Яг одоо дэлгэцийн ард суугаа уншигч та өөрийгөө даруй 2.4 сая жилийн тэртээх дэлхий рүү буцлаа хэмээн төсөөлөөрэй. Таны эргэн тойронд буй “Homo” нар (тэр үед Homo Sapiens нар сураг ч үгүй байх болно) хоорондоо хэрхэн харилцаж байх бол? Үсэрч, дэвхцэж, эсвэл бүр орилж хашхирч байх болов уу? Хачирхалтай нь, дэлхийн нэгэн нэрт эрдэмтний үзсэнээр тэд “дуулж байх” магадлал бий ажээ (гэхдээ Эдит Пиафийн “La Vie en rose”-г дуулж байгаагүй нь лавтай). 

Хэл шинжлэлийн цуврал нийтлэлүүд маань үргэлжилсээр. Өнөөдрийн нийтлэлийн сэдэв бол “Анхны хүмүүст ярих хэрэгцээ байсан уу?” юм. Уншигч танд хариултыг нь шууд хэлье: Анхны хүмүүст ярих бус, дуулах хэрэгцээ байжээ. Харин дуулж сурсныхаа дараа ярьж бас сурах хэрэгтэйгээ ойлгосон нь маргаангүй. Чухам яагаад тэдэнд нэн тэргүүнд ярих бус дуулах хэрэгцээ байсан болоод хэзээнээс бидний өвөг бич нар “ер нь ярихгүй бол горьгүй нь” хэмээн бодсон тухай өгүүлэхээр энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Тухлан сууж таалан болгооно уу.

Дэлгэрүүлж унших: Шекспирийн зохиосон үгс: Шинэ үг хэрэглээнд хэрхэн нэвтэрдэг вэ?

Бабелийн аранга

Хэл шинжлэлийн урт, урт судалгааны ажлуудыг дурдаж эхлэхээсээ өмнө урьдаар танд нэгэн домог ярьж өгье. Эрт урьдын цагт энэ дэлхий дээр хүн төрөлхтөн даяар нэгэн хэлтэй байжээ. Домогт өгүүлснээр эртний Бабилончууд орой нь диваажинд хүрэх агуу аранга босгож, түүнийгээ тойруулан үзэсгэлэн төгс хот суурин байгуулахаар шийдсэн санж. Гэтэл бурхан үүнийг мэдээд тэднийг бие биеэ ойлгохгүй, өөр өөр хэл устай болгон хувиргасан гэнэ. Тийнхүү тэр хот үлгэр домог болон мартагдаж, хүмүүн бид бээр мөнхөд нэг нэгнээ ойлгохгүй тус тусын хэлтэй болцгоосон гэдэг.

Тус домгийг Бабилончуудын нийслэл хот болох Бабилонд сүндэрлэж асан Мардукийн арангаас үүдсэн хэмээн судлаачид үздэг. Учир нь уг арангын нэр нь бабилон хэлээр “Баб-илу” буюу “Бурхны үүд” хэмээсэн утгатай үг аж. Түүнчлэн, еврейн хэлэнд “Бабел” гэдэг нь “төөрөгдүүлэх” гэх утгатай тул дээрх домгийн үүслийг ийнхүү таамаглах нь түгээмэл байдаг байна.


зургийг: The Metropolitan Museum of Art

Нийтлэлээ эл домгоор эхлүүлсэн нь учиртай. Өнөөдөр дэлхийн найман тэрбум хүн ойролцоогоор 7,000 гаруй хэлээр ярьж буй нь, мөн бид түүхийн уртад нийт 500,000 гаруй хэл зохиосон нь яахын аргагүй гайхамшиг. Гэхдээ үүнээс дараах нэгэн асуулт урган гарч ирж болно: яагаад бидэнд ийм олон хэл хэрэгтэй болсон гэж?

Хариулт нь тун энгийн. Тодруулбал, хэл гэдэг гагц харилцааны хэрэгсэл бус, соёл, ахуй орчин, сэтгэлгээ, үнэт зүйлийн тусгал учир хүн төрөлхтөн дэлхий даяар тархан суурьшихдаа байгаль, цаг уур, амьдралын хэв маягтаа тохируулан өөр өөрөөр сэтгэж, харилцах шаардлагатай болжээ. Ингээд л хүмүүс хэлийг өөрсдийн онцлог, хэрэгцээнд тохируулан төрөлжүүлж эхэлжээ.

Мөн дээрх домгийг нэг талаасаа хэлний хувьслын талаарх хамгийн эртний “онолын оролдлого” хэмээн үзэж болно. Төдийгөөс өдий хүртэл бид яагаад ийм олон хэл зохиох болов? Бүх хэл нэг хэлнээс үүссэн байх боломжтой юу? зэрэг асуултын араас хөөцөлдсөөр иржээ. Орчин үеийн хэл шинжлэлийн эрдэмтэд ч Бабелийн домгийг шууд утгаар нь бус, харин “олон хэл үүсэхийн цаад сэтгэл зүйн ба нийгмийн шалтгаан”-ыг илэрхийлсэн бэлгэдэл талаас нь судлах нь олонтоо.

