"Чамайг юу "галзуу" болгодог вэ?"
Түрхэн зуур тархи гацааж "Нээрэн намайг юу онцгой, бүр галзуу болгодог юм бол?" хэмээн бодогдуулах уг асуултыг танхимд цугласан 1000 гаруй залуусаас асуусаар арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм. Үнэхээр ч оргүйгээс оргилд хүрсэн галзуу хүмүүсийн цугларалт гэх тодотголтой уг арга хэмжээнд уригдан оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн "сошиал нөлөөлөгч" илтгэгчдийн ярианаас яагаад ийн тодорхойлох болсныг нь төвөггүй ойлгож болох аж.
Олон улс даяар хэдэн сая дагагчийг өөрийн сувагтаа нэгтгэн, бүтээлч өгөөжтэй контентуудаар шинэ үеийнхэнд нөлөөлж буй Nas Daily-ийн хамт олон Nas Summit Mongolia арга хэмжээгээ зохион байгуулж, нийт 1700 гаруй залуус, 30 гаруй илтгэгч, 20 гаруй медиаг цуглуулж, долоон цагийн турш контент бүтээх шалгарсан туршлагуудаас харамгүй хуваалцсаныг тоймлон хүргэе.
арга хэмжээний тухай
Дэлхийн 10 улсад зохион байгуулахаар төлөвлөгдсөн Nas Summit арга хэмжээний дөрөвдэх өртөө нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот юм.
Instagram, Facebook, Twitter, Tiktok, Youtube зэрэг платформуудад олон сая дагагчтай орон орны нөлөөлөгч, контент бүтээгчдийн туршлагаас судлах, хүрээлэл үүсгэх, танилцах боломжийг мянга мянган залууст олгох зорилготой уг арга хэмжээнд оролцохоор манай улсаас 10 мянга гаруй залуус урьдчилсан бүртгэлд хүсэлтээ илгээснээс өнөөдөр 1700 гаруй залуусыг цуглуулсан юм.
Арга хэмжээ шууд л хөтлөгчдийн урам зоригтой байдал, бүхэл танхимыг хамарсан галт тэрэг буюу цуваа бүжгийн цоглог уур амьсгалаар хөглөгдөн үндсэн хөтөлбөртөө шилжсэн нь тун ч шинэлэг бөгөөд үр дүнтэй байсныг онцлууштай.
+1700 гаруй залуус
Өглөө 10:00 цагт эхлэх хуваарьтай ч оролцогчид 08:00 цаг гэхэд хаалган дээр хэдийн ирсэн байлаа. Үндсэн хөтөлбөрөөс 30 минутын өмнө гэхэд Корпорэйт конвейшн центрийн хүлээлгийн танхим бүхэлдээ дүүрч, ажиллаж буй салбартаа үнэ цэнтэй, бүтээлч контент үйлдвэрлэхийг хүссэн залуус туршлага солилцох, мэдсэн сурснаа хуваалцах, өнөөдрийн арга хэмжээний хүлээлт зэрэг сэдвүүдээр урам зоригтой харилцан яриануудыг өрнүүлсээр байв.
800 хүний суудалтай танхим хормын дотор дүүрч, оролцогчдын тоо хэдийн 1000 давсан ч оролцогчдын хөл тасрахгүй байсан нь арга хэмжээний хүлээлтийг нотолсон юм. Арга хэмжээний дамжуулалтыг хариуцсан ТэнГэр ТВ-ийн баг оролцогчдод зориулан туслах танхимуудад хөтөлбөрийг шууд эфирээр хүргэсэн нь онцлог байлаа.
яагаад анхаарал хандуулах ёстой вэ?
Арга хэмжээний хүрээнд тус бүрдээ 72 сая хүртэлх дагагчтай, нийтдээ 300 сая гаруй дагагчтай орон орны 30 орчим нөлөөлөгчид энэ өдөр Монголд чуулж, биднийг олон улсад таниулах төрөл бүрийн контентуудыг өөр өөрийн сувгуудаар хүргэсээр буй. Эмэгтэйчүүдийн нөлөөлөл, түүх соёл, Монголыг зорих шалтгаан, оюуны чадамж, тал хээр нутаг зэрэг чухал сэдвүүдийг барьж авч буй Нуссейр Яссин буюу Nas Daily-ийн хувьд гэхэд дараагийн контентоо монгол мориор хийхээр төлөвлөсөн байна. Онгон зэрлэг байгалиараа голчлон танигдсан манай орны хувьд гуравдагч нүдээр харсан, хамрах цар хүрээгээрээ тун ч өргөн энэ контентууд аялал жуулчлал, соёлын салбарт ямар эдийн засгийн болон хамтын ажиллагааны үнэ цэн авч ирэхийг бүрэн таамаглах боломжгүй юм.
