Компани бүр өөрсдийн үнэт зүйлстэй уялдахуйц дотоод соёлтой байдаг билээ. Харин Аянга Сторын хувьд тэр нь тун өвөрмөц. Тэд шинэ ажилтан авахдаа “Үлэг гүрвэл” дууг мэдэх үү хэмээн асуудаг ба компанийнхаа ханан дээр хүртэл дууны үгийг нь хэвлэн тавьж, тэрхүү хэмнэлээр баг хамт олноо цэнэглэсээр иржээ. Хамгийн гол нь тэд өөрсдийн брэндийн өнгө төрхийг төлөөлж, үнэт зүйлээ хуваалцаж чадах хамтрагчаа эл бүтээлээс олж харсан юм. Тэр нь "Үлэг гүрвэл"-ийг амилуулагч Шөнийн галт тэрэг байлаа.
Үүд хаалгаа нээгээд гурван жилийн ойгоо угтаж буй Аянга Сторын хамт олон 25 жилийн түүхт Шөнийн галт тэрэг хамтлагтай цоо шинэ хамтралаа эхлүүлж буй нь энэ юм. Ийнхүү технологийн салбарын залуус болон рок хөгжмийн домогт хамтлаг нэгдэж, амьд мэдрэмжийг залууст хүргэхээр өртөөнөөс хөдөллөө.
Энэ ташрамд Unread медиагийн хамт олноос Аянга Сторынхондоо гурван жилийн ойн халуун баяр хүргэе!

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ТЭДНИЙ ТУХАЙ ТОВЧХОНООР
Шөнийн галт тэрэг хамтлагийн замнал тэртээ 1996 онд байгуулагдсан "Night Train" болон 1998 оны "Scream" хэмээх хоёр хамтлаг нэгдэн нийлснээс эхлэлтэй. Шинэ зууны босгон дээр буюу 2001 оноос Баясгалан, Төгөлдөр, Одхүү, Цэцэнбилэг гэсэн дөрвөн залуу хамтын уран бүтээлээ албан ёсоор эхлүүлж, удалгүй 2003 онд Занданхүү нэмэгдсэнээр бүтэн бүрэлдэхүүнээ олжээ. 2004 онд 11 дуутай “Цэнхэр шувуу” нэртэй анхны цомог нь “Сонор” студид бичигдэн гарсан ба эл цомог гарснаас хойш гишүүд хувийн амьдралдаа анхааран идэвхгүй байсан ч 2018 болон 2020 оны Playtime Festival-аар дахин нэгдсэн байна. Улмаар 2021 онд албан ёсоор эргэн нэгдэж, анхны цомгоо дахин бичүүлэн, тоглолтоо хийжээ. “Үлэг гүрвэл”, “Зөөлөн”, “Зүүдэндээ би” зэрэг олон арван бүтээл нь үе үеийн сонсогчдыг байлдан дагуулж, өнөөг хүртэл сонсох дуртай уран бүтээлүүд маань хэвээр байсаар байна.
Холбоотой нийтлэл: Бид хэрхэн ажилладаг вэ? - “Шөнийн галт тэрэг” хамтлаг

Харин 2023 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Аянга Сторын хувьд “Tech it Easy” уриан дор дэлхийн томоохон технологийн брэндүүдийн албан ёсны бүтээгдэхүүнийг борлуулж буй. "Аянга" хэмээх нэр нь хүн төрөлхтөнд гал бэлэглэгч, хувьсал хөгжлийн эхлэл, өнөөдрийн амьдралыг тэтгэгч цахилгаан, бүх зүйлийн эх үүсвэр гэсэн утга санааг агуулдаг. Тэдний хувьд том дэлгүүрүүдийн жишгээс татгалзаж, тухтай орчинд хүн нэг бүрийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг сонголт, таатай зээлийн нөхцөлийг санал болгох замаар технологийн худалдан авалтыг илүү утга учиртай, цогц үйлчилгээ болгож буйгаараа зах зээлд ялгардаг билээ.
Холбоотой нийтлэл: Онцлох бизнес - Ayanga Store: Гар утас, баталгаа, лизинг

