Миний хувийн хамгийн дуртай хобби бол хэл зохиох билээ. Хачирхалтай санагдаж магадгүй ч хэл зохиох нь нэн эртний түүхтэй бөгөөд өдгөө багагүй тооны хүний сонирхол, хобби болоод буй гэхэд хилсдэхгүй. Одоогоос есөн зууны тэртээ буюу XII зуунд хөгжмийн зохиолч Гэгээн Хилдегард 23 үсэгтэй “Lingua Ignota” (Нууцлагдмал хэл) хэмээх анхны “зохиомол” хэл (Constructed Language)-ийг бүтээсэн гэдэг. Бид түүнийг юуны учир хэл зохиох болсон учрыг, мөнхүү чухам ямар хэл зүйн дүрэм, хэр баялаг үгийн сан бүтээсэн талаар бараг л юу ч мэдэхгүй. Тэрээр эл бүтээмэл хэлийнхээ тухай гагц “Ignota lingua per simplicem hominem Hildegardem prolata” буюу “Хилдегард нэрт эгэл хүмүүний мэдэх нууцлагдмал хэл” гэх латин хэл дээрх хоёр бүтээлдээ гараар тэмдэглэн үлдээсэн байдгаас өөр түүхэн эх сурвалж үгүй.

Улмаар Гэгээн Хилдегардаас хойш олон нэр алдартай эрхмүүд өөр өөрсдийн хэлийг зохион үлдээсэн байдгаас нийтэд хамгийн түгээмэл танигдсан нь Эсперанто хэл. Мөн үүнд алдарт “Бөгжний эзэн” гурамсан романы зохиолч Ж.Р.Р.Толкин Элфийн хэлээс эхлээд одой нарын хэл хүртэл нийт 15 ялгамжаатай хэл бүтээснийг ч дурдууштай. Хожим Ж.Р.Р.Толкины хэлнүүдийн тухай дэлгэрэнгүй бичих биз ээ. Харин өнөөдрийн нийтлэлээрээ HBO-ийн алдарт Хаан ширээний тоглоомын дэргэдэх цуврал “Долоон ханлигийн морьтон баатар”-ын нээлтийг тохиолдуулан Ж.Р.Р.Мартины цогцлоосон Вестерос ертөнц, Долоон ханлигийн хэлнүүдийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ.
Aheshke jada!
Өвөл айсуй! - Дотраки хэлээр
Зохиомол хэлийн товч түүх
Гэгээн Хилдегардаас хойш хүмүүс янз бүрийн зорилгоор бишгүй олон хэл зохиосон боловч энтертайнмент салбарт энэ төрлийн хэл анхлан орж ирсэн нь 1979 оны “Star Trek: The Motion Picture” кино бүтээлтэй холбогдоно. Уг бүтээлд л анх Скотти нэрт дүр “Klingon” хэлээр ярьсан байдаг. Тус хэлийг Америкийн хэл зүйч, уугуул америкчуудын хэл судлаач Марк Окранд бүтээсэн бөгөөд 1984 онд анхны “Klingon” хэлийн толь бичгээ хэвлүүлсэн нь одоог хүртэл нийт гурван зуу гаруй мянган хувь борлуулагдсан гэсэн тоо баримт бий. Харин өдгөө судлаачид Дэвид Ж.Петерсон хэмээх эрийн бүтээсэн хэлнүүд энэ тоог давна гэж таамаглаад буй. Энэ тухай дараагийн цогцолборуудад өгүүлнэ.
