Хиймэл оюун дэлхийг эзлэн түрэмгийлэх тухай бид бүгд бага наснаасаа дэлгэцээр үзэж, сонсож өссөн билээ. Хэдхэн арван жилийн өмнө шинжлэх ухааны уран зөгнөлт кино, зохиол мэт санагдах зүйлс өдгөө бараг өдөр бүр бодит биеллээ олсоор буй. Үүний зэрэгцээ хиймэл оюун бидний эрүүл мэнд, санхүү, аяллын төлөвлөгөө, боловсрол, ажил гээд бүхий л салбарт нэгэнт нэвтрэн оржээ. Түүний нэг нь гадаад хэл сурах.

Санал болгох нийтлэл: Эрт үеийн хүмүүсийн хэл сурах арга барил + 3 зөвлөгөө

Гадаад хэл сурахад хүн төрөлхтөн магадгүй хэдэн мянган жилийн турш хүч хөдөлмөрөө зарцуулж, арга ухаанаа улам бүр боловсронгуй болгосоор ирсэн биз ээ. Тиймдээ ч өнөөдөр тэс өөр түвшний хувьсгалын өмнө зогсож байна. Иймд өнөөдөр бид хиймэл оюуныг гадаад хэл сурахад хэрхэн ашиглаж болох талаар 5 зөвлөгөөг уншигч танд хүргэхээр бэлтгэлээ. 

1. Алдаагаа засах

Мэдээж аливаа гадаад хэлийг сурахад ямар алдаа гаргаад буйгаа ойлгоод түүнийгээ засах нь нэн чухал. Өмнө нь гадаад хэл сурахад бид заавал тухайн хэлийг сайн мэддэг хүн, багш, эсвэл төрөлх хэлтэй найз нөхдөөсөө асууж л зөв буруугаа мэддэг байсан бол өнөөдөр дүрмийн алдаанаас эхлээд тодорхой үгийн хэрэглээ, тэр ч байтугай дуудлагаа ч хиймэл оюуны тусламжтай сайжруулах боломжтой болсон. Үүнд “Grammarly, Write & Improve, ChatGPT” зэрэг төрөл бүрийн хиймэл оюуныг дурдаж болно.

Мөн гадаад хэл сурахад бодит орчны хэрэглээ тун чухал ач холбогдолтойг хүн бүр мэдэх бөгөөд бид бараг бүх гадаад хэл сурах зөвлөмжөөс найзтайгаа ярилцах, тэмдэглэл хөтлөх зэрэг зөвлөгөөг тувт уншиж, сонсдог. Гэтэл ихэнх хүнд бодит орчинд хэл сурах, олон улсын найз нөхөдтэй болох боломж олдох нь ховрын дээр бид бүгд л ямарваа нэгэн хэлийг анхлан суралцаж эхлэхдээ тодорхой хэмжээнд айж, санаа зовдог шүү дээ.



Тэгвэл үүнийг ChatGPT, Gemini зэрэг “Generative Artificial Intelligence”-ийн тусламжтай шийдэх боломжтой. Жишээ нь, өдөр тутмын асуултууддаа “асуултад минь хариулахдаа миний дүрмийн/дуудлагын алдааг давхар хянаад алдаатай бол засаж өгнө үү” гэхчлэн төрөл бүрийн даалгавар өгч болно. Түүнчлэн, яриагаа бичиж аваад хиймэл оюунаар дүгнүүлэх, эсвэл шууд харилцан ярилцах нь дуудлагаа сайжруулахад тус болох нь гарцаагүй. Хэрэв та бодит хүнтэй харилцахад бэлэн бус, өөртөө нэг л итгэлгүй байвал хиймэл оюунтай бэлдэх нь чамгүй үр дүнтэй байх болов уу.

2. Үгийн сангаа баяжуулах

Үүн дээр нэгэн тодорхой жишээ буюу Microsoft-ийн “Copilot”-ийг авч үзье. Тус хэрэглүүр нь хэрэглэгчдэд үгийн сангаа баяжуулахад нь хэд хэдэн янзаар туслах боломжтой юм. Тодруулбал, уг хэрэглүүрийг ашиглан та цээжлэх үгийн жагсаалт, шинэ үгийн карт (flashcards) болон өөрийгөө шалгах богино асуултууд бэлдүүлэх боломжтой. Мөн Copilot нь таны сонирхол, хэл сурч буй зорилгод нийцүүлэн хамгийн чухал, өргөн хэрэглээний үгэнд голчилдгийг дурдууштай.

Жишээ нь, та өдөр бүр 10 шинэ үгээр Copilot-оор өгүүлбэр зохиолгоод, дараа нь тэрхүү 10 өгүүлбэрээ өөрийнхөө амьдралтай холбон өөрчлөн найруулах дасгал хийгээрэй. Тэгээд сурсан 10 үгээрээ ChatGPT-тай харилцан яриа үүсгээд өгүүлбэрт зөв хэрэглэж буйгаа шалгуулаарай. Түүнчлэн хиймэл оюун таны цээжилж буй үг бүрийг санах тул ахин дахин сэргээн санахад ч үр дүнтэй.



3. Хувийн багшаа болгох

Хүн бүхэн өөр өөрийн сурах арга барилтай байдаг. Мөн өөрийнхөө сурах арга барилаа олсон хүн ч бий, олоогүй хүн ч бий. Тэгвэл хиймэл оюуны гадаад хэл сурах үйл явцыг үндсээр нь өөрчилж буй нэгэн онцлог шинж нь аливаа хүн өөрийн хувийн багш мэтээр хөгжүүлэх боломж нь. Ялангуяа бичих чадварыг хөгжүүлэхэд хиймэл оюун улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр бидний өдөр тутам ашигладаг дүрмийн алдаа шалгагч, автомат үг нөхөгчөөс эхлээд илүү нарийн даалгавруудад ч хиймэл оюуны оролцоо үлэмж нэмэгдсэн билээ.

Санал болгох нийтлэл: Хэл сурахад туслах хэний ч хэлээгүй зургаан арга

Жишээлбэл, та ChatGPT-д “миний түвшинд тохирсон 7 хоногийн бичих дасгалын төлөвлөгөө гаргана уу” гэсэн даалгавар өгч, өдөр бүр богино эсээ бичээд алдаагаа тайлбарлуулан засуулж болно. Мөн “энэ бичвэрийг илүү төрөлх хэлтнийх шиг болгоно уу” гэсэн даалгавар өгч тогтсон хэлц, хэллэгийн сангаа баяжуулах боломжтой. Цаашлаад тодорхой сэдвээр мэтгэлцээн өрнүүлж, өөрийн байр суурийг хамгаалан бичих нь тун үр дүнтэй дасгал болох нь эргэлзээгүй. Энэ мэтчилэн хиймэл оюунаар дамжуулан та олон янзын арга барил, дасгал даалгаврыг туршсаар магадгүй өөртөө хамгийн сайн тохирох сурах арга барилаа ч олж мэдэх юм.



4. Дүрмийн мэдлэгээ цэгцлэх

Аливаа хэлийг сурахад тухайн хэлний дүрмийн мэдлэгийг цэгцтэй, ул суурьтай ойлгож авах нь нэн тэргүүнд тавигдах учиртай чухал асуудал билээ. Харин та сурч буй хэлнийхээ дүрмийг нэг мөр цэгцэлмээр байвал хиймэл оюуныг ашиглах нь тун оновчтой сонголт болно.

Жишээ нь, та хиймэл оюундминий гаргадаг нийтлэг 5 алдааг тус бүр дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү” гэж болно. Түүнчлэн эргэлзээтэй санагддаг дүрмүүдээ ч хиймэл оюунтай хамтран нэг тийш нь болгох боломжтой. Чингэснээр аль хэдийн мэддэг дүрмүүдээ илүү өөртөө итгэлтэйгээр хэрэглэж эхлэх ба улмаар бичих, ярих зэрэг бодит амьдралын хэрэглээндээ ч санаа зоволтгүй нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна, өөрийн дуртай номоо сурч буй хэлээрээ уншаад дурын цогцолборыг өөрийн үгээр өөрчлөн найруулаад хиймэл оюунаар шалгуулж үзэхийг зөвлөе.

5. Хиймэл оюунаар урам зоригоо нэмэгдүүлэх

Эцэст нь хүссэн хэлээ амжилттай сурахын тулд хүн өөрийн сурах үйл явцаа удирдан зохион байгуулах чадвартай байх шаардлагатайг санууштай. Үүнд тодорхой зорилго тавих, цагаа зөв хуваарилах, анхаарлаа юунд голчлон төвлөрүүлэхээ шийдэх зэрэг хамаарна. Мөн ямарваа нэгэн хүндрэлтэй тулгарсан үедээ суралцах арга барилаа өөрчилж, шинэ арга замуудыг туршиж үзэх нь үр дүнтэй.



2022 оны нэгэн судалгаагаар хиймэл оюун нь суралцагчдад алдаа гаргах айдасгүй дадлага хийх, цаг алдалгүй хариу авах боломж олгодог тул өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байдаг. Гэсэн хэдий ч хиймэл оюуны нөлөө хэл сурахад урт хугацаандаа тогтвортой ач тустай эсэх нь тодорхойгүй хэвээр буй. Ихэнх хиймэл оюунт хэрэглүүрүүд хэл сурахад голчлон зориулагдаагүй байдгийг орхиж болохгүй.

Санал болгох нийтлэл: Хос хэлтэй байх нь таны тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Иймд хэл сурахад хамгийн оновчтой арга нь хиймэл оюуны давуу талыг уламжлалт сургалттай хослуулах юм. Ингэснээр бие даан суралцах чадвар нэмэгдэхийн зэрэгцээ бодит харилцаа, хэлний нарийн өнгө аяс, соёлын мэдэгдэхүүн зэрэг хиймэл оюунаар орлуулах аргагүй талуудыг нөхөх боломжтой.

Таны хэл сурах үйлсэд амжилт хүсье.