болон түүний найзуудын тухай сэтгэл хөдлөм хэсгүүдийг манай студи Alexis Wajsbrot гэх VFX Supervisor-ынхаа удирдлаган дор бүтээсэн билээ.

Энэ жилийн Оскарт Америкт хийгдээгүй, ойрын хэдэн жилдээ харагдаагүй нарийн хийцтэй кинонууд нэр дэвшиж буй нь их онцлог. The Zone of Intresest, Past lives, Society of Snow, Anatomy of a Fall гэх “гаднын” кинонууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх төлөвтэй байгаа бол Poor things асар урлаглаг харагдана билээ. Тиймдээ ч байдаг л нэг америк кино, улиг болсон зохиол, нөгөө л хэдэн найруулагч, жүжигчдийн дунд өрнөдөг наадам энэ жилийн хувьд тунчиг өөр өнгөтэй байна. Poor things -ийн өвөрмөц өгүүлэмж болон найруулагчийн төсөөллийг амьлуулахад голцуу хуучин камер линзүүд ашигласан. Petzval линзний тусламжтайгаар Bokeh эффект ашиглан тухайн дүрээ онцгойруулж харагдуулахын тулд хүмүүсийн ард дугуйрч харагдах, arri, zeiss, nikkor гэх мэт өргөн дурангууд ашиглан өнгөрсөн зууны хүүхэлдэйн кино шиг өвөрмөц үзэмжийг бүрдүүлсэн нь тун сонирхолтой. Үүнээс гадна хувцасны дизайн, нүүр хувиргалт, хөгжим гэх мэт ажлууд дээр нарийн анхаарсан нь ч үзэгчдэд ихэд үнэлэгдсэн шүү.


Контент бүтээгч Chaptelly 


Animated feature film:
Шилдэг бүрэн хэмжээний анимейшн төрөлд энэ жил бодсоноос харьцангуй ширүүн өрсөлдөөн үүсэж байна. Домогт Pixar студийн Elemental-ийн санаа нь сонирхолтой байсан ч түүнийгээ хангалттай хэмжээнд харуулж чадаагүй бол Netflix-ийн Nimona төсөөлж байснаас хавь илүү сайн бүтээл болсон санагдсан шүү.

Ялагчийн тухайд Ghibli студийн үүсгэн байгуулагч Мияазакийн ээлжит бүтээл The Boy and the Heron, Испани болон Францын хамтран бүтээсэн Robot Dreams, өмнөх ангиараа Оскарын шагнал хүртсэн Spider-Man: Across the Spider-Verse гэх гурван кино эцсийн мөчид Оскарын шагналын төлөөх хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох шинжтэй. Хаяао Мияазаки Spirited Away бүтээлээрээ Оскарын шагнал хүртсэн анхны анимэ найруулагч болж байсан бол энэ жил хоёрдахь удаагаа авахад гайхах зүйлгүй. Харамсалтай нь The Boy and the Heron-ийг Монгол үзэгчид өргөн дэлгэцээр үзэх боломж хараахан тохиогоогүй. Тийм учраас өөрийн үзсэн дөрвөн бүтээл дундаас анимейшн салбарын өнгө төрхийг тэр чигт нь өөрчилж чадсан Spider-Man: Across the Spider-Verse хоёрдахь удаагаа Оскарын шагнал хүртэх магадлал хамгийн өндөр гэж бодож байна.


The Filmbridge компанийн Маркетинг хариуцсан захирал Г.Мөнх-Од  


Best Picture & Directing:
Энэ жилийн хувьд хамгийн олон шагнал аваад буй Oppenheimer, түүний араас явж буй Poor Things болон Killers of the Flower Moon гэсэн гурван кино голлон өрсөлдөх ба энэ дундаас найруулагч Кристофер Ноланийн Oppenheimer шилдэг кино шагналыг авна гэж таамаглаж байна. Түүхэн үйл явдлаас илүүтэйгээр энэ хүнд цаг үед дайны хор хөнөөлийг дэлхий дахинд сануулсан гэхэд буруудахгүй. Хэдийгээр Япон улсад гаргахыг хориглосон ч Японы кино салбарт ажилладаг нэг танил маань тус киног үзэж дуусаад “Манай оронд гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байсныг санаж байна. Уг бүтээл Universal Studio, IMAX нарын өнгөрөгч оны хамгийн том амжилт байсан тул Оскар авбал жинхэнэ тэсрэлт болох нь ойлгомжтой биз ээ. Кристофер Нолан ч мөн шилдэг найруулагч төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил анхны Оскарын шагналаа өргөхийг Ноланы шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай.

Best International Feature Film: Хүмүүсийн дунд ихээхэн яригдсан Испани улсын бүтээл болох "Society of Snow" тус төрөлд ялалт байгуулах магадлал тун өндөр байгаа ч өнгөрөгч оны арванхоёрдугаар сард болон Хархорум ОУ-ын кино наадмаар манай улсад гарсан Io Capitano гэх бүтээл тун хүчтэй өрсөлдөнө гэж бодож байна. Энэ ташрамд, Io Capitano киноны эрхийг The Filmbridge албан ёсоор авсан ба энэ гуравдугаар сард кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх товтой байгааг үзэгчдэдээ дуулгая.


Хөгжмийн найруулагч, продюсер prismobeats  


Sound:
Оскарт шилдэг хөгжмийн зохиол, шилдэг дуу, шилдэг дуугаралт буюу Sound гэсэн хөгжмийн гурван төрөлд шилдгийг шалгаруулдаг. Sound төрөлд A24-ийн The Zone of Interest, Oppenheimer-ийн аль нэг нь авах магадлал өндөр. Харин дууны номинацид өрсөлдөж буй таван дууны хоёр нь Barbie киноны дуу бөгөөд кино нь ч нэлээд шуугиан тарьсан болохоор энэ төрөлд ялалт байгуулах нь дамжиггүй болов уу.

