Дэлхийн хэвлэлийн магнат “Washington Post” хүртэл мэдээгээ залууст зориулан TikTok-ын бичлэгээр хүргэж, уртхан текстийг уншигчид үзэж чадахаа байсан мэдээллийн хөлгүй урсгал дунд “бичих” гэдэг магад урьд цагтай адил сонирхолтой, сэтгэл булаам ажил биш болсон ч байж мэдэх. Хэдхэн товч дараад л санаанд орсон бүхнээ олон нийтийн сүлжээнд нийтэлж болох дижитал эрин зуунд бид амьдарч буй. Гэвч байзаарай, хүссэн бүхэн нь хийж дөнгөх мэт энгийн бөгөөд хялбархан харагддагт  “сэтгүүлч” хэмээх мэргэжлийн ур ухаан оршдог юм биш үү?

 Ярилцлага, сурвалжилга, аян замын тэмдэглэл, хөрөг нийтлэл гээд сэтгүүл зүйн аль ч төрөл зүйл их үйл явдал дундах эгэл хүмүүсийн хувь тавиланг дүрслэн харуулдгаараа онцлог. 
Сайн баримтын ноён нуруунд түшиглэж, тэрхүү баримтыг амилуулах уран дүрслэлийн дуусаж дундаршгүй боломжийг чадварлагаар ашиглах увдис бол сэтгүүлч хүний хамгийн том зэвсэг юм. 

Хүүхэд шиг уйдамхай уншигчийг нийтлэлийнхээ өмнө тогтоон бариад зогсохгүй сэтгэлийг нь ховстож, хөндсөн асуудлаа бүрэн дүүрэн ойлгуулах шидтэй авьяаслаг сэтгүүлчдийн туурвисан шилдэг бичвэрүүдийг бид энэ удаагийн номын булангаараа түүвэрлэн хүргэж байна. 

1. Даашинзтай сурвалжлагууд 


Лунтангийн Болормаа. Хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон хэн бүхэнд энэ нэр түүх, домог шиг л сонсогддог гэхэд хилсдэхгүй. Түүний “Даашинзтай сурвалжлагууд” хэмээх өвөрмөц нэртэй бүтээл олон жилийн турш сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын ширээний ном, албан бус сурах бичиг нь байсаар ирсэн.

Жагсаалыг өндөр байшингийн цонхоор ажвал тун ч сүртэй. “Сүрт жагсаал боллоо” гээд л бичиж орхино. Харин дунд нь ороод, тэнд цугласан хувь заяаг сурвалжилбал инээдтэй, эмгэнэлтэй, өрөвдөж, хайрламаар, эсвэл бахархаж дэмжмээр мянган баримт, санаа цуглуулах вий.”

Тэрээр яг л дээр бичсэн шиг дэлхий дахин болоод өөрийн улсад болж буй улс төрийн зөрчилдөөн, нийгэм эдийн засгийн гүн дэх бугшсан асуудал, толгой эргэм их тоо баримтыг тэтгэврийн хөгшин ч уншаад ойлгохуйц байдлаар сэтгэлд ойр хүүрнэж чаддаг нэгэн байсан гэдгийг нийтлэл бүр нь бэлхнээ нотолж чаддаг. Энхийг сахиулагчдын мөрөөр Афганистанаас бэлтгэсэн “Элсэн энгэсэг”, “Алчууртай аялал” цуврал сурвалжилгууд, Өмнөговь дахь их баялгийн тухай “Монголын говь дахь Синдерелла”, “Оюутолгойн тухай оддын дайны сэтгэмжүүд” асуудал хөндсөн нийтлэлүүд нь гарчгаасаа эхлээд өөрийн гэсэн донж, өнгө төрхийг илтгэнэ. Эдийн засгийн талаар бичлээ гэхэд жирийн иргэдийн амьдралаас харь хөндий тооны цуглуулга бус мах, талх зэргийн үнэтэй харьцуулсан хамаагүй амьд цифрүүдээс нийтлэлээ бүрдүүлсэн байх жишээтэй.

Тус бүтээлээс та зөвхөн сэтгүүл зүйн бичвэрүүдээс гадна 21-р зууны эхэн үеийн сэтгүүлчдийн ажиллах хэв маяг, өглөө бүхэн гал авалцаж байдаг өдөр тутмын сонины халуун тогоо хийгээд дэлхийн олон орны сэтгүүлчдийн туршлагыг өөр хооронд нь харьцуулан уншиж болно. Сэтгүүлч хэмээх мэргэжлийн үнэ цэн, мэргэжлийн сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг харуулсан Л.Болормаа агсны бүтээлийг сэтгүүл зүйгээр суралцдаг, ажилладаг, энэ салбарыг сонирхдог хэн бүхэнд зөвлөе.

Үзгээ шүүрэн том нийтлэл туурвихаасаа өмнө зүрхээ чагнаарай.

