Монголын стартапын экосистемд чухал нөлөө үзүүлэхүйц нэгэн шинэ төсөл эхэлж буй нь Сократус стартап студиогийн “The Angel Investor Club” юм. Тэд өнгөрсөн сард зохион байгуулагдсан технологийн салбарынхныг нэгтгэх үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “TECHWEEK 2025”-ын үеэр клубийн тухай анхлан танилцуулжээ.
Монголын стартап экосистем харьцангуй залуу, хөрөнгө оруулалтын соёл дөнгөж төлөвшиж байгаа гэхэд хилсдэхгүй. Чухам энэ үед “Angel Investor Club” нь хөрөнгө оруулагчдыг нэгтгэн, тэднийг мэдлэг, туршлагаар холбох, мөн шинэ санаачлагчдад итгэл үзүүлэх соёлыг төлөвшүүлэх чухал алхам болж буй. Ингээд тус клубийн зорилго, онцлог, үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
Нэр: The Angel Investor Club
Үйл ажиллагааны чиглэл: Хөрөнгө оруулалтын коммюнити
Төслийг хэрэгжүүлэгч: Сократус стартап студи
Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2025 он
Вэб хуудас: www.angelinvestor.mn
СЭДЭЛ
Клубийнхээ талаар ярихаас өмнө 2018 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Сократус стартап студийн тухай цухас дурдах нь зүйтэй болов уу. Анхандаа манай толгой компани "National Venture Capital" хөрөнгө оруулалтын санг байгуулж, цөөнгүй гарааны компани, төсөлд хөрөнгө оруулсан боловч дийлэнх нь бүтэлгүйтэж байв. Тэндээс ажигласан зүйл нь дотоодын стартап экосистемийн асуудал. Экосистемийг бүрдүүлэгч гурван нөөц бол мэдлэг, мөнгө, цаг хугацаа бөгөөд гол асуудал нь эдгээр нөөцийг бий болгох, холбох институцийн дутмаг байдал гол асуудал байсан. Тиймээс стартап бизнесийг амжилттай, урт хугацаанд тогвортой явуулахын тулд бид өөрсдөө анхан шатны хөрөнгө оруулагч (Angel investor) болж, зөвхөн хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг нь шийдэхээс гадна системтэйгээр тэднийг “бойжуулах” хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ бол Сократусыг үүсгэн байгуулсан үндсэн сэдэл. Товчхондоо, бид бол стартап компаниудыг органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнес болгох зорилготой системийн инженерчлэлд суурилсан, цогц хөтөлбөрөөр бойжуулах үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага.

Бид өнгөрсөн хугацаанд нийт 23 стартап компанид 1.5 сая долларын үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт хийгээд байна. Мэдээж энэ хугацаанд стартап компаниудаа гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэхээр олон талаар дэмжин ажилласан ч дахин нэг асуудал тулгарсан юм. Стартап компаниуд маань дараагийн шатандаа гарахад дахин хөрөнгө оруулалтын асуудалтай тулгарч байв. Хэдий бид эхний санхүүжилтийг нь хийж, бизнес бүтээн босгох тал дээр менторлон ажилласан ч тэднийг нэг шат ахихад тулгуур болох ёстой хөрөнгө оруулагчид өдрийн од мэт цөөхөн байна. Эндээс нэг асуудал урган гарч байгаа нь бид стартап экосистемийн нөгөө оролцогч тал болох хөрөнгө оруулагчдаа бэлдэх ажлыг орхигдуулсан байлаа.
Стартапад хөрөнгө оруулах нь мэдээж өндөр эрсдэл дагуулсан үйлдэл. Амжилтад хүрэх магадлал харьцангуй бага, тодорхойгүй нөхцөл дунд шийдвэр гаргах шаардлагатай болдог. Ийм ч учраас зөвхөн хөрөнгө санхүүгээс гадна мэдлэг, ойлголт, сэтгэл зүйн бэлтгэлтэй байдлыг хөрөнгө оруулагч талаас шаарддаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал ч бас суралцах, туршлага хуримтлуулах, стартапын орчныг ойлгох хэрэгтэй болж байгаа биз? Яг энэ асуудлыг шийдэхээр “The Angel Investor Club”-ийг үүсгэн байгуулаад байна.

