Дотоодын аялал хийж, байгалийн сайхныг зорихоор төлөвлөж буй уншигчдадаа зориулсан цувралын нийтлэлийнхээ ээлжит дугаарыг төвийн бүсийн аймгуудад зориуллаа. Хангай зонхилсон ч байгалийн олон онцлог бүрдсэн энэ бүсэд түүх дурсгалт, үзэмжит сайхан газар дэндүү олон ч энэ удаа бид дараах газруудыг сонгон онцолсон юм.

Нүд баясгаж сэтгэл сэргээсэн, домог түүхийг эргэн сануулах эдгээр газруудыг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд та найдвартай унаатай байх хэрэгтэй. Таны аян замын хань болох хамгийн хол суманд ч ШТС-аа ажиллуулж буй, Монгол орны бүх аймаг сумуудад салбартай Петровис Групптэй хамтран бид уг контентийг хүргэж байгаа билээ.

Хархорум хотын туурь

Өвөрхангай аймаг, Элсэн тасархайгаас баруун өмнө зүгт 80 км зайд

Орхон гол, Хар Хүрэмт уулын завсрын хөндийд Чингис хааны зарлигаар 1220-1221 онд байгуулагдсан Хархорум хотод 1235 оноос Өгөдэй хаан улсын нийслэлийг төвлөрүүлэн өргөтгөж, Түмэн Амгалант ордоо бариулж, 1256 онд Мөнх хаан 5 давхар суварга бариулсан гэдэг. XIII зууны үед Хархорум нийслэл нь олон үндэстний цугларах цэг, дэлхийн соёл иргэншлийн харилцааны нэгэн гүүр байсан нь нотлогддог. Хархорум хотоос холгүй мөн XIII-XIV зууны үеийн Мэлхий толгойн туурь, Баянголын туурь, Дойтын толгой, Цагаан сүмийн туурь, Уйгарын нийслэл хар балгас зэрэг эртний хотуудын тууриуд оршдог нь яахын аргагүй энэ хэсэг эрт дээр үеэс Монголын зүрхэн хэсэг мэт байсныг илтгэнэ. Та хотын туурийг үзэхээр явах замдаа Орхоны хөндийн арвин дурсгалтай Хархорум хотын музейтэй танилцаж, хамгийн эртний бурхан шашны хийдүүдийн нэг Эрдэнэзууг үзэж сонирхох боломжтой.

Анхаарах зүйлс: Эртний Монголын нийслэл Хархорум хоттой танилцаж, музейгээр нь үзэж зочлохдоо түүхэн мэдлэгээ сэргээж, дэлгэрүүлэн уншиж судлаарай. Орон нутгийн хөтчөөр музейн үзвэрүүдийг тайлбарлуулбал зүйтэй байж мэднэ.

Гэрэл зургийг zamch.mn -ээс ашиглав.

Хүйсийн найман нуур

Өвөрхангай аймгийн Онгийн дурсгалаас зүүн хойд зүгт 17 км зайд.

Өврийн сайхан хангайн үзэсгэлэнг илтгэх энэ найман нуур Уянга сумд орших бөгөөд Хангайн нурууны зүүн өмнөд хэсэгт галт уулын идэвхжилийн нөлөөнд үүсэж д.т.д 2700-3165 метр өндөрт өргөгджээ. Орхон голын эхэнд орших эдгээр сэтгэл татам нуурыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Сэнж, Хүйс, Шанаа гэх бөгөөд газрын хүйгээр холбоотой тул Хүйсийн найман нуур хэмээн нэрийджээ. Найман нуурыг үзэх замдаа та Монгол нутаг дахь Түрэгийн үеийн томоохон дурсгалуудын нэг Онгийн дурсгалтай танилцах боломжтой.

Анхаарах зүйлс: Нуурын эрэг, ойр орчим намгархаг байж болзошгүй тул анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Байгалийн үзэсгэлэн болсон гол нууранд элдэв шингэн зүйл хийж бохирдуулахаас сэргийлээрэй.

Гэрэл зургийг mnb.mn-ээс ашиглав.

Хоргын тогоо

Архангай аймгийн Тариат сумаас баруун хойд зүгт 6 км зайд.

Хоргын Тогоог сонсоогүй хүн ховор биз ээ. Яагаад гэвэл энэ бол галт уул дэлбэрсний дараа тогоо бий болдгийг хамгийн яруу тодоор илтгэн харуулдаг тогоо юм. Хоргын тогоо нь одоогоос 9 мянга жилийн орчим дэлбэрч байгаад унтарсан, манай орны унтарсан галт уулуудын хамгийн хожуу үед идэвхэжсэн уул ажээ. Энэ орчимд самар, жимс элбэгтэй хуш, шинэсэн ойтой бөгөөд хүрмэн чулуунд агуй хонгил элбэг байдаг аж. Хорго явах замд дайралдах Чулуут голын хавцал буюу Суман голын хавцал ч гэгддэг гайхмаар тогтоц бүхий газрыг үзэх боломжтой. Мөн Хоргын тогооноос холгүйхэн хангайн нурууны үзэсгэлэнт нууруудын нэг Тэрхийн цагаан нуурыг байрладаг тул нуурын эрэг дээр хоноглох боломжтой юм.

Анхаарах зүйлс: Хоргын тогоо орчим галт уулын чулуулаг элбэг тул та гутлаа тохируулж өмсөөрэй. Чулуун дээр унаж, бэртэхээс сэргийлээрэй.

Гэрэл зургийг canonmongolia.mn-ээс ашиглав.

Тайхар чулуу

Архангай аймгийн Ихтамир сум, Цэцэрлэг хотоос 22 км зайд

Тэв тэгш талд нэгэн дүнхийсэн аварга том чулуу ганцаар сүндэрлэн байх нь үнэхээр гайхалтай. Олон хууч домгийн сэдэв болсон Тайхар чулуу нь 18 метр өндөр, байгалийн үзэсгэлэнт боржин чулуун цохио ажээ. Чулуун зэвсгийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга тэмдэг, амьтны дүрс гэрэг хадны зураг байхаас гадна Түрэг, Уйгар, Монгол, Төвд, Манж, Хятад зэрэг VI-XVIII зууны үед холбогдох 150 гаруй бичээс хадгалагдан үлдсэн байхыг ажиглаж болно. Эдгээрээс хамгийн эртний бичээс нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн Орхон Енисейн бичиг буюу Руни бичиг билээ.

Анхаарах зүйлс: Аяллаа амжилтаа болгож, очсон газар бүрээ тухлан үзэхийн тулд та урьдчилан цаг агаарын мэдээг анхаарч байгаарай. Өмнө нь очиж байгаагүй газраа очиж байгаа бол та найдвартай зам чиглүүлэгч, луужин авч явахыг зөвлөж байна.

Гэрэл зургийг flickr.mn-ээс ашиглав.

ГАЗРЫН ЗУРАГ

Та дээрх газрын зургаас бидний танилцуулж буй байгалийн үзэсгэлэнт/дурсгалт газруудын байршлыг харж болохоос гадна Петровисийн ШТС-ууд хаана хаана байрласныг хараарай. Тус групп хэрэглэгчдэдээ зориулалт МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийг 7-р сарын 1-нээс дахин эхлүүлээд байгаа юм. Уг хөтөлбөрийн супер шагнал нь "Моннис Моторс" компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт RENAULT брэндийн "0" гүйлттэй цоо шинэ автомашин байх аж. Түүнчлэн "Моннис Моторс" компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх, 500,000 төгрөгийн шатахууны эрх, 300,000 төгрөгийн "Мобил" брэндийн тос, тосолгооны эрх гээд олон урамшууллыг та хожих боломжтой.

Хэрхэн энэ урамшуулалт хөтөлбөрт хамрагдахыг товч дурдъя:

Алхам 1. Улс орон даяар байрлах Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан үнийн дүнгийн 30,000 төгрөг тутамд урамшуулалт хөтөлбөрт оролцох нэг эрх авна.

Алхам 2. Энгийн хэрэглэгч бол төлбөрийн баримт дээрх 10-11 оронтой “RedPoint” кодыг 130360 дугаарт мессежээр илгээнэ.

Алхам 3. Наймдугаар сарын 15-ны 19:30 цагт МҮОНТ-ээр урамшуулалт хөтөлбөрийн супер шагнал болон бусад шагналын эздийг тодруулна.

Хэрэв та “RedPoint” хөтөлбөрийн хэрэглэгч бол “RedPoint app”-ын оноо бүртгүүлэх хэсэгт кодоороо бүртгүүлнэ. Ингэснээр хэрэглэгчид нэг урамшууллын эрх болон 300 RedPoint оноотой болно.

Дэлгэрэнгүйг: МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөр орон даяар дахин эхэллээ

БИЧИГТИЙН АМНЫ ХАДНЫ ЗУРАГ

Баянхонгор аймгийн төвөөс 130 км зайд Баянлиг сумын нутагт

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Ихбаян уулын Бичигтийн амны хаданд эртний хүмүүс олон зуун хүн, амьтан, тамга тэмдгийн зургийг цоолборлон үлдээсэн байдаг. Хүрэл зэвсгийн үе буюу МЭӨ 3000 жилийн тэртээгээс МЭ VIII зууныг хүртэл олон үеийн туршид энэ амны хадны зургийг нэмэн баяжуулсаар иржээ. Энд хамгийн их зурсан амьтан бол янгир, буга болно. Бугыг энд дүрслэхдээ бодит байдлаас гадна шувуу шиг ур нарийхан хошуутай, хээ угалз мэт олон салаа эвэртэй, гоёмсог урт биетэйгээр ихэд загварчлан харуулсан байдаг ажээ.

Анхаарах зүйлс: Түүхэн дурсгалт бичиг, сүг зургууд дээр давхарлан зураг зурах, идээ будаа өргөх, хог тарихаас татгалзаарай. Замын тэмдэг, тэмдэглэгээнүүдийг сайтар анхаарах буюу замаараа үзэх боломжтой газруудыг төлөвлөн газрын зурагтаа тэмдэглээрэй.

Гэрэл зургийг mongoltoli.mn-ээс ашиглав.

Хустайн байгалийн цогцолборт газар

Улаанбаатар хотоос баруун тийш 82 км зайд (Төв аймгийн Аргалант сум)

2003 онд байгуулагдсан Хустайн цогцолбор нь байгалийн экосистем, түүх соёлын дурсгалыг хамгаалахын зэрэгцээ экологи, биологи, тахь судлал, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг билээ. Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт говь нутгийг санагдуулам “Молцог элс” хэмээх үргэлжилсэн элсэн манхан оршдог. Энэхүү элс нь тун нарийн ширхэгтэй, аманд ороод ихэнх нь хайлаад алга болдог бөгөөд давсаг бөөр, нуруу, үе мөчний өвчинг илааршуулах үйлчилгээтэй гэгддэг. Хустайн нурууны энгэр бэл, зарим томоохон ам хөндийд хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал болох 160 дөрвөлжин булш, ойр орчимд нь 19 томоохон хиргэсүүр бүртгэгдсэн байдаг. Та замдаа VII зууны үеийн дорнод түрэгийн хаант улсын үеийн язгууртан хүнд зориулсан тахил тайлгын цогцолбор болох “Өнгөтийн дурсгал”-ыг үзэх боломжтой.

Анхаарах зүйлс: Мөн хөрсний элэгдэл, эвдрэл, амьтны зан төрхөд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлж, замын хөдөлгөөнийг цэгцлэх зорилгоор зөвхөн тэгш тоотой цагуудад хамгаалалттай газарт нэвтрүүлж буй тул үүнийг сайтар анхаарч цагаа тохируулаарай.

Гэрэл зургийг traveltime.mn-ээс ашииглав.

Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Улаанбаатар хотоос 318 км зайд орших Төв аймгийн Дэлгэрхаан сумаас урагш 20 км зайд

Цогт тайжийн бичигт хад нь Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20 орчим километр зайд орших “Хутаг” хэмээх уулын өвөрт байдаг. Ширмэн тогоо шиг дуу авиа гардаг тул нутгийн иргэд Дуут хад гэсэн сонсголонтой нэрээр нэрлэдэг ажээ. Гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц ажээ. Тийм ч учраас Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг. Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогт ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршдог гэж үздэг билээ.