Сонирхуулах нийтлэл: Эрт үеийн хүмүүсийн хэл сурах арга барил + 3 зөвлөгөө



“Homo Erectus” бидний хэлний оюуны өмчийг эзэмшдэг үү?

Хүмүүний хэл яриа хаана, хэрхэн үүссэн бэ гэх асуултын төвд тэргүүн эгнээнд тавигддаг эртний хүний төрөл бол “Homo erectus” юм. Энэхүү төрөл нь ойролцоогоор 1.9 сая жилийн өмнө Африкийн нутагт үүсэж, улмаар Азийн болон Европын газар нутаг руу тархсан гэж үздэг. Чухам эл төрлийн хувьд “хэлтэй байсан эсэх” болон “хэл бүтээх чадвартай байсан эсэх”; мөн хэрэв тийм бол өнөөгийн бидний хэл тэднээс үүдэлтэй байж болох эсэх нь цөм судлаачдын дунд маргаантай сэдэв хэвээр буй.

Тэгвэл эхлээд тэднийг “хэлтэй байсан/байх боломжтой” гэх талыг авч үзье. Homo erectus-ийн чамлахааргүй том (өнөөгийн бидний тархины тэн хагастай тэнцэхүйц) тархи болон нийтээр хамтран амьдрах, гилбэр тэргүүт зэвсэг урлах чадвартай байсан зэрэг нь хэл ярианы анхдагч хэрэглүүртэй байсан байх боломжтойг харуулдаг аж. Жишээ нь, судалгаагаар Homo erectus-ийн “hyoid” хэмээх хэлний булчирхай орчмын яс, хоолойн хөвч зэрэг нь одоогийн гориллатай ойролцоо байсан нь батлагдсан. Энэ нь тэд утга төгөлдөр хэл бүтээхэд тавигдах авиа зүйн бүхий л шаардлагыг хангаж байсан гэсэн үг.


зургийг: BBC

Мөн зарим эрдэмтэд Homo erectus-ийн олон тив рүү тархаж (Европ, Ази, Африк), тэр ч байтугай сал бүтээн арлаас арал дамжин нүүдэллэж байсныг үндэслэн утга төгөлдөр хэлтэй байх бүрэн боломжтой хэмээн үзсэн байдаг.

Одоо харин сөрөг талыг авч үзье. Шуудхан хэлэхэд дээрх таамгийг батлах баримт хангалттай бус. Түүнчлэн, судлаач, хэл зүйч Рудольф Бота 2024 оны судалгаагаараа “Seafaring Inference” буюу “Homo erectus арал арал дамжин нүүдэллэж асан тул хэлтэй байсан” гэх таамгийг няцаасан байна. Гэхдээ тэднийг дохио зангаа, дуу авиаг хослуулсан харилцааны хэрэглүүртэй байсан гэх таамаг бүрэн няцаагдаагүй билээ. Учир нь хүний төрлүүд (homo нар) хоёр хөл дээрээ алхаж эхэлснээс хойш дохио зангааг харилцаандаа ашиглах боломж нээгдсэн гэх таамаг мөн байдгийг дурдууштай.

Тэгвэл “бидний хэл Homo erectus-ийн хэлнээс үүссэн байх боломжтой юу?” гэвэл… маргаантай. Үүнийг археологийн, генетикийн судалгаагаар шууд батлах, эсвэл няцаах боломжгүй. Хэдий тийм боловч түүхч Ю.Н.Хараригийн алдарт “Homo Sapiens” номд өнөөдрөөс 300,000 жилийн тэртээ үүссэн Homo sapiens буюу ухаант хүмүүс Homo erectus-тэй эвцэлдсэн тухай өгүүлдэг. Харин Homo sapiens нар одоогоос ердөө 100,000 жилийн тэртээ л хэл устай болсныг санууштай.



Анхны хүмүүст ярих хэрэгцээ байсан уу?

“Анхны хүн” гэхээр бидний төсөөлөлд цахиур хагалан гал асааж буй, чулуун зэвсэг барьсан хүний дүр зураг орж ирэх нь түгээмэл. Гэвч хэл ярианы үүсэл нь зөвхөн ярих чадвартай эсэхээс бус, харин харилцах шаардлагатай байсан эсэхээс хамаарна. Хэл шинжээчид “анхны хүн” гэх ойлголтыг “Homo habilis”, “Homo erectus”, болон хожим тодрон гарч ирсэн “Homo sapiens” нартай холбон авч үздэг бөгөөд эл гурван төрлийн аль алинд нь хоорондоо хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байсан байдаг. Тэд байгальд тэсэж үлдэхийн тулд ан агнах, жимс түүх, сүргээр амьдрах зэрэг нэг нэгэнтэйгээ хамтран ажиллах шаардлага үргэлжид байв. Иймд дохио зангаа, дуу хоолойгоороо тодорхой хэмжээнд харилцах нь амин чухал байсан ч чухам хэзээнээс, яаж бид хоорондоо ярилцаж эхэлсэн нь тодорхойгүй.