"Даашинзтай сурвалжлагууд" номын хэсгээс

2. Аав бид хоёр


Түүний бичвэрээс уншигчид хүн малын зоо тэнийсэн хавар цагийн танхилхан үнэр, тал шигээ тайван уужуу малчдын холч ухаантай үгс, жихүүн намрын үдшээр Холбоо нууранд чуулах хун шувуудын үзэсгэлэн гоо, арван тавны сар Орхоны хүрхрээн дээрээс асгарах үеийн ер бусын байгаль дэлхийн зураглалыг үздэг. Түүнийг уншиж эхлүүлсэн нэгэн дуусгаж байж л санаагаа амраадаг нь бараг жам ёс гэмээр.

Туульс хайлан уярч, тойрч суугаад үлгэр сонсож, хос чавхдаст хуурын эгшиг дор өсдөг монголчуудын сэтгэлийн утсыг хөндөх нь тун амаргүй ч Б. Ганчимэг сэтгүүлч хэрхэн уйдамхай уншигчдыг бусдын болон өөрийн ертөнцөөр аялуулж, сэтгэлийн цэнгэл амсуулахаа хэн хүнээс илүү сайн мэддэг мэт.

Утгын уран, үгийн тансагаар наадан бичсэн түүний аян замын тэмдэглэл, хөрөг нийтлэлүүдийг яг л уран зохиолын ном шиг хүлхэн хүлхэн шимтэн унших дуртай үнэнч уншигчдын хүрээлэл аль хэдийн бүрдсэн. “Аав бид хоёр” хэмээх тус нийтлэлийн түүвэрт багтсан “Баавгайн тос”, “Шар Туяа”, “Дэдэрмаа” эгч гээд хөргүүдийг унших бүрийд бидний өдөр бүхэн уулзаж, хажуугаар нь өнгөрдөг эглээс эгэл хүмүүсийн түүх, хувь заяаг хэрхэн сэтгэл зүрхэнд хоногштол ингэж буулгаж чадсан байна аа хэмээн өөрийн эрхгүй дуу алдах нь бий. Тиймдээ ч бичвэрүүдийг нь хэдэн арван удаа давтан уншсан ч уйдна гэж үгүй.

Уншигч та энэ номоос хийрхэл чамирхлаар өвч бүрхсэн хоосон хөндий үгсийг бус Б. Ганчимэг хэмээх бүсгүйн дотоод сэтгэлээс ундран гарсан хайр нөхөрлөл, гансрал цөхрөл хийгээд бахархал омогшлын үгсийг уншина. Өөрийн оршихуй, бодол сэтгэлээ олны дунд илчлэн гаргаж, үнэн түүхийг хүүрнэж чаддаг нь түүний бүтээлийг хайрлах гол шалтгаан билээ.

Аавдаа би шүлэг бичиж үзэв. Аавдаа би дуу зохиож үзэв. Аавдаа би ном зориулж бичив. Аавыгаа харин эргэж үл олов.

"Аав бид хоёр" номын хэсгээс

3. Цагаан Гэгээ


Ж.Гангаа агсны аяллын тэмдэглэлүүд бол Монголын сэтгүүл зүйн нэгэн үзэгдэл байсан билээ. Тэрээр Монголынхоо бүх л нутаг орноор аялж, дэлхийн дөрвөн тивд хөл тавьж, “Харь Буриадын нутаг, дүүрэн цагаан гунигтай“, “Түвдийн цуврал тэмдэглэл“, “Алтайгаас Хянган хүртэл“, “Алтайн цаад говиор” зэрэг олон зуун бүтээл туурвиж, шилдэг бүтээлүүдээрээ сэтгүүл зүйн дээд Ц.Балдоржийн шагналыг хүртжээ.

Түүний бичлэгээс монгол ахуй нэвт ханхалж, төгс харагддаг шидтэй. Гярхай ажиглалт, гоёмсог дүрслэлээ тэр бодууштай санаа, ёжлол хошигнолоор сүлэн уншигчдын сэтгэлийг соронздон татаж, нэгийг бодогдуулдаг байв. Өдрийн сонины хэвлэл захиалга хариуцсан ажилтан байхдаа хониор сонин захиалдаг малчдаас хонио цуглуулан Баянхонгороос Улаанбаатар хүртэл туун ирж байснаас өгсүүлээд тэр сэтгүүлч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг сониныхоо бүх л албыг хашсан байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнийг “Манай Гангаа бол монгол ахуйг ер бусын билгийн нүдээр хардаг, мэдэрдэг, хайрладаг гайхалтай уран бүтээлч, сэтгүүлч байж билээ” хэмээн дурссан нь эгэл амьдралыг туулж, ажиглаж ирснийх нь илрэл биз ээ.

Монгол нь дэлхийн 200 гаран улсаас эхний 17-д ордог маш том нутагтай орон. Тэр хэрээрээ агуу том музей.

