Амжилтын талаарх түгээмэл ойлголт, байр суурийг няцааж, бусдад туслах нь амжилтад хүрэх томьёо болохыг тайлбарласан профессор Адам Грантын “Өгөх, авах ухаан” номыг энэ удаа онцолж байна. Анхны энэ ном нь Адам Грантыг сайн таниулан нэр хүндийг нь өргөж, өдгөө олон ном бичсэн, ажил карьер ба менежментийн том сэтгэгч болоход жинтэй нөлөөлсөн юм. Зохиогч 10 гаруй жилийн судалгаандаа үндэслэн бусдад хариу нэхэлгүй тус хүргэх нь эцэстээ ямар гайхалтай үр дүнтэй авчирдгийг энэ номдоо бичжээ. Ингээд тун саяхан албан ёсны эрхтэй орчуулагдсан "Өгөх, авах ухаан"-тай танилцъя.

Яагаад өгөх, авах гэж? 

Адам Грант бол Уартоны бизнесийн сургуулийн хамгийн топ профессороор олон жил дараалан шалгарсан нэр хүндтэй судлаач юм. Тэрээр энэ болоод "Анхдагчид", "Option B" зэрэг хэд хэдэн ном бичсэн бөгөөд дэлхийн менежментийн шилдэг 10 сэтгэгч, Fortune сэтгүүлийн "40 хүртэлх 40" жагсаалтад нэрлэгдэж байв. Мөн WorkLife подкастыг хөтлөн явуулж, дэлхийн хамаг л том компани, байгууллагуудад уригдан лекц уншдаг.

Тэрээр энэ номоо гаргахаас өмнө 10 гаруй жилийн турш хүмүүс бусадтай харилцахдаа ямар стратеги баримталж, хэрхэн сонголт хийдэг тухай судалгааг Google-ээс эхлээд АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний цэргүүд дээр хийжээ. Үүний дагуу бидний өдөр тутмын харилцаандаа баримталдаг хандлага амжилтад хүрэхэд санаанд оромгүй байдлаар нөлөөлдгийг олж мэдсэн байна. Тэдний ялгаатай хандлагыг ерөнхийд нь тайлбарлахын тулд хүмүүсийг авагч, өгөгч гэж нэрлэжээ.

Хүмүүсийн бусдад өгөх, авах хүсэл сонирхол харилцан адилгүй байдаг. Тухайлбал, авагч төрлийн хүн бусдад алсын бодолтой тусалж, хожим авах ашиг тус нь гаргаж буй зардал, золиосоос илүү байх ёстой гэж үздэг бол харин өгөгчид бусдад чин сэтгэлээсээ хариу нэхэлгүй туслахыг хичээдэг байна. Гэвч бидний ихэнх нь цэвэр өгөгч, авагч гэх туйлын зарчмыг баримтлахаас илүүтэй хоёуланг нь тэнцвэржүүлж “нийцүүлэх” алтан дундаж хандлагыг баримталдаг ажээ. Харин ажлын талбарт аль нэг хандлагыг давамгай баримталдгийг сэтгэл зүйчид тогтоосон байна.

Өгөгч хүмүүс авагчдаас 14 хувиар бага цалин авахаас гадна гэмт хэргийн золиос болох магадлал хоёр дахин их байдаг гэвэл итгэх үү? Авагч, нийцүүлэгч, өгөгч хүмүүсийн аль нь амжилтад хүрэх илүү магадлалтай байдаг бол? Судалгаагаар өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн дийлэнх нь нөгөөх л өгөгч төрлийн хүмүүс байсныг Адам Грант хэдэн зуун сонирхолтой түүх, жишээгээр тайлбарлажээ.

Түүний номын бүтэц, бичлэгийн хэв маяг нь АНУ-ын сэтгэл зүйч, зохиолч Дейл Карнегийн сэтгэл зүй, харилцааны алдарт бүтээлүүдтэй тун төстэй. Олон төрлийн хүмүүс, үйл явдалд хийсэн судалгааны ажлуудаа сонирхолтой түүх, харилцан яриагаар хачирлаж, алдартай хүмүүсийн эшлэл, ярилцлагын хэсгээс шигтгээ болгон оруулжээ. Нийт есөн бүлэг, 300 гаруй хуудастай ном боловч уншихад зугаатай, хөнгөн. Гэвч унших тусам уншигчдад өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох сэдэл өгч, харилцаа, хандлагаа эерэгээр өөрчилж болох олон санаа, шийдлийг төрүүлэх болно. Ажил карьер, бизнесээ амжилттай авч явах, бусадтай харилцах, асуудалд хэрхэн хандах тухай зөв зүйтэй чиг баримжааг өгч, “өгөх”-ийн үнэ цэн, гайхамшгийг энэхүү номд тайлбарлажээ.

Өгөхийг үлгэрлэгч Авраам Линкольн

Авахаас илүү өгөх нь харилцааны илүү хүчтэй, аюулгүй хэв маяг болохыг өгүүлсэн нэгэн түүхийг хуваалцсаныг нь хүргэе. Амьдралынхаа ихэнх хугацааг ферм дээр өнгөрүүлсэн 23 настай нэгэн залуу Иллинойс мужаас улс төрд орох гэсэн анхны оролдлогодоо ялагджээ. Сонгуульд ялагдсаныхаа дараа банкнаас зээл авч найзтайгаа жижиг дэлгүүр нээсэн боловч удалгүй дампуурч, зээлээ төлж чадахгүйд хүрснээс гадна хамтрагч нь нас барж, жилийн орлогоосоо 15 дахин их өрийг төлөх хүнд ачаа үүрчээ. Тэрээр өр төлбөрөө төлөхөд хэдэн жилийг зарцуулж, мужийн хууль тогтоох байгууллагын гишүүн болсныхоо дараа 45 насандаа сенатын сонгуульд нэр дэвшихдээ урьдчилсан санал хураалтаар нэгэн мужийн захирагчтай ойролцоо хувьтай явж байсан аж. Гэвч өрсөлдөгч нэр дэвшигч нь зүй бус хэргүүдтэй орооцолдож байсан учраас муу хүнийг улс төрд гаргахгүйн тулд сонгуулиас нэрээ татаж, улс төрийн туршлагын хувьд өөрөөс нь илүү Лайман Трумбулл хэмээх боолчлолын эсрэг тэмцдэг, чадварлаг шүүгчид санал өгөхийг уриалжээ. Тэрээр өөрийн эрх ашгийг хойш тавин, тэр хүнд санал өгөхийг бусдад ятгасан юм.



