Гэрэгэ Системс ХХК гар утсаараа хуулийн хүчин төгөлдөр тоон гарын үсэг зурах боломжтой e-ID Mongolia шийдлээ өнгөрсөн аравдугаар сарын 28-нд болсон “IT World '26” арга хэмжээний үеэр албан ёсоор танилцуусан билээ. Монгол Улсад итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тус компанийн хөгжүүлсэн энэхүү платформ нь иргэн, хуулийн этгээдийг цахим орчинд танин баталгаажуулах, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичигт тоон гарын үсэг зурах боломжийг нэг дор бүрдүүлж буйгаараа онцлог юм.

ЦАГ ХУГАЦАА ХАЙРАН ЮМ
Цахим шилжилт эрчимжиж буй өнөө үед бидний өдөр тутмын олон ажил гар утсаар шийдэгддэг болсон ч гэрээ хэлцэл, баримт бичгийн баталгаажуулалт зэрэгт уламжлалт арга барил түгээмэл хэвээр байна. Харин энэ бүхэнд зарцуулж буй цаг хугацаа, зардлыг хэмнэх боломж ч технологийн хөгжилтэй хамт улам бүр нэмэгдэж байгаа шүү дээ. Чухам энэ санааг Гэрэгэ Системс ХХК онцолж, “ХАЙРАН ЮМ” уриан дор шинэ шийдлээ олон нийтэд таниулах кампанит ажлыг эхлүүлжээ.

Тус компанийн танилцуулснаар e-ID Mongolia нь тоон гарын үсгийн хэрэглээг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн бөгөөд хэрэглэгч гар утсандаа аппликэйшн суулгаснаар нэмэлт USB токен, карт уншигч зэрэг төхөөрөмжгүйгээр цахим баримт бичигт гарын үсэг зурах боломжтой.
Тухайлбал, гэрээний мэдээллээ гар утаснаасаа шалгаж, зургаан оронтой PIN кодоор баталгаажуулахад л тоон гарын үсэг зурагдана. Ийнхүү хэрэглэгч хаана байгаагаас үл хамааран гэрээ хэлцлээ баталгаажуулах боломж бүрдэж байгаа юм. Үүгээр зогсохгүй Windows болон macOS үйлдлийн системд зориулсан программын тусламжтай компьютер дээрээс PDF баримт бичигт гарын үсэг зурж болно. Мөн төрөл бүрийн форматтай файлыг системд оруулан баталгаажуулах боломжтой бөгөөд гарын үсэг зурсан гэрээ, баримт бичиг олон улсын стандартад нийцсэн PDF хэлбэрээр авах аж.
ТООН ГАРЫН ҮСЭГ ХЭР НАЙДВАРТАЙ ВЭ?
Цахим үйлчилгээг ашиглахад хялбар, хүртээмжтэй байхаас гадна мэдээллийн аюулгүй байдал чухал. Ялангуяа гэрээ хэлцэл, санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах үед хэрэглэгчийн мэдээлэл болон гарын үсгийг зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалсан байх шаардлагатай.

Тэгвэл e-ID Mongolia платформ нь нийтийн түлхүүрийн дэд бүтэц буюу PKI, техник хангамжид суурилсан аюулгүй байдлын модуль буюу HSM зэрэг технологид тулгуурлан ажилладаг бөгөөд үүнээс онцлох шийдэл нь SplitKey технологи юм.
Тус технологийг энгийнээр тайлбарлавал, тоон гарын үсэг зурахад ашигладаг нууц түлхүүрийн нэг хэсэг хэрэглэгчийн гар утасны хамгаалалттай орчинд, нөгөө хэсэг нь “Гэрэгэ Системс”-ийн үүлэн системийн хамгаалалттай төхөөрөмжид хадгалагдана. Ингэснээр аль нэг талын мэдээлэл дангаараа гарын үсэг зурахад хангалтгүй байх зохион байгуулалттай.
Үүнээс гадна “e-ID Mongolia”-аар баталгаажуулсан PDF баримтын тоон гарын үсэг, гэрчилгээний хүчинтэй хугацаа, цагийн тэмдэг болон бусад мэдээллийг онлайнаар шалгах боломжтой. Баримт бичгийн баталгаажуулах хуудсанд байрлах QR кодыг уншуулснаар гарын үсгийн мэдээллийг хялбархан нягталж болох аж.
БАЙГУУЛЛАГУУДАД ЯМАР БОЛОМЖ ОЛГОХ ВЭ?
e-ID Mongolia платформ нь зөвхөн хувь хэрэглэгчдэд төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ч үйл ажиллагаагаа цахимжуулах боломжийг олгож байна. Тухайлбал, байгууллагууд одоо ашиглаж буй вэбсайт, аппликэйшн, үндсэн системээ солих шаардлагагүйгээр уг шийдлийг нэвтрүүлж, харилцагчдаа цахимаар танин баталгаажуулах, гэрээ хэлцэл байгуулах үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

Энэ хүрээнд байгууллагууд дараах хоёр чиглэлээр системээ холбох боломжтой аж.
Нэгдүгээрт, Харилцагчаа танин баталгаажуулах буюу байгууллагууд өөрсдийн вэбсайт, аппликэйшнд “eID-ээр нэвтрэх” боломжийг нэвтрүүлснээр хэрэглэгчээ зайнаас найдвартай танин баталгаажуулах боломжтой.
Хоёрдугаарт, Цахим гэрээ байгуулах буюу харилцагчтайгаа гэрээ хэлцэл байгуулах, баримт бичигт тоон гарын үсэг зурах, байгууллагын цахим тамга ашиглах зэрэг үйл ажиллагааг цахимаар шийдвэрлэх боломжтой.
Уг шийдлийг ашиглахад нэмэлт зардал шаардахгүй байх нөхцөлийг тус компани санал болгож буй. Тодруулбал, иргэд тоон гарын үсэг болон түүний гэрчилгээг, мөн байгууллагууд e-ID Mongolia платформыг өөрсдийн системд холбох, нэвтрүүлэх болон харилцагчаа танин баталгаажуулах үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж болохюм.

“Технологи бидний амьдралыг улам хялбар болгож байна. Харин бид бүхэн хялбар амьдралдаа дасах л үлдлээ” хэмээн тус компани онцолжээ.
Та ч мөн энэхүү шийдлийг туршиж үзэхийг хүсвэл e-ID Mongolia аппликэйшнийг гар утсандаа татан суулгаарай. Харин байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх болон үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах сувгаар холбогдоорой.
Албан ёсны вэбсайт: https://eidmongolia.mn/
Иргэдэд зориулсан лавлах: +976 77773773
Байгууллагад нэвтрүүлэх: +976 99102856
Цахим шуудан: eidsupport@gerege.com
Сэтгэгдэл бичих

