Сүүлийн хэд хоногт Монголчуудыг шууруулж буй нэг сэдэв бол цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ юм. Унахад хялбар, сонирхолтой бас хөгжилтэй энэ төхөөрөмжйн үүсэл хөгжил, олон улсын жишиг, бидний амьдралд бодитоор үзүүлэх нөлөө зэргийг тоймлон хүргэж байна.
Үүсэл
Өдгөө бидний мэдэх скүүтерийн анхны хувилбар болох механик ажиллагаатай, өөрөө жийж унаx зориулалттай скүүтер анх 1817 онд Герман улсад үүсч байжээ. Харин анхны цахилгаан скүүтерт тооцогдох хагас цахилгаан, хагас түлшээр ажилладаг Autoped нэртэй скүүтер 1915 онд АНУ-ын Нью-Йорк хотод бий болов. Километр заах удирдлагын хэсэг, хурд нэмэх хөшүүрэг, тоормос гэх хэдхэн энгийн функцээс бүрдэх, 35 км/цаг хурдлах чадалтай уг скүүтерийг автомашинаар туулахад ойр мөртөө алхахад хол зайд унах сэдлээр бүтээсэн байв.
Ингэж явсаар 2000 оны үед Micro, Razor зэрэг компаниуд бүрэн цахилгаан скүүтерийг бүтээлээ. Харамсалтай нь скүүтерийг хүүхдүүдийн тоглоом гэж үзэж хүн цөөнгүй байсан учир “зориглож” унах томчууд цөөн байсан юм. 2000 онд Autoped цахилгаан скүүтер “Жилийн хамгийн шилдэг тоглоом” шагналыг ч хүртэж байлаа.

Нийтийн хүртээл
Bird Rides компани 2017 онд цахилгаан скүүтерийг түрээслэхээр Калифорниа мужид тараан байршуулсан нь дэлхий дахиныг хамарсан давалгааны эхлэл болов. Тухайн жилдээ хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцэж, өдөр олон арван мянган удаа түрээслэгдэж байсан уг унаа харамсалтай нь 18 сарын дараа гамгүй хэрэглээнээс үүдэн ашиг өгөх ирээдүйтэй бизнес биш хэмээн хаалгаа барив.
Гэсэн хэдий ч дэлхий дахинаа цахилгаан скүүтерийн давалгаа нэгэнт эхэлсэн байв. Зөвхөн түрээслэх бус хэрэглэгчид цахилгаан скүүтер өмчлөх хүсэлтэй болж, энэ чиглэлээр дагнасан компаниуд ч олноор бий болсон юм. Statisca.com-д харуулснаар 2017 онд цахилгаан скүүтер хэрэглэгчдийн тоо 520 мянга байсан бол 2019 он гэхэд 40 сая болж огцом өсчээ. Үүнээс хойш хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр 2023 оны байдлаар цахилгаан скүүтер хэрэглэгчдийн тоо 77 саяд хүрсэн байна.
Сайн үр дүн
Агаарын бохирдол бууруулна: НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн комиссын зургаа дахь үнэлгээний тайланд цахилгаан скүүтерийн байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөг дурджээ. Дэлхийн улс орнууд ойрын хэдэн арван жилийн дотор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад анхаарч, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэхийг зорьж буй. Үүний хүрээнд цахилгаан скүүтерийг автомашин, автобус, метро, такси зэрэг найман төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгаруулалт 70 хувиар бага байгааг тогтоожээ.
Замын түгжрэл багасгана: Улаанбаатар хотын иргэдийн хувьд цахилгаан скүүтерийн бий болгоосой гэж ихэд хүсэж буй нөлөө бол түгжрэлийг бууруулах явдал билээ. Америкт хийсэн нэгэн судалгааны үр дүнд цахилгаан скүүтерийг хэрэглэснээр түгжрэлийг 17,4 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаржээ. Мөн 2019 онд АНУ-ын Атланта хотод цахилгаан скүүтерийг хэрэглээнээс хастал долоо хоногийн дараа замын түгжрэл огцом нэмэгдсэн бодит жишээ ч бий. Уг нь Атланта хотод цахилгаан скүүтерийг хэрэглэж байх үед автомашины түгжрэл 37 хувиар буурсан үзүүлэлттэй байжээ.

Сул тал
Цахилгаан скүүтер хэдий олон төрлийн сайн талтай ч сөрөг талууд ч бий. Жишээлбэл, нэг сарын өмнө л гэхэд Францын нийслэл Парис хотод түрээсийн цахилгаан скүүтерийг хэрэглээнээс хасах санал асуулгад иргэдийн 90 хувь нь “тийм” гэсэн хариу өгчээ. Учир нь 2022 оны байдлаар цахилгаан скүүтер унах явцдаа 459 хүн осолд өртөж, гурван хүн нас баржээ. Тэд хуулийн зохицуулалтдаа цахилгаан скүүтер унах хамгийн доод насыг 12 хэмээн заасан нь хэтэрхий “жулдсан” ч байж болох юм.
2021 онд Англи улсад цахилгаан скүүтертэй холбоотой 1352 осол бүртгэгдсэн нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Нийт 1352 ослоос 1102-т нь хэрэглэгчид ямар нэгэн байдлаар бэртэл авжээ. Мөн осолд өртөж буй хэрэглэгчдийн ихэнхийг 10-19 насныхан бүрдүүлсэн байна.
Цаашид яах вэ?
Ингээд харвал цахилгаан скүүтер замын түгжрэлийг бууруулахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй юу гэвэл тийм. Гэхдээ бидний өмнө осол, гэмтэл гарсан тохиолдолд хэрхэн зохицуулахаас эхлээд явган хүний замаар явах уу, автомашины замаар зорчих уу зэрэг олон асуудал тулгарч буй.
Азаар скүүтер үүсээд 200 орчим жил, орчин үеийн хэрэглээнд нэвтрээд 10 орчим жил болж байгаа учир АНУ, Герман, Франц зэрэг улсуудаас туршлага судалж, тэдний алдааг давтахгүйгээр ашигтай байдлаар ашиглах бүрэн боломжтой. Жишээлбэл дараах зохицуулалтууд байж болно.
- Жолоодох эрх: Бага насны хүүхэд цахилгаан скүүтер унаж осол, гэмтэл гаргахаас сэргийлж, унах насыг 18-аас дээш настай болгож, заавал бичиг баримтаар баталгаажуулах
- Хамгаалалт: Цахилгаан скүүтер унахын тулд зориулалтын малгай, шөнийн гэрэлтүүлэгтэй байх
- Хурдны хязгаар: Зарим цахилгаан скүүтерийн хувьд 75 км/цаг хүртэл хурдлах боломжтой учир хот дотор унах хурдад хязгаар тогтоох
- Байршил: Цахилгаан скүүтерийг зөвхөн тусгайлан тогтоосон бүсэд унах
- Түрээсийн үйлчилгээ: Цахилгаан скүүтерийн түрээсийг нэвтрүүлж буй байгууллагуудын шударга өрсөлдөөнийг хангах
- Замын хөдөлгөөний дүрэм: Хятад улсын жишгээр цахилгаан скүүтер унаж буй бол гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээг дагах

Сэтгэгдэл бичих

