Хичээл, ажил дээр нэг л цаг явж өгөхгүй, уйтгартай, бүр зарим тохиолдолд залхуутай санагдах үе бий. Мөн заримдаа цагтай уралдаж суухад нэг л мэдэхэд хичээл тарах болчихсон, ажлын цаг дуусчихсан байдаг. Олон сар уйгагүй бэлдсэн чухал шалгалтын хоёр, гурван цаг хорь гучхан минут л болоод, сүр сар хийн өнгөрчих шиг санагдах, зарим номыг хэдэн сар дамнаж уншаад ард нь гарч чадахгүй байтал өөр нэгийг нь хэдхэн өдөр, эсвэл бүр хэдхэн цагийн дотор л “идчих үе” байдаг. Түүнээс гадна тамирчин хүн хэдэн зуун удаа бэлдсэн мэхээ өөрийн мэдэлгүй төгс гүйцэтгэх, эсвэл хөгжимчин хүний гар нь өөрөө хөгжимдөөд байх шиг тохиолдол бишгүй.  

Эрдэмтийн үзэж буйгаар энэ бүгд хүний тархин дахь нэгэн онцгой унтраалга асаж буйн дохио аж. Өдөр тутам бид төрөл бүрийн эцэс-цэг, хийх ажлын жагсаалт, цагийн зөв төлөвлөгөө, хуваарьтай тулгарахын зэрэгцээ, нийгмийн сүлжээн дэх эцэс төгсгөлгүй мэдээ мэдээлэл, таньдаг ба таньдаггүй нэгний пост, богино бичлэгүүд (reels, shorts гм.) гээд анхаарал, ажил цалгардуулах олон сатаарал дунд аж төрөх болсон. Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүний тархи оюуны хамгийн гайхалтай төлөвүүдийн нэгийн талаар өгүүлэх гэж байна. Эрхэм уншигч та “анхаарлаа” хандуулна уу.  


Нэг- Нийтлэлийн гол дүр “Flow” 

Flow буюу Урсгал гэж юу вэ? 

Нийтлэлийн оршил хэсэгт дурдсан бүхий л тохиолдол нь “урсгал” (flow) хэмээх ямар нэгэн хичээл, чармайлтгүйгээр ажиллах хүний оюуны нэгэн онцгой төлөв байдал юм. Заримдаа эл төлөвийг “чармайлтгүй чармайлт” хэмээх нь бий. Хүн бүр тус төлөвт хүрэх боломжтой бөгөөд сонирхолтой нь бид өдөр тутамдаа ч “өөрийн мэдэлгүй” энэхүү төлөвт орчихсон байдаг байна.

Гэхдээ урсгал нь зөвхөн анхаарал төвлөрөх төдий хэрэг бус бөгөөд сүүлийн үеийн судлаачдын үзэж буйгаар хэд хэдэн онцгой шинж тэмдэгтэй, хүний ухамсрын өөр нэгэн төлөв байдал хэмээн үзээд буй. Тэдгээр онцгой шинж тэмдгүүдээс хамгийн түгээмэл тохиолддог нь бид цаг хугацааг умартах шиг болохын зэрэгцээ аливаад амар хялбар сатаардаггүй болдог юм.



Аливааг алгуурлах (procrastination) үедээ бидэнд түлхүү эхлэх гэж нэлээдгүй хүчин чармайлт шаарддаг (жишээ нь, таны яг одоо уншиж буй нийтлэлийг бичиж эхлэх гэж олон хоног болсныг илчлүүштэй) бол эсрэгээрээ урсгалын төлөвт хүрсэн үед тухайн эхэлсэн ажил амар зогсохгүй мэт санагдаж болох аж. Бид нэгнээ “ажил гэхээрээ” эсвэл “утсаа оролдохоороо ухаангүй болчихдог” хэмээдэг дээ. Эл үг чухам энэ л төлөвийг хэлээд буй хэрэг. Товчдоо, урсгалын төлөв нь “ухаангүй”, “өөрийн мэдэлгүй” аливааг гүйцэтгэх гүн төвлөрөл гэж хэлж болно.

