“Та бүхнийг ямар нэг тоглолтод биш, харин хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнд хүрэлцэн ирснээ мэдэж байгаа гэж найдъя”

Jensen Huang

Энэ үгээр 11 мянган хүнтэй “SAP” цэнгэлдэх төвд Nvidia компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Jensen Huang илтгэлээ эхэлсэн юм. Бодит байдал дээр Taylor Swift шиг дэлхийн хэмжээний одод л энэ дайны хүмүүсийг нэг дор цуглуулж чадахаас биш технологийн арга хэмжээг нэг дор ийм олон хүн зорин ирнэ гэдэг хэцүү. Гэхдээ 2.2 их наядын үнэлгээтэй Nvidia компани шинэ бүтээгдэхүүн, алсын хараа, хэтийн зорилгоо танилцуулна гэвэл дээрх тооны хүн байтугай дэлхий нийтээр анхаарлаа хандуулах нь гарцаагүй. 

Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ гуравдугаар сарын 18-нд Nvidia-аас зохион байгуулсан “GTC 2024” арга хэмжээгээр танилцуулсан Jensen Huang-ийн хоёр цаг гаруйн илтгэлээс дараах хоёр зүйлийг онцолж байна. Тэдний ирээдүйг өөрчлөх нууц хөзөр юу вэ?

Хөдөлгөөнт зургийг: Dribbble


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: NVIDIA-ИЙН АМЖИЛТЫГ ТОВЧХОНООР…

1993 он: Өдгөө хиймэл оюун ухаанд зориулсан чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Nvidia компанийг 1993 онд Jensen Huang, Curtis Priem, Chris Malachowsky хэмээх гурван эрхэм үүсгэн байгуулжээ. Тухайн үед тоглоомын болон мэргэжлийн програмуудад зориулсан график карт (GPU) үйлдвэрлэж, богино хугацаанд зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

1997 он: Зах зээлд нэвтрүүлсэн RIVA128 график карт нь эхний дөрвөн сардаа нэг сая ширхэг борлуулагдаж, шилдэг бүтээгдэхүүн болж чадлаа.

1999 он: Үүсгэн байгуулагдсанаас даруй зургаан жилийн дараа олон нийтэд нээлттэй компани болж, хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулж эхэлсэн бөгөөд нэгж хувьцааг 12 ам.доллараар худалдаалж байв.

2000 он: Технологийн гигант Microsoft-ийн зүгээс Nvidia-тай хамтран ажиллах санал тавьсан ба анхны Xbox-ийн график төхөөрөмжүүдийг хөгжүүлэх даалгавар өгчээ.

2005 он: Мэдээж дээрх даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн тул Sony ч мөн адил Playstation 3 төхөөрөмжийн техник хангамж дээр ажиллах санал тавив.

2010 он: Автомашин үйлдвэрлэгч Audi компанид чип нийлүүлж эхэлснээр хамтран ажиллагч байгууллагуудын цар хүрээгээ үлэмж тэллээ.

2015 он: Автомат жолоодлоготой машин болон жолоочийн туслах функцээр хангах зорилготой чипийг зах зээлд танилцуулав.

2016 он: Хиймэл оюун ухаанд зориулсан анхны чип болох DGX-1-ийг худалдаанд гаргасан бөгөөд анхны чипүүдийн нэгийг OpenAI компанид хандивлаж байсан юм.

2018 он: Nvidia RTX график картыг үйлдвэрлэж, компьютер тоглоомын салбарт дахин нэг шинэчлэл хийж чадлаа. Уг картны тусламжтайгаар тоглоомын дүрслэлийг ямар ч цагийн хоцрогдолгүйгээр маш бодит үзүүлэх нөхцөл бүрдсэн юм. Мөн онд Google Nvidia-ийн Tesla P4 график картыг ашиглан үүлэн технологийн платформоо танилцуулжээ.

2022 он: Саяхныг хүртэл хиймэл оюун ухаанд зориулсан хамгийн хүчирхэг чип гэгдэх H100 буюу Hopper-ийг энэ онд үйлдвэрлэв.

2023 он: Компанийн үнэлгээ нэг их наядыг давж, хиймэл оюун ухаанд зориулсан чип үйлдвэрлэлээр тэднийг гүйцэх компани байхгүй нь нэгэнт тодорхой болсон юм. Учир нь хиймэл оюун ухааныг дараагийн эрин үе гэдгийг ойлгосон хэн бүхэн тэдний чипгүйгээр урагшилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хэдэн мянгаар нь худалдан авч эхлэв.


Гэрэл зургийг: Investopedia


BLACKWELL

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан дэлхийн хамгийн хүчирхэг чип хэмээх тодотголтой Hopper буюу H100 чипийг давж чадах бүтээлийг Nvidia-аас өөр хэн хийнэ гэж? Тиймдээ ч тэдний танилцуулсан онцлох бүтээл нь Blackwell байлаа.

Үнийн хувьд 30-40 мянган ам.доллароор зарагдах бөгөөд хиймэл оюун ухааны загварыг ачааллахад өмнөх H100 чипээс тав дахин хурдан аж. Мэдээж тав дахин хурдан гэдэг нь бага үзүүлэлт биш. Мүүрийн хуулиар хоёр жил тутамд тухайн чипний хүчин чадал болон мэдээлэл дамжуулах хурд нэг дахин нэмэгддэг хэмээн үздэг бөгөөд Hopper зах зээлд гарснаас хоёр жилийн дараа танилцуулж буй Blackwell чип ийнхүү тав дахин хүчирхэгжиж чаджээ.

“Судалгаанаас харахад бид сүүлийн найман жилийн хугацаанд хиймэл оюун ухааны загварыг тооцоолох хурдыг 1000 дахин нэмж чадсан.”

