Хүн бүрийн амьдралын утга учир, тэмүүлэл эцэстээ сайн сайхан амьдрах дээр л очдог. Тэгвэл өнөөгийн нийгэмд монгол хүний санхүү, сэтгэл зүй, ажлын байран дахь сайн сайхан байдал ямар түвшинд байна вэ? Энэхүү асуултад судалгаа, эрдэмтдийн нотолгоонд суурилсан хариулт өгөх, цаашлаад хувь хүн болон байгууллагуудын хөгжлийг дэмжих зорилгоор гурван өдрийн өмнө “Well-Being Mongolia” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 

Форумын үеэр “Монгол хүний сайн сайхан байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулсан бөгөөд дотоод, гадаадын мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, олон улсын сайн жишээг хуваалцахын зэрэгцээ панел хэлэлцүүлгүүдээр сайн сайхан байдалд нөлөөлж буй гол хүчин зүйлс, хүн төвтэй бодлого, манлайлал, нийгмийн энтерпрайз болон эерэг нөлөө бүхий бизнесийн боломж, шийдлүүдийн талаар хэлэлцлээ.

Арга хэмжээ нийт гурван хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт Монгол хүний сайн сайхан байдлын судалгааны үр дүн дээр төвлөрч, хоёр дахь хэсэгт ажлын байр болон санхүүгийн сайн сайхан байдлын тухай хэлэлцэв. Харин сүүлийн хэсэгт бодлогын уялдаа холбоо, нөлөөлөлтэй холбоотой илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Монголчуудын сайн сайхан байдлыг А-Я үсэгт

НЭЭЛТ 

Нээлтийн үйл ажиллагаа Монгол үндэсний өв уламжлалыг шингээсэн урлагийн тоглолтоор эхэлж, улмаар судалгааны багийн гишүүд "Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа"-ны онцлох үр дүнг биечлэн танилцуулсан юм.

Ажлын ширээнээс амьдралын чанар хүртэл: Монголчуудын сайн сайхан байдлын судалгаа

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТЭД ЮУ ХЭЛЭВ? 

Б.Мөнхзаяа - СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн

Судалгаагаар иргэдийн 70% нь хуримтлалтай боловч 71% нь зээлтэй, үүний 28 орчим хувийнх нь зээл жилийн орлогоос нь давсан нь өрийн дарамтад орох эрсдэл өндөр байгааг харуулна. Мэдээж ийм нөхцөлд байгууллагууд цалинг байнга нэмж чадахгүй ч ажилтнууддаа санхүүгээ зөв удирдах сургалт, зөвлөгөө өгөх замаар дэмжих нь чухал байна. Өнөөдөр үр дүнгээ танилцуулж буй Монголчуудын сайн сайхан байдлын судалгаа нь бидний эрүүл энх, амар тайван, аз жаргалтай амьдрахад нөлөөлж буй амьдралын хэв маяг, сэтгэл зүй, санхүүгийн асуудлуудынхаа хаана нь алдаж байгааг олж харж, юуг сайжруулах ёстойг бодит баримтаар харуулж өгч байгаагаараа ач холбогдолтой санагдаж байна. Иймд энэхүү судалгааны тайланг бодлого боловсруулагчид ашиглаж, бодлого шийдвэртээ тусгах боломжтой.

Г.Мандухай - Оптимал Эн Макс ХХК-ийн дэд захирал

Улс орны хөгжлийг зөвхөн ДНБ буюу эдийн засгийн өсөлтөөр бус, иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлын үзүүлэлтээр хамтатган хэмжих нь чухал. Энэхүү судалгаа нь нийгмийн сайн сайхан байдлыг санхүү, бие физиологи, сэтгэл зүй зэрэг олон талаас, цогцоор нь судалснаараа онцлогтой. Монголчуудын сэтгэл зүйн хувьд 4 хүн тутмын нэг нь сайн, нэг нь сул, үлдсэн хоёр нь дундаж төлөвтэй байна. Ялангуяа Gen Z буюу залуу үеийнхний амьдралын сэтгэл ханамж, ажлын байрны сайн сайхан байдал хамгийн сул гарсан бөгөөд карьерынхаа эхний 1-3 жилийн сорилттой үед нь тохирсон дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД 

Дэвид Лим - Сингапурын “Behavioural Insights Team” (BIT) компанийн ахлах зөвлөх

Илтгэлийн сэдэв: Санхүүгийн сахилга батыг цогцлооход зан төлөвийн шинжлэх ухаан хэрхэн туслах вэ?

