Ердөө долоохон өдрийн дараа бид түүхэндээ анх удаа 126 УИХ-ын гишүүнийг ардчилсан сонгуулиар сонгох гэж байна. Шинэ хууль, шинэчилсэн тойрог, анхны 126 гишүүн гээд олон онцлох үйл явдалтай энэ удаагийн сонгуулиар иргэдийн дунд хангалттай ойлгогдоогүй, эргэлзээтэй хэвээр буй зүйлсийг тодорхой болгох зорилгоор энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
Ингэхдээ бид өөрсдийн цахим хаягуудаар дамжуулан уншигчдаасаа ойлгож амжаагүй сэдэв, тээнэгэлзсэн асуултаа үлдээхийг хүссэн ба түгээмэл давтагдсан асуултуудад доор хариулъя.
Ардчилсан сонгуулийг олон улсад мажоритар (олонхийн саналаар) болон пропорционал (хувь тэнцүүлэх) гэсэн хоёр аргаар явуулдаг. Монголчуудын хувьд сонгуулиа мажоритар системээр буюу улсаа сонгуулийн тойргуудад хуваагаад, тойрог бүрээс олонхийн санал авсан нэр дэвшигч ялах байдлаар зохион байгуулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт хамгийн их санал авсан нь ялдаг тогтолцоо гэсэн үг.
Харин пропорционал тогтолцоо нь хувь тэнцүүлэх буюу улсаа сонгуулийн нэг л тойрог гэж үзээд нийт сонгогчдоос авсан саналын хувь хэмжээнд нь тохирох суудлын тоог намуудад хуваарилдагаараа онцлогтой. 2012 онд манай улс анх удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, 76 гишүүний 48-ыг томсгосон мажоритар, 28-ыг пропорционал хэлбэрээр сонгосон байдаг. Харин 2023 онд “Сонгуулийн тухай хууль” шинэчлэгдсэнээр бид албан ёсоор энэ хоёр системийг хослуулан сонгуулиа хийх болсон ба 78-ийг нь олонхийн саналаар, 48-ийг нь хувь тэнцүүлэх зарчмаар сонгоно.
Холимог тогтолцоот сонгууль өгөх гэж байгаа тул бид хоёр саналын хуудас бөглөх ба тэр нь дараах байдлаар хуваагдана.
1. Нэр дэвшигчдэд санал өгөх хуудас: Амьдарч буй тойрогт тань өгөгдсөн мандатын тоогоор нэр дэвшигчдэд саналаа өгнө. Жишээ нь, танай тойрог гурван мандаттай бол та гурван хүнд санал өгөх ёстой. Ингэхдээ хүссэн гурван нэр дэвшигчээ сонгож болох ба тэр нь заавал нэг намын хүмүүс байх шаардлагагүй.
2. Намд санал өгөх хуудас: Дэмжиж буй нэг намдаа санал өгнө. Ингэснээр намууд сонгуульд санал авсан хувь хэмжээтэйгээ дүйцэх УИХ-ын суудал авах ба үүнд жагсаалтаар нэр дэвшигчид дарааллын дагуу хуваарилагдах юм.
Эрүүл мэндийн болон бусад шалтгаантай сонгогчдын сонгох эрхийг хангах үүднээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авдаг. Үүнд хамрагдаж, саналаа өгөхийн тулд эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө харьяа хороо, дүүрэгтээ хүргүүлэх учиртай. Тэгэхээр та зургаадугаар сарын 25-ны дотор энэ ажлаа амжуулах хэрэгтэй гэсэн үг. Ингэснээр таны саналыг зургаадугаар сарын 28-ны өмнөх өдрийн 09-20 цагийн хооронд очиж авах болно.
“Сонгуулийн тухай хууль”-иар санал авах байр бүрд харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд зориулсан брайль үсэг бүхий хавтас болон тэргэнцэртэй сонгогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байх ёстойг тодорхой заасан байдаг. Энэ шаардлагыг нэг талаас санал авах байр бүр хангах үүрэгтэй, нөгөө талаас бид ч биелүүлэхийг шаардах эрхтэй юм шүү.
Доорх зурагт тойргийн хуваарилалт болон, тойрог бүр дээр хэдэн хүнийг сонгож болох тооны хамтаар харууллаа.
1992 оноос хойш бид сонгуулийн олон системийг туршсанаас дөрвийг нь жижиг буюу 76 тойрогтой хийж байв. Ингэснээр сонгогч маш цөөн хувилбар дундаас ердөө нэг л хүнийг сонгож байснаас үүдэн нэр дэвшигчид жижиг тойрогтоо нэр олохын тулд асуудлыг явцуу байдлаар харж, “аминчхан” гэмээр шийдвэрүүд гаргах нөхцөл болсон гэж үзэх нь бий.
