FIBA U16 Asia Cup бол зүгээр нэг аваргын тэмцээн биш. Энэ бол дэлхийн ирээдүйн оддыг тодруулж, тэдний карьерыг эхлүүлэх томоохон тавцангуудын нэг юм.

FIBA U16 Asia Cup гэж юу вэ? 


Энэ бол Азийн сагсан бөмбөгийн холбоо (FIBA Asia)-ноос хоёр жил тутамд зохион байгуулдаг, 16 хүртэлх насны эрэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тус тэмцээний эхний дөрөвт шалгарсан багууд шууд U17 World Cup буюу 17 хүртэлх насны өсвөрийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ халаасалдаг бөгөөд тэр мөчөөс эхлэн залуу тамирчдын замнал шинэ түвшинд гардаг гэж ойлгож болно. NBA, NCAA (National Collegiate Athletic Association буюу Америкийн их, дээд сургуулиудын спортын холбоо) болон Европын шилдэг клубүүдийн скаутууд тус тэмцээнээс ирээдүйн авьяастнуудыг ангуучилж, дэлхийн хамгийн нэр хүндтэй лигүүд рүү хөл тавих замыг нь засаж өгдөг.

Дэлхийн спортын түүхэнд нэрээ сийлсэн олон алдартан яг энэ насны ангиллын тэмцээнээс гараагаа эхэлсэн байдаг. Тухайлбал, NBA-ийн супер од Лука Дончич 2012 онд Словени Улсын нэрийн өмнөөс U16 Европын аваргад тоглохдоо MVP-ээр тодорч, олон улсын тавцанд хүч түрэн гарч ирсэн. Харин Японы гол тоглогч Руй Хачимура 2013 онд U16 Asia Cup-д анх олны хараанд өртөж, улмаар NBA-ын драфтад сонгогдон өнөөдөр дэлхийн шилдэг тоглогчдын нэг болсон билээ.



Иймээс U16 Asia Cup-д өөрийгөө харуулж чадсан тоглогчид хэдхэн жилийн дараа NBA, Олимп, ДАШТ зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдийн талбайд тоглох нь гарцаагүй.

Энэхүү нэр хүндтэй хийгээд өндөр ач холбогдолтой тэмцээн Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Эх орныхоо ирээдүйн оддыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл энэ сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд М банк арена болон Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдах FIBA U16 Asia Cup 2025 тэмцээнийг зориорой. Сагсанбөмбөгийн хорхойтнууд та бүхнийг Азийн шилдэг 16 багийн ширүүн өрсөлдөөн хүлээж байна.



Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 12 залуу тамирчин оролцох бөгөөд тэдний дундаас дэлхийд нэрээ дуурсгах шинэ од төрөх магадлал тун өндөр. Мөн тэмцээнээ үзээд Үндэсний дээд лигийн шинэ улирлын тасалбар тэргүүтэй олон урамшуулал, бэлэг таныг хүлээж байна.

Тоглолтын тасалбар 5,000 төгрөгөөс эхлэх ба www.shoppy.mn-ээс болон GS25-ын бүх салбараас худалдан аваарай.