Улс орондоо, ажиллаж буй салбартаа амжилт, манлайллаараа түүчээлж яваа гүйцэтгэх захирал, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг онцлон танилцуулдаг “The CEO Magazine” сэтгүүлийн шинэ дугаарт “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормааг онцолжээ.
Тэрээр Монголын дэд бүтцийн салбарын томоохон компаниудын нэг “Бодь” группт анх 2003 онд эдийн засагчаар ажилд орж, улмаар удирдах албанд дэвшин, 2021 оноос “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын нүсэр төслийг гардан ажилласан юм. Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой төслийг гардан ажиллахад тулгарсан сорилт бэрхшээл, ололт амжилтын тухай “The CEO Magazine” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулсныг хүргэж байна.
ИННОВАЦЫН ТҮҮЧЭЭ БАЙХ
1990-ээд оны ардчилсан шилжилтийн үе дэх анхны хувийн хэвшлийн компаниудын нэг “Бодь Интернэшнл” ХХК нь өдгөө дэд бүтэц, барилга, аялал жуулчлал, банк санхүү, хөрөнгө оруулалт зэрэг бизнесийн олон салбарт үлгэрлэл болсон томоохон групп компани болсон. Бид ухаалаг иргэний үнэмлэх, банкны анхны пластик карт, олон улсын жишигт нийцсэн иргэний нисэхийн хяналтын байгууламж, тухайн үеийн Европын дэвшилтэт стандартыг хангасан оффисын барилгууд, орон сууцны цогцолборууд зэрэг бизнесээ эрхэлж буй салбар бүрдээ шинэлэг үзэл санаа, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирэв.
“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл бол Монгол Улсын ДНБ-ий 25 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын том хүлээлт байлаа. Түүнчлэн энэ төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 2000 гаруй ажлын байр бий болгох үнэ цэнтэй төсөл юм. Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой уг зорилгын төлөө “Бодь Интернэшнл” ХХК EPC гүйцэтгэгчээр ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусган 2022 оны есдүгээр сард нээлтийн ёслолоо хийсэн байдаг.
Төсөл дөнгөж эхэлсэн 2019 онд ковид19 цар тахал дэгдэж, төсөөлөөгүй гэнэтийн эрсдэлтэй нөхцөлтэй тулах нь тэр. Манай улсын хувьд бүтээн байгуулалтын нүсэр төсөл хэрэгжүүлэхэд мэргэшсэн туршлагатай инженер, хүний нөөцийн хүрэлцээ багатай. Гаднаас туршлагатай, ур чадвартай хүний нөөц гаднаас авчиръя гэсэн ч ковидын улмаас боломжгүй байсан. Төсөл хэрэгжүүлэх явцад мэдэхгүй, чадахгүйн олон сорилт гарсан боловч манай инженер, техникийн ажилчид хамтдаа даван гарч чадсанд бахархаж байлаа.
“Бодь Интернэшнл компани бизнесээ хэрэгжүүлж байсан бүхий л салбарт шинэ үзэл санаа, шинэ стандарт, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг зорьж ирсэн”
Б. Долгормаа
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь “Бодь” групп, “Бодь Интернэшнл” ХХК-ийн 30 жилийн түүхэн ойн босгон дээр бүтээсэн томоохон үйл хэрэг болоод зогсохгүй цаашид хийж бүтээх алсын харааг улам өргөжүүлсэн. Монгол Улсын Засгийн Газраас “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж баталсан ба Бодь групп нь энэхүү бодлогын баримт бичигт тусгасан томоохон төслүүдэд оролцох боломжтой чадварлаг хамтрагч байх болно. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бидний сурч мэдсэн техникийн чадамж, мэргэжил, мэдлэг, хуримтлуулсан туршлага үнэ цэнтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Бидний хувьд “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төслийг хэрэгжүүлэхдээ дотоод гадаадын нийлүүлэгч, үйлдвэрлэгч, барилга угсралтын нийт 700 гаруй туслан гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж, үр нөлөөтэй түншлэлтэй болсон нь том давуу тал байлаа. Тэднээс, Солонгос улсын зураг төслийн компани, Хятад улсын төмөр замын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, АНУ, Казахстаны зүтгүүр үйлдвэрлэгчид, ОХУ-ын вагон үйлдвэрлэгчид зэрэг олон орны компани байгууллагыг дурдаж болно.
ДОТООДДОО ЭРЧИМ ХҮЧЭЭ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ЧАДАМЖИЙГ БИЙ БОЛГОХ НЬ
Одоо бид Монгол Улс дотооддоо эрчим хүчээ хангахад хүч нэмэх “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нүүрсний уурхай, уурхайд байрласан цахилгаан станцыг хөгжүүлэх болон цаашлаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолбор байгуулах эрчим хүчний өргөн цар хүрээтэй төсөл. Цахилгаан станцын блокуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулснаар нийт 600 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болно хэмээн тооцоолж байна.
Бодь группийн хувьд ирээдүйд томоохон төсөл хэрэгжүүлэхэд шинэ технологи, мэдлэг, мэргэшил, төслийн санхүүжилтийн хувьд сорилт, бэрхшээлтэй учирч болох ч эдгээр сорилтыг харилцан ашигтай хамтын ажиллагааг ашиглан, өргөжүүлснээр даван туулах боломжтой.
Бодит амжилтын төлөө
Бидний уриа бол “Бодит амжилтын төлөө”. Ажилтан бүр компанийн нийтлэг зорилгод хүрэхийн тулд өөрт оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж эх орондоо хувь нэмрээ оруулъя, бодит амжилтад хүрье хэмээх утгатай. Үүний тулд компани ажилчдынхаа ахуй нөхцөл, ажлын сэтгэл ханамжид ихээхэн анхаарч, үр ашгаа нэмэгдүүлэх нь зүй. Энэ ч утгаараа бид хүний нөөцийн бодлогодоо ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, олон нийтийн арга хэмжээ, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх “4B” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм.
Бидний хувьд, аливаа төсөлд оролцсон оролцогч бүр хэрэгжилтээс үр шимийг нь хүртсэн, орон нутгийн ард иргэдэд бодит ашиг тусаа үзүүлсэн, байгаль орчинд ээлтэй байж чадсан төслийг амжилттай хэрэгжсэн гэж үнэлдэг. Тиймээс ч орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчны хамгаалах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ба ингэхдээ тухайн орон нутгаас ажилтан, туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулж авах, оюутнуудыг тэтгэлэгт хамруулах, Говийн дархан цаазат газарт дэмжлэг үзүүлэх, устах аюулд орсон ургамлын төрөл зүйлийг хамгаалах, Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах усан сан байгуулах зэрэг олон ажлыг дурдаж болно.
Түүнчлэн “Бодь” групп нь төмөр замын мэргэжилтнүүд, техникчдийг сургах, гадаад харилцааг өргөжүүлэх, дотоодын уулзалт хурлуудыг зохион байгуулах, солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 онд Судалгаа, хөгжүүлэлтийн R&D төвийг байгуулсан. Энэхүү төвд сургалтын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай сургалтын танхим, номын сан мөн төмөр замын зарим тоног төхөөрөмжүүд, загварчлалууд бий.