“За яг маргааш л шинэ үг цээжилье, яг ирэх долоо хоногоос хичээлээ хийе, ахиад нэг дуртай цуврал, анимегийнхээ ангийг үзчихээд гэрээ цэвэрлэе, хоолоо хийчхээд үлдсэн ажлаа дуусгая.”
Энэ бүхэн өнөөгийн бидний амьдралын өдөр тутамд тохиолддог алгуурлал (procrastination) хэмээгчийн энгийн жишээ бөгөөд бид ч мөн үүнийгээ төдийлөн яг “залхуурал” гэж тодорхойлох дургүй байдаг билээ. Түүнчлэн, Японд аль Мэйжигийн эринээс (1868–1912) Цүндокү (積ん読) буюу худалдаж авсан номоо хэзээ ч уншихгүй, бараг хүний урманд сөхөж ч харахгүй цааш тавихуйн тухай бүтэн философи гэлтэй ухагдахуун ч үүсэн хөгжиж ирсэн байх жишээтэй.
Эл Цүндокү, англи хэлний procrastination, монгол хэлний “алгуурлах” хэмээх гурван үг гурвуулаа бараг л ойролцоо утгатайн дээр, сонирхолтой нь, аль нь ч залхуурах гэсэн утгагыг илэрхийлдэггүй . Мөн сонирхуулахад, орчин үеийн “procrastination” гэх ойлголтыг ч судлаачид яг таг залхуурал хэмээн тодорхойлоогүй байна. Тэгвэл бид эцэс-цэг нь яг хоолой дээр тулчхаад байгаа ажлаа ахиад нэг өдрөөр, ахиад нэг долоо хоногоор хойшлуулж суугаа нь чухам ямар үйлдэл болж таарах вэ?
Залхуураагүй ээ, би алгуурлаж байна
Английн Шеффилдийн Их сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Фушиа Сируа, “...бид хийх ёстой ажлаа удаа дараа хойшлуулж, алгуурласаар буй нь тухайн гүйцэлдүүлэх учиртай ажлаа тойрсон сөрөг мэдрэмжүүдээс зугтаах хандлагатай холбоотой.” гэжээ. Учир нь бид хийх ёстой ажлаа хойш тавьж байхдаа энэ нь эргээд өөрсдөд маань сөрөг муу нөлөө авчирч болзошгүй гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж байдаг ч түүндээ ул суурьтай бус, иррациональ хандлагаар хандан, нэг үгээр бол “мэдсээр байж өөртөө хохиролтой үйлдэл” гаргаж буй нь “алгуурлал” гэгч болж таардаг гэнэ.
Англи хэлний procrastination үг нь өөрөө латин хэлний procrastinare буюу маргааш хүртэл хойшлуулах гэсэн утгатай, грек хэлний akrasia хэмээх мэдсээр байж өөртөө ашиггүй үйлдэл авах гэсэн утга бүхий хоёр үгнээс үүдсэн үг билээ. Нэг ёсондоо алгуурлах нь“өөрөө өөрийгөө албаар гэмтээж буйн нэгэн жишээ юм (self-harm, self-injury)” хэмээн Канадын Калгаригийн Их сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Пирс Стийл үзсэн байна.
Иймд тун товчдоо бол бид сэтгэлийн тавгүй байдлаасаа л үүдэн ажлаа хойш тавьдаг бөгөөд энэ нь залхуурлаас нэлээд ялгаатай. Учир нь залхуурал нь аливаа гүйцэлдүүлэх ажлаа хийх бүрэн боломж, нөхцөл, ур чадвар, эрч хүч нь байгаа хэр нь урагш хөдлөх сэдэл, хүсэлгүй байхыг хэлэхийн сацуу, хүний өөрөө өөртөө суулгасан дадал хэмээн үзэх хандлага бий. Харин алгуурлал бол тухайн ажлаа хийж гүйцээх чин их хүсэл буй хэр нь “яагаад ч юм” урагш явж өгөхгүй байхыг хэлдэг байна.
Тэрхүү “яагаад ч юм” гэдэгт харин цагийн буруу хуваарилалт, залхуурлыг хамааруулахаас илүүтэй хувь хүний өөрийн сэтгэл зүй, мэдрэмжээ хянах чадварыг хамааруулж үздэг аж. Тэдгээр мэдрэмжүүдэд нь өнөөдөр бидний бараг өдөр болгон дөжиртөлөө сонсож буй сэтгэл зовнил (anxiety), өөртөө итгэлгүй байх (insecurity), өөрөө өөрийгөө үгүйсгэх (self-doubt) зэрэг олон олон сөрөг мэдрэмжийг хамааруулж болно.
Мөн бид тухайн ажил өөрсдөд маань огт хамааралгүй тохиолдолд залхуурдаг бол бидэнд илүү хамааралтай тохиолдолд алгуурладаг гэнэ. Учир нь тухайн ажил бидэнд төдий хэмжээний чухал учир санаа зовох, айх, зовних, өөртөө итгэхгүй байх зэрэг олон сөрөг мэдрэмжүүд төрдөг аж.
Өөрийгөө л хамгаалж байна
Английн Шеффилдийн Их сургуулийн 2013 онд явуулсан судалгаагаар доктор Пичил болон доктор Сироис нар алгуурлал бол сөрөг мэдрэмжүүдийн эсрэг авч буй хүний тэрхэн зуурын сэтгэл засал, өөрийгөө хамгаалах зохицуулалт хэмээх дүгнэлтэд хүрсэн байна. Хэдийгээр бид хийх ёстой ажлаа хэсэг хугацаанд хойш тавиад тэр дороо амьсгаа авахтайгаа болж болох ч өнөөх сөрөг мэдрэмжүүд маань үгүй болчихгүй. Түүгээр ч зогсохгүй, биднийг эргээд “онгодоо орохоор” ажил руугаа ханцуй шамлах гэтэл бүр ч илүү их стресс, зовнил хүлээж байх нь олонтоо Үүнийг англи хэлээр “procrastinatory cognitions” хэмээдэг байна. Алгуурлын энэ шинж чанар нь эргээд биднийг ахиад алгуурахад хүргэдэг нь хачирхалтай.
Түүнчлэн, урт хугацаандаа алгуурал нь бидний сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Сэтгэл гутрал, сэтгэл ханамжгүй байдал, зовнил, бухимдал гээд олон сөрөг үр дагавар урт хугацаандаа илрэх эрсдэлтэйг дурдууштай. Мөн нэгэнт энэ нь хувь хүний сэтгэл зүй, мэдрэмжүүдтэй холбоотой тул хүн бүрийн алгуурлалд үзүүлэх хариу үйлдэл харилцан адилгүй, өөр өөр түвшинд байдаг нь ойлгомжтой . Өөртөө итгэлгүй, сандруу зэрэг шинж чанарууд нь тухайн хүний цагийн сайн менежментийн чадвараас нь үл хамааран бусдаас илүү алгуурлахад нөлөөлдөг аж.
Алгуурлал нь бид өөрсдийгөө сөрөг мэдрэмжүүдээс хамгаалж буй хэрэг мөн ч гэлээ эцэст нь бүр ч хүндхэн нөхцөлд унагаадаг сул талтайг дээр дурдлаа. Тэгвэл бид ер нь яагаад алгуураад байдаг вэ гэх асуулт эндээс урган гарч ирнэ. Үүний хариулт нь ерөөс хувьслын онол.
Анхнаасаа алсын хараатай байхаар төрөөгүй юм хойно
Өмнө нь “Хуримтлал үүсгэхэд туслах сэтгэл зүйн 4 арга” нийтлэлдээ мөн дурдаж байсан санааг энд мөн давтаж дурдууштай бөгөөд эш татваас:
“...Хүний тархи гол төлөв богино хугацаанд гарах үр дүнд анхаарахаар хувьсаж ирсэн байдаг тул бидний тархи өдийг хүртэл урсгал зардалд хөтөлсөөр ирсэн үйлдэлд маань төдий санаа зовохгүй.