"Цагаан Гэгээ" номын хэсгээс

4. 25


"25” бол бичиж, туурвих ажлаас онхи ондоо мэргэжилтэй миний сэтгүүлч болох мөрөөдлийг өрдсөн ном билээ. Анхлан чамин хавтсанд нь дурлаж авсан энэхүү эсээ, тэмдэглэлийн түүврийг нэг амьсгаагаар уншиж дууссаныхаа дараа би сэтгүүлчийн ажлыг тэс өөр нүдээр харах болсон.

Балдоржийн шагналт, залуу сэтгүүлч Ж.Тэгшжаргалын энэ бүтээл үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь түүний намтар дурсамж байх бол хоёрдугаар хэсэг нь сурвалжилга, эсээ, тэмдэглэлүүдээр үргэлжилнэ.

Хувь заяаны эргүүлгээр урд хөршийн нэгэн хэсэг болсон өвөрмонголчуудын амьдралын тухай “Луугийн атган дахь цаасан шувуу”, хөгжлийн салхинд туугдан хүссэн амьдралынхаа үзүүрээс атгахыг хичээх монгол залуучуудын үнэн дүр төрхийг харуулсан “Нүүдэл” тэргүүтэй цуврал сурвалжилга, орчин цагийн Монголын сэтгүүлзүйд хүчин зүтгэж энэ салбарын өчигдөр өнөөдөр маргаашийн өнгө төрхийг тодорхойлж буй эрхмүүдийн талаарх “Хадаас” тэмдэглэлүүдээс нь та түүнийг сэтгүүл зүйн салбарт өөрийн мөрийг тодоос тод үлдээж буй чадварлаг сэтгүүлч гэдгийг лавтайяа мэдэх буй за.

Сонсох бүрд өөрийн эрхгүй аз жаргал гэдэг үг толгой дотор эргэлдэх босса нова хөгжим, эцэг эх нь нэрээ элбэж өгсөн илбэчин Габогийн шид, уулын энгэрт модны хожуулаар туулай урлаж бяцхан охиныхоо 30 жилийн дараах төрхийг бүтээх зураач залуугийн түүх гээд түүний бичвэрүүд танд ертөнцийн олон өнгийг дэлгэн харуулна гэдгийг амлая.

Хүмүүс бие биенээ бүтээж байдаг гэдэгт би итгэдэг. Азаар би сайн аав, сайн ээж, сайн ах, сайн найзаар дутаагүй юм шүү гэж сэтгэл тэнүүн бодоход энэ их үйлтэй газар харин ч нэг эрх дураарааа өнгөрүүлсэн 25 насныхаа энэхэн мөчлөгт эд эс бүхнээс нь таашаал мэдрэн суунам.
Амьдрал бас ч муугүй эд юмаа...

"25" номын хэсгээс

5. Оршихгүйгээр оршихуй, Амьдрал нэрт кафед 


Ярилцлагын төрөл хэзээд уншигчдын дунд хамгийн эрэлттэй, олны анхаарлыг татсан бичлэгийн төрөл байсаар ирсэн. Өнгөц харвал хэдхэн асуултаар ярилцагч нэгнээ сонжоод л хариулт авчих хялбар бичвэр шиг санагдах ч урт настай, ул суурьтай ярилцлага нь сэтгүүлчээс олон ур чадварыг шаарддаг. Огт танихгүй нэгний дотоод ертөнц, үзэл бодол, харах өнцгийг бусдад хангалттай сайн нээн харуулж чадсан амжилттай ярилцлага нь сэтгүүлчийн судалгаа, мэдрэмж, харилцаа гээд олон зүйлээс хамаарах нь бий. Тиймдээ ч нийтлэлийнхээ төгсгөлд сайн ярилцлагуудын бодит жишээ болсон “Оршихгүйгээр оршихуй”, “Амьдрал нэрт кафед” номуудыг онцоллоо.

Акира Күросава, Индира Ганди, Элеонор Рузвельт гээд 20-р зууны түүхийг бичилцсэн нэрт улстөрч, кино найруулагч, уран бүтээлч, нийгмийн зүтгэлтнүүдийн ховор нандин ярилцлагуудыг багтаасан тус хоёр цуврал орчуулагч яруу найрагч Г.Лхагвадуламын орчуулгаар монгол хэлнээ буусан билээ. Хэдэн зуун ярилцлагаас шигшигдсэн түүвэр тул уншихад үр өгөөжтэй сонирхолтой хийгээд сэтгүүлчдийн хувьд ч асуултаа зөв тавих, ярилцлагаа хөтлөн авч явахад санаа авахуйц олон жишээгээр баялаг бүтээл юм.

Хүнийг хамгийн хөглөдөг зүйл гэвэл хайраас өөр юу байх вэ? Хийж бүтээж байгаа зүйлээ, эргэн тойрны юмс үзэгдлээ, хувь заяагаа хайрлаж сурах хэрэгтэй. Дайн дажин болж байхад ч юу ч юм босгож, бүтээх нь чухал.

Милорад Павич (Сербийн зохиолч, 1929-2009)