Урсгалын төлөв байдлын тухай хамгийн анх ярьсан нэгэн бол Германы их яруу найрагч И.В.Гёте хэмээдэг бөгөөд тэрбээр тус санаагаа герман хэлний “rausch” буюу хөөрөл, мансуурал, хөлчүүрэл гэх утга бүхий үгээр илэрхийлсэн байдаг байна. Түүний дараа философич Ф.Ницше, Улиам Жэймс зэрэг эрхмүүд мөн эл ухагдахууны талаар өгүүлсэн байдаг ч чухам урсгалын сэтгэл зүйн үндэслэгч нь мажар (унгар) гаралтай америк сэтгэл зүйч Михай Чиксентмихайи хэмээдэг.



Дэлхийд алдартай уран бүтээлчдээс эхлээд бизнесменүүд, тамирчид бүгд урсгалын төлөвийн тухай өгүүлсэн байдгийн хамгийн тодхон жишээ нь Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт. Тэрээр хөгжим бичих үед цаг хугацаа алсарч, туурвиж буй аялгуу нь ар араасаа өөрөө бичигдэж буй мэт хөвөрдөг хэмээн өгүүлсэн байдаг бөгөөд дэлхийн олон зохиолчид ч мөн өөрсдийн ном бүтээлээ өөрөө бичигдчихсэн хэмээдгийг уншигч та мэдэх биз ээ.


Хэрхэн урсгалд орох вэ? 

Урсгалын төлөвт ороход бид аливаа хийж буй зүйлээсээ урам зориг, утга учир, зорилго олж харах, мөнхүү “кайф” авах нь хамгийн өндөр нөлөөтэй байдаг гэнэ. Бидний хичээл дээр унших ёстой гээд даалгасан 200 хуудас номыг унших гэж наян юм болдог хэр нь ээ, өөрийн дуртай 500 хуудас номоо юу юугүй барчихсан байдаг маань үүнтэй холбоотой юм.

Түүнчлэн зарим судлаачдын таамаглаж буйгаар бидний чадавх ба тухайн ажлаас шаардаж буй сорил, бэрхшээл хоорондын тэнцвэр ч гол нөлөөтэй аж. Өөрөөр хэлбэл хийж буй ажил тань хэт амархан бол таны анхаарал амархан сарнихаас гадна уйдах нь илүү магадтай. Харин эсрэгээрээ хэт хүнд хэцүү бол туйлдах, хүчгүй оргих эрсдэлтэй байдаг байна. Үүнээс гадна аливаа ажил тодорхой зорилго, бодит үр дүнтэй байх болон ажлаа бага багаар хуваарилан, шатлах нь урсгалын төлөвт хүрэхэд нөлөөлдөг байх магадлалтай. Мөн мэдээж бидний анхаарал төвлөрөл ч үүнд чухал үүрэгтэй.

Анхаарал төвлөрлийн тухай дэлгэрүүлж унших: Бид загаснаас доор ой санамжтай болж байна уу? + Сэтгэл гутрал



Энэхүү төлөвт хүрэх нэгдсэн ганцхан арга зам үгүй ч гэлээ тус болох хэд хэдэн зөвлөмж бий. Үүнд чимээ багатай, өөрт төвлөрөхөд таатай орчныг бүрдүүлэх, анхаарал сарниулах элдэв зүйлсээс аль болох хол байх (жишээ нь утасны сонордуулгаа унтраах гм.), ажлаа хэсэгчлэн хуваах, мөн эцэст нь хүрэх үр дүн, зорилгоо тодорхойлох зэргийг дурдаж болно. Үүнээс гадна бидний тархи тодорхой үйлдэл бүрийнхээ араас бодит үр дүн тэр дороо авах үйлд илүү татагдах, төвлөрөх хандлагатай байдаг байна. Тийм учир бид огт ур чадвар шаарддаггүй аз, магадлалд тулгуурласан тоглоом наадамд удаан хугацаагаар төвлөрөх хандлагатай байдаг аж.

Сонирхуулахад, аймшгийн зохиолын хаан хэмээгддэг зохиолч Стивен Кинг нэгэн ярилцлагадаа “Би бичгийн машинаа асаагаад ширээндээ суухад эхний 10 минут яг л үхсэн загас үнэртэж байгаа мэт юу ч үгүй санагддаг. Тэгээд гэнэтхэн ямар нэгэн зүйл цохих шиг “орж ирдэг” бөгөөд тэр нь цааш хөтлөөд явдаг…” хэмээсэн байдаг.


Урсгалын эерэг тал нь юу вэ? 

