Технологийн хурдацтай хувьсал бидний амьдралын хэв маяг төдийгүй ажиллах, суралцах арга барилыг маань сууриар нь өөрчилж байна. Энэхүү дижитал шилжилтийн дунд хэн бүхэнд өөрийгөө шинээр бүтээх, дэлхийн хэмжээний мэдлэгийг дэргэдээсээ хүртэх тэгш боломжийг олгодог хөтөлбөр бол “Grow with Google”.
Тэгвэл уг хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхлээд хэдийн гурав дахь улиралтайгаа золгож байна. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдөр ITC тауэрын Ballroom ZU-д өмнөх хөтөлбөрүүдийн төгсөгч, энэ жилийн элсэгчид, салбар бүрийн мэргэжилтнүүд бүхий 300 гаруй хүний оролцоотойгоор хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.


Холбоотой нийтлэл:
“Grow with Google Mongolia” хөтөлбөрийг сонгох 5 шалтгаан
"Grow with Google" хөтөлбөрөөс төрсөн төслүүд
“Grow with Google” хөтөлбөр бол хүн бүрд дижитал эриний боломжийг тэгш хүртээх зорилготой, Google-ээс дэлхийн 60 орчим улсад хэрэгжүүлж буй томоохон санаачилга юм. Эдгээр хөтөлбөр нь орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа технологийн ур чадваруудыг анхан шатнаас нь эхлээд мэргэжлийн түвшин хүртэл эзэмших боломжийг олгодог.
“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН
2024 болон 2025 онд хэрэгжсэн уг хөтөлбөр нийт 4,000 гаруй суралцах хүсэлт хүлээн авсан ба тэднээс 700 орчим суралцагчийг элсүүлэн авч, 88-89 хувь нь амжилттай сурч, төгсжээ. Ийнхүү гурав дахь элсэлтээр 300 оролцогч суралцахуйн аяллаа эхлүүлж байна.
Нийт төгсөгчдийн гаргасан үр дүнг тоогоор илэрхийлбэл, 77.5% нь ахиц дэвшил гаргасан бөгөөд тэдний 34.5% нь хувийн бизнесээ өргөжүүлж, 28.6% нь шинэ ажилд орж, 21.4% нь мэргэжлийн туршлага хуримтлуулж, 14.3% нь тушаал дэвшин цалингаа нэмүүлж чаджээ.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД

Арга хэмжээг нээж Google Cloud-ийн Ази, Номхон далайн Бүс нутгийн стартап хөгжил хариуцсан менежер Esna Ong албан ёсны видео мэндчилгээ хүргэсэн ба түүний дараа Google-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр “Дэлхийн ур чадварыг дэргэдээсээ” сэдэвт илтгэлээ танилцуулсан юм. Тэдний хувьд Google-ийн үйл ажиллагааг 2023 онд албан ёсоор Монголд эхлүүлж, хамтын ажиллагааны хүрээнд Google for Education, Google for Startups, Google Arts & Culture, Google Maps, Google Pay, Android апп доторх худалдан авалт зэрэг чиглэлд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй. Энэ талаар онцлох тоо баримт, үр дүнг илтгэлдээ хуваалцсаны сацуу эл бүх үйлчилгээг Монголдоо нутагшуулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гол тулгуур болж буйг онцолсон юм.

Түүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь улирлын элсэгчдэд амжилт хүсэж, ур чадвараа ахиулан өөрийн болон эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад халуун баяр хүргэсэн юм. Тэрбээр Google компанийн сургалтын жишигт тулгуурласан сургууль байгуулах төслийг 2027 оноос хэрэгжүүлэх талаар онцолсон төдийгүй юун түрүүнд ЕБ-ын 2-р сургуулийг хиймэл оюун, мэдээллийн технологийн жишиг сургууль болгон хөгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй талаар хуваалцав.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Дэд сайд Г.Дашням “Залуучуудыг чадавхжуулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үүрэг” сэдэвт илтгэл танилцууллаа. Өнөөдөр Монгол Улсад залуучуудын ажилгүйдэл 13.8%-д хүрсэн бөгөөд энэ цаг үед “Grow with Google Mongolia” хөтөлбөр хэрэгжиж буйд туйлын баяртай байгаагаа хуваалцсан юм. Тэрбээр уг хөтөлбөрийг зүгээр нэг сургалт, сертификат, ур чадварын тухай асуудал бус, залуусын итгэл, оролцоо, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес, бүтээлч үйлдвэрлэл, дэлхийтэй өрсөлдөх чадварын тухай асуудал гэдгийг онцолж байлаа.

ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрийн санаачлагч, дэмжигч болон үндсэн багш нар сэтгэгдлээ хуваалцсаныг онцлууштай. Тэднээс онцлох эшлэлүүдийг нь хүргэе.






НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛ






Ингээд 6-11 долоо хоногийн турш, үргэлжлэх 7 ангийн нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсээд, төгсөлтийн үйл ажиллагааны нийтлэлээрээ эргэн уулзъя. Ташрамд дурдахад, сэтгүүлч миний бие AI for business & AI essentials ангид суралцах гэж буй.

Сэтгэгдэл бичих

