Өдгөө бид зөвхөн цаасан хэвлэлд баригдахгүйгээр дижитал, аудио хэлбэрээр унших өргөн боломжтой болсон."Rakuten Intelligence" компаниас хийсэн судалгаагаар энэ онд зөвхөн АНУ-д гэхэд хөл хорионы улмаас интернэт номын худалдаа өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өсжээ. Манайд аудио болон цахим номын томоохон сан бүрдүүлж буй цогц платформ болох Mplus апп нь аудио ном, цахим ном, подкаст зэрэг монгол хэл дээрх мянга мянган контентуудыг хүргэж буй. Тиймээс бид энэ удаа тус аппликэйшний цахим ном хэсгээс сонирхууштай 10 номыг онцолж байна.

Софийн ертөнц 

Философийн түүхийн мэдлэгийг уран зохиолын яруу хэлээр илэрхийлсэн эл бүтээл 14 настай сониуч охин Софид хаа нэгтээгээс ер бусын захидал ирснээр түүний бодол санаа, амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлдэг. Норвегийн философич, зохиолч Юстейн Гордер нь өрнийн философийн 3000 жилийн түүхийг бүхэлд нь энгийнээр тайлбарлаж, сонирхолтой хүүрнэлээр баяжуулжээ.

Эл ном урьд нь философийн тухай судалж байгаагүй хэн бүхэнд маш сайн сурах бичиг болох бол мартсан нэгэнд тун цэгцтэйгээр эргүүлэн сануулах болно. Эртний Грекийн философичдын сургуулиас Кенигсбергийн Кант хүртэл сэтгэл хөдөлгөм аялалд хөтлөх галт тэрэг бол "Софийн ертөнц” бүтээл мөн.

(Audio book)

Сурахад суралцах нь 

"Эмос" клубээс эрхлэн хэвлүүлсэн уг ном нь хүний насан туршдаа хөгжүүлбээс зохилтой сурахуйн арга барил, хэв маягийг хөндөн бичсэн сонирхолтой бүтээл юм. Мэдээллийн их урсгалаас хэрэгтэйгээ шүүрдэн авч, шингээн боловсруулах тухай өргөн цар хүрээтэй санаануудыг эл номд шигтгэжээ. Тус номд 20 орчим эрхэм сурахуйтай холбоотой өөрсдийн туршлагаа хуваалцсан аж. Тухайлбал, Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр "Эрдэмд нүд нээхүй" өгүүлэл, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа "Сурахад суралцахуйн тухай Монголоороороо ухаж ухаарахад тус" гэсэн өгүүлэлдээ монголчууд эрдэм сурах үйлд хэрхэн хандаж ирснийг түүхийн улбаатай бичжээ. Мөн “Эмос” клубээс эрхлэн гаргасан "Мэргэжлээ зөв сонгоход тань", Инамори Казуогийн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" (орчуулга), Мортимер Адлерын "Ном унших ном" (орчуулга) номыг цахимаар унших боломжтой.

(E-book)

Сурахад суралцах нь номын тухай

Unread

bad blood 

Холливудын кино мэт адал явдлаар дүүрэн бодит түүхийг илчилсэн эл бүтээл одоо ч дуулиан дагуулсаар. Есөн тэрбум ам.доллароор үнэлэгдсэн "Theranos" компанийг үүсгэн байгуулагч Элизабет Холмесийг тойрсон дуулианыг тун сонирхолтой илчлэн өгүүлсэн эл бүтээлийг Пулицерийн шагналт, алдарт сэтгүүлч Жон Каррейрү бичжээ.

"Форбес" сэтгүүл 2015 онд Элизабет Холмесийг өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу эмэгтэй хэмээн зарлаж, "Theranos" компанийг олон сая хүний амийг аврах инновац болно хэмээн магтаж байв. Тэд ганцхан дусал цусаар хүний эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийх төхөөрөмж бүтээхээр ажиллаж байсан санжээ. Гэвч тэдний технологи түүхий, шийдэл нь тодорхойгүй, тоонууд нь худал, амлалтууд нь хуурамч байсныг “Wall Street Journal” сэтгүүлийнхэн ил болгож тавьснаар энэ бүхэн эхэлсэн юм.