Сүүлийн үед хиймэл оюун ашигласан цахим луйвар улам нарийсаж байна. Тухайлбал хүмүүс энгийн залилантай харьцуулахад хиймэл оюун ашиглан илүү үнэмшилтэй мэт харагдах луйварт 22 хувиар илүү их мөнгө алддаг болох нь тогтоогдсон байдаг. Үүний эсрэг Канадын Онтарио мужийн Үнэт цаасны хорооноос 2,000 гаруй иргэнийг хамруулан browser plug-in буюу вэб хөтчийн нэмэлт программ ашиглан цахим залилангаас сэргийлсэн байна.Уг нэмэлт программ нь хэрэглэгч цахим орчинд залилангийн шинжтэй, өндөр эрсдэлтэй сурталчилгаа эсвэл нийтлэл харах мөчид нь автоматаар анхааруулга өгч сэрэмжлүүлснээр яг шийдвэр гаргах мөчид нь оновчтой хамгаалж чаджээ.

Түүнчлэн иргэд санхүүгийн хүнд нөхцөл байдалд, өр зээлийн дарамтад орсон тохиолдолд асуудалтайгаа нүүр тулахаас зайлсхийх хандлагатай байдаг. Харин яг ийм үед байгууллагууд тэднийг дарамталж, шахахаас илүү тусламж авах эхний алхмыг нь маш энгийн, айдас түгшүүргүй (жишээ нь, албан бичгийн дугтуйг өөрчлөх, гараар бичсэн зурвас үлдээх зэргээр) байдлаар загварчилж өгөх нь сайн сайхан байдлыг дэмжихэд нөлөөлдөг байна.

Лиз Халстед - UCL Боловсролын хүрээлэн, Лондонгийн Их Сургуулийн Сэтгэл судлалын дэд профессор

Илтгэлийн сэдэв: Сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дээшлүүлэх нь: Хувь хүн, харилцаа, биднийг хүрээлэн буй ертөнц

Сэтгэл зүйн сайн сайхан байдал бидний амьдралд болж буй үйл явдал, нойр, бие махбодын өвдөлт, орчин тойрноос хамааран байнга өөрчлөгдөж байдаг хувьсамтгай зүйл. Судалгаанаас үзэхэд, хүн өвдөж шаналсан, эсвэл хагацал гунигтай нүүр тулсан хүнд үедээ ч хайр халамж, амьдралын утга учир, эерэг мэдрэмжийг зэрэг мэдрэх боломжтой байдаг. Тэгэхээр нэг ёсондоо ямарваа нэг биеийн өвдөлт эсвэл амьдралд тулгарах бэрхшээл, асуудлыг заавал шийдэж байж хүн сайн сайхан байдлыг мэдэрдэггүй. Тухайлбал, архаг хууч өвчтэй 9 эмэгтэй дээр хийсэн судалгаагаар тэдний суурь өвчлөлттэй холбоотой эмчилгээ огт хийлгүй зөвхөн нойрны чанарыг сайжруулах төдийд сэтгэл гутралын хэмжээ мэдэгдэхүйц буюу 10 онооноос 5 оноо хүртэл буурч байсан юм. Дээрээс нь сайн сайхан байдлыг хүн ганцаараа тэмцэж олж авдаггүй бөгөөд бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн харилцаа, нийгмийн дэмжлэг зэргээр ямагт тэтгэгдэж байдаг амьд үйл явц гэдгийг үргэлж санаарай.

Эслинда Хамза - ICF-ийн магадлан итгэмжлэл бүхий Open World Orientation аргачлалын үүсгэн байгуулагч, нөлөөллийн хамтын архитектор

Илтгэлийн сэдэв: Ажлын байрны сайн сайхан байдал бол үндэсний сайн сайхан байдал

Удирдагч хүн өрөөнд орж ирэхдээ л ямар уур амьсгал авчирч, ямар нөхцөл байдал, дадал зуршлыг бүрдүүлж байгаагаараа бусдын амьдралд нөлөөлж байдаг. Тухайлбал хүмүүст юу мэдрэгдэж байгаа нь тэдний хэрхэн ажиллах зан төлөвт нөлөөлдөг бол тэдний юу туулж, мэдэрч байгаа нь тэдний ажилдаа хандах хандлага, оролцоог тодорхойлдог. Цаашлаад өдөр тутам давтагддаг жижиг үйлдлүүд эцэстээ байгууллагын соёл болж төлөвшдөг учраас удирдагчийн гаргаж буй шийдвэр, үйлдэл, тэр ч байтугай уулзалтын үеэрх чимээгүй байдал хүртэл байгууллагын соёлыг бүтээхэд хувь нэмэр оруулдаг гэнэ. Ажилтнуудын ажлын байран дээр мэдэрсэн тэр бүх мэдрэмжүүд нь тэдэнтэй хамт гэрт нь харьж, гэр бүл, найз нөхөд гээд цааш бүр нийгэмд нөлөөлдөг.

Хэдийгээр орчин үеийн нийгэм бие даасан, хараат бус байдлыг тахин шүтэх хандлагатай байдаг ч яг үнэндээ бид хувь хүний чадвар, амжилтаас илүү хамтын ажиллагаагаар л хөгжиж, сайжирч байдаг.

онцлох мөчүүд