Ингээд сонгуулийн дүнгээр түүний дэмжсэн хүн гарсан билээ. Энэ бол улс орны эрх ашгийг өөрийн эрхээс дээгүүрт тавьдаг Авраам Линкольны бодит түүх юм. Тэрээр 1860 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Бүгд найрамдах намын сунгаанд түүнтэй өрсөлдсөн гурван эрхмийг Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Ерөнхий прокурорын албан тушаалд томилжээ. Хэрэв авах хандлагатай хүн байсан бол өөрт нь үргэлж за гэдэг чих зөөлөнтэй хүмүүсээр хүрээлүүлэх байсан бол нийцүүлэгчид өөрт нь тус хүргэж байсан холбоотнуудаа урьж ажиллуулах байсан хэмээн зохиогч онцолсон байна. Харин Линкольн тэдний эх орныхоо төлөө гавьяа байгуулах боломжийг хаах эрх байхгүй хэмээн өөрийн хүчтэй өрсөлдөгчдийг засагтаа урьж, хамтран ажилласан түүхтэй ажээ.

Өгөхийн марафон 

Энэхүү номд амжилтад хүрсэн өгөгч хүмүүс networking буюу харилцаа тогтоох, colloborating буюу хамтран ажиллах, evaluating буюу үнэлэх, influencing буюу нөлөөлөх гэх харилцааны дөрвөн хэрэгслийг хэрхэн үр дүнтэй ашигладгийг өгүүлжээ. Өгөгчид нэг бол хамгийн шилдгүүд, үгүй бол хамгийн бүтэлгүй нөхөд байх магадлал өндөр. Харин авагч болон нийцүүлэгчид амжилт бүтээлээрээ тэдний дундуур жагсдаг ажээ. Өгөгчид чухам ямар стратеги баримталж, хэрхэн сонголт хийхээс түрүү магнай юм уу баян ходоод болох эсэх нь шийдэгддэг байна. Гэхдээ нэг удаагийн өгөх үйл хэзээ ч амжилтад хөтлөхгүй. Өгөгч хандлага 100 алдын богино зайн уралдаанд хэрэг болохгүй. Харин марафонд гүйхэд маш чухал ажээ. Тиймээс эхлээд амжилтад хүрээд дараа нь бусдад туслах биш эхэлж туслаад түүгээрээ дамжуулан амжилтад хүрч болох хандлага бол жинхэнэ өгөх ухаан юм.

Авагчийн тухай андуурсан бодол

Өгөгч хандлагатай хүмүүсийн амжилтыг бид дутуу үнэлдэг жишээ олон. Ажлын талбарт авагчид шинэлэг санаа дэвшүүлэхдээ өөртөө итгэлтэй байж, түүнийхээ төлөө тэмцэх эрмэлзэлтэй, бие даасан байдгийг Адам Грант архитекторуудын ажиллах арга барилд хийсэн судалгаанаас олжээ. Харин өгөгчид илүү хамтын ажиллагааг чухалчилж, хувийн ашиг сонирхлоос илүүтэй баг хамт олны сайн сайхны төлөө нөөц бололцоогоо зориулдаг байна. Өгөгчид ажлын арга барилаа сагсан бөмбөгийн дамжуулалттай адилтгадаг гэнэ. Тэд бусдын өгсөн дамжуулалтаар би оноо авсан гэх бус багийн ажиллагааг эрхэмлэдэг байна.

Ихэнх хүмүүс дууныхаа өнгийг ширүүн болгож, чанга ярьж, итгэлтэй байгаагаа харуулахыг хичээдэг. Харин өгөгчид хариулт нэхэхээсээ илүү асуулт асуудаг, ширүүн ярихаас илүү эргэлзэж ярьдаг, давуу талаа дөвийлгөх бус сул талаа хүлээн зөвшөөрдөг байна. Мөн өөрийн бодлыг тулгахаас илүүтэй зөвлөгөө авахыг хичээдэг байна. Алдартай уран бүтээлчид, спортын тамирчдын анхны багш нар нь ихэнх нь маш эелдэг, тэвчээртэй хүмүүс байсныг уг номд онцолжээ. Амжилт биш хүчин чармайлт л хүний мөн чанарын үзүүлэлт болохыг удаах бүлгүүдэд өгүүлж, дэлхийн хэмжээний од болох тамирчдыг хэрхэн шилж сонгодог, яагаад хүмүүс ирээдүй муутай нэр дэвшигчдэд найдлага тавьдаг тухай бичсэн байна.

Хүн амьдралынхаа хайран цагийг бусдын төлөө л гарздаад байвал өөрийн бүх эрч хүчээ алдаж дуусах нь тодорхой. Хамгийн гол нь, бусдад туслахдаа бус бусдын төлөө хийсэн бүхнийхээ утга учрыг ойлгож, сайн сайханд тэмүүлэх нь танд аз жаргал, итгэл найдвар төрүүлэх учиртайг та эндээс дэлгэрүүлж унших болно.