Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг  дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. "Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр" нь 2006 оны Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр “Дэлхийн Залуу Удирдагч” байгууллагын гурван гишүүдийн тавьсан асуултаас үүдэлтэй ажээ. 

Нэр төрийн тухай

Нэг бүү хэл цөөн үгээр ч илэрхийлэхэд бэрхтэй “нэр төр” гэх энэ үгийн цаана хүн байхын тухай, нэр төрийн тухай, хүндэтгэл, хүндлэл, эрхэм чанарын тухай цогц ойлголт оршиж байдаг. Нэр төрөө эрхэмлэх гэдэг нь хүн бүрийн төрөлх чанар, тэгш эрх, үнэ цэнийн тухай ойлголт. Энэ талаарх бодит ойлголт, хүн төрөлхтний нийтлэг эрхэм чанарыг хүлээн зөвшөөрсөн хандлага, соёл дутмаг байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт болж буй үл ойлголцол, зөрчилдөөн, туйлшралын гол шалтгаан гэлтэй. Хувь хүний нэр төрийг хамгаалж, хүндлэх асуудал нь хүн бүрийн харилцан хүлээсэн үүрэг, хариуцлага бөгөөд энэ нь эрх чөлөөний зарчим, ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн шинж чанартай байдаг.



Нэр төр заяагдмал чанар болох нь

Бид бүгдэд төрөлхийн заяагдсан нэр төр гэх энэхүү эрхэм чанарыг хэн нэгэн булаах боломжгүй буюу салгашгүй. Энэхүү чанар бол бидний нийтлэг үнэ цэн, язгуур эрх ашиг юм. Нэр төр нь заяагдмал шинж чанартай бол, харин нэр хүндийг бид өөрсдийн хүчээр олж авдаг.

Өөрөөр хэлбэл нэр хүндийг таны үйлдэл, чадвар, ололт амжилтад үндэслэн бусад хүмүүс өгдөг билээ. Та хэн нэгний зан байдлыг хүндэтгэх шаардлагагүй, гэхдээ түүний нэр төрийг үргэлж хүндэлж, санаж байх учиртай. Энэ нь гэр бүл, хамт олон, байгууллага, нийгэм дэх олон зөрчилдөөний гол цөм болсон өш хонзон, үзэн ядалт, дургүйцлийн циклээс ангижрахад тань туслах нь лавтай.



"Global dignity" буюу нэр төрөө эрхэмлэх арга хэмжээний тухай

Жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гаригт "Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг албан ёсоор тэмдэглэдэг бөгөөд 2021 онд аравдугаар сарын 20-ны өдөр тохиож байна.

Монгол улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагааг "Дэлхийн Эдийн Засгийн Форум"-ын дэргэдэх "Дэлхийн Залуу Удирдагчид" (Young Global Leaders) болон "Global Shapers" нийгэмлэгийн залуус "Ротаракт" клубийнхэнтэй хамтран явуулж байсан билээ.

Энэ жилийн арга хэмжээг "Дэлхийн Залуу Удирдагчид" болон "Global Shapers" нийгэмлэгийн залуус "Ард Санхүүгийн Нэгдэл", "Unread Media"-тай хамтран зохион байгуулах юм. Бүтэн нэг сарын хугацаанд үргэжлэх уг үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагчид олон нийтэд чиглэсэн төрөл бүрийн контент, эвентүүдийг зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.