Өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэж буй СЭЗИС-ийн хамт олон өнгөрөгч лхагва гарагт "Financial Elites Networking Event 2024" анхны жилдээ амжилттайгаар зохион байгууллаа.
СЭЗИС-ийн хувьд 2006 оноос эхлэн олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөрүүд болох АССА, СGMA, СFA-г хэрэгжүүлж эхэлсэн Монголдоо цор ганц их сургууль гэдэг утгаараа санхүүгийн салбарын өнгийг тодорхойлж яваа олон CFO, дээд түвшний удирдлагууд энэхүү сургуулийн “бүтээгдэхүүнүүд” байдаг билээ.
Тэр ч утгаараа СЭЗИС-ийн зүгээс санхүүгийн чиглэлээр олон улсын мэргэжлийн цол, зэрэгтэй (ACCA, CGMA, CIMA, AICPA, CFA, CMA, CISA) мэргэжилтнүүд болон эдгээр мэргэжлийн зэргийг эзэмшихээр суралцаж буй суралцагчид, төгсөгчдийг холбох, нэгтгэх, туршлага солилцуулах болон урам зориг өгөх, ажил олгогч, мэргэжилтнүүдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Нийтдээ 190 гаруй зочинтойгоор дөрвөн цаг гаруйн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээний онцлох үйл явдлуудаас та бүхэндээ тоймлон хүргэе.

эхлэхийн өмнө: олон улсын мэргэшсэн хөтөлбөрийн тухай
СЭЗИС Их Британи, АНУ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага болох АССА (Association of Chartered Certified Accountants), CIMA (Association of International Certified Professional Accountants), CFA (Chartered financial analyst) байгууллагуудаар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цол олгох бакалавр болон магистрын хөтөлбөртэй.
Эдгээр хөтөлбөрүүдийг олон улсын цолтой багш нар англи хэл дээрх мэргэжлийн сурах бичиг, сургалтын материал ашиглан удирдан явуулдгаараа давуу талтай. Уг олон улсын мэргэжлийн цолыг эзэмшсэнээр дэлхийн аль ч улс оронд санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэжилтэн болох боломжтой.
1. ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГУУДЫН МАНЛАЙЛЛЫН ТУХАЙ


Арга хэмжээг СЭЗИС-ийн УЗ-ийн дарга Р.Амаржаргал нээж, үг хэлсний дараа Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг “Гүйцэтгэх удирдлагуудын манлайлал” хэмээх сэдвээр үндсэн хэсгийг нээлээ.
Тэрээр “Industrial man, Market man хэмээх хоёр ойлголт бий. Эхний хүн бол зөвхөн байгууллагадаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын цар хүрээ нь байгууллагынхаа түвшинд байдаг бол Market man нь зах зээлийг өөрчлөх, шинэ салхи оруулах хүсэлтэй, түүнийхээ төлөө бодит үйлдэг хийдэг нэгэн. Би хувьдаа энэ салбарт ажилласан 20 жилийн карьерынхаа турш хоёр дахь төрлийн хүн байхын төлөө хичээсэн.” хэмээн илтгэлээ эхлүүлэв.
“Зоосны хоёр тал хоёул арилаагүй байгаа цагт тэрхүү зоосыг мөнгөн тэмдэгтээр хүлээн зөвшөөрөх учиртай. Professional мэргэжилтэнд ч мөн зоостой адил хоёр тал бий. Нэг нь мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг, цол нөгөөх нь мэргэжлийн ёс зүй. Ёс зүй гэдэг зах зээл, харилцагч, салбар, өрсөлдөгчийнхөө өмнө хүлээх хариуцлагаас үүсдэг.” хэмээн өөрийн туршлага дээрээ тулгуурлан, залуусын харах өнцгийг тэлсэн сонирхолтой яриаг өрнүүлсэн билээ.
2. санхүүгийн мэргэжил компанийн шийдвэр гаргалтад нөлөөлөх нь