Одоогоор хамгийн олон хүн ярьдаг зохиомол хэлийн жагсаалтыг Эсперанто, Interlingua хэмээх хоёр хэл тэргүүлж байна. Эсперанто хэлийн тухайд Польшийн нүдний эмч зохиосон гэдгээрээ онцлогтой. Эмч Лазарус Заменхоф 1887 онд “Доктор Эсперантогийн Олон Улсын Хэл”, олонд танигдсан нэрээрээ “Unua Libro” буюу “Анхны ном” хэмээх эсперанто хэлний бүтээлээ хэвлүүлснээр тус хэл анх олон нийтэд хүрсэн гэж үздэг. Улмаар он цагийн явцад уг хэл нийтэд “эсперанто хэл” гэгдэх болсон байна. Л.Заменхоф өөрийн зохиосон хэлээрээ ердөө хүн төрөлхтний хэл хоорондын бэрхшээлийг үгүй хийж, нийтээр ашиглавал зохих, сурахад амар, түүнчлэн цөөн үгээр угтвар, дагавар ашиглан олон тооны үг бүтээн ярих боломжийг олгохыг зорьсон гэдэг. Ташрамд дурдахад, эсперанто хэлний үгийн сангийн 80 гаруй хувь нь Романсын хэлнүүдээс гаралтай бол үлдсэн нь Герман, Грек, Славик хэлийн үгийн санд түшиглэсэн аж. Манай нэрт хэл бичгийн нэрт эрдэмтэн Б.Ринчен гуай мөн “Эсперанто хэл өөрөө сурах бичиг” хэмээх бүтээл туурвисан байдгийг дурдууштай.
Харин “Interlingua” (Inter: хооронд, lingua: хэл) хэлний хувьд 1937-1951 оны хооронд АНУ-ын “International Auxiliary Language Association” байгууллагын дэмжлэгээр бүтээгдсэн бөгөөд латин хэлийг хялбарчилснаараа онцлогтой. Энэ ч утгаараа шинжлэх ухаанчдын дунд тодорхой хэмжээнд тархсан байдаг ч олон нийтийн хэрэглээнд амжилттай нэвтэрч чадаагүй билээ.
Дэвид Ж.Петерсон
Америкийн хэл зүйч Дэвид Ж.Петерсон “Fullerton College”-д англи хэлний багшаар ажиллаж байхдаа HBO-өөс Хаан ширээний тоглоом цувралд зориулан Дотраки морьтнуудын хэлийг зохиох хүн хайж байгаа гэсэн зар олж харжээ. Ийнхүү зохиолч Ж.Р.Р.Мартины романууддаа оруулсан үг, өгүүлбэрүүдэд суурилан дөрвөн жилийн турш Дотраки хэлийг хөгжүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Үүнд шинэ бичиг үсэг, хэл зүйн дүрэм, түүгээр ч зогсохгүй 3400 үгийн сантай толь бичиг зохиох хүртэл багтжээ.

Цувралын зураг авалтын үеэр жүжигчид Д.Ж.Петерсоны дуудлагыг даган дуурайж сургуулилсан агаад дотраки хэлд “баярлалаа” гэх үг байлгахгүй байх шийдвэрийг тэрээр дангаараа гаргасан гэдгийг онцлууштай. Гэтэл тус хэлд илдээр хүн цавчихыг долоон өөр янзаар хэлэх боломжтой гэдэг. Гэвч энэ нь санаандгүй хэрэг огт биш. Учир нь аливаа хэл ахуй орчноо шүтэн бүрэлдэж, мөнхүү хувьсан өөрчлөгддөг билээ. Тэрээр аливаа хэлний уг чанарт дулдуйдан дотраки түмний соёл, аж амьдралаас үүссэн байхуйц хэл бүтээхийг зорьсон нь дээрх шийдвэрийн цаад шалтгаан байсан гэж хэлж болно.
Холбоотой нийтлэл: Хэлний үүсэл: Анхны хүмүүст ярих хэрэгцээ байсан уу?
Мөн Д.Ж.Петерсон нь бүхэл бүтэн Валириан гэх хэлний аймаг (Алтай хэлний язгуур, Герман хэлний аймаг, Түрэг хэлний бүлэг гм. аймгийн адил) бүтээснээс гадна бас бус олон өөр цувралд зориулан янз бүрийн хэл зохиосон байдаг. Сүүлийн жилүүдэд энтертайнмент салбарт зохиомол хэлний хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж буй хэмээгдэх болсон бөгөөд үүний гол шалтгаан нь Д.Ж.Петерсоны тайлбарлаж байгаагаар өдгөө дэлхий дахинд тохиолдлоор эвлүүлсэн дуу авиа үзэгчдэд үнэмшилтэй санагдахаа нэгэнт больсонтой холбоотой гэнэ. Түүнчлэн тэрээр шинээр нээлтээ хийж буй бүх уран зөгнөлт цувралууд тэр даруй хэлний мэргэжлийн болоод мэргэжлийн бус үзэгчдийн шүүлтээр орох болсон тул олны сэтгэлд хүрч, үнэмшихүйц санагдах хэлийг бүтээхийн тулд мөн л мэргэжлийн хэл зүйчдийн оролцоо чухал хэмээжээ.