ЯЛГАРАЛ
Мэдээж олон давуу тал авчирч болохыг гадаадын стартап экосистем хөгжсөн улс орнуудын жишээ хэдийн баталсан. Нэгдүгээрт, хамтын хөрөнгө оруулалтын соёлыг төлөвшүүлнэ. Өмнө нь хөрөнгө оруулагчид бие даан шийдвэр гаргаж, нэг нэгээрээ эрсдэл үүрдэг байсан бол клубийн загвар нь олон салбарт туршлагатай хөрөнгө оруулагчдын нэгдлээр үүсэж болох эрсдэлийг хуваалцах, тухайн бизнесийн санаа, цаашдын өсөлтийг илүү олон өнцгөөс дүгнэх боломж олгох юм.
Хоёрдугаарт, манай клубийн хөрөнгө оруулагч байснаараа системтэй шалгуур, хөтөлбөрөөр дамжсан, тодорхой хэмжээнд эрсдэл нь буурсан стартапуудтай холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, Сократус стартап студиогийн туршлагатай багийн анхан шатны шалгуурыг давсан стартапуудыг санал болгоно.
Гуравдугаарт, бусад ижил төрлийн олон нийтийн санхүүжилтээс ялгарах хамгийн том онцлог нь хөрөнгө оруулалт, тэр дундаа стартапын хөрөнгө оруулалтын тухай мэдлэг чадвар олж авах боломжтой.
Дөрөвдүгээрт, энэ клубийн үйл ажиллагааны үр дүнгээс ерөнхий дотоодын стартап орчинд шаардлагатай дараа дараагийн санаачилга гарах болов уу гэж бодож байна. Яавал, ямар зохицуулалт хийвэл стартап компанид хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагч нар олшрох вэ гэдэг шийдэл, нэгдсэн нэг дуу хоолой энэ клубээс гарах давуу талтай.
“THE ANGEL INVESTOR CLUB” ГЭЖ ЮУ ВЭ?
Нэг талаас бэлтгэгдсэн стартап компаниудад хөрөнгө оруулагчдыг холбох, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад мэдлэг чадвар олгохын сацуу эрсдэл багатай стартапыг санал болгох гүүр хэмээн тодорхойлж болох юм.

НЭР
Angel Investor хэмээх нэршлийн хувьд шууд утгаараа стартапуудад “Авралын бурхан” болж буй тэр хөрөнгө оруулагчийг хэлж байгаа. Тэр агуулгаараа “The Angel Investor Club” гэж нэрлэдэг.
ОДОО
Эхний ээлжид клубийн гишүүдийг бүртгэх ажил явагдаж байна. Үүний дараа арванхоёрдугаар сард бүртгүүлсэн гишүүдээ хүлээн авч уулзах арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ арга хэмжээгээр мэдээж клубийн бүтэц зохион байгуулалт ямар байх, цаашид баримталж ажиллах стратеги, ерөнхий зураглалын асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх юм.
Клубийн ерөнхий зураглалын хувьд, 2025 оныг анхны гишүүдээ бүрдүүлэх, 2026 оныг клубийн зохион байгуулалт, бүтцийг сайжруулах чиглэлд төлөвлөөд байна. Мөн үүний зэрэгцээ сар бүр хүссэн стартап нь өөрийн санааг клубийн хөрөнгө оруулагчдад танилцуулах Pitch өдөрлөг, улирал тутам хөрөнгө оруулагч гишүүдийнхээ дунд мэдлэг чадвараа хуваалцах зорилготой уулзалт, жилдээ нэг удаа Сократусын “INVESTUS” арга хэмжээг илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Хэрэв та Angel Investor болохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.
БАГ
Манай Сократус стартап студийн ажилтнууд бүгд анхаарал хандуулж, сэтгэл гарган ажиллаж байгаа. Энд нэг зүйлийг онцлон дурдахад, хөрөнгө оруулалтын ийм клуб байх нь зайлшгүй зүйл. Гагцхүү хэн нэгэн эхлүүлж, тууштай ажиллуулах шаардлагатай байсан. Энэ үндсэн дээр бид эхлүүлж буй. Цаашид улам олуулаа болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Одоогоор хөрөнгө оруулагчдын тухайд 26 хүн бүртгүүлсэн байна. Өнгөрсөн сард болсон “TECHWEEK 2025”-ын үеэр олон нийтэд мэдээллээ хүргэсэн гэхэд харьцангуй идэвхтэй бүртгүүлж байна гэж харж байгаа.