Тиймдээ ч 2020 оны сонгуулиар 76 жижиг тойргоос татгалзаж, томсгосон буюу 26 тойрогтой сонгууль хийснийг санаж байгаа байх. Ингэж тойргуудыг бүсчлэн томсгосноор нэр дэвшигчид асуудлыг илүү бүрэн зургаар, бүс нутгийн түвшинд харж, бодлогын түвшинд буюу үндсэн үүргийнхээ хүрээнд ажиллах нөхцөл бүрддэг аж. Энэ нь ч 2024 оны сонгуулийг 13 тойрогтой явуулах үндэс болсон (Бүр цаашлаад пропорционал тогтолцооны хүрээнд нийт монголчууд нэг тойрог болж нэг намд санал өгч байгаа нь ч үүний нэг жишээ).
Мөн та СЕХ-оос гаргасан уг нэр дэвшигчдийн жагсаалттай танилцаарай.
Тойрогт нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалт
СЕХ
2023 онд шинэчилсэн хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль болох өдрөөс 90 хоногийн өмнө зогсоодог байсныг 60 хоног болгон өөрчилжээ. Ингэхдээ И-Монголиа хаягаараа нэвтэрч, сонгуулийн үеэр байх хаягаа цахимаар бүртгүүлэн баталгаажуулах боломжтой байсан юм. Харамсалтай нь, одоо шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй ба сонгууль дууссаны дараа шилжилт хөдөлгөөн хэвийн үргэлжлэх болно.
Зөөврийн битүүмжилсэн хайрцагт эрүүл мэндийн шалтгаантай, эсвэл “Дайчилгааны тухай хууль”-д заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч болон захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч нар саналаа өгч болдог. Таны хувьд учир байдлаа тайлбарлаж, албан ёсоор хүсэлт гаргасан ч хугацааны хувьд зөөврийн битүүмжилсэн хайрцаг нь сонгууль болохын өмнөх өдөр л санал авдаг учир хоёр хоногийн өмнө гэвэл санал өгөх боломжгүй ажээ.
Энэ удаагийн сонгуулийн нэгдсэн мэдээллийг Сонголт аппаас авах боломжтой. Сонгогчийн боловсролд зориулан мэдээ, контентууд бэлтгэж буй тус платформ, апп нь хэн, хаана нэр дэвших талаар болон тухайн хүний намтар түүхийг нэг дороос, цаг алдалгүй авах нөхцөлийг бүрдүүлж буй. Түүнчлэн Үндэсний аудитын газраас улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт өгсөн аудитын дүгнэлт, тойргуудын статистик зэрэг олон мэдээлэл энд бий.
Мөн өчигдөрхөн бид “Сонгуулийн өдрүүдээс онцлох 4 санаачилга, 4 платформ”-ын мэдээллийг нэгтгэсэн нийтлэлээ хүргэсэнтэй танилцаад үзээрэй. Эндээс та хаанаас, ямар мэдээллүүдийг хялбараар авч болохоо мэдэж чадна.
Өнгөрөгч сонгуулиас эхлэн сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн хөрөнгө, орлогын үзүүлэлтийг нээлттэйгээр мэдүүлдэг болсон нь том дэвшил юм. Өөрийн тойрог дахь нэр дэвшигчдийн мэдээллийг ил тодоор үзэх боломжтой болсон нь тухайн хүнийг илүү бодитой үнэлж дүгнэхэд тустай. Энэ бол цаашид ч улстөрчдөд тогтмол хяналт тавьж, ил тод байлгахад хөшүүрэг болох баримт юм.
Мөн энэ сонголт, судалгаанд тань 2024 оны зургаадугаар сарын 10-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өдөр бүр 21:00 шууд дамжуулагдаж буй "ТэнГэр ТВ"-ийн бодлогын мэтгэлцээн ихэд дэм болох болов уу.
Сонгогдсон сэдвийн хүрээнд сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдээс зургаан нэр дэвшигч оролцож, намынхаа мөрийн хөтөлбөр, ирээдүйн дөрвөн жилд баримтлах бодлогоо танилцуулан, өөр хоорондоо мэтгэлцэж буй энэ контентоос та нэр дэвшигчдийн туршлага, үзэл бодол, мөрийн хөтөлбөр, туршлага хийгээд хувь хүний төлөвшил, зан байдлыг үнэлж дүгнэх боломжтой.
Сонгогч биднээс хамааралтай ажил зургаадугаар сарын 28-ны өдөр харьяа сонгуулийн санал авах байрандаа 07:00-22:00 цагийн хооронд очиж, сонголт хийсэн саналын хуудсаа хар хайрцагт зааврын дагуу оруулснаар үндсэндээ дуусна. Харин санал авах хугацаа оройн 22 цагт албан ёсоор дууссанаас хойш дараагийн 2-3 цагийн хугацаанд сонгуулийн урьдчилсан дүн гарна гэдэг хүлээлттэй байхад болно гэсэн үг.
Харин албан ёсны дүнг СЕХ-оос бүх хэсгийн хороодын дүнг нэгтгэсний эцэст эмхлэн, гараар тоолж баталгаажуулсны дүнд олон нийтэд албан ёсоор танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьдаг журамтай.
Энэ жилийн хувьд СЕХ долоодугаар сарын 13-ны дотор нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн ажил цэгцрэх юм.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.
Алдалгүй сонго