Сонгуулийн холимог тогтолцоо Монгол Улсад хэрэгжиж эхэлснээр цаашид биднийг түүхэнд байгаагүй олон буюу 126 хүн их хуралд төлөөлөхөөр болов. Уг тооноос даруй арав дахин их нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна. Нөгөөтээгүүр хамгийн туршлагатай сонгогч хүртэл тоглоомын шинэ дүрэмтэй нүүр тулж, жагсаалт, томсгосон тойрог, саналын хуудасны шинэ загвар зэрэг яаж гэдгийг нь ойлгох олон асуултын өмнө ирээд буй.  

Энэ цаг үетэй холбогдуулан бүх нийтийг цэгцтэй, цогц мэдээллээр хангаж, сонгуулийн боловсролыг нь дэмжих, санал асуулгыг цахимжуулах замаар төр, олон нийтийн уялдаа холбоог бэхжүүлэн сайжруулах зорилготой “Сонголт” аппыг туршиж үзлээ.  

Апп татах: iOS | Android


нэр дэвшигчид

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойргоос 996, жагсаалтаар 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Бид сонголтоо хийхдээ эдгээр үй олон хүмүүс дундаас өөрийн тойрогт нэр дэвшигчдийг шигших, тэдгээрийн ерөнхий мэдээлэл, мөрийн хөтөлбөртэй танилцах, үүний үндсэн дээр өөрийн сонгох 2-5 нэр дэвшигчийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Тэгвэл эдгээр алхмыг ганцхан цэсээр хялбархан шийдэж болох нь сонгогчийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэсэн шийдэл санагдлаа.


мэдээ

Дэлхий дахинд болоод сонгуулийн эргэн тойронд болж буй шинэ соргог мэдээллийг цөөн үйлдлээр, шахаж эмхэтгэсэн агуулгаар хүлээн авахыг хэн бүхэн хүсдэг. Тэгвэл Сонголт аппын “мэдээ” цэс нь хэрэглэгчийг дотоод дахь цаг үеийн болон олон улсын бизнес, технологи, улс төр зэрэг томоохон салбаруудад өрнөсөн онцлох үйл явдлуудын талаар баталгаат эх сурвалж бүхий мэдээллээр хангана.


видео

Энэхүү цэс нь зургаан бүлэгтэй.

Сонгуулийн Ерөнхий Хороо - Сонгуульд оролцох эрхээ бүрдүүлэх зөвлөмж, саналын хуудсыг бөглөх заавар, сонгуулиар хориглох зүйлс, гадаад дахь сонгогчид зэрэг сонгогчийн боловсролд чиглэсэн богино контентууд

Улс төрийн “Мэтгэлцээн 2024” - Тэнгэр ТВ-ээс зохион байгуулж буй улс төрийн бодлогын мэтгэлцээн зургаадугаар сарын 26-ыг хүртэл өдөр бүр шууд дамжуулагдаж буй. Энэ хэсэгт мэтгэлцээний өнөөдрийг хүртэл гарсан бүх дугаарын бүтэн хувилбарыг байршуулжээ.

Видео мэдээ - Улс төрийн цаг үеийн мэдээлэл, Мэтгэлцээн 2024-ын онцлох хэсгүүд, гадаад мэдээ зэрэг товч агуулга бүхий богино бичлэгүүд

Ярилцлага, нэвтрүүлэг - “Мэтгэлцээн 2024”-ын оролцогчдын сэтгэгдэл, Монгол ТВ-ийн “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлэг, “Хар хайрцаг” нэвтрүүлэг зэрэг улс төр, сонгуультай холбогдолтой нэвтрүүлэг, ярилцлагуудын түүвэр

Танин мэдэхүй - Хувь хүний хөгжлийн сэдэвт нэвтрүүлэг, подкаст

Сонгуулийн сурталчилгаа - Нам, эвслүүдийн нэр дэвшигчдийн сурталчилгааны агуулга бүхий богино бичлэгүүд


санал асуулга

Сонгуулиар бид өнгөрсөн дөрвөн жилийн аж амьдралаа улс нийтээрээ эргэн нэг хардаг. Хүн бүрд сайн, муу төрөл бүрийн л санал сэтгэгдэл төрөх нь дамжиггүй. Шүүмжлэлтэй санагдсан зүйлээ бодоод өнгөрөх нэг хэрэг. Биечлэн биш ч бичгээр илэрхийлж, сэдэлжүүлнэ гэдэг өөр нэг хэрэг шүү дээ. Тиймээс боловсрол, улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжил зэрэг есөн төрлийн форумд санал бодлоо илгээх боломжтой тусгай цэсийг энэхүү аппд багтаасан нь зайлшгүй шийдэл санагдлаа.


дүгнэлт

Сонгуульд идэвхтэй оролцохоос гадна хариуцлагатай оролцох нь нэн чухал. Тиймээс юун түрүүнд "Би болон миний гэр бүл ямар ирээдүйг хүсэж байна вэ? Гараад явахад ямар асуудал намайг хамгийн ихээр бухимдуулж байна вэ? Ерөөс би ямар үзэл баримтлалтай хүн бэ?" гэдэг талаар нухацтай бодож үзээрэй. Ингэснээр нам, эвслүүд, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлого, амтлалтад дүн шинжилгээ хийж, өөрийн үнэт зүйлд тулгуурласан зөв сонголтыг хийхэд дөхөм болох болов уу.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.

Алдалгүй сонго