Иймд тэрээр Дотраки хэлийг зохиохдоо хүн төрөлхтний олон хэл зуунаас зуунд хэрхэн хувьсан өөрчлөгдөн ирснийг судлахын сацуу дотракичуудын аж байдлыг нэн чухалчлан авч үзсэн байна. Тодруулбал, түүний үзсэнээр дотракичууд нь бусад иргэншилтэй харьцуулахад багаж хэрэгсэл, техник технологийн хувьд хоцрогдолтойн дээр голчлон тал нутагт нүүдэллэн амьдардаг тул амьдралын хэв маяг, соёлтой нь уялдуулан үгийн сан, хэл зүйг зохиох шаардлага тулгарсан санж. Өөрөөр хэлбэл монгол хэлд таван хошуу малын нас бүрийг тухайлан заасан нэршил байдаг бол бусад хэлд энэ нь тун ховор тохиолддогтой адил юм.
Ташрамд сонирхуулахад, англи хэлний хамгийн түгээмэл 3000 үгийг мэддэг бол аливаа текст, харилцан ярианы 90 гаруй хувийг ойлгоно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Энэ нь бидэнд өөрсдийгөө илэрхийлэхэд ойролцоогоор 3000 үг л хангалттай байдаг гэсэн үг. Гэтэл Д.Ж.Петерсоны дотраки хэл дээр дурдсанчлан 3400 үгтэй бол Дээд Валириан хэл (High Valyrian) л гэхэд 2000 гаруй үгийн сантай ажээ.
Duolingo ба зохиомол хэл

Бид дэлхийн хамгийн алдартай хэл сурах платформ болох “Duolingo”-гоос дээр дурдсан зохиомол хэлнүүдээс гурвыг нь сурах боломжтойг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэдгээр нь Д.Ж.Петерсоны Дээд Валириан, Л.Заменхофын Эсперанто, М.Окрандын Клингон юм. Эдгээрээс Дээд Валириан хэлийн курсийг нь Д.Ж.Петерсон өөрөө боловсруулсан гэдгээрээ онцлогтой.
Холбоотой нийтлэл: Duolingo яагаад цагийн гарз вэ?
Duolingo дахь Д.Ж.Петерсоны Дээд Валириан хэл нийт 9 хэсэгтэй бөгөөд анхан шатны түвшинд ярьж, бичих чадвартай болгоно гэх боловч цувралын хамгийн алдартай, олон фэнтэй дотраки хэлний курс одоогоор нэмэгдээгүй байгаа юм байна. Д.Ж.Петерсоны хэлснээр дотраки хэлээр хүмүүс нохойгоо сургах сонирхол нэмэгдсэнээс гадна, “Reddit” дээр нэгэн залуу дурласан эмэгтэй нь өөрийг нь тоогоогүйгээс үүдэн гэрийнхээ ханан дээр дотраки хэлээр “Миний амьдралын саран” гэж цусаараа бичээд зургаа илгээснийг олж харсан гэж мэдэгджээ. Харин Duolingo-гийн мэдээлж буйгаар эсперанто мэт зарим зохиомол хэл угаас сурахад амархан байхаар бүтээгдсэн байдаг тул энгийн хэл сурахад тун сонирхолтой бөгөөд хөгжилтэй дадлага болно хэмээжээ. Хэрэв та алдарт Хаан ширээний тоглоом цувралын үнэнч үзэгч, уншигч бол Duolingo-гоор дамжуулан Луугийн ээж, Дэйнерис Таргариений хэл болох Дээд Валирианыг сураад үзээрэй. Мөн Дэйнерис Таргариений элэнц өвөг Өндөгийн тухай өгүүлэх Долоон ханлигийн морьтон баатар цувралыг үзэж эхлүүлэхээ мартуузай.

Сэтгэгдэл бичих