ТЭДНИЙГ НЭГТГЭСЭН ҮНЭ ЦЭН ЮУ БАЙВ?
Мэдрэмж нэгдүгээрт!
Хүн төрөлхтөн хэт их мэдээлэл, дижитал хэрэглээнээс залхаж, эргээд "амьд" мэдрэмжийг үгүйлэх болов. Шинжлэх ухаан, инженерчлэл бидний амин чухал хэрэгцээг хангадаг бол, дуу хөгжим, урлаг гоо зүй биднийг амьд байгааг мэдрүүлдэг билээ. Аянга Сторын хувьд технологийн бүтээгдэхүүн (Apple, Samsung Xiaomi брэндийн) борлуулдаг ч эцсийн дүндээ тэрхүү техник хүнд үйлчилж, эерэг мэдрэмж, дурсамж бүтээх ёстой хэмээн үздэг хамт олон. Шөнийн галт тэрэг хамтлаг ч мөн адил уран бүтээлээрээ дамжуулж хүний сэтгэл, мэдрэмжийг хөндөхийг зорьдог нь тэднийг нэгтгэх гол цэг болжээ.
Зарчмын огтлолцол
Шөнийн галт тэрэг хамтлаг дуу бүрийнхээ үг, ая, клипний утга агуулгад маш нухацтай ханддаг. Энэхүү чанар нь аливаа зүйлийг зүгээр нэг өнгөн талаас бус доторх мөн чанарыг нь чухалчилдаг Аянга Сторын соёлтой яв цав нийцжээ. Тийм ч учраас гурван жилийн хугацаатай энэ хамтрал тэдний хувьд ердийн нэг сурталчилгааны гэрээ бус, харин ижил үнэт зүйл дээр суурилсан утга учиртай түүхийг хамтдаа бүтээх урт хугацааны аялал юм.
Ажлын арга барил
Хоёр тал анх уулзахдаа л бие биеийнхээ ажилдаа хандах хандлага, байгууллагын соёлд татагдсан байдаг. Аянга Сторын ажилчдаа сонсдог, бүтээлч орчин нь хамтлагийн гишүүдэд таалагдсан бол хамтлагийн энгийн хэрнээ тууштай байдал нь компанийн удирдлагуудад итгэл төрүүлжээ. Ийнхүү тэд бие биеэ хүндэлсэн, урт хугацааны хамтрагч болж чадна гэдэгтээ бат итгэсэн байна.

ХАМТРАЛЫН ХҮРЭЭНД БИД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?
2026 оны “Үлэг гүрвэл”
Хамтын ажиллагааны хамгийн эхний бөгөөд томоохон ажил бол "Үлэг гүрвэл" дууны клипийг бүтээх. Хамтлагийн залуу насны эрч хүч, энергийг өнөө үед шинэчлэн хүргэх энэхүү клип нь сэтгэлд дотно хуучны дурсамжийг сэргээхээс гадна шинэ үеийн залууст тэрхүү давтагдашгүй орон зайг мэдрүүлэх зорилготой аж.
“Шөнийн галт тэрэг бол хамгийн даруухан хэрнээ хамгийн хүчтэй илэрхийлэмжтэй, час хийсэн цөөн уран бүтээлээрээ чансаагаа баталдаг хамтлаг юм.”
– Аянга Сторын хамт олон
Түүнчлэн ирэх жилүүдэд тэд олон уран бүтээл, соёлын өвийг хамтран бүтээж, хэрэглэгчдэдээ технологийн шинэчлэлээс гадна сэтгэлийн цэнгэл, хайрыг түгээх олон сонирхолтой ажлыг төлөвлөөд байна. Мэдээж одоогоор нууц бөгөөд цаг нь болохоор аянга мэт гэнэтийн, галт тэрэг мэт хүчтэй, хурдтайгаар залуусын сонорт хүрэх биз ээ.


Сэтгэгдэл бичих