Урсгал нь маш олон эерэг нөлөөтэй. Тэдгээрийн хамгийн тодхон жишээ нь урсгалын төлөв бидний бүтээлч сэтгэлгээ болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Улмаар үр дүнтэй суралцахад болон академик амжилтад эерэг нөлөөтэй байх боломжтой хэмээн судлаачид дүгнэх болжээ. Үүнээс гадна, хамгийн гол нь бидний сэтгэл зүйд үлэмж эерэг нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдаад буй.

Мөн бид урсгалын төлөвт хүрсэн үедээ өөрөө өөрийгөө шүүх нь тодорхой хэмжээнд багасаж, харин өөртөө итгэх итгэл нэмэгддэг болох нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан бөгөөд чухам үүн дээрээс нийтлэлийн маань хоёрдугаар хэсэг хөтлөгдөх юм. Урсгалын төлөв аз жаргалд нөлөөлдөг үү?



Хоёр - Аз жаргал ба Урсгал 

Урсгалын төлөв аз жаргалд нөлөөлдөг үү? 

Товчдоо бол тийм. Бидний тархинаас ялгаруулж болох тогтвортой сэтгэл зүйн жор болсон допамин, окситоцин, серотонин зэрэг дааврууд нь биднийг урсгалын төлөвт байх үед их хэмжээгээр ялгардаг. Жаргалтай байхад цаг хурдан өнгөрдөг гэж бид ярьдаг нь чухам үүнтэй холбоотой. Бидний аз жаргалтай хором мөч нүд ирмэхийн зуур өнгөрөн одож буй нь бид тухайн мөчдөө урсгалын төлөвт байсныг илтгэж байгаа хэрэг билээ.

Дэлгэрүүлж унших: Тогтвортой сэтгэлзүйн жор “D.O.S.E”-ийг тайлбарлах нь


Мөн бид урсгалын төлөвтөө гүйцэтгэсэн үйлдлээ тод санадаг бөгөөд энэ нь бидний аз жаргалтай мөчүүд өчигдөрхөн мэт нүдэнд ил харагддагийн шалтгаан юм. Үүгээр ч зогсохгүй бид өөрсдийн дурлаж сурсан хичээлээ марталгүй олон жил болдог хэр нь ээ, дургүй шалгалтдаа бэлдсэн хичээлээ тэр өдрөө мартдаг нь ч үүнтэй холбоотой.

Сүүлийн үед урсгалын төлөвийг гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-ийн эсрэг хэрэглэх болоод буй. Тэгэхдээ далайн давлагаан дээр гулгах болон ярилцах эмчилгээг хослуулжээ. Далайн давлагаан дээр гулгах нь тухайн хүнээс өндөр түвшний анхаарал төвлөрөлт шаарддаг тул богино хугацаанд урсгалын төлөвт ороход тусалдаг аж. Долоо хоногт хоёр удаа давлагаан дээр гулгахыг сэтгэл зүйчтэй ярилцах эмчилгээтэй хослуулснаар нэмэлт эм, бэлдмэлийн шаардлагагүйгээр гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж тэмдэг өндөр түвшинд багассан ба зарим тохиолдолд бүр үгүй болсон байна.



Түүнчлэн урсгалын төлөв нь аливаа донтолтын эсрэг эерэг үр нөлөөтэй нь ч батлаад буй. Иймд урсгалын төлөвийг өсвөр насны хүүхдүүдийн донтолтын эсрэг эмчилгээнд ашиглах болсон бөгөөд тэгэхдээ ууланд авирах зэрэг анхаарал төвлөрөлтөд тулгуурласан үйл хөдлөлд суурилжээ. Бид өдөр тутмынхаа ажил амьдралд ч мөн урсгалын төлөвт хүрэх боломжтойг энд мартаж болохгүй.

Энэ хүрээд өнөөдрийнхөө нийтлэлийг өндөрлөе. Дараагийн нийтлэлээрээ урсгалын төлөвийн чанх эсрэг туйл болох алгуурал (procrastination)-ын тухай өгүүлэх болно.


Урсгалын төлөв = Бэрхшээл + Түүнийг давах Ур чадвар + Тодорхой зорилт + Бодит үр дүн

Ингэхэд та хэзээ хамгийн сүүлд урсгалын төлөвт орсон бэ?