Шилдэг хөгжмийн зохиолын төрөлд бараг надаас асуух шаардлагагүй Oppenheimer ялалт байгуулна гэдэгт үзсэн хүн бүр итгэлтэй байх биз. Киноны төгсгөлд би хөгжмийн зохиолчийнх нь нэрийг мэдэх гэж кредит хэсгийг нь тун их догдлон хүлээж байсан сан. Людвиг Горансон бол өнөө цаг үеийн киноны хөгжмийн зохиолчдын өв залгамжлагч гэж хэлж болохоор нэгэн. Найруулагч Нолан “Oppenheimer дээр хөгжмийн санаа үнэхээр алга” гэдгээ түүнд хэлж л дээ. Уг нь тэрээр өмнөх бүтээлүүд дээрээ Людвиг болон Зиммерт санаагаа тун боловсронгуй бөгөөд дэлгэрэнгүй хэлдэг байсан бол энэ нь түүний анхны Historical Biography төрлийн кино байсан тул “Oppenheimer -ийн дүрийг хийл хөгжмөөр дүрсэлмээр байна” гэсэн ганц л санаа хэлсэн байдаг. Харин Людвиг энэхүү ганцхан сэжүүрийг хөгжүүлэн, кино театрыг доргитол үзэгчдэд мэдрүүлсэн төдийгүй орчин цагийн "Original Score" төрөлд хувьсал авчирсан. Тэр ялахгүй бол би бараг л уйлах байх аа.

 
Орчуулагч, кино тоймч Н.Өнөржаргал  


Writing:
Гэр бүлийн амьдралын ээдрээ, шаналал, алдаа оноог уянгын, драма төрлийн киногоор үзүүлэх нь элбэг. Харин “Anatomy of a fall” хүмүүний хамгийн эмзэг бөгөөд нандин харилцааг хамгийн рационал өнцөг буюу гэмт хэргийн шүүлтийн үйл явцаар дамжуулан харуулсан нь машид шинэлэг, сонирхолтой шийдэл болжээ.

Францын Гренобль дахь буйд газарт амьдрах герман зохиолч Сандра Войтерын нөхөр байшингийнхаа хоёр давхрын тагтаас унаж амиа алдан, уг хэрэгт Сандраг сэжиглэж, улмаар мөрдөн байцалт, шүүх хурлын үйл явц үргэлжилнэ. Хэргийн цор ганц гэрч болох харааны бэрхшээлтэй бяцхан хүү нь ээжийнхээ гэм буруугүйд эргэлзэх болсноор киноны эрч чангарах билээ. Элдэв нотлох баримт, шүүх эмнэлгийн дүгнэлт, мэргэжилтнүүдийн шинжилгээ, өмгөөлөгчдийн мэтгэлцээнээр хөврөх уртаас урт мөрдлөгө, шүүх хурлын эцэст бид ердөө л аль аль нь төгс биш хоёр хүний гэр бүлийн харилцааг олж харах бөгөөд адаг сүүлд нь хэзээ ч үл тайлагдах асуулттай үлдэх аж.

Үүгээрээ “Anatomy of a fall” гэр бүлийн сэдэвт киноны ертөнцөд шинэ салхи сэвэлзүүлсэн төдийгүй энэ жилийн Оскарын наадмын шилдэг зохиолын шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай хэмээн дүгнэж байна.


“Бамбүү” хүүхэд залуучуудын театрын менежер М.Ганди  


Actor in a supporting role:
Шилдэг эрэгтэй туслах дүрийн номинаци энэ жил нэлээд хүчтэй өрсөлдөөнтэй санагдаж байна. Тэр дундаа Роберт Де Ниро, Райан Гослинг, Роберт Дауни Жр гурвын хэн нь авах вэ? гэдэг дээр таамаглал дэвшүүлэхэд их ярвигтай. Гэхдээ миний хувьд оюун бодлыг минь гурван цагийн турш түгшилт, үзэн ядалт, эргэцүүлэлд автуулсан Льюис Страушийн дүр гайхалтай байсан. Кино үзэж суухдаа “За байз, энэ хүнийг хаана харлаа?” гэж боддог доо. Өмнө нь бишгүй олон харж байсан хүнээ огт танихгүй гурван цагийг өнгөрүүлсэн гэхээр яах аргагүй Oppenheimer киноны Льюис Страушийн дүрээрээ жүжигчин Роберт Дауни Жр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авах болов уу хэмээн таамаглаж байна.


Найруулагч М.Ивээл 


Actor in a leading role & Actress in a leading role:
Энэ төрөлд нэр дэвшиж буй жүжигчдээс Oppenheimer киноны гол дүрийн жүжигчин Килиан Мерфийн тоглолт надад илүү таалагдсан учраас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг аваасай гэж хүсэж байна. Гэхдээ "Maestro" Art House төрлийн кино мэт мэдрэмж төрүүлэхүйц бүтээл болсон тул гол дүрд нь тоглосон Брэдли Купер уг шагналыг авах магадлал өндөр.

Миний хувьд Anatomy of a Fall киноны гол дүрд тоглосон Сандра Халлерийн тоглолт эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг авч болохуйц гайхалтай байсан ч гадаад хэл дээрх бүтээл учраас ялалтын цомыг атгах эсэхэд нь тийм ч итгэлтэй биш байна.