Jensen Huang

Мөн хэмжээ нь Hopper-оос хоёр дахин том, 208 тэрбум хагас дамжуулагчийг өөртөө багтаасан боловч 4-5 дахин бага эрчим хүч ашиглах гэнэ. Онцлууштай нь, өмнөх загварыг ашиглаж байсан компаниуд энэ хувилбарыг сольж суурилуулах боломжтой нь их хэмжээний зардал гарахаас сэргийлсэн шийдэл болжээ. Тэдний хэлж буйгаар уг чипийг бүтээх суурь судалгаа, туршилтад нийт арав гаруй тэрбум ам.долларыг зарцуулсан ба одоогоор Microsoft, Amazon, Google урьдчилсан захиалгаа өгсөн байна.

Нэгэн сонирхолтой баримт дурдахад, Nvidia-ийн 2016 онд үйлдвэрлэсэн хиймэл оюун ухаанд зориулсан анхны чип болох DGX-1-ийг Jensen Huang өөрийн гараар OpenAI-д хүргэж өгсөн гэдэг. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2017 онд GPT загварын үндсэн суурь гэгдэх Transformer загвар гарч, 2022 онд өдгөө бидний өдөр бүр ашиглаж буй ChatGPT, 2023 онд Generative AI зах зээлд гарч иржээ. Нэг ёсондоо Nvidia-ийн график картгүйгээр хиймэл оюун ухааны салбар өнөөдрийн түвшинд хүрэхэд бэрх байсан гэсэн үг.


Гэрэл зургийг: Digital Engineering 24/7


“PROJECT GR00T”

Generalist Robot 00 Technology буюу товчилбол “GR00T” хэмээх төслийг албан ёсоор танилцууллаа. Ингэснээр хүн төрөлхтөн бид хүн дүрст роботуудтай зэрэгцэн орших өдөр хоногууд улам ойртож байгаа юм. Jensen Huang үүнийг “Энэ төсөл бол хиймэл оюун ухаан ба робот техникийн дараагийн давлагаа” хэмээн хэлсэн нь ч санамсаргүй хэрэг биш.

Товчхондоо, тэд GR00T-ийг өргөн хүрээнд сургах зорилгоор Omniverse үүлэн технологийн платформд Isaac Lab-ийг хөгжүүлжээ. Тэнд роботууд хүний үйлдлийг ажиглан улмаар бичвэр болон ярианд үндэслэж, биеийн хөдөлгөөнийг дуурайх бөгөөд бидний энгийн үйлдлээс эхлээд зарим тохиолдолд хийж чадахааргүй зүйлсийг ч хийх гэнэ. Эдгээр роботыг Digital twin хэмээн нэрлэж байгаа ба яг л таны ихэр мэт дагах аж. Жишээлбэл, уул уурхайн салбарт газрын гүнд хүний хүрч чадахааргүй газарт эвдрэл, гэмтэл гарлаа гэж бодоход уг дижитал ихэр хувилбараа (Digital twin) ашиглан засах боломжтой. Сонирхуулахад, уг төслийн хүрээнд хөгжүүлж буй роботуудад Jetson Thor хэмээх шинэ чипийг ашиглаж байгаа юм.



Дээрх үйл ажиллагааг илүү төгөлдөржүүлэхээр одоогийн байдлаар Apple-ийн Vision Pro төхөөрөмжтэй хоршин ажиллах ба доорх бичлэгээс хэрхэн ашиглаж буйг үзээрэй. Энэ бол алсын зайнаас ажиллах шинэ хэв маяг.



Мөн Jensen Huang илтгэлийнхээ үеэр Green, Orange нэртэй хоёр роботыг танилцуулсан нь цэнгэлдэх төвд хуран цугласан хэн бүхний хайрыг хүргэсэн юм. Учир нь тэднийг Disney-ийн 2008 онд үзэгчдийн хүртээл болгосон Wall-E нэрт анимэйшний гол дүрээс санаа авч хийжээ.



Ташрамд дурдахад, дээр дурдсан Omniverse-ийн үүлэн технологийн API буюу Application Programming Interface эрхийг нээлттэй болгож байгаа ба хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд төлбөртэйгөөр авч ашиглах боломж бүрдэж буй.

ЭЦЭСТ НЬ…

Хоёр цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн энэхүү илтгэлээр Jensen Huang олон чухал зүйлийг танилцуулсанаас уншигч таны заавал мэдэх ёстой хоёрыг нь өнөөдрийн нийтлэлдээ онцоллоо. Анх тоглоомын зах зээлд хүч түрэн орж ирсэн Nvidia компани аажмаар технологийн гигантуудаас эхлээд томоохон үйлдвэрлэгч компаниуд хүртэлх өргөн цар хүрээг ханган ажилласаар өнөөг хүрчээ.

Мэдээж энэ амжилт сүүлийн хоёр жилд үлэмж нэмэгдэж, компанийн үнэлгээ 2.2 их наядад хүрсэн ба хэдийн Alphabet, Amazon, Meta зэрэг гигант компаниудыг орхиод буй. Үүнд гарцаагүй хиймэл оюун ухаан салшгүй холбоотой бөгөөд Nvidia-ийн хувьд арав гаруй жилийн өмнөөс энэ давалгаанд өөрсдийгөө бэлдэж байсан гэдгээ ч хэлж байсан юм. Тэд бол өнөөгийн бидний хэрэгцээнд нийцсэн бүхий л технологийн бүтээгдэхүүний ардах системийг ажиллуулж буй гол хүч билээ.

“Компаниуд программ хангамж хөгжүүлэхийн тулд бидний бүтээсэн программ хангамжийг ашиглаж байна. Энэ бол цоо шинэ ангилал юм.”

Jensen Huang