Анхаарах зүйлс: Энэхүү бичгийн дурсгал нь түүхийн ховор нандин гэрч тул бичиг рүү ямар нэгэн шингэн зүйл цацах, ойр орчимд нь хог хягдал болохуйц эд зүйлс үлдээхгүй, гутлын мөрнөөс өөр мөргүй хариуцлагатай аялахыг уриалж байна.

Гэрэл зургийг Монголын түүхийн тайлбар толиос ашиглав.

ГАЗРЫН ЗУРАГ

Уран тогоо уул

Булган хотоос баруун хойш 82 орчим км зайд.

Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт оршдог 1686 м өндөр унтарсан галт уул юм. Орой дээрээ тогоотой бөгөөд тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м бөгөөд тогоондоо 20 орчим голчтой, дугуй хэлбэртэй нууртай, ой модтой уул билээ. Энд буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир зэрэг амьтад ангир, нугас зэрэг жигүүртнүүд бий. Ойр орчимд нь Тулга, Тогоо, Жалавч зэрэг унтарсан галт уулуудыг мөн үзэх боломжтой. Тулга уулын амсар нь сэтэрхий Тулгын гурван чулуу шиг харагддаг ажээ.

Анхаарах зүйлс: Аяллын зорилгоос шалтгаалан замын урт төлөвлөгдөх тул шатахуун зарцуулалтдаа анхаараарай. Уул хаданд төөрөхөөс сэргийлж, тухайн газар онцлогийг урьдчилан мэдэхийг хичээгээрэй.

Гэрэл зургийг canonmongolia.mn-ээс ашиглав.

Хар бухын балгас

Булган аймгийн сумын төвөөс 12 км зайд.

Булган аймгийн өөр нэг онцлууштай газар бол Хар Бухын балгас юм. Уг хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж барьснаараа онцлогтой. Хар бухын балгаснаас эрдэмтэн Х. Пэрлээ XV-XVII зууны үед бичигдсэн 60 гаруй хуудас бүхий гар бичмэл, шашны судар, монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг бичиг соёлын гайхамшигт дурсгалуудыг олсон гэдэг. Нутгийн ардууд Цогт тайжийн байгуулсан хэрэм хэмээн хэлэлцдэг эл түүхэн газар нь хоёр өөр цаг үед холбогдох агаад эхнийх нь X-XI зууны Хятан улсын үе юм.

Анхаарах зүйлс: Аялалд явахдаа машины бичиг баримтууд, машины даатгал, запас дугуй, ойр зуур эвдрэл гэмтэл засахад шаардлагатай багаж хэрэгслүүдээ марталгүй аваарай. Мөн анхны тусламжийн хайрцгаа ч базаах нь зүйтэй.

Гэрэл зургийг ikhmongol.mn-ээс ашиглав.

Соронзон хад

Сэлэнгэ аймгийн төвөөс 168 км зайд Хүдэр суманд

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Соронзон хад нь Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон тогтоцтойгоороо алдартай. Энэхүү хадны эргэн тойронд ямар нэг төмрийн зүйл ойртуулахад өөртөө татдаг, мөн уламжлалт анагаах ухаанд ашиглах буюу үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчнөө засах чадалтай байгалийн хүч энерги хадгалагддаг гэж үздэг. Уг хадны доогуур Төмөртэй гол урсдаг байна.

Анхаарах зүйлс: Элдэв төмөрлөг зүйлс татагдаж, зүүсэн цаг зогсдог гэж аялагчид ярилцдаг тул болгоомжлоорой. Хол аялахаар болбол аяллын замд шаардлагатай усаа нөөцөлж байгаарай. Мөн замын турш сонсох дуунуудаа шинэчилж, аяллын бэлтгэлтэй явснаар аялал илүү амжилттай, бас сонирхолтой болдог шүү.

Гэрэл зургийг ugluu.mn-ээс ашиглав.

Дэлгэрэнгүй газрын зураг: Үзэх