Нийгмийн тулгамдаж буй асуудлыг урт хугацаанд, бүтээлчээр шийдэхэд залуусын үүрэг оролцоо асар их. Үүний тулд залуус бие биенээ “олж уулзах”, эргэн тойрондоо эерэг өөрчлөлт авчрах санаачилгыг хамтдаа хэлэлцэх орон зай чухал билээ. Үүний нэгэн жишээ болох Young Global Leaders (YGL) болон Global Shapers Ulaanbaatar Hub-ийн хамтран зохион байгуулсан залуу манлайлагчдын цуглаан буюу “Leadership Foresight” хэдхэн хоногийн өмнө болж өнгөрлөө. Энэхүү нийтлэлээр тус арга хэмжээнээс онцлох агуулга болон Global Shapers нийгэмлэгийн шинэ элсэлтийн тухай мэдээллийг багцлан хүргэе. 

Юу болж өнгөрөв? 

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Young Global Leaders (YGL) хөтөлбөрийн “YGL Learning Journey Mongolia 2026” арга хэмжээний хүрээнд салбар бүрдээ манлайлагч “30 Young Global Leader”-үүд манай улсад айлчилж буй. Энэхүү айлчлалын өдрүүдийн онцлох үйл явдал нь Global Shapers Ulaanbaatar Hub болон YGL-ээс хамтран зохион байгуулсан тусгай арга хэмжээ болох “Leadership Foresight” байв.

Арга хэмжээнд залуусын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих технологийн шийдлийг түүчээлэх, мэдээлэл технологийн салбарт охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн платформ хөгжүүлэх гээд нийгмийн асуудлаарх идэвх, санаачилгыг гарган ажиллаж буй манлайлагчид оролцсон юм.


Хэрхэн хиймэл оюуны ёс зүйтэй, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх вэ? Залуус сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ? Ногоон шилжилт ба эдийн засгийн эргэлтийг ямар аргаар хоршуулах вэ? Санаагаа бодит болгох эхний алхмууд юу вэ?

гэхчлэн олон чухал асуултаар хөтөлж, залуусын утга учиртай оролцоог бий болгох арга замуудыг хэлэлцсэн эл арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Залуус анхаардаг асуудлынхаа талаар дуу хоолойгоо уйгагүй хүргэсээр байх хэрэгтэй. Учир нь нэг хүн ярих, хоёр хүн ярихын хооронд ихээхэн зөрүү бий.

Акира Сакано, Zero Waste Japan / Green Innovation-ийн Үүсгэн байгуулагч

"Global shapers"-ийн тухай 

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэд 2011 онд байгуулагдсан энэхүү олон улсын нийгэмлэг нь 18-27 насны залуу манлайлагчдаас бүрддэг. Өдгөө 155 орны 470 гаруй салбарт 11,000 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж буй Shapers коммюнити нь 30 гаруй нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон даяар 1.2 сая гаруй хүнд хүрч ажиллажээ. Тэдгээр дундаас та “Залуу мэргэжилтнүүдийн менторшип”, “Бүтээлч өглөө”, “Цус хандивлах аян”, “Би ба бодол”, “Амин хариуцлага” зэрэг төслүүдийн тухай өмнө нь дуулж байсан биз ээ. Саяхан тэд гэр суурьшлын бүсэд ногоон байгууламж, халаасны цэцэрлэгт хүрээлэнг бий болгох “Улаанбаатар төгөл” төслөөрөө инновацын шагнал хүртсэн Хойд Азийн бүсийн анхны Hub болсон юм.

Ташрамд дурдахад, Global Shapers Ulaanbaatar Hub нь шинэ гишүүний элсэлтээ зарласан бөгөөд өргөдлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэлийн төгсгөл хэсгээс аваарай.

Холбоотой нийтлэл: Глобал Шейперс нийгэмлэгийн халаасны цэцэрлэгт хүрээлэн + Хойд Азийн бүсийн чуулга уулзалт

Б.Бат-Оргил, "Global Shapers" нийгэмлэгийн Төгсөгч

Б.Бат-Оргил, "Global Shapers" нийгэмлэгийн төгсөгч

Арга хэмжээний Fireside Chat-ийг залуусын манлайлал ба ногоон шилжилт сэдвээр чиглүүлэхэд “Залууст утга учиртай оролцоо, өөрчлөлтийг бий болгоход ур чадвар, мэдлэг гэхээс илүү бие биенээ олж холбогдох, хүчээ нэгтгэх боломж дутагддаг” гэх зочныхоо хэлсэн санааг онцлохыг хүслээ.

