Нийт 8,000 гаруй мандат, 17,500 орчим нэр дэвшигч, 1,120,000 гаруй сонгогчтой болж өндөрлөсөн 2024 оны ИТХ-ын сонгуулиас бидний анзаараагүй үлдсэн байх магадлалтай сонирхолтой баримтуудыг тоймлон хүргэж байна.

1. Нийслэлийг Х.Нямбаатар удирдана

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод МАН илт давуу ялалт байгуулж, одоогийн хотын дарга Х.Нямбаатар ажлаа үргэлжлүүлэхээр боллоо. Хотын даргаар томилогдоод жил гаруйхан болж буй тэрээр ирэх дөрвөн жилийг их бүтээн байгуулалтын үе болгоно хэмээн амлаад байна. МАН-ын хувьд нийт 40 суудлыг өөрийн болгосон нь өмнөхөөс 6-аар нэмэгдсэн гэсэн үг юм.

2. АН арайхийн бүлэг байгуулах эрхтэй боллоо

Хотод сүүлийн 2 ч сонгуульд дараалан ялагдсан АН энэ удаад ч томоохон ялагдал хүлээж, ердөө 5 суудалтай хоцорлоо. 4 жилийн өмнө тэд 8 тойрогт ялалт байгуулж байсан. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт өөрөө дахин төлөөлөгчөөр сонгогдсон ч багаа чирж чадсангүй.

3. ХҮН нам нийслэлд нэг ч суудал авч чадсангүй

Өмнөх хуралд гурван ч төлөөлөгчтэй байсан ХҮН нам олны таамаглаж байснаас тааруухан амжилт үзүүллээ. Анхны эмэгтэй хотын даргыг томилно хэмээн амалж, бүх тойрогт нэр дэвшигчдээ илгээсэн тус намын амжилтыг УИХ-ын сонгуультай харьцуулахад дэндүү чамламаар.

4. Сонгинохайрхан дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгуулав

Улаанбаатарын хамгийн том дүүргийн бүх төлөөлөгчдийг Монгол Ардын Нам бүрдүүлэх болов. Энэ бол 43 хороонд явагдсан сонгууль бүрд МАН ялсан гэсэн үг. 4 жилийн өмнө ердөө ганцхан суудлаа алдаж байсан тус дүүрэгт тэд амжилтаа ахиулж чадсан нь үнэхээр гайхамшигтай амжилт мөн.

5. Сүхбаатар дүүрэгт АН дөрвөн сонгууль дараалан яллаа

Ардчилсан нам ердөө ганцхан дүүрэгт ялалт байгуулж, засаг даргаа сонгох болсон нь Сүхбаатар дүүрэг. Уг дүүрэгт АН 2012 оноос хойш тасралтгүй ялж байгааг онцлох хэрэгтэй. НИТХ-ын сонгуульд ч дөрвөн мандатын хоёрт нь АН ялсан нь хамгийн өндөр амжилт болжээ. Тус дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Д.Бадарсан, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нар нийслэлд ялсан бол МАН-аас Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин нар төлөөлөгчөөр сонгогджээ.

6. Үндэсний эвслийн нүүрийг Н.Энхчимэг тахлав

Байгуулагдаад удаагүй ч УИХ-д дөрвөн суудалтай болсон Үндэсний эвслээс энэ удаад хоёр төлөөлөгч дүүрэгт сонгогдов. 4 жилийн өмнө ХҮН-ийн нэрийн өмнөөс БГД-т ялалт байгуулж байсан Н.Энхчимэг энэ удаад ч ялалт байгуулжээ. Баянгол дүүрэгт НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн тэргүүлсэн МАН илт давуу ялалт байгуулж, АН, ХҮН аль нь ч суудал авч чадсангүй.

7. Баянзүрх дүүрэгт АН том ялагдал хүлээлээ

Нэгэн үе АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, сүүлийн 8 жил НИТХ-д төлөөлөгчөөр суусан М.Тулгат Баянзүрх дүүргээ аврах уриатайгаар багаа удирдан сонгуульд оролцсон. Гэсэн ч 43 тойргийн 38-д нь ялагдаж, өөрөө ч ялалт байгуулж чадаагүй нь гэнэтийн үйл явдал байлаа.

8. ИОНН анхны ялалтаа байгууллаа

2022 онд байгуулагдаж, анхны орон нутгийн сонгуульдаа өрсөлдсөн Иргэдийн оролцооны нэгдэл нам Хан-Уул дүүрэгт төлөөлөгчтэй боллоо. Тус намын дарга, “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл дүүргийн хуралд ялалт байгуулсан нь энэ юм.

9. Иргэдийн хөдөлгөөний нам сум удирдана

Булган аймгийн Баян-Агт суманд Иргэдийн хөдөлгөөний нам ялалт байгуулсан нь онцлох мэдээ байв. Энэ бол Монгол Улсын 330 сум дундаас МАН, АН-аас өөр нам ялсан цорын ганц тохиолдол юм. Тус нам сумын ИТХ-ын 21 суудлын 12-т нь ялалт байгуулжээ.

10. МАН Хэнтийд ялж чадсангүй

Аймгийн түвшний хамгийн өрсөлдөөнтэй сонгууль Хэнтийд явагдаж, АН 18:17-ын харьцаатайгаар олонх боллоо. Энэ бол ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа төрөлх нутгийг “алдсан” МАН-ын хувьд гутамшигтай гэж болох ялагдал. Улсын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт татаж байсан аймагт нам солигдох ямар нөлөө үзүүлэх нь ирэх дөрвөн жилийн хамгийн сонирхолтой ажиглалтуудын нэг байх болно.

11. Ховд аймаг “цэнхэртлээ”

Тус аймгийн ИТХ-ын 41 суудлын 24-ыг нь Ардчилсан нам эзлэх болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус аймагт ихээхэн анхаарал хандуулж, бүр өөрийн зөвлөх Э.Болормааг засаг даргаар удирдуулж байсан нь саяхан. Ирэх дөрвөн жилийн туршид тус аймагт хэрэгжих хүлээлт өндөртэй байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Халзанбүрэгтэй төслүүдийн ирээдүй хэрхэх нь анхаарал татаж байна.

12. ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ИРЦ насаар:

Хамгийн идэвхтэй насныхан:
65-69 - 74.8%
70+ - 73.4%
60-64 - 70.4%
55-59 - 65.9%
50-54 - 62.8%

Хамгийн идэвхгүй насныхан:
20-24 - 31.3%
18-19 - 34.4%
25-29 - 37.7%
30-34 - 45.6%
35-39 - 51%

13. 2012 оноос хойшхи хамгийн бага ирцтэй сонгууль боллоо

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 53.1% байсан нь 2012 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болов. 4 жилийн өмнө орон нутгийн сонгуулийн ирц 55.9% байсан бол 2016 онд хамгийн өндөр буюу 60.44% байсан юм.

14. ХҮН нам анх удаа орон нутагт суудалтай боллоо

Тэд нийт гурван аймгийн ИТХ-д төлөөлөгчтэй болсон нь энэ. Ж.Гурвантамир (Архангай), Д.Өлзийбаяр (Дорнод), Т.Батзул (Сэлэнгэ) нар тус тусын тойрогтоо ялалт байгуулжээ. Харин нийслэлийн дүүргүүдээс Багануурт хамгийн өндөр амжилтаа үзүүлж, нийт 4 суудалтай болсон байна. Мөн Хан-Уул дүүрэгт нэг төлөөлөгчтэй болов.

15. Дөрвөн бие даагч аймгийн хуралд сууна

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт 4 төлөөлөгч бие даан сонгогдсон байна. Тэдгээр эрхэмүүд бол Б.Тэнгис (Өмнөговь), М.Отгонпүрэв (Увс), Р.Баасанхүү (Увс), О.Энхзаяа (Дархан-Уул) нар юм.

16. Гурван суманд бие даагчид олонх болжээ

Эдгээр сумууд бүгд Хөвсгөл аймагт харьяалагдаж байгаа нь сонирхолтой. Тус аймгийн Жаргалант, Бүрэнтогтох, Чандмань-Өндөр сумдад АН-ын угшилтай бие даагчид ялалт байгуулжээ. Мөн Увс аймгийн Баруунтүрүүн суманд нийт 8 бие даагч ялалт байгуулж, МАН-тай суудлын тоогоор тэнцсэн байна.

17. Нийт 87 хэсэгт санал тэнцжээ

19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явагдах болсон байна. Сонгуулийн тухай хуулинд зааснаар нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчид оролцох ёстой юм.