Илтгэлийн онцлох хэсгүүд
1000 өдөр=1000 бичлэг
Арга хэмжээг нээж Nas Company-ийн гүйцэтгэх захирал Нуссейр Яссин өөрийн карьер, чухам яагаад видео хийх болсон шалтгаан хийгээд 269 оролдлогын эцэст амжилттай болсон контентын талаар сэтгэл хөдөлгөм түүхээ хуваалцсан билээ.
Бичлэг хийж, сошиал орчинд хуваалцана гэдэг бусдын төсөөллөөр хялбар, хөнгөхөн үйл явц мэт харагдавч үнэн хэрэгтээ эцэс төгсгөлгүй эвлүүлгийн ажил, ганцаардал, шинэ санааны мухардал гээд хөшигний ардах олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Тиймээс контент бүтээгчид өөр хоорондоо жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ зөвлөгөө өгөх, шинэ санаа түгээх орон зай хэрэгтэйг ойлгосон нь Nas Summit арга хэмжээний сэдэл болсон аж.
ЖУЛИУС деин: the magic of going viral
Сошиал орчинд нийтдээ 72 сая дагагчтай түүний Фейсбүүк хуудас нь дэлхийн хамгийн өндөр үзэлттэй хуудаст тооцогддог.
Тэрээр “Сошиал орчинд амжилт олох хамгийн энгийн бөгөөд шударга арга бол яг одооноос эхлэх. Урт хугацаанд бичлэг хийж, чамлахааргүй олон тооны дагагчтай болсны дараа ч контент бүтээх ажлыг бүтэн цагийн ажлаа болгоно гэдэг төсөөлснөөс хэцүү даваа. Миний хувьд Ковидын үеэр найз охиныхоо хамт хийсэн хөгжилтэй бичлэг нэг өдрийн дотор 75 мянган ам.долларын ашиг олсон.
Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөхөд бичлэгүүд маань 5 тэрбум хандалт авсан шүү. Хамгийн гол нь хийж буй контентдоо итгэл үнэмшилтэй, тууштай хандах нь чухал. Хэрвээ энэ салбарт өөрийн карьераа бүтээхээр шийдсэн бол чиний амьдралын урт хугацааны зорилготой энэ салбар хэр уялдаж байгаа талаар сайтар бодоорой.” гэсэн зөвлөгөөнүүдийг илтгэлийнхээ үеэр өгсөн юм.
alyne tamir: how to get brand deals with zero followers
Нийтдээ 3.6 сая гаруй дагагчтай түүний илтгэлийн сэдэв нь дагагчийн тооноос үл хамааран контентоо борлуулах, брэндүүдтэй хамтран ажиллах тухай байв.
“Контент бүтээхээр сэтгэл шулуудаж, яах ийхийн зуургүй ажлаасаа гарахаасаа өмнө ирээдүйд ямар агуулгатай бүтээл хүмүүст хүргэх тухайгаа ул суурьтай бодоорой. Урт хугацааны ажил болгохоор төлөвлөж буй бол хүмүүсийн шуурч буй сэдвээс илүүтэй чиний хүсэл сонирхол нэгдүгээрт байх учиртай.
Хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол өөрийн хамгийн их хэрэглэдэг, хайртай брэндийнхээ бүтээгдэхүүний талаар контент бэлдэж болно. Хэрэглэгчийн шударга сэтгэгдэл хэзээд хамгийн эрэлттэй контент байдаг. Гэхдээ анхаарах зүйл нь эхний контентоосоо мөнгө олох гэж улайрах хэрэггүй шүү. Өөрийн, ялгарлаа бүтээж, бусдад хангалттай үнэ цэн өгсний дараа мөнгө олох боломжууд аяндаа гарч ирнэ гэдэгт итгээрэй."
charless kerr: the secret formula of creating content on youtube
YouTube-ийн Стратеги хамтын ажиллагаа хариуцсан менежер Чарлек Кэрр ийнхүү ярив:
Хэрэглэгчдийн 60 хувь нь ямар ч асуудалгүйгээр хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контент үзэж байна. Midjourney, Dall-E, Starry зэрэг платформуудын тусламжтайгаар өөрийн санааг илүү бүтээлч бөгөөд студийн ажиллагаа багатайгаар бүтээх боломжийг нэн даруй ашиглаж эхэл.
Шинэ технологийн шийдлүүд өдөр бүр, цаг тутамд сошиал платформын өнгө төрхийг өөрчилсөөр байна. Манай хэрэглэгчдийн тал хувь нь гэхэд сүүлийн 12 сард виртуал контент бүтээгчийн ямар нэгэн бичлэг үзсэн байх жишээтэй. Сошиал медиагийн “нөлөөлөгч” гэх ойлголт зөвхөн хувь хүн байхаа больж байгаа энэ цаг үед технологийн олон боломжийг өөрт ашигтайгаар эргүүл. Шинэ тренд, технологийг туршихаас бүү ай.
Видеоныхоо үзэлтийг нэмэх хамгийн энгийн, үр дүнтэй арга нь аль болох олон хэл дээр CC нэмэх. YouTube-ийн multi-audio" функцийг идэвхжүүлээд бичлэгтээ нэмэлт хэлний сонголт оруулах боломжтой.
dhruv rathee: how to make content consistently and not burn out
Гурван жилийн турш долоо хоногтоо 2-3 видео тогтмол нийтэлж, сошиал орчинд 16 сая дагагч цуглуулж чадсан түүний илтгэлийн сэдэв зөвхөн контент бүтээгч төдийгүй хүрэлцсэн хэн бүхэнд хамаатай сэдэв байв.
Архаг стресс буюу “Burnout”-аас сэргийлэх түүний зөвлөгөөнөөс тоймловол:
Завсарлага авахаас бүү ай. Тогтмол байх нь чухал ч контентын агуулга, чанар түүнээс ч чухал. YouTube-ийн алгоритм тооноос чанарыг илүүд үздэг гэдгийг анхаараарай.
Дуртай сэдвээ контент болго. Контент бүтээх гол сэдэл тань мөнгө байвал та хэзээ ч урт хугацаанд, тууштай ажиллаж чадахгүй.
Шинэ зүйлсэд сэргэг, сониуч ханд. Оюун ухаанаа бүү хайрцагла.
Контент бүтээгчид гэрээсээ ажиллах нь түгээмэл ажил, амьдралаа холихгүйн тулд тусдаа ажлын байртай бол. Гэрээ оффис болговол нэг л мэдэхэд 24/7 ажлынхаа талаар боддог, ажилдаа бүхнээ зориулдаг нэгэн болж хувирах аюултай.
workshop, panels
Арга хэмжээний үеэр хэд хэдэн панел хэлэлцүүлгүүд зохиогдсоноос Нуссейр Яссин, Соёлын сайд Ч.Номин, Влогчин Вил Дасович нар Монголд контент бүтээх боломжийн талаар яриа өрнүүлж, контентын зах зээлд Засгийн газар, Соёлын яамнаас хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсаныг онцлууштай.
Тун удахгүй Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсон бөгөөд Старлинк компанийн хиймэл дагуул Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдож, контент бүтээх боломжтой болж буй талаар Соёлын сайд яриандаа дурдсан билээ.
Илтгэлийн зэрэгцээ арга хэмжээний заавал онцлох учиртай хэсэг бол "Workshop". Контент бүтээгчид How to work with tourism boards, How to make education viral on youtube short, Growing in youtube shorts: Everything you need to know гэх сэдвүүдийн хүрээнд хагас цагийн турш оролцогчидтой туршлагаа хуваалцсан нь өөр ямар ч эвентээс олж авахгүй, үнэтэй туршлага байсан болов уу.
Мөн Нуссейр Яссин тайзан дээрээс шууд гурван контент бүтээгчийн сошиал хуудсуудтай танилцаж, тэдэнд эхний сэтгэгдлээр шударга зөвлөгөөнүүд өгсөн нь зөвхөн энэ арга хэмжээнээс л сонсох хамгийн үнэн бөгөөд гашуун зөвлөгөөнүүд байв.
20 секундийн бичлэгээ амжилттай болгохыг хүсэж байвал дор хаяж таван цаг зарцуул.
Хамгийн уйтгартай контент бол түүх өгүүлээгүй контент. Чи өөрийнхөө, бусдын түүхийг зайлшгүй контентоороо дамжуулан бусдад хүүрнэж байх учиртай. Яагаад чамайг анхаарах ёстойг хүмүүст ойлгуул.
Видео бол ирээдүй. Бүрэн хэмжээний бичлэг чинь хангалттай хандалт авахгүй бол YouTube Shorts турш зэрэг зөвлөгөөнүүд нь зөвхөн тайзан дээр гарсан контент бүтээгчдээс гадна үзэгчдийн суудалд суугаа оролцогчдын зайлшгүй мэдвэл зохих, үнэтэй мэдээллүүд байсан юм.
Ийнхүү Дубай, Жакарта, Лондонд зохион байгуулагдаж байсан Nas Summit Улаанбаатар хотноо контент бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуусыг нэгэн дээвэр дор нэгтгэж, урьд хожид байгаагүй хөл хөдөлгөөн, сэтгэл хөдлөл өндөртэйгөөр өндөрлөлөө.
Хүрэлцэн ирсэн оролцогч бүхэн сошиал платформуудын онцлог, тэрхүү орон зайд хэрхэн давтагдашгүй түүхээ өгүүлж, өөрийн контентыг хөгжүүлэх тухай шинэ санаа сэдэл, урам зоригийг харамгүй хүртэж чадсан болов уу хэмээн бат нот итгэлтэй байна.
Ташрамд дурдахад, Анридын баг хамт олон энэхүү том арга хэмжээний нэгэн хэсэг болж, зохион байгуулалтын ажилд гар бие оролцсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа билээ.
Хэрвээ та NAS SUMMIT MONGOLIA арга хэмжээнд оролцсон бол, шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн бол сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.