Түүнээс гадна бидний тархинд өнөөдрийн 20 мянган төгрөг жилийн дараах 2 сая төгрөгөөс илүү барьцтай бөгөөд бодит санагдах тул хуримтлал эхлүүлэхээ үргэлж “ирээдүйн би”-дээ даатгасаар байх болно…”
Бидний тархи он цагийн явцад хувьсаж, байгалийн шалгарлыг давж үлдэхийн тулд хэдэн зуун мянган жилийн турш гагцхүү маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэх уриа лоозонтой явж ирсэн байна. Тэгэхээр бидний тархины хувьд бол ирээдүйн “би”-гийн асуудал бол ирээдүйн “би”-гийн л асуудал, өнөөдрийн асуудалд өнөөдөр л шийдэл хэрэгтэй юм.
Үүнд доктор Хершфилдийн нэгэн судалгаа бүр ч сонирхолтой тайлбар өгнө. Түүний судалгаагаар, мэдрэлийн эсийн түвшиндээ бид ирээдүйн өөрсдийгөө яг би гэж үзэхээс илүүтэй “танихгүй, өөр хүн” шиг үздэг ажээ. Тэгэхээр бид ажлаа хойш тавих үед тархи тухайн асуудлыг өөрийн бус өрөөлийн асуудал гэж хардаг гэсэн үг. Түүнчлэн бид хэдийгээр алгуурах нь ирээдүйдээ өөртөө хор хүргэж буй гэдгийг ухамсарлаж байгаа ч амигдала буюу тархины аюулыг илрүүлэгч хэсэг нь тухайн ажлыг аюул, заналхийлэл гэж үзээд хойш тавихыг л гол шийдлээ болгодог гэнэ. Үүнийг судлаачид “amygdala hijack” гэж нэрлэдэг болно.
Одоо яах уу?
АНУ-ын Брауны Их сургуулийн дэргэдэх “Mindfulness Center”-ийн захирал, судлаач, тархи судлаач, доктор Жудсон Брюэр, “Бидний тархи үргэлж шинэ шагналын араас хөөцөлдөж байдаг. Тэгэхээр хэрэв бид илүү дээр шагнал олоогүй л бол үргэлжлүүлэн алгуурсаар л байх болно” гэжээ.
Өмнө нь судлаачид алгуурах хандлагатай хүмүүст илүү шахуу, хатуу цагийн менежментийг санал болгодог байсан бол өдгөө энэ арга зүй чанх эсрэг зүгтээ харсан байна. Учир нь өөртөө хэт хатуу хандах нь эргээд олон сөрөг мэдрэмжийн үүдэл болдог билээ. Сөрөг мэдрэмж нэмэгдэх тусам бидний өөрсдийгөө хамгаалах эрмэлзэл улам нэмэгддэг.
Тиймээс алгуурлын эсрэг хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол тухайн ажлаа жижиг жижиг хэсэг болгон задлах. Мөн тэмдэглэл хөтлөх, алгуурлалд хөтлөх гээд байдаг гар утас, тоглоом зэрэг төхөөрөмжүүдээсээ хол байх, түүнчлэн өөрөө өөрийгөө хайрлаж, алгуурласан бол өөрийгөө уучилж, хүчлэхгүй байж сурах нь урт хугацаандаа таныг алгуурлын тойргоос хол байхад тань тус болно. Ингээд үр бүтээмжийн хамгийн том дайсны тухай энэхүү нийтлэлийн төгсгөлд бидний тархины хамгийн үр бүтээмжтэй төлөвийн тухай өгүүлсэн Оюуны төгс төлөв: The Flow state нийтлэлээ санал болгоё.
Уншигч танд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