18. Сонгуулийн дүнг танилцуулахдаа “ухрав” 

Монголчууд сүүлийн хэд хэдэн сонгуулийн дүнг шууд хүлээн авч үзэн, хэсгийн дүн хэрхэн нэгтгэгдэж байгааг бултаараа хэлэлцэж дадсан. Гэсэн ч энэ удаад сонгуулийн дүн багц багцаар танилцуулагдаж, СЕХ нь санал хураалт дууссаны дараа мэдээлэл ч хийсэнгүй. Үүгээр ч тогтохгүй, өмнөх дүрмээ өөрчлөлгүй явуулж, хаа сайгүй сурталчилгааны самбар байршуулах гэх мэтээр зуны УИХ-ын сонгуулиар олж авсан зарим дэвшилтүүдээ алдсаныг шүүмжлэх хүмүүс олон байсанд гайхах зүйлгүй.

19. Нийслэл 10 эмэгтэй төлөөлөгчтэй боллоо

НИТХ-ийн сонгуульд нийт 10 эмэгтэй төлөөлөгч ялалт байгуулжээ. МАН-аас нэр дэвшүүлсэн бүх 9 эмэгтэй нэр дэвшигч ялсныг Х.Нямбаатар ялалтын илтгэлийнхээ үеэр онцолсон. Харин Багахангай дүүрэгт Т.Золтуяа Ардчилсан намын эмэгтэйчүүдээс ганцаараа ялалт байгуулжээ.

20. Туршлагатай мэргэжилтнүүд Булган, Дундговьд яллаа

МАН 4 жил сөрөг хүчнээр ажилласан Булган, Дундговь аймгуудад ялж, засаг даргаа томилох эрхтэй боллоо. Энэ удаад тэд олонд танигдсан туршлагатай улс төрчдөө орон нутагт илгээсэн нь амжилттай болов. Дундговьд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун, Булганд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Э.Мөнх-Очир нар намаа удирдан сонгуульд оролцжээ. Харин Өмнөговь аймгийн сонгуульд УИХ-д өрсөлдөж байсан Х.Мандахбаяр оролцож, тойрогтоо ялсан ч намдаа ялалт авчирч чадсангүй.

21. АН Сүхбаатар аймагт 6 дахиа дараалан яллаа

Ардчилсан нам Сүхбаатар аймагт 2004 оноос тасралтгүй ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд 29 суудлын 20-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид олонхийн санал авчээ. Мөн тэд өмнөх сонгуулиар ялалт байгуулаад байсан Өмнөговь, Говь-Алтай аймгийн төлөөлөгчдийн хуралд олонх болж, засаглалаа үргэлжлүүлэх болов.

22. Орхон, Төв аймгийг ганцхан суудал шийдэв

Улаанбаатар хоттой хамгийн ойрхон аймгуудад МАН, АН-ын ялалтыг ердөө ганцхан суудал шийдэв. Төв аймагт 21:20 харьцаатайгаар АН ялалт байгуулсан нь МАН-д томоохон цохилт болсон нь гарцаагүй. Харин Орхонд МАН 21:20-оор арайхийн ялж, дахин 4 жил аймгаа удирдах болов.

23. МАН 14 аймагт засаглана

УИХ-ын сонгуульд гурав дараалан ялалт байгуулсан МАН нийт 14 аймагт олонх боллоо. Тэд 4 жилийн өмнө 13 аймагт ялж байсан удаатай. Тэд өмнө ялж байсан Сэлэнгэ, Завхан, Дорнод, Өвөрхангай зэрэг аймгуудад ялалтаа баталгаажуулж, Архангай, Хөвсгөлийг эргүүлж чаджээ. Харин нийт сумдын 174-т нь ялж, сумын засаг даргыг томилох эрхтэй болжээ.

24. ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ИРЦ аймгаар:

Хамгийн идэвхтэй аймаг:
Баян-Өлгий - 76.3%
Сүхбаатар - 72.8%
Завхан - 71.8%
Говьсүмбэр - 70.1%
Ховд - 69.2%

Хамгийн идэвхгүй аймаг, хот:
Улаанбаатар - 42.3%
Дархан-Уул - 46%
Орхон - 48.7%
Дорноговь - 57.8%
Хөвсгөл - 59.2%

Хамгийн идэвхгүй дүүрэг:
Чингэлтэй - 40.4%
Баянзүрх - 40.7%
Сонгинохайрхан - 41.6%
Хан-Уул - 42.3%
Баянгол - 42.7%

Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 10-р сарын 14-ны дугаарын 9-р нүүрт нийтлэгдсэн.