Түүхч Ю.Н.Хараригийн үзэж буйгаар бид ангийн махыг болгож иддэг болсноор хоол боловсруулахад зарцуулдаг асан асар их хэмжээний энергийг хэмнэх болсон нь хэл яриа үүсэхэд нөлөөлсөн байх боломжтой гэнэ. Учир нь, үүний үр дүнд бидний бүдүүн, нарийн гэдэс мэдэгдэхүйц хэмжээнд богиносож хувьссан аж.

Түүнчлэн, хэл шинжлэлийн зарим судлаачид хэл ярианаас өмнө “дуу” үүссэн байх боломжтой хэмээн үзэх нь бий. Энэ нь сүргийн амьдралын хэв маягаас эхлээд хэд хэдэн шинжлэх ухааны үндэслэлтэй билээ.

Ч.Дарвины онол

Хэлний гарал үүслийг шинжлэх ухааны үүднээс авч үзсэн анхны хүмүүсийн нэг бол нэрт эрдэмтэн Чарльз Дарвин юм. Тэрээр 1830-аад оны сүүлчээс эхлэн “амьтдын харилцах чадвар” болон “хүний дуу авиа үүсгэх онцлог”-ийг ажиглаж, хүмүүний хэл нь төрөл зүйлийн хувьслын нэг хэлбэр байж болно хэмээн таамаглажээ. Ч.Дарвин амьтдын дуу авиа, хүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэмж (айдас, баяр баясал, гайхан дуу алдах үеийн дуу хоолой, дохио зангаа) хоёрын төсөөтэй шинжийг онцолж, хэл нь “дуу аялгуу, аливаа юмс үзэгдлийг дуурайх”-аас үүдэлтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн тэр “Бидний хэл хамгийн анх дуулахаас эхэлсэн байх боломжтой юу?” хэмээх асуултыг сөхөн гаргаж, хүний анхны авиа нь хөгжмийн нэгэн адил гоо зүйн шинжтэй байсан хэмээн дүгнэжээ. Түүнийхээр бол эртний хүмүүс эр гиббон бичний нэгэн адил “аялгуулан дуулж” хосоо татахын сацуу, бусад эр бичтэй “дуугаар” өрсөлддөг байсан аж. Үүнээс улбаалан хэл нь байгалийн болон үржлийн шалгарлын дүнд аажмаар үүсэж хөгжсөн хэмээн дүгнэсэн санж.



Ч.Дарвины энэхүү онол нь тухайн үедээ хэлийг хүн төрөлхтний амьтдаас ялгарах “тэнгэрлэг” ялгамж хэмээн үздэг Фридрих Макс Мюллер зэрэг эрдэмтдийг эсэргүүцсэн зоримог алхам байв. Өнөөдөр ч хэлний гарал үүслийн талаарх судалгаа, тархины бүтэц, эртний хүмүүсийн харилцаа, филологийн шинжлэх ухаан цөм Ч.Дарвины дэвшүүлсэн санаан дээр тулгуурлан улам өргөжсөөр буй.

Нийтлэлийнхээ төгсгөлд сонирхуулахад, хүн төрөлхтөн нийтээрээ нэг хэлтэй болох эрмэлзэл эрт дээр үеэс байсан бөгөөд үүний хамгийн "амжилттай" гэхүйц оролдлого эсперанто хэл байв. 1887 онд Польшийн нүдний эмч Л.Л.Заменхофын бүтээсэн эл хэл Европ, Азид дэлгэрэн XX зууны эхэнд дэлхий даяар нийт хоёр сая гаруй хүний хэрэглээнд нэвтэрч дээр өгүүлсэн Бабелийн аранга адил чамлахааргүй өндөрлөгт хүрч байжээ. Түүнчлэн, манай нэрт эрдэмтэн Б.Ринчен хүртэл "Эсперанто хэл өөрөө сурах бичиг" нэрт бүтээл туурвисан байдаг. Энэ мэтчилэн хүн төрөлхтний түүхэн дэх хэлтэй холбоотой сонирхолтой түүх, домог, онол, таамаг арвин их. Түүний тоогоор таныг улам ч сонирхолтой олон олон нийтлэлүүд хүлээж байна. Уншихаа бүү саатуулаарай.