Сонгуулийн саналаа өгөх өдөр нэг л мэдэхэд хаяанд иржээ. Түүнээс өмнө хэн, хаана, юу болоод байгааг мэдэхгүй яваа сонгогч та цаг заваа хэмнэхийн сацуу сонгуулийн тухай бүхий л мэдээллийг авахыг хүсэж байвал уг нийтлэлийг дуустал нь уншаарай. Энэ нийтлэлээрээ бид сонгуулийн тухай бүхий л мэдээллүүдийг хялбархан авах 4 чухал санаачилга болон 4 хэрэгцээтэй платформуудыг танилцуулж байна. 

4 санаачилга 

1. Ноорог-18 хоног кино төсөл

Сонгогчийн боловсрол олгох баримтат кино төсөл

“Ноорог”-ийн залуус УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хоногууд мөн санал өгөх өдрийн бодит үйл явдлыг 5 өөр дүрийн амьдралаар дамжуулан харуулах баримтат киног хийх гэж байна. Тус кинонд бидний амьдралд маш ойр бөгөөд сонгуулийн үеэр болдог санал худалдаж авах, мөнгө тараах, хаяг дээр танихгүй хүн бүртгэгдсэн байх зэрэг шударга бус, ойлгомжгүй үйл явдлуудыг харуулж, сонгогчдод урлагаар дамжуулан мэдлэг олгох ажээ.

Эх сурвалж: Ноорог

Ач холбогдол:

Монголчуудын хувьд энэ жил маш чухал сонгууль болж байгаа ба анх удаа бид 76 биш 126 гишүүн сонгох гэж байна. Тиймдээ ч энэ үеийг баримтжуулан үлдээх нь чухал. Түүнчлэн сонгуулийн өдрийг зөвхөн өөрийн хот, аймаг, газар нутгаар төсөөлдөг бол өөр аймагт, Улаанбаатарт сонгууль хэрхэн явагддагийг 18 хоног кино төсөл нь бодитоор харуулах өөр нэг цонх болох ажээ.

2. Tenger TV-Бодлогын мэтгэлцээн

Зургаадугаар сарын 10-ний өдөр сонгуульд нэр дэвшигч нам, эвслүүдийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Тэгвэл эл хугацааг шийдэл, бодлогын талаар хэлэлцэн үр дүнтэй явуулахад Tenger TV томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тэд сонгогчдыг нэр дэвшигчдийн үзэл санаа, бодлого, түүний хэрэгжилттэй танилцахад туслах зорилгоор бодлогын мэтгэлцээнийг өдөр бүр явуулж байгаа билээ.

Ач холбогдол:

Өдөр бүр өөр сэдэв, бодлогын хүрээнд нэр дэвшигчид халз мэтгэлцэж санал бодлоо солилцсоноор ер нь ямар боловсрол, мэдлэг, чансаатай нэр дэвшигчдийг сонгох гэж байгаагаа сонгогчид өөрсдөө шүүх боломжийг нөгөө талаараа уг мэтгэлцээн олгож байгаа нь онцлууштай.

Мэтгэлцээний тойм нийтлэл: Мэтгэлцээн 2024 | Тойм #10 - “Хүүхэд хамгаалал”

3. Бодлогод залуусын хяналт - "Залуус сонгуулийн манаанд"

Бодлогод залуусын хяналт ТББ нь иргэд, олон нийтэд цахим орчин болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн тогтолцоо, холбогдох хууль, саналын хуудас болон сонгуулийн тойргийн талаар мэдээлэл олгох мөн залуучууд, сонгогчдын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: Бодлогод залуусын хяналт ТББ

Ач холбогдол:

Тэд энэ оны сонгуулийн онцлог юу вэ? иргэд саналаа хэрхэн өгөх вэ? гадаад улсад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх вэ? зэрэг маш энгийн бөгөөд бодит үйлдэлд суурилсан сонгуультай холбоотой мэдээллүүдийг түргэн шуурхай авах боломжийг олгож буй.

Дашрамд дурдахад Бодлогод залуусын хяналт ТББ-ын хэрэгжүүлж буй “Сонгуулийн иргэний нийгмийн ажиглалт” төслийн хүрээнд сонгуулийн өдөр сонгуулийн санал авах байранд Иргэний нийгмийг төлөөлж ажиглалт хийх сайн дурын залуусыг хайж байгаа юм байна.

Сайн дурын ажилд энд дарж бүртгүүлнэ үү.

4. UNREAD-Алдалгүй сонго

Манай редакц сонгуультай холбоотой мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхий дахинд болон дотоодод сонгуультай хамаатай алдаж боломгүй чухал мэдээллүүдийг алдалгүй унш урианы дор цуврал болгон хүргэж байгаа билээ. Бодлогын мэтгэлцээний тойм, сонгуулиас өмнө зайлшгүй мэдэх бүгдийг А-Я үсгэнд хялбаршуулан бэлдэж, сонгогчдын цаг завыг хэмнэх аппудыг туршиж мөн түүнчлэн дэлхий дахинд, нийгэмдээ томоохон өөрчлөлтийг авчирсан хүмүүсийн түүх зэргийг багцлан хүргэж байгаа билээ.

4 платформ 

1. Songolt апп

Songolt апп-д сонгогчдын энд тэндээс салангид байдлаар авдаг байсан мэдээллийг хялбарчилж, нэгтгэсэн нь сонгогчдын цаг завыг хэмнэхийн сацуу хурдан, хялбар аргаар улс төрийн мэдлэгийг нэмэгдүүлж буй. Тухайлбал, өөрийн тойрогт нэр дэвшигчдийг шигшиж мөрийн хөтөлбөр, тэдний сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ерөнхий хорооны зүгээс гаргаж буй чухал мэдээллүүд зэргийг ганцхан товч дараад л мэдэж авах боломжтой юм.

Апп татах линк: IOS / Android

2. Ikon-сонгууль 2024 булан

Ikon.mn сонгууль 2024 булан нь нэр дэвшигчдийг тойрог, намаар шүүх мөн тэдний жагсаалтаас хэдэд явж буйг харах, мөрийн хөтөлбөртэй нь танилцах үйлдлийг мөн хялбарчилжээ.



3. gogo.mn-сонгууль 2024 булан

Ikon.mn-ий адилаар сонгогчдын бүхий л мэдээлэлтэй танилцах боломжтой. Мөн нэр дэвшигчдийн нийт дэвшсэн тоо, одоо эрхэлж буй ажил, мэргэжил, эрдмийн зэрэг, цол зэргийг мэдээлэлдээ багтаажээ.




4. M.Election.mn

Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны сайт нь энэ жил “сонгуулийн боловсрол 2024” цахим сэтгүүлийг энэ оны хоёрдугаар сард гаргажээ. Уг сэтгүүлд сонгуультай холбоотой болох бүх үйл ажиллагааг цаг хугацааны дарааллаар дэлгэрэнгүй оруулсан байна. Түүнчлэн улс төрийн санхүүжилт, сонгуулийн шинэчлэлийн дараах асуудлууд зэрэг судалгаануудыг багтаасан нь онцлууштай.

Эцэст нь хэлэхэд сонгуулийн өдрүүдэд мэдээллээс зугталгүй тойргийнхоо нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдтэй танилцаж сонгогчийн үүргээ биелүүлээрэй.

Алдалгүй сонго