Үргэлжлүүлэн СЭЗИС-ийн 2003 оны төгсөгч "Бодь Интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа карьерын туршлага болон санхүүгийн мэргэжил компанийн шийдвэр гаргалтын түвшинд хэр чухал ач холбогдолтой талаар өөрийн түүхээ хуваалцав.
“2003 онд орон нутгаас дөнгөж их хотод хөл тавьсан шинэхэн оюутан хичээлийн шинэ жилийн эхний өдөр Р.Амаржаргал багшийнхаа лекцэд сууж байлаа. Хийх ажлаа чухал, чухал бишийн ангиллаар ялгах тухай түүний цаг төлөвлөлтийн арга барилыг одоо хүртэл ажил, амьдралдаа хэрэгжүүлдэг шүү.” хэмээн оюутан ахуй цагаа тэрээр дурсаж, илтгэлээ эхлүүлсэн юм.
Тэрээр өөрийн туршлагадаа үндэслэн өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн "Мега төсөл"-үүдийн санхүүгийн менежмент, стратегийн төлөвлөлтийг онцлон дурьдаж, удирдлага, шийдвэр гаргалтын түвшинд санхүүгийн мэргэжил хэр чухал, үр нөлөөтэй талаарх ойлголт, мэдээллийг оролцогчдод хүргэсэн билээ.
3. дунд болон дээд шатны удирдлагын түвшний манлайлагчдад тавигддаг шаардлагууд

MSDI Pro Hr Consulting LLC ийн захирал Б.Анхаагийн хувьд “Дунд болон дээд шатны удирдлагын түвшний манлайлагчдад тавигддаг шаардлагууд, ажил горилогчдын ур чадварын хооронд гардаг зөрүү” хэмээх сэдвээр дараагийн илтгэлийг тавьсан юм. 2013 оноос хойш 190 гаруй аж ахуй нэгжтэй талент буюу ур чадвартай ажилтныг нийлүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа түүний илтгэлээс онцлох санаануудыг тоймлоход:
-FORTUNE 100 компанийн CEO нарын дунд явуулсан судалгаагаар CFO болоход бэлэн бус хэмээн үзсэн хүмүүсийн 45 хувь нь худалдаа, арилжааны туршлага муу, 41 хувь нь манлайллын чадвар сул, 30 хувь нь хүмүүстэй нээлттэй харилцаа сул байжээ.
-Харин CFO ажлын санал авсан хүмүүсээс судалгаа авахад 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, ажлын туршлага хуримтлуулж, өөрийнхөө боловсролд дахин хөрөнгө оруулалт хийхэд 11 жилийн хугацаа зарцуулсан хэмээх хариултыг өгчээ.
-"Хүн-тоотой" харилцдаг мэргэжлийн онцлогтой хүмүүсийн хувьд ажлын байран дээр хувь хүний мэргэжил мэдлэг нь хангалттай мөртөө хувь хүн талаасаа зөөлөн ур чадварын дутагдалтай байдаг. Тиймээс "Хүн-хүнтэй" харилцах ур чадварт зайлшгүй суралцах шаардлагатай.
4. мэдлэг, ур чадвар, өсөлтийн хөдөлгүүр

ХААН банкны Гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяагийн сэдэв “Мэдлэг ур чадвар, өсөлтийн хөдөлгүүр” байв. ХААН Банк бол Монгол Улсын хүн амын 82 хувь буюу 2.8 сая гаруй харилцагчтай, нийтдээ 6300 гаруй ажилтантай, өдөртөө 3-4 сая гаруй цахим гүйлгээ хийдэг Монголын тэргүүлэгч санхүүгийн байгууллага. Санхүүгийн байгууллага гэдэг угтаа үйлчилгээний салбар. Харин үйлчилгээний салбарын хамгийн үнэт капитал бол хүний нөөц.
Тэр ч утгаараа өдгөө ХААН Банканд 455 олон улсын мэргэшсэн сертификаттай, 252 ажилтан ажиллаж буй. Тэрээр илтгэлийнхээ туршид удирдлагын зүгээс ажиллагсдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цол, зэрэг авахад хэрхэн дэмжлэг үзүүлдэг хийгээд энэхүү цолтой мэргэжилтнүүдэд олгодог давуу талуудын тухай дурдав. Түүнчлэн СЭЗИС-ийн 1994 оны төгсөгч түүний карьерын замнал, ажлын анхны жилүүдийн тухай түүх танхим доторх залуу мэргэжилтнүүдэд жинхэнэ утгаараа урам зориг өгснийг дурдах нь зүй.
5. acca зэрэг авсан аяллын түүх