(E-book)

Bad Blood номын тухай

Unread

Д.Нацагдорж “Түүвэр зохиолууд”

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн түүвэр зохиолуудыг төлбөргүйгээр унших боломж энд бий. Тэрээр шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд хэмжээлшгүй хувь нэмэр болж, уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг утга зохиолын шинэ төрөл зүйлийг хөгжүүлсэн билээ.

Өдгөө түүний зохиолын түүвэр ЕБС-ийн уран зохиолын сурах бичгийг баяжуулж, өнөөгийн уран бүтээлчдийн чанар чансааг хэмжих хэмжүүр, авьяас эрдмийн шалгуур болж буй тул утга зохиол сонирхогч залуу хүн бүр заавал унших учиртай юм.

(E-book, төлбөргүй)

Менежмент: Шилдгүүдээс суралцъя

Орчин цагт хувь хүнээс өгсүүлээд албан байгууллага, улс орны хэмжээнд туршлага хуримтлуулах учиртай мэдлэгийн салбаруудын нэг бол менежмент билээ. Аливаа ажлын зорилго, үр дүнд заасан хугацаанд, бүтээмжтэй хүрэх хамгийн дөт зам бол үр дүнтэй менежмент. Эл номд нийгэм, эдийн засаг, бизнес гээд бүхий л салбарын алдартай эрхмүүдийн үйл хэрэг менежментийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж, өсөж дэвшсэн тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Зөвхөн бизнес, албан үйл хэрэгт бус, хувийн амьдралаа хэрхэн цэгцэлж, зөв арга барилыг хэрэгжүүлсэн тухай сонирхолтой түүх, жишээг харамгүй хуваалцсан нь олон залууст үлгэр жишээ, сургамж болох биз ээ.

(E-book)

Өгөх, авах ухаан 

Амжилтын талаарх түгээмэл ойлголт, байр суурийг няцааж, бусдад туслах нь амжилтад хүрэх томьёо болохыг тайлбарласан профессор Адам Грантын “Өгөх, авах ухаан” ном нь зохиогчийг дэлхий дахинд таниулсан билээ. Зохиогч 10 гаруй жилийн судалгаандаа үндэслэн, бусдад хариу нэхэлгүй тус хүргэх нь эцэстээ ямар гайхалтай үр дүнтэй авчирдгийг өгүүлсэн нь энэ ном юм.

Түүний номын бүтэц, бичлэгийн хэв маяг АНУ-ын сэтгэлзүйч, зохиолч Дейл Карнегийн сэтгэлзүй, харилцааны алдарт бүтээлүүдтэй тун төстэй. Олон төрлийн хүмүүс, үйл явдалд хийсэн судалгааны ажлуудаа сонирхолтой түүх, харилцан яриагаар хачирлаж, алдартай хүмүүсийн эшлэл, ярилцлагын хэсгээс шигтгэн оруулжээ. Хүн амьдралынхаа хайран цагийг бусдын төлөө л гарздаад байвал өөрийн бүх эрч хүчээ алдаж дуусах нь тодорхой ч гэлээ бусдын төлөө хийж буй бүхнийхээ утга учрыг ойлгож, сайн сайханд тэмүүлбэл хүнд аз жаргал заавал ирдэг гэдэг нь энэ номын уншигчид хүргэх илгээлт юм.

(E-book)

Өгөх, авах ухаан номын тухай

Unread

1984 

Английн алдарт зохиогч Жорж Оруэллийн улс төрийн агуулгатай сод бүтээл болох “1984” ном нь олны хүртээл болсон даруйдаа асар олон хувь зарагдаж, тоталитаризмын эсрэг хамгийн алдартай бүтээлд тооцогдож байв. Харамсалтай нь, зохиогч 1947 онд сүрьеэ тусч, өвчинтэйгөө тэмцэж байх хугацаандаа бичин хэвлүүлсэн номынхоо амжилтыг үзэлгүй 46 настайдаа өөд болсон юм.