ИРЭЭДҮЙ
Стартапын экосистемийн өнөөгийн нөхцөл байдлыг харъя гэвэл жил бүр манайхаас дэмжиж, START компаниас гаргадаг “Монголын стартап экосистемийн зураглал”-аас тодхон тольдох боломжтой. Хөрөнгө оруулагч гэсэн ангилалд байдаг хэдхэн компани, группүүд маань бий. Гэтэл гаднын орнуудыг харахаар стартапынхаа тоотой дүйцэх хэмжээний бүх шатны хөрөнгө оруулагч байх жишээтэй.
“Angel Investor Club”-ийн гишүүдийн хуримтлуулсан туршлага, мэдлэг, итгэлцэлд тулгуурлан ирээдүйд хамтарсан венчур капитал (VC) үүсэх суурь болно гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, одоогоор клубийн гишүүд хувь хүнээр эсвэл хамтарсан хөрөнгө оруулалтаар туршлагажиж байгаад, яваандаа хуримтлуулсан мэдлэг, итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилан мэргэжлийн түвшний хөрөнгө оруулалтын санг үүсгэх боломжтой. Тийнхүү хөрөнгө оруулалтын сангууд үүсэж, стартапуудад хөрөнгө оруулснаар олон улсаас санхүүжилт авах үүд хаалга ч ойрхон болоод ирнэ.
ЭРСДЭЛ
Мэдээж хамгийн том бэрхшээл бол зах зээлийн хязгаарлагдмал байдал. Манай зах зээл 3.5 сая орчим л хүнээр л хязгаарлагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдын зүгээс тухайн стартапад гадагшаа гарах нөөц боломж байна уу гэдгийг харж байна. Гэтэл нөгөө талд стартапууд олон улсын зах зээлд гаръя гэхээр үүнд шаардлагатай санхүүжилт байхгүй байгаа. Ингээд ерөнхий экосистемээр нь харвал манайд тулгарч байгаа гол асуудал нь өнөөх л хөрөнгө оруулалтын институц байхгүй байгаа явдал. Хэн нэгэн хүнээс санаа гараад, түүнийгээ хийж үзээд, алдаа оноогоо ойлгоод дараагийн шатандаа гаръя гэхээр л дэмжих мэргэжлийн хөрөнгө оруулагч, институц алга.
Үүний зэрэгцээ хангалттай тооны хөрөнгө оруулалтын сан байхгүй байгаа энэ асуудал нь эргээд дараа дараагийн стартапууд гарч ирэхэд саад болж байна. Үйл явцын хувьд аваад үзвэл, өдий хүртэл бидний хөрөнгө оруулалт хийсэн 23 стартап компанийг дараагийн шатны хөрөнгө оруулагч авч, дахин нэг алхам урагшлах хэрэгтэй шүү дээ. Улмаар бид хөрөнгө оруулалтаасаа гарч шинэ стартапуудад хөрөнгө оруулах, элсэлтээ авах замаар энэ тойрог үргэлжлэх учиртай юм. Ийм шат дараалалтай үйл явц байхгүй байгаа нь манай стартапын орчин дахь хамгийн том асуудал, эрсдэл болж байна.

Сэтгэгдэл бичих