Харин сүүлийн илтгэлийг Мобиком Корпорацийн Санхүүгийн газар, Санхүү Бүртгэл, удирдлагын албаны захирал О.Нарангэрэл тавьж, “Олон улсын цол авсан туршлага, болон карьерын туршлагын тухай хуваалцав.
МУИС-ын мастер, Монгол Улсын мэргэшсэн нягтлан, татварын зөвлөх байх үедээ ACCA замналыг CAT түвшингээс эхлүүлсэн тэрээр энэхүү цолыг авах хүртэл туулсан бэрхшээл сорилт хийгээд энэхүү аяллын өөрт нь өгсөн боломж, гарцуудын талаар тун дэлгэрэнгүй өгүүлсэн юм.
Мөн эдгээр суралцах жилүүдэд Мобиком Корпорацын зүгээс түүнд олгосон дэмжлэг байгаагүй бол ACCA цолыг авахад тун хүндрэлтэй байх байсан тухай дурдаад компанийн удирдлагууд ажиллагсдынхаа суралцах, хөгжин дэвших хүсэл эрмэлзлийг нь дэмжих нь эргээд чадварлаг хүний нөөцтэй байхын суурь болох тухай онцолсон билээ.



Мөн арга хэмжээний өөр нэгэн чухал хэсэг болох хоёр панел хэлэлцүүлгийн үеэр олон улсын цол зэрэг эзэмшсэн төдийгүй, бизнесийн салбарт дунд болон дээд шатны удирдлагын түвшинд ажиллаж байгаа арван ментор маань өөрсдийн цол зэрэг эзэмшсэн туршлага болон карьерын түүх, цол авах хүртлээ туулсан зовлон жаргалынхаа тухай ний нуугүй хуваалцсан нь зөвхөн энэхүү арга хэмжээний тайзнаас л сонсож болох үнэ цэнтэй яриа байсныг онцлууштай.


Төгсгөлд нь, СЭЗИС-ийн ОУНББСМИ нь “GLOBAL BUSINESS CHALLENGE UFE 2024” тэмцээний ялагчдыг тодруулсан юм. Энэхүү баг “CGMA GLOBAL BUSINESS CHALLENGE 2024” тэмцээнд Монгол улс /СЭЗИС/-ийг төлөөлөн оролцох ажээ. Үндсэн үйл ажиллагаа дууссаны дараа хүрэлцэн ирсэн оролцогчид панел хэлэлцүүлэгт оролцсон менторуудтай хамтран багийн даалгавар биелүүлсэн нь энэ төрлийн арга хэмжээн дээр төдийлөн харагддаггүй тун өгөөжтэй үйл ажиллагаа мэт санагдсан шүү.


Ийнхүү "Financial Elites Networking Event" анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд шинээр олон тоглогчид орж ирэн, энэ зах зээл хурдацтай өсөн тэлж буй цаг үед олон улсын мэргэжлийн цол, зэрэгтэй мэргэжилтнүүд илүү олуулаа болж, салбартаа түүчээлэх хэрэгцээ, шаардлага үүсээд буй. Тиймээс ч ирэх жилүүдэд энэхүү арга хэмжээ хүрээгээ тэлж, агуулгаа улам баяжуулан, салбарынхаа асуудал, боломж, хөгжил дэвшлийн тухай ярилцдаг томоохон орон зай болох биз ээ.

Сэтгэгдэл бичих