Сүүлийн жилүүдэд технологи, тэр дундаа хиймэл оюун хурдацтай хөгжиж, зах зээл нь тэлж байгаа ч үүний хажуугаар олон чухал асуудалд очих анхаарал багасаж байгаагийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт гэж боддог. Тиймээс залуус бид боломж гарвал шат шатны түвшинд өөрсдийн дуу хоолойг хүргэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн эргэлт, ногоон шилжилтийг хооронд нь эсрэгцүүлэлгүй, харин цугт нь авч явах арга зам, бүтээлч шийдлүүдийг эрэлхийлэх чухал болов уу. Энэ мэт сэдлээр төрөл бүрийн ажлыг санаачилж, өөрчлөлт бий болгох хүсэлтэй, зорилго нэгт залуустай нөхөрлөх боломж олдсон нь Global Shapers-т нэгдсэний хамгийн онцлох хэсэг байсан.

Холбоотой нийтлэл: "New Nomad Institute"-ийн хамтран үүсгэн байгуулагч, "unnu news"-ийн продюсер Б.Бат-Оргилын журнал


Бид хиймэл оюуны тухай дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтын хүрээнд авч хэлэлцдэг ч нийгмийн хавчигдсан бүлгүүдийг, тэр дундаа тус бүлгийн залуу охид, эмэгтэйчүүдийн хэрэглээг төдийлөн бодолцдоггүй талтай. Тэднийг зүгээр л хөндлөнгөөс ажиглаж, нөхцөл байдлынх нь тухай өмнөөс нь үг дуугарах гэхээс илүүтэй өөрсдийн биеэр дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргах түвшинд оролцоотой байх боломж бүрдүүлэх нь ёс зүйтэй хиймэл оюуны хэрэглээг төлөвшүүлэх суурь болов уу.


Мөн хиймэл оюуны орлож буй ажлын байрууд бий ч хажуугаар нь эл технологийн бүтээж буй ажлын байр, шинэ боломжуудыг олж харах чухал санагддаг.

Вавира Нжиру, Food4Education-ийн Үүсгэн байгуулагч

Вавира Нжиру, Food4Education-ийн Үүсгэн байгуулагч

В.Ганзориг, Young global Leaders (YGL)-ийн гишүүн

Фф

Дэлхийн Эдийн засгийн Форумын дэргэдэх YGL хөтөлбөрт жил бүр салбартаа манлайлж яваа 40 хүртэлх насны 100 орчим залуусыг сонгон шалгаруулдаг бөгөөд өдгөө манай улсаас 14 залуус энэ коммюнитид нэгдчихсэн яваа. Гол үйл ажиллагаа нь залуусыг хооронд нь танилцуулах, нийгмийн асуудлыг хамтран шийдвэрлэх, шийдвэр гаргах тавцанд дуу хоолойгоо хүргэх.

Өнөөдрийн арга хэмжээ бол тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй "Mongolia Learning Journey" буюу Монголтой танилцах аяллын томоохон хэсэг. Сүүлд 9 жилийн өмнө болсон тус аяллын ээлжит бүрэлдэхүүнд 5 тивийн 20 гаруй улсаас 30 гаруй залуу манлайлагчид хүрэлцэн ирсэн бөгөөд аяллын сэдэв нь “хаттай байдал” буюу resillience. Хаттай байдал гэдэг зөвхөн эдийн засаг гэлтгүй бусад салбаруудад ч илрэх учиртай тул Leadership Foresight арга хэмжээгээр хиймэл оюун, уур амьсгалын өөрчлөлт, засаглал, эдийн засгийн төрөлжилт гэхчлэн төрөл бүрийн сэдвийг нэг дор хөндөөд амжлаа.

Бид сошиал сүлжээнд дан амжилттай яваа кейсүүдийг бүх зүйл амархан бүтчихсэн мэтээр хуваалцдаг шүү дээ. Гэтэл энэ бүхэн залууст тэр бүр эерэг, сайн мессеж болж очдоггүй. Тиймээс хөшигний цаадах даваа гүвээ, алдаа оноогоо нээлттэй хэлэлцэх орон зай тун чухал. Энэ нь ч "Leadership Foresight"-ийн гол онцлог байлаа.

Арга хэмжээний үргэлжлэл болгоод өнөө, маргааш ч бид кемпээр явангаа эдгээр залуу манлайлагчид ямар төсөл хөтөлбөр дээр ажиллаж, нийгмийн аль тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ханцуй шамлаад буй тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Сонирхуулахад, эдгээр хэлэлцүүлэг дундаас маш гоё санаанууд төрж, ажил хэрэг болж байсны нэг нь Монголын анхны менторшип грүүп болох Young Professionals Group (YPG). 10 гаруй жилийн өмнө мэндэлж байсан хөтөлбөр маань өдгөө Монголын хамгийн нэр хүндтэй, олон залуус өргөдлөө илгээдэг хөтөлбөр болчихсон явааг харах их сайхан байдаг. Энэ аяллаар ч шинэ санаачилгууд ундарна итгэлтэй байна.

Э.Маралмаа, Шейпэр

Э.Маралмаа, Шейпэр

Өнөөдрийн панелаар технологи, эрүүл мэнд, нийгмийн инновацыг ажил хэрэг болгоход залуу үеийн оролцоог төрөл бүрийн өнцгөөс хэлэлцлээ. Тухайлбал, хиймэл оюун бидний амьдралд хэрхэн нэвчээд эхэлснийг, түүнийг дагаад хиймэл оюунт агентаа оновчтой сонгож, үйл ажиллагааг нь шалгахаас эхлээд ямар ур чадварууд илүү үнэ цэнтэй болж буй тухайг хөндсөн. Цаашлаад шинэ санаагаа хэрхэн бодитоор хэрэгжүүлэх, зөөлөн ур чадваруудаа хөгжүүлэх, өөртөө анхаарал хандуулах гэхчлэн залуучуудад хамаатай олон чухал сэдвийг сөхөөд амжлаа.

Global Shapers-ийн гоё тал нь зөвхөн дотооддоо төсөл, санаачилга хэрэгжүүлэх гэлтгүй дэлхий даяарх 500 гаруй Hub-уудтай холбоо тогтоож, хамтран ажиллах боломжууд гэж боддог. Миний бие л гэхэд Shaper байхдаа “Мануулын инээмсэглэл” гэх номын төсөл дээр ажиллаж, 500 ширхгийг хэвлэсний тал нь зарагджээ. Ирэх жилээс сургуулиуд руу очиж тусгай хөтөлбөрөөр номоо танилцуулах бодолтой байна. Мөн гадаад руу сурахаар явахдаа бусад улсын Hub-уудыг сонирхож, туршлага судлах боломж мундахгүй байх.

Хэрвээ Global Shapers-т цаг заваа зориулах итгэлтэй, өргөдлөө илгээх хүсэлтэй бол өөрийн ур чадварыг аль болох олон талаас харуулаарай гэж зөвлөх байна. Мэдээж хувь хүнээ сайн илэрхийлж, таниулахаа битгий мартаарай.

Хэрхэн өргөдлөө илгээх вэ?

Хэрвээ та Shaper болохыг хүсвэл өргөдөл илгээх шалгууртай танилцаарай:

* 18-27 настай
* Улаанбаатар хотын байнгын оршин суугч
* Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй
* Hub-ийн үйл ажиллагаанд долоо хоногт багадаа 5 цаг тогтмол зориулах боломжтой байх
* Төрөл бүрийн салбар, мэргэжлийн залуустай танилцаж, хамтран ажиллах, Дэлхийн Эдийн засгийн Форумын (WEF) дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг хэсэг болох хүсэлтэй байх

Өргөдөл илгээх сүүлийн хугацаа: 8-р сарын 9-ний 23:59 цаг
Өргөдлийн тухай дэлгэрэнгүй


Бусад онцлох мөчүүд

Global Shapers Ulaanbaatar Hub-тай холбогдох:
Инстаграм
Фэйсбүүк
Веб хуудас

Цахим шуудан: globalshapersub@gmail.com