Уг зохиолд дарангуйлагч нийгэм иргэдийнхээ оюун санааг хэрхэн суртал ухуулгаар хавчин боож, хүчирхийлж буйг тод томруун үзүүлдэг. Хүмүүсийн өдөр тутмын аж амьдрал, бодол санаа, үг, үйл хөдлөл бүрд хяналт тогтоож, цааш хэрхэхийг нь шийдэх хатуу арга барилыг хэрэгжүүлж буйг харуулсан нь тоталитар нийгмийн үзэл санааг хайр найргүй илчилж шүүмжилсэн туурвил болсон юм.

Номд гарах Сэтгэхүйн цагдаа, Хоёр сэтгэхүй, Хайрын яам, Үнэний яам, Баримтжуулах яам, Үзэн ядалтын хоёр минут зэрэг жигтэй үг хэллэг, нүдэнд өнгөтөөр төсөөлөгдөх дүрслэлүүд нь тун сонирхолтой. Түүний бүтээлүүд барууны ЕБС-иудын заавал унших уран зохиолын хөтөлбөрт зүй ёсоор багтдаг билээ.

(E-book)

Амьдрал нэрт кафед

Өнгөрсөн зууны туршид алдар нэр нь түгсэн эрхмүүдийн ховор ярилцлагуудын эмхэтгэл болох “Амьдрал нэрт кафед” цуврал номд 36 алдартны ярилцлага багтжээ. Улстөрч, эрдэмтэн, зураач, дуучин, философич, кино найруулагч зэрэг амьд ахуйдаа тухайн цаг үеийнхээ луужин болж, бүтээл туурвил, үзэл санаагаараа үлгэрлэж явсан эрхмүүдийн ярилцлагаас ухаарч үлдэх зүйл их. Ховор нандин ярилцлагуудыг багтаасан хоёр цуврал бүтээлийг орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам монгол хэлнээ хөрвүүлсэн билээ.

(E-book)

Амьдрал нэрт кафед номын тухай

Unread

Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа

Японы зохиолч Харүки Мүракамигийн 1992 онд бичсэн эл роман нь хүн хоорондын харилцааны нандин мэдрэмж, хайр дурлал, хүсэл тачаалын тухай өгүүлнэ. Бага ахуйдаа үерхэж байсан хос 25 жилийн дараа дахин уулзахдаа юу мэдэрч, юуны тухай ярилцах бол? Хүүхэд насаа хамтдаа өнгөрөөж, хүсэл сонирхлоо даган хоёр тийш болсон залуусын олон жилийн дараах гэнэтийн уулзалтыг Харүки Мүраками хэрхэн өгүүлснийг сонирхоорой.

(Audio + E-book)

Жигжидийн Мөнхбат "намтар найраглал"

Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Ж.Мөнхбатын намтраас сэдэвлэсэн туульсын яруу найргийн бүтээлийг аудио хэлбэрээр сонсох боломжийг Mplus олгожээ. Тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аваргын медалийг эх орондоо анх удаа авчирснаас гадна 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт байр, 1968 онд Мехикогийн олимпоос анхны мөнгөн медаль, 1967 оны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээрээ Монголын чөлөөт бөхийн спортод дуурсагдах гавьяатай билээ. Үндэсний бөхийн спортод дуртай хэн бүхнийг түүний амьдралын түүхээр аялуулах эл бүтээлийн аудио хэлбэрийг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар уншжээ.

(Audio Book)

"MPLus" Цахим номын сангийн тухай 

Mplus аппликэйшнд өдгөө 500 гаруй цахим ном, 120 орчим аудио ном, 5000 орчим дугаар подкаст бүхий сан байршиж буй. Цахим номын санд сонгодог болон орчин цагийн уран зохиолын бүтээлүүдээс гадна хүүхдийн, түүхэн, уран зөгнөлт, бизнес, эдийн засгийн, улс төрийн зэрэг төрөл бүрийн номуудаас унших эсвэл сонсох боломжтой.

Татах: iOS, Android эсвэл Huawei