Эерэг өөрчлөлтийг бүтээж, хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр нэгтгэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Тиймдээ ч JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн онд гэхэд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 69 төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын 51 төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлсэн байна. Та бүхэн эдгээр төсөл хөтөлбөрүүдээс ЦЕГ-тай хамтарсан “Нэг хором” хөдөлгөөн, нярай хүүхдийн эндэгдлийг бууруулах “Save Angels” төсөл, цус сэлбэлт судлалын төвтэй хамтарсан “Амьдрал бэлэглэе” зэрэг төслүүдийг илүүтэй мэдэх болов уу. 
Тэгвэл JCI Монгол-ын салбар байгууллагуудын залуус олонд танигдсан эдгээр ажлуудаас гадна өөр ямар төслүүдийг хийж хэрэгжүүлэн, ямар үнэ цэнийг нийгэмдээ бий болгосныг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. 

1. "Ногоон гэр" төсөл

Зорилго: Хавдрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг өргөх, тэдэнд сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор ЭКО өрөө, танхимыг бий болгож эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх

Төслийн тухай: Тус төслийг JCI Лидер салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Баттөр санаачлан эхлүүлсэн бөгөөд Туркийн ЭСЯ-ны дэргэдэх TIKA олон улсын байгууллагын буцалтгүй̆ тусламжийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж дуусжээ.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил: Шаардлагатай санхүүжилтийг босгон, барилгын иж бүрэн зураг төслийг боловсруулж, эмнэлгийн хамт олноос шаардагдах зөвшөөрлийг авч улмаар барилгын ашиггүй талбай болох дээврийн хэсэгт 200 ам метр талбайд "Ногоон гэр" сэтгэлзүйн төвийг барьж, дотоод тохижилтыг иж бүрэн хийн өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан.

Төслийн нийт санхүүжилт: 220 сая төгрөг

2. "Positive mind" төсөл

Зорилго: Монгол Улсын ирээдүй хойч болсон залуу иргэд, өсвөр насныхныг эерэг хүн, зөв хүн болж төлөвшүүлэхэд чиглэсэн зан төлөв, эерэг хандлагын тухай, хувь хүний хөгжилд чиглэсэн урт хугацааны төсөл сургалт зохион байгуулж, сургалтын хөтөлбөрт тусгайлсан хичээл болгож оруулах

Төслийн тухай: JCI Лидер салбар байгууллагын 2015 оны ерөнхийлөгч С.Эрдэнэболд санаачилсан уг төсөл таван жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил: Монгол Улсын 21 аймаг, хилийн чанад дах таван улсад эерэг, зорилготой байх хандлагын сургалтууд орсон. Өнгөрсөн оноос МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт кредит цаг бүхий хичээл болон албан ёсоор багтсан. Мөн "Шинэ Монгол" сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт хичээл болон орсон байна.

3. "АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" төсөл

Зорилго: Шаардлагатай өвчтөнүүдэд цусаа өгөх замаар хүний ​​амь нас аврах, цусны нөөцийг нэмэгдүүлэх

Төслийн тухай: "Амьдрал бэлэглэе" төслийн 10 жилийн ой өнгөрсөн онд болсон. Нэг удаа цусны донор болж, цусаа хандивласнаар гурав хүртэлх хүний ​​амь насыг аврах боломжтой байдаг.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил: Энэхүү төслийн үр дүнд өнгөрсөн онд л гэхэд 32200 хүн цусны хандивлагчаар бүртгэгдсэн байна. Энэ тоо нь Монголын цусны донорын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. JCI Капитал түнш, Солонгос Улсын JCI Haman салбар байгууллагын хамтаар төслийн урт хугацааны хандивлагч буюу 100-аас дээш удаа хандив өргөсөн хүмүүсийг "Хүндэт донор"-оор өргөмжилж алдаршуулдаг.

4. RED STONE төсөл

Зорилго: Улаан чулуутын хогийн цэг орчимд амьдардаг хүүхдүүдэд сурч боловсрох боломжийг олгох, цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах

Төслийн тухай: Төслийг JCI Impact салбар хариуцан хэрэгжүүлдэг.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил: Улаан чулуутын хогийн цэг орчимд амьдардаг хүүхдүүдэд сурч хөгжих орчныг бүрдүүлэн, ном сурах бичгээр хангахын сацуу цагаа эерэг зүйлд зарцуулах нөхцөл бий болгохын тулд зориулалтын сагсны талбай байгуулсан. Мөн хувь хүний хөгжлийн сургалтууд явуулж, эерэг нөлөөлөл үзүүлэхэд анхаарч буй.

5. “БИД БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ" ТӨСӨЛ

Зорилго: Хөгжлийн ялгаатай иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэдний эрх ашгийг хамгаалах, орчны хүртээмжийг сайжруулахад иргэд, аж ахуй нэгжийн оролцоог нэмэгдүүлэх

Төслийн тухай: JCI Их Хүрээ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй уг төсөл нь хөгжлийн ялгаатай иргэд хэдий хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан ч бүгдийн адил авьяас чадвар, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч буй хүмүүс гэдгийг сануулж, амьдрахад бүгдэд ээлтэй нийгмийг бий болгохоор зорьж байна.

Төслийн хүрээнд тавьж буй зорилтууд:

1. Хөгжлийн ялгаатай иргэдэд ЭЭЛТЭЙ ХОТ болох
2. Хөгжлийн ялгаатай иргэдийн нийгмийн тэгш оролцоог хангах
3. Иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй гэх ойлголтыг өөрчлөх
4. Үйлчилгээний байгууллагуудын орц гарцыг стандартад нийцүүлэх
5. Авто зам, явган замын тэмдэг тэмдэглэгээг тусгай хэрэгцээт иргэний стандартад нийцүүлэх.

6. "as one" төсөл

Зорилго: Харилцааны эмгэгтэй, тусгай хэрэгцээт хүүхэд залуусын байр суурийг нийгэмд эергээр таниулах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх. Тэднийг ирээдүйд нийгэмд эзлэх байр суурьтай болгож хүмүүнлэг нийгмийг бий болгох

Төслийн тухай: JCI Ulaanbaatar салбар НҮБ-аас тодорхойлогдсон тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцүүлэн аутизмын эмгэгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд болон энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой бизнесийн байгууллагуудтай хамтран дараах нэгдмэл зарчмыг баримтлан төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн ач холбогдол: Энэхүү төсөл аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн үйлдэл, хандлагыг эергээр хүлээн авч сурах, тусалж дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, олон нийтэд зөвөөр ойлгуулах, бие биеэ гэсэн хүнлэг хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.

7. "save angels" төсөл

Зорилго: Нярайн эндэгдлийг бууруулах

Төслийн тухай: Монгол Улсад мэндэлж буй 1000 нярай тутмын 8 нь эндэж байна. Энэ бол цөөн хүн амтай манай орны хувьд тун өндөр тоо юм. Энэ тоог бууруулахаар уг төслийг санаачлан хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил:

  • ЭХЭМҮТ-ийн дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний 15 ортой тасгийг 55 ортой тасаг болгон өөрчлөн шинэчилсэн.
  • Мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийг засварлан зургаан ортой тасгийг 12 ортой тасаг болгон өргөтгөж, хоёр иж бүрэн инкубатор хандивласан.
  • Дутуу төрсөн нярайд зориулсан иж бүрэн хагалгааны тасгийг бий болгож 18 нэр төрлийн тоног төхөөрөмж хандивласан.

    Нийслэлийн "Амгалан" амаржих газар (III төрөх)-т :
  • Нярайн эрчимт эмчилгээний тасгийг иж бүрэн тохижуулсан.
  • Таван ширхэг инкубатор, хоёр ширхэг халуун тавцан, хоёр ширхэг шарлагын фото аппарат, нэг ширхэг шар хэмжигч төхөөрөмж хандивласан.
  • ЭХЭМҮТ-ийн мэс заслын дараах нөхөн сэргэлтийн хувь 72.2 хувиас 96 хувь болон 23.8 хувиар нэмэгдсэн.
  • Дутуу төрсөн нярайн эндэгдэл 19.1 хувиас 5.6 хувь болон буурсан.
  • "Амгалан" амаржих газрын 120 гаруй нярай инкубатор аппарат болон дулаан ширээг ашиглаж эндэгдлээс сэргийлсэн.

8. "wheelchair heroes" төсөл

Зорилго: Тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээ, шаардлагыг тус спортоор дамжуулан олон нийтэд ойлгуулж, нөлөөлөх, бие бялдрын болон сэтгэлзүйн эрүүл мэндийг нь дэмжих, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх замаар нийгэм дэх тэгш бус байдлыг бууруулах

Төслийн тухай:
Энэхүү төслийн хүрээнд JCI байгууллагын гишүүд, БШУЯ, JICA олон улсын байгууллага, JCI байгууллагын гишүүдийн оролцоотой хувийн хэвшлүүд (Porsche mongolia, Lend.mn, "Creative workshop", "Skinny", BRB компаниуд гэх мэт), Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо, эгч дүүсийн харилцаат JCI Wongju салбар байгууллага хамтран ажиллана.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил:
2019 оны ASPAC болон World Congress-ийн "Нийгмийн хариуцлагын төсөл" номинацид шилдэг гурван төслийн нэг, 2019 оны Үндэсний чуулганаар "Шилдэг нийгмийн хариуцлагын төсөл", 2020 оны ASPAC-д мөн шилдэг гурван төслийн нэгээр шалгарсан байна.

9. өрх төсөл

Зорилго: Өрхийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах

Төслийн тухай:
Үндэсний байгууллагаас 2020-2021 онд Монгол Улсын 15 аймагт хийж хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд хийгдсэн ажил: Өрх төслийн нээлт өнгөрсөн долоодугаар сард болж, JCI Монгол болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Өрхийн бүх гишүүд бага цалинтай ч бүгд ажилтай, тогтмол орлоготой байх нь өрхийн нэг л гишүүн тогтвортой бус өндөр орлоготой байхаас эрсдэл багатай, эерэг нөлөөтэй. Үүнийг олон нийтэд мэдээлж, өрхийн бизнесийг тогтмол тууштай хийснээр олон эерэг өөрчлөлт гарч болохыг таниулах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж байгаа аж.