1996 онд Японд нээлтээ хийсэн нэгэн “Game Boy” тоглоом гучин жилийн дараа дэлхийн поп-соёлын томоохон бэлгэ тэмдэг болно гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз ээ. Тэрхүү тоглоомын нэр бол “Pokémon”. “Pocket Monsters” буюу “Халаасны мангас” гэх тус видео тоглоом өнгөрсөн гучин жилийн хугацаанд тоглоом, анимэ, кино, карт, гар утасны апп гээд тоо томшгүй салбарт өргөжин тэлж, дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой энтертайнмент франчайз болоод буй. 

Өнөөдөр Pokémon-ийн нийт орлого 150 тэрбум доллароос давсан гэж тооцогддог бөгөөд энэ нь “Marvel”, “Star Wars” зэрэг алдарт франчайзуудаас ч давсан үзүүлэлт юм. Тэгвэл “Pokémon”-ий гурван арваны амжилтын нууц юу байв?

Холбоотой нийтлэлүүд: Дэлхийг эзэлсэн номын өргөө: Penguin Random House-ийн түүх

Ghibli-гийн ид шид: Япон тэнгисийг давсан соёлын хүч



Хүүхэд насны хоббиноос төрсөн санаа

Pokémon-ий үүсэл нь технологийн бизнесийн түүх гэхээс илүүтэй нэгэн бяцхан хүүгийн дурсамжтай холбогдоно. Тоглоомын бүтээгч Сатоши Тажири багадаа шавж цуглуулах дуртай байсан нь хожим Pokémon-ий үүдэл болсон аж. Тэрээр 1980-аад оны эхээр зураач Кэн Сүгиморигийн хамт “Game Freak” хэмээх бие даасан тоглоомын сэтгүүл эрхлэн гаргадаг байжээ. Тухайн үедээ сэтгүүлийнх нь хамгийн эрэлттэй дугаарууд 10,000 гаруй хувь борлогдож байсан гэдэг. Гэсэн ч удалгүй Т.Сатоши бага насныхаа хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн өөрөө видео тоглоом бүтээхээр сэтгэл шулуудсан байна. Ингээд Кэн Сүгиморигийн хамт видео тоглоомуудын аваргууд болох “Namco, Sega, Nintendo” зэрэг компаниудад янз бүрийн тоглоом хөгжүүлэх болсон гэнэ.



Улмаар Т.Сатоши “Nintendo”-гийн “Game Boy” тоглоомуудын хоорондоо кабель утсаар холбогдох боломжид суурилан бага насныхаа шавж цуглуулах хоббиноосоо санаа авч тоглогчид нэг нэгэнтэйгээ амьтдаа солилцох боломжтой тоглоом хөгжүүлэх болсон нь Pokémon-ий эхлэл байв. Ийн уг төсөл зургаан жил тасралтгүй үргэлжилсний эцэст 1996 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Pokémon Red” болон “Pokémon Green” нэртэй “Game Boy” тоглоомууд Японд нээлтээ хийж тэр дороо шуугиан тарьжээ. Удалгүй Pokémon-оос сэдэвлэсэн карт, анимэ, манга худалдаанд гарч хоёр жилийн дараа АНУ-д нээлтээ хийн тухайн ондоо нийт 4 сая хувь борлогдсон байна. Харин дэлхий дахинд борлуулалт нь 1998 оны сүүл гэхэд нийт 31 гаруй саяд хүрчээ.

Бүгдийг нь цуглуул!

Pokémon ертөнцийн хамгийн алдартай уриа бол мэдээж “Gotta Catch ’Em All” буюу “Бүгдийг нь цуглуул”. Энэ нь дан ганц маркетингийн уриа үг төдий бус, харин Pokémon-ий бүхэл бүтэн тоглоомын дизайныг тодорхойлсон философи гэхэд хилсдэхгүй. Тоглогчид энэхүү ертөнцөөр аялж, янз бүрийн амьтдыг олж, өсгөн улмаар бусад тоглогчидтой солилцож, тулалдуулах боломжтой нь хүний төрөлхийн цуглуулах сэтгэлзүй (Psychology of Collecting)-тэй төгс нийцдэг гэнэ.

Хамгийн анх тус тоглоом нээлтээ хийх үед нийт 151 Pokémon байсан бол өнөөдөр энэ тоо хэдийн мянга давжээ. Мөн шинэ тоглоом бүр шинэ бүс нутаг, шинэ Pokémon, шинэ түүх нэмдэг тул Pokémon ертөнцөд төгсгөл гэж үгүй. Түүнээс гадна тоглогч бүр өөрийн гэсэн багийг бүрдүүлж, өөрийн гэсэн адал явдлыг туулдаг нь тус тоглоомыг олон жилийн турш хэрэглэгчдээ алдаагүйн нэгэн шалтгаан юм.



Түүнчлэн анхны тоглоом нь амжилт олсны дараа Pokémon маш хурдан медиа ертөнцийн бусад салбаруудад ч хөл тавьсан. Анимэ цуврал, карт, кино, биет тоглоом гээд олон сувгаар нэгэн зэрэг фенүүддээ хүрсэн нь Pokémon-ийг видео тоглоомоос бүхэл бүтэн соёлын экосистем болгон хувиргасан гэж хэлж болно. Өнөөдөр Pokémon видео тоглоомын нийт борлуулалт 480 сая хувиас давж, Pokémon картын үйлдвэрлэл 75 тэрбум ширхэгт хүрээд байна. Карт тоглоомын зах зээл нь дангаараа 2024 онд 2.2 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн нь энэ брэндийн эдийн засгийн нөлөөг тодорхой харуулна.

Nintendo DS-ийн нөлөө

2000-аад он гарахад Pokémon аль хэдийн олон улсад амжилттай франчайз болсон байсан ч түүний дараагийн өсөлтөд гар консолын технологийн хөгжил онцгой нөлөө үзүүлсэн юм. Ялангуяа 2004 онд худалдаанд гарсан Nintendo DS консол Pokémon-ий тоглоомыг цоо шинэ шатанд гаргав.

Өмнөх “Game Boy” болон “Game Boy Advance” төхөөрөмжүүдтэй харьцуулахад “Nintendo DS” нь хоёр дэлгэц, мэдрэгчтэй удирдлага, утасгүй холболт зэрэг технологийн шинэчлэлүүдийг агуулснаараа Pokémon-ий гол онцлог болох “солилцох, хамтдаа тоглох” соёлыг илүү хялбар бөгөөд өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бий болгожээ. 2006 онд гарсан “Pokémon Diamond” and “Pearl” тоглоомууд энэ шинэ технологийн боломжийг бүрэн ашигласан анхны Pokémon бүтээлүүдийн нэг байв. Ингэж интернэт холболтоор дамжуулан дэлхийн өөр өөр оронд буй тоглогчид хоорондоо тулалдах боломж нээгдсэн нь тухайн цаг үедээ жинхэнэ хувьсгал байлаа.



Түүнчлэн DS консол дэлхий даяар 150 сая гаруй хувь борлогдсон нь бүх цаг үеийн хамгийн амжилттай гар консолуудын нэг болсон бөгөөд Pokémon-ийн олон шинэ тоглоом тус платформ дээр гарч, сая сая шинэ тоглогчдыг татжээ. Мөн энэ үеэс эхлэн Pokémon тоглоомууд илүү өргөн түүх, шинэ бүс нутаг, илүү олон Pokémon-ийг танилцуулж эхэлсэн нь тус брэнд өөрийгөө зөвхөн нэг удаагийн амжилттай тоглоом бус, харин үе үеийн шинэ хэрэглэгчдийг татсаар байх урт настай франчайз гэдгээ батлан харуулсан юм. Товчдоо, Nintendo DS-ийн үе бол Pokémon-ийн хоёр дахь том өсөлтийн давлагаа байсан гэж хэлж болох бөгөөд энэ нь дараагийн том хувьсал болох гар утасны тоглоомын эринд хүргэх гүүр болсон билээ.

Pokémon GO

2016 онд Pokémon франчайз дахин нэг том эргэлтийн цэгт хүрсэн нь гар утсанд суурилсан Pokémon GO тоглоом байв. Niantic-ийн хөгжүүлж, Nintendo-ийн дэмжлэгтэйгээр гаргасан энэхүү тоглоом Pokémon-ийг анх удаа бодит ертөнцтэй холбож өгсөн юм.

Тоглогчид гар утасныхаа камер, GPS болон газрын зургийн мэдээллийг ашиглан өөрсдийн амьдарч буй орчинд “нуугдсан” Pokémon-уудыг хайж олон, барьж цуглуулах боломжтой болсон нь тоглоомын туршлагыг урьд хожид огт үзэгдээгүй тэс өөр түвшинд гаргаснаараа онцлогтой. Өмнө нь дэлгэцийн дотор оршдог асан Pokémon ертөнц ийнхүү бодит гудамж, парк, талбай дээр “амилсан” нь ахин нэгэнтээ олон сая хэрэглэгчийг татаж чадсан бөгөөд тус тоглоомыг тоглох хүмүүсийн тоо тухайн үедээ твиттерийн өдөрт ноогддог хэрэглэгчдээс ч давж, фэйсбүүкийн идэвхтэй хэрэглээнээс илүү гарч байсныг цохууштай.



Үүнээс гадна, Pokémon GO нээлтээ хийснээс хойш Nintendo-гийн хувьцааны үнэлгээ 9 тэрбум доллароор нэмэгдэж байсан агаад нэг хэрэглэгч дунджаар 43 минутыг тус тоглоомд зарцуулж байжээ. Мөн ердөө дөрвөн цагийн дотор App Store-ийн таталтын жагсаалтыг тэргүүлж, удалгүй олон оронд орлогоороо хамгийн өндөр аппуудын нэг болсныг нь ч дурдалгүй өнгөрч болохгүй.

16.5 сая долларын дуудлага худалдаа

Pokémon франчайзын хамгийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг нь түүний карт тоглоомын зах зээл асар том цуглуулгын салбар болон хувирсан явдал. Анх 1990-ээд оны сүүлээр хүүхдүүдийн тоглоом хэлбэрээр худалдаанд гарч байсан Pokémon картууд өдгөө зарим тохиолдолд уран зураг, ховор комикс, спортын карттай эн зэрэгцэх үнэд хүрч эхэллээ.

Энэ онд болсон нэгэн дуудлага худалдаагаар л гэхэд “Pikachu” дүртэй маш ховор “Illustrator” Pokémon карт 16.5 сая долларын үнэд хүрч, гагц Pokémon-ий гэлтгүй, бүх картын дуудлага худалдаан дахь түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна. Тус карт нь анх 1990-ээд онд зохион байгуулагдсан уран зургийн тэмцээний ялагчдад шагнал болгон олгогдож байсан бөгөөд тун цөөн тоогоор хэвлэгдсэн ховор хувилбаруудын нэг аж. Уг дуудлага худалдааг Whitbourne хотын дуудлага худалдааны мэргэжилтэн зохион байгуулж, дэлхийн олон орны цуглуулагчид оролцсон гэнэ.



Ер нь Pokémon картын зах зээл сүүлийн арван жилд эрчимтэй өссөөр буй. Ховор хэвлэл, эхэн үеийн картууд нь олон улсын дуудлага худалдаанд хэдэн арван мянгаас эхлээд хэдэн сая долларын үнэд хүрэх нь хэдийн түгээмэл үзэгдэл болсон. Үүнд ганцхан харьцуулалт л хийхэд, Америкийн топ 500 компаниар сагсаа бүрдүүлсэн, улсынхаа эдийн засгийн өнгийг илтгэдэг S&P 500 индекс 2004 оноос өдий хүртэл нийт 22 жилд 521 хувиар өссөн бол хамгийн алдартай Pokémon картуудын багцын үнэлгээг хянадаг Card Ladder индекс мөн хугацаанд ойролцоогоор 6,208 хувиар өссөн юм.

Pokémon-ий ирээдүй

Pokémon-ий хөгжүүлэгчид болох “Nintendo, Game Freak, Creatures Inc.”-ийн хамтарсан бүтэц нь Pokémon-ийг үе үеийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх боломжийг олгосоор байна. Тухайлбал, 2022 онд гарсан “Pokémon Scarlet and Violet” зэрэг тоглоомууд илүү нээлттэй ертөнц бүхий тоглоомын хэлбэрийг туршиж эхэлсэн нь Pokémon ертөнцийг улам тэлэх шинэ алхам болж буй.

Мөн Pokémon зөвхөн тоглоомын салбарт бус, кино болон стриминг платформуудад ч шинэ төслүүдээ үргэлжлүүлсээр. Тодруулбал, 2019 онд гарсан “Pokémon Detective Pikachu” кино нь Pokémon-ийг бодит дүрслэлтэй кино ертөнцөд амжилттай авчирсан анхны бүтээлүүдийн нэг болсон билээ.



Эцэст нь хэлэхэд, хагас жарны турш тасралтгүй шинэчлэгдэж ирсэн Pokémon франчайзын хамгийн том давуу тал нь өөрчлөгдөж чаддаг чанар нь гэлтэй. Технологи, тоглоомын соёл, хэрэглэгчдийн хандлага хэрхэн өөрчлөгдөнө, Pokémon түүний хамт хувьсан өөрчлөгдөж чаддаг нь л өрсөлдөгчдөөс нь үргэлж ялгаруулсаар